Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ынхан бодолдоо богшоож, сэтгэлдээ ширгээсэн нь энэ үү


Б.БИЛГҮҮН


УИХ-ын сонгуульд оролцож буй улс төрийн намуудын сонгуулийн сурталчилгааг намын дарга нар нь нээдэг. Энэ жишгээр МАН-ын дарга М.Энхболд 2016 оны зургадугаар сарын 11-нд МАН-ын сонгуулийн сурталчилгааг нээж үг хэлж байжээ. Тэрээр “...Манай мөрийн хөтөлбөр үг өгүүлбэр бүр нь үнэн бодитой, зорилго зорилт нь цэгцтэй, үр дүн нь өгөөжтэй, түмэн олны бодол сэтгэл шингэсэн тулхтай баримт бичиг болсон...” хэмээн мөрийн хөтөлбөрийнхээ талаар ярьсан байна.

Мөн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа намын гишүүд, жирийн иргэд, эрдэмтдийн санаа оноог тусгасан тухай дурдаж. Тэдгээрээс хамгийн чихэнд наалдацтай нь мөрийн хөтөлбөрөө “бодолдоо богшоож, сэтгэлдээ ширгээж, хэрэгжүүлэх арга замыг нь шинжлэх ухааны үндэстэй нарийн тооцсон” гэж М.Энхболд хэлсэн байх юм.

Харамсалтай нь, богшоож, ширгээж боловсруулсан мөрийн хөтөлбөр нь хичнээн ч удаан халгалж болдог борц шиг эсвэл навтар цаас шиг ноорог болон ард хоцорчээ гэвэл энэ намын 100 хоногт өгөх дүгнэлтээс нээх хол зөрөхгүй дээ.

Уг нь, МАН-ыг ялалтад хөтөлсөн томоохон хүчин зүйл нь энэ намын мөрийн хөтөлбөр байгаа юм. Үүнийгээ барьж, ялалт байгуулаад дараа нь анхны чуулганаас хойш ес хоногийн дараа Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг, түүний кабинетад багтах сайд нарыг 24 хоногийн дотор томилсон гээд их л хурдан ажилдаа орсон байдаг. 2000 оноос хойшх хамгийн богино хугацаанд бүрдсэн Засгийн газар хэмээн сайрхаж, мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Засгийн газраа “Мэргэжлийн” гэж хүртэл нэрлээд байгаа. Гэвч, начир дээрээ өнөөдөр 100 хоногтойгоо золгож буй Мэргэжлийн Засгийн газар нь нэршлээсээ эхлээд иргэдийн өгсөн итгэл найдварыг хөсөрдүүлсэн, намын хамгийн том баримт бичигт тооцогддог мөрийн хөтөлбөрөө хүртэл зөрчсөн гэдгийг иргэд, улс төрийн хүчнүүд үзэж байна. Хамгийн эвлэрч боломгүй нь тэд мөрийн хөтөлбөрөө зөрчихдөө ил цагаан, иргэдийн нүдэн дээр хийж буй явдал.

Баримтыг сөрөг хүчний өгсөн мэдээллээс иш татвал, “Эрх баригч МАН-ын Засгийн газар өмнөх парламентын үед эсэргүүцэж байсан, сонгуулиар иргэдэд амлаж байснаасаа эсрэг шийдвэрүүдийг удаа гаргасаар байна. Жишээ нь, төсөв хүнд байна гэсэн атлаа дэд сайдууд ба түүний ажлын алба нэртэй туслах, жолооч нарыг дахин бий болгож, найман гишүүн “давхар дээлтэй” ажиллаж байна”. Энэ бол МАН-ын иргэдэд өгсөн амлалтаасаа буцсаны хамгийн эхний жишээ юм. АН-ыг эрх барьж байх хугацаанд МАН-ын хамгийн тэвчишгүй гэж үзсэн нэг зүйл нь “давхар дээл”-ийн асуудал байсан бөгөөд 2014 онд “давхар дээл” тайл хэмээн эсэргүүцлийн жагсаал хүртэл хийж байсан. Сануулбал, тэд Н.Алтанхуягийн Засгийн газар 19 гишүүнтэй. Тэдгээрийн 17 нь давхар дээлтэй. Засгийн газрын “давхар дээл”-ийг тайлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг хэрэгжүүлэх цаг болсон, энэ асуудлыг УИХ-аас яаралтай шийдвэрлүүлэхийг шаардаж байна хэмээн жагсаал зохион байгуулж байсан. Мөн мө­рийн хөтөлбөртөө УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүү­нээр давхар ажиллахгүй хэ­мээн бичиж, энэ тухайгаа амаар болон бичгээр олон сонгогч­дод мэдэгдсэн ч өнөөдөр энэ амлалт хэрэгжсэнгүй.

Энэ бол мөнгөгүйгээр хэрэгжүүлэх болох байсан амлалт. Гэвч, мөнгөгүйгээр хийх амлалтаа хүртэл хийгээгүй МАН-ынхан цаашид эх үүсвэр шаардлагатай амлалтаа хийнэ гэвэл, итгэхэд бэрх. Өнөөдөр гэхэд төсвийн алдагдлаас болоод эсвэл эрх барихад улсын сан хөмрөг хоосон байсан гээд хүүхдийн мөнгийг 2019 оноос өгөх тухай Засгийн газрынхан ам уралдан ярьж байна. Гэтэл саяхан Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан сонгуулийн дараа төсөв хүндэрч, эдийн засаг иймэрхүү болохыг мэдэж байсан тухайгаа ярьж, түүнийгээ сонгуулийн өмнө бичсэн нийтлэл, ярилцлагаараа нотолж байна лээ. М.Энхсайхантай харьцуулбал, МАН өөрөө нүсэр аппараттай, олон боловсон хүчинтэй, улс төрд өөрийн гэсэн байр суурьтай, төсөв мөнгө, улсын сан хөмрөгийн асуудалд хэзээнээс оролцож ирсэн улс төрийн ууган хүчин. Гэтэл баахан судалж, тооцоо судалгааг нь гаргаж мөрийн хөтөлбөр боловсруулсан гэх мөртөө ялалт байгуулсны дараа мөнгөгүйг нь мэдээгүй, улсын данс улайж, бүр хов хоосон байсан гэх нь зарим талаараа үнэмшилгүй сонсдох шалтгаан болж байгаа юм.

Наад зах нь мөрийн хөтөлбөртөө Үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно гэсэн. Гэтэл өнөөдөр энэ хөтөлбөр хаана байна вэ. Хэн 70200-г авч байгаа вэ. Мөн гадаадад сургах оюутны тоог нэмж, сонгон шалгаруулалтыг ил тод болгоно гэж амласан ч Мэргэжлийн Засгийн газар нь мөнгө байхгүй болохоор бүр нэг ч оюутанг санхүүжүүлж чадахгүй талаар дуншиж, дуншиж улс төрийн шийдвэрээр энэ асуудлыг түр хойш тавиад байгаа нь өөрийн эрхгүй мөрийн хөтөлбөрөө уншиж үзсэн болов уу гэж асуумаар санагдуулдаг. Мөн ахмадаа ачилна гээд баахан сурталчилгаа хийсэн ч эрх барьсан даруйдаа Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгож, 70-с дээш насалбал, хишиг өгөх хуулийн төслийг ээрч эхэллээ. Энэ талаар нь АН-ын бүлгээс тодруулбал, улиралд буюу зургаан сард нэг удаа 70-с дээш насалсан тул гээд буурлуудын гар дээр 100  мянган төгрөг өгөх тооцоо байгаа аж. Гэтэл тэдний ахмадаа ачлах талаар мөрийн хөтөлбөрт нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, төрөөс ахмадын талаар баримтлах бодлого гээд 100, 200 мянгаар хэмжигдэхээргүй илүү бодлогын зүйл байсан санагдана. Хэрвээ энэ байдлаараа үргэлжлэх юм бол эхний 100 байтугай цаашдын 1000 хоногт ч бид ямар нэг хариуцлага тооцож, хяналт тавьж чадахгүй нь.

Өнөөдөр гэхэд, УИХ-ын 76 гишүүний 65-ыг бүрдүүлж байгаа МАН-ынхан гурван сая иргэнд амласан амлалтаасаа буцаж, сонгогчдын нүдэн дээр амлалтаа зөрчиж чаддаг гэдгийг бид мэдсэн ч хариуцлага тооцож чадахгүй байна. Тиймээс удахгүй болох орон нутгийн сонгуулиар ч энэ мэт асуудлыг бодолцож, нэг намд хэт их эрх мэдэл төвлөрөх нь хариуцлага тооцоход хүнд болдог гэдгийг санахад илүүдэхгүй юм. Засгийн газар ч гэсэн өнгөрсөн 100 хоногт юу хийв гэдэг нь чухал асуудал билээ.


Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт


2016.09.01 Засгийн газар бүрдээд 31 хоногийн дараа ах дүү, хамаатан садан, ураг төрлөө төрийн өндөр албан тушаалд томилж эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна.

2016.09.20 Төрийн албан хаагчдыг хоморголон халж эхэлсэн.
Эмч багш нарын 36 сарын тэтгэмжийг буурууллаа.

2016.09.01 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зогсоов.

2016.09.22 Архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх санал өргөн барив.

2016.09.07 Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болголоо.

2016.08.22 Гадаадад их дээд сургуульд сурах оюутны сургалтын тэтгэлгийг зогсоолоо.
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсдын тэтгэлгийг зогсоов.
“Сайн оюутан” хариуцлага бий болгох хөтөлбөрийг зогсоосон.

2016.09.12 “11-11 төв”-ийг татан буулгасан.

2016.09.26 Хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг ялгавартай өгөхөөр болов.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулав.

2016.08.22 “Сайн хашаа” хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон.  

2016.09.29 Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулав.
Зөрчлийн тухай хуулийг буцаасан.

2016.09.22 Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг бууруулав.

2016.09.29 Шинэ төрлийн татварууд бий болгохоо мэдэгдэж, 2017 оноос хэрэгжүүлэхээр ярьж түр хойшлуулсан. Жишээлбэл, том ам.метртэй орон сууц, их хэмжээний хадгаламжтай бол татвар нэмж авахаар болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан