Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгө оруулалт татахын тулд алдагдлаа, урсгал зардлаа багасгах шаардлагатай



Б.БАДРАЛ

Дэлхийн эдийн засагт үүссэн нөхцөл байдал болон бусад шалтгааны улмаас гадаадын хөрөнгө оруулалт жил ирэх тусам буурч, эдийн засаг нь зогсонги байдалд орж байгаа улс нь цор ганц Монгол биш. Манай хойд хөрш нь дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ буурсан, Украйны хэрэг явдлаас үүдэн эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээнд өртсөн зэрэг шалтгааны улмаас зарим салбартаа манайхаас дор байдалд орсон. Иймээс Оросын төрийн өмчит болон бусад том компаниуд урсгал зардлаа багасгах, бүтцийн өөрчлөлт явуулах замаар ашгийн хэмжээгээ нэмэгдүүлэн гадаадын хөрөнгө оруулалт татах таатай нөхцөл бүрдүүлэх шаардлагатай гэж судлаачид үзсэн тухай “Форбс” мэдээлж байна.
Өнгөц харвал энэ бүхэн манайд хамаагүй мэт санагдаж болох. Гэвч бодит байдал дээр “Эрдэнэт”, “Монросцветмет”, “Улаанбаатар Төмөр Зам”, ТЭЦ гэх мэт аварга том үйлдвэрүүдийг бид оросуудаас Зөвлөлтийн үед хэвшин тогтсон нүсэр том хүнд суртлын аппарат, үр ашиг багатай урсгал зардлын хамт өвлөн аваад өдий хүртэл онц өөрчлөлгүй ажиллаж байгаа. “Эрдэнэт”, “УБТЗ” компаниудтай холбоотой үргүй зардлыг багасгах, удирдлагын бүтцэд өөрчлөлт хийх, “шахааны бизнес”-ийг болиулах тухай яриа сүүлийн хэдэн сард л өндөр түвшинд хөндөгдөх болсон. Манай сонин цаашдаа “Хямрал ба шийдэл” булангаар эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулж болох тухай уншигч танаа хүргэх болно. Энэ удаад эдийн засгийн хүндхэн үед Оросын аварга том компаниудад ямар төрлийн өөрчлөлт, сайжруулалт хийх шаардлагатай байгаа, ямар арга хэмжээ аваад бодит ямар үр дүнд хүрсэн тухай  мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэе.


“Шахаа”, хяналтгүй худалдан авалтыг зогсоох

Асуудал. Худалдан авалт хийхдээ дагах ёстой журам, дүрэм сул бөгөөд төлөвлөх явц нь ойлгомжгүй байх нь олон. Үүний үр нөлөөгөөр зах зээлийн үнээс хамгийн багаар бодож 20 хувиар үнэтэй худалдан авалт хийхэд хүрдэг.

Жишээ 1. Нэгэн томоохон үйлдвэрийн янз бүрийн цехээс ирж байгаа худалдан авалт хийх захиалгыг тухай бүрт тусад нь авч гүйцэтгэдэг байж. Ингэснээр нэг удаагийн худалдан авалтын хэмжээ буурч, нийлүүлэлтийн жилийн зардал нь төсөвлөснөөс тогтмол 8-12 хувиар өсдөг болсон гэнэ. Нэг удаа хийх худалдан авалтын тоо өссөнөөр үнэ 27 хувь хүртэл нэмэгдэж байсан.

Жишээ 2. Том үйлдвэрийн тээврийн үйлчилгээг хоёр тээвэрлэгч монопольчлон гүйцэтгэж байсан. Менежерүүд нь үйлдвэрийн үйл ажиллагаа сааталд орж, аюулгүй байдал алагдана гэсэн шалтгаанаар монополь эрхтэй хоёр компанид адилхан өндөр үнээр захиалга өгч тээвэрлэлт хийлгэдэг байсан.

Шийдэл. Хэрэгцээний төлөвлөлт ба худалдан авалтыг төвлөрүүлэх. Худалдан авалтын хэмжээг нэмэгдүүлэх замаар нийлүүлэгчээс хөнгөлөлт авч байх. Өрсөлдөөнт худалдан авалт зохион байгуулах ба нийлүүлэгчийг сонгох явцын дарааллын нарийвчлан батлах.

Үр нөлөө: Олон жижиг худалдан авалтыг нэгтгэн цөөн бөгөөд том болгосноор худалдан авах үнийг 20 хувь хүртэл багасгах боломжтой байдаг нь энд дурдагдсан шийдлийг нэвтрүүлсний дараа ил болсон. Ингээд зогсохгүй худалдан авалтын жилийн төсвийн хэмнэлт нь 6 хувиас буурахгүй болж өөрчлөгдсөн.


Ажилтны зуршлын оронд ажил гүйцэтгэх шаталсан дүрэм, заавар хэрэгтэй

Асуудал: Олон үйлдвэрүүдэд бүгдээр дагаж мөрдөх ёстой шаталсан зааварчилгаа, дүрэм гэхээр зүйл байдаггүй. Энэ бүхнийг ажилтнуудын олон жилийн турш хийсээр ирсэн дадал зуршлаар орлуулсан байдаг. Ажилчдын олон жилийн турш хийж эрсэн энэ дадал, зуршилд задаргаа хийвэл ерөнхийдөө байж болохгүй зүйл гэж хэлэх аргагүй. Нэг хүний хийж дадсан, зуршил болсон зүйлийг үйлдвэрийн дүрэм журманд хэзээ ч бүртгэж, баталж бичээгүй байдаг тул зөвхөн ажиглах явцад л харах, суралцах боломжтой. Ингээд шинэ хүн ажилд орохоор өөрийн өдөр тутам гүйцэтгэх ёстой ажлын шат дараалсан зааварчилгаа дүрмийг унших нь ховор. Шинэ ажилтныг хэн нэгэн хашир хүнд дагалдангаар өгч, нөгөө хүн нь юуг яаж хийх ёстойг хэлж, зааж өгдөг.

Жишээ 1. Химийн нэгэн том үйлдвэрийн ажилчид шууд гүйцэтгэх ёстой ажилдаа цагийнхаа 40 хувийг л зарцуулдаг байсныг тогтоосон. Үлдсэн хувийг нь ажил эхлүүлэх зөвшөөрөл авах, өргөгч цамхаг завтай болохыг хүлээх, шаардлагатай багаж, хэрэгсэл хайхад зарцуулж “хэмнэлт хийх” үүднээс гар аргаар хийсэн бүтээмж муутай тоног төхөөрөмж ашигладаг байж.

Жишээ 2. Төмөр боловсруулах том үйлдвэрт 40 хүнтэй бригадын ажилтнуудыг асар том үйлдвэрийн нөгөө булан дахь цех хүртэл тээвэрлэхэд хагас өдөр зарцуулдаг байсан нь тогтоогдсон. Хэзээ ч юм гарсан том ослын дараа адил нөхцөл байдалд гарч болзошгүй хохирлын хэмжээг багасгахын тулд гаргасан шийдвэрийн дагуу зөвхөн таваар нь зөөдөг болсон ч өдийг хүртэл энэ зааврыг хэн ч өөрчилж зүрхлээгүй. Үр дүнд нь ажиллах ёстой цехэд хүргээд буцааж авчрахад өдрийн талыг зарцуулдаг.

Шийдэл. Үйлдвэрлэл, үр ашигт садаа болсон илүүц шаардлага, хоригийг цуцлах. Урьдчилан төлөвлөгөө хийх боломжийг хангах, цаг үед нийцсэн ажлын шинэ заавар, журмыг боловсруулан нэвтрүүлэх, ажилтнуудын дунд аттестчилал явуулж, тоог нь зохистой хэмжээнд барих.

Үр нөлөө. Тус үйлдвэрүүд эдгээр шийдлийг хэрэгжүүлснээр хөдөлмөрийн бүтээмж нь 15 хувиар нэмэгдсэн.


Өгөгдлийн санг ашиглаж сурах

Асуудал. Том үйлдвэрүүд секунд, минут тутам асар их хэмжээний өгөгдөл цуглуулж байдаг. Үйлдвэрлэл, технологийн шат дамжлага бүрийг хэмжигч зүйл хянаж, бүртгэж байдаг. Гэтэл шийдвэр гаргахдаа энэ их өгөгдлөөс ердөө 1-5 хувийг нь ашигладаг.

Жишээ 1. Уурхайн карьерийн өөрөө буулгагч нарт байршуулсан мэдээлэл цуглуулагч төхөөрөмжүүд нь эдгээр машины төлөв ба ажлын горимын талаар асар их өгөгдлийн сан цуглуулдаг. Ийм их мэдээлэлтэй атлаа түүгээр юу хийхээ мэддэг хүн цөөн. Гэтэл өөрөө буулгагчийн аль нэг эд анги эвдрэх гэж байгааг ямар өгөгдөл нь өндөр магадлалтай мэдээлж байдгийг ойлгож тогтоовол солих хэрэгтэй үеийг урьдчилан төлөвлөх боломжтой. Эсвэл энэхүү мэдээллийг ашиглаад өндөр үнэтэй техник үйлчилгээ хийх, шинэ сэлбэгээр солихын оронд бүрэн ажиллагаагүй болтол нь ашиглах шийдвэр гаргаж болно.

Жишээ 2. Тухайн чулуулгаас ашигтай материалыг гаргаж авах ёстой хувийг заадаг “гарган авах хувь” гэсэн ойлголт уул уурхайд байдаг. Алт олборлогчдын хувьд энэ үзүүлэлт нэг тонн чулуулгаас ойролцоогоор гурван грамм байх ёстой. Гэтэл бодит олборлолт явуулаад ирэхээр энэхүү гурван граммыг бүгдийг нь гаргаж авч байна уу эсвэл түүндээ хүргэхгүй байна уу гэдэг нь асуудал. Энэ үзүүлэлт нь сонгон авсан технологи төдийгүй хоорондоо маш нарийн уялдаатайн дээр тогтмол өөрчлөгдөж байдаг олон үзүүлэлтээс хамааралтай.

Шийдэл. Өгөгдлүүдэд нарийн анализ хийгээд өөрөө буулгагчийн эд анги эвдрэх гэж байгааг үзүүлэлтийн ямар динамик өөрчлөлт өндөр магадлалтайгаар харуулдгийг ойлгох. Эсвэл ямар үзүүлэлт нь “гарган авах хувь”-ийг өсгөх эсвэл буурахад нөлөөлж байгааг ойлгох.

Үр нөлөө. Эдгээр шийдлийг нэвтрүүлснээр уурхайн карьерын өөрөө буулгагч ашиглахтай холбоотой урсгал зардлыг 12 хувиар буюу 5 сая гаруй ам.доллараар багасгаж чадсан. Алт олборлох технологийн процессыг удирдах шийдлийг хэрэгжүүлснээр гарган авах хувийг 95 хувиас 96,5 хувь болгон нэмэгдүүлж чадсан.


Оношилгоог сайжруулах

Асуудал. Тоног төхөөрөм­жийн төлөв байдлыг тодорхойлох оношилгоо тэр бүр бодит байж чаддаггүйгээс төхөөрөмжийн засварт хэт их цаг зарцуулан нэмэлт алдагдал хүлээдэг.

Жишээ. Зуны улиралд дулааны шугам сүлжээний компаниуд магистраль хоолойнд гидравлик туршилт хийдэг. Ингэж туршилт хийхэд халуун ус тасалдаг бөгөөд таслалт нь заримдаа хэдэн долоо хоног үргэлжлэх нь цөөнгүй. Төвлөрсөн халаалттай хотын оршин суугчид энэ асуудлыг сайн мэднэ.
Гэмтсэн хоолойг хайх, ухаж гаргахын тулд тус газар  нь өөрийн шугам сүлжээтай байдаг таваас зургаан байгууллагатай тохиролцох, тэдний хүмүүсийг байлцуулах шаардлагатай болдог. Дээр нь хоолойны гэмтэл ба байршлыг тогтоох хуучирсан арга ашигладгийн улмаас нэгэн зэрэг хэд хэдэн газар ухаж илүү зардал гаргадаг. Дээр нь ажилчид төвөөсөө ажиллах газар хүртэл явах, цайны цагаар хоол идэхэд өдөрт 2 ба түүнээс олон цаг зарцуулж байсан төдийгүй оргил ачааллын үеэр ээлжийн амралтаа аваад яваад өгдөг.

Шийдэл. Гүйцэтгэх шаардлагатай бүх ажлын төлөвлөлтийг урьдчилан хийгээд төлөөний хүмүүс нь байх ёстой байгууллагуудын ажлын графиктай уялдуулсан. Хээрийн гал тогоо байгуулах, зарим төрлийн ажилд шаардлагатай хугацааны норматив тогтоох, дулааны шугам сүлжээнд оношилгоо хийх орчин үеийн тоног төхөөрөмж худалдан авсан. Илүү шилжилт хөдөлгөөн хийх шаардлагагүй болгож, амралт авах график ба ажлын графикийг уялдаа холбоотой болгосон.

Үр нөлөө.
Эдгээр шийдлийг хэрэгжүүлснээр ажлын хэсгээс хамаараад гүйцэтгэх хугацаа нь 3-7 хоногоор богиноссон. Нөхөн тохижилт хийхэд шаардлагатай ажлын хэмжээ 30 хувиар багассан, ажилчдын ажилд хамрагдсан хэмжээг 30 хувиар нэмэгдүүлсэн. Халуун ус тасалдах хугацааг богиносгосноор дулаан түгээгч компанийн орлого нэмэгдсэн.


Бодит бөгөөд үндэслэлтэй тооцоо хийх

Асуудал. Томоохон үйлдвэр, компаниуд шинэ хөрөнгө оруулалтад олон жилийн орлоготойгоо дүй­­­­­­цэх хэмжээний асар их мөнгө зарцуулдаг. Үүнтэйгээ зэрэгцээд урсгал үйл ажиллагаатай холбоотой зардлаа аль болох багасгахыг хичээдэг ч хөрөнгө оруулалтын хэмжээг бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй болгоход огт анхаардаггүй.

Жишээ. Төслийг гаргаж байгаа компаниуд туслах тоног төхөөрөмжийг бодит шаардлагатайгаас илүү чадалтай байхаар төлөвлөсөн байдаг. Захиалагчийн тусын тулд гэдэг ч бодит байдал дээр өөр нэг төсөл дээр ашигласан жишээгээ тэр чигээр нь хуулбарлаад оруулсан байх нь цөөнгүй. Бордоо үйлдвэрлэгч том компанийн захиалгаар шинэ шугамын төсөл гаргахдаа туслах бойлерыг нь цагт 270 тонн уур гаргадаг байх ёстой гэж заасан.

Шийдэл. Шинэ шугамын бүх шат дамжлагат нарийн анализ хийснээр туслах бойлер нь цагт 270 бус харин 110 тонн уур гаргадаг байхад хангалттайг нь тогтоосон  тул арай бага хүчин чадалтай бойлер авсан.

Үр нөлөө. Арай бага чадалтай бойлер авсан гэдгээрээ л бордооны компани нь олон сая ам.доллар хэмнэж чадсан. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын капитал зардлыг үүнтэй адил байдлаар зохистой болгосноор зардлын хэмжээг 5 тэрбум гаруйгаар багасгажээ.


Ажилтнуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, осол гарах нөхцлийг үгүй хийх

Асуудал. Ажилгүй сул зогсох цаг нэмэгдэхийн хэрээр ажилтнуудын дунд сахилга баттай холбоотой асуудал үүсэх, үйлдвэрлэлийн осол гэмтлийн тоо өсч байгаа нь ажиглагддаг. Ямар ч хамаагүй зүйл хийж өөрийгөө зугаацуулах гэсэн ажилтнууд аюулгүйн дүрэм, эрүүл ухааныг үл тоосон ухаан санаанд багтамгүй хачин үйлдэл хийсэн байдаг. Үр дүнд нь хүмүүсийн эрүүл мэнд хохирно, амь насанд нь аюул учирна, тоног төхөөрөмж үргүй зогсолт хийх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн итгэл алдрах эрсдэл үүсдэг.

Жишээ. Салбар болгоны ажилчдын дунд мэргэжлийн чадвараа харуулахын тулд хийдэг “сагсуу” үйлдэл гэж байдаг. Өндөрт ажилладаг хүн хамгаалалтын бэхэлгээгүй ажиллах, пропантай баллоныг гэсгээхийн тулд ил гал гаргах, замаа товчлохын тулд ажил­лаж байгаа дамжуулагч дээ­гүүр гүйх, хамгаалалтын өмсгөл, тоног зүйхээс цааргалах гэх мэт.

Шийдэл. Ажлыг урьдчилан төлөвлөх замаар ажилчдыг байнгын бөгөөд жигд ажилтай болгохоор зохион байгуулах. Видео сорил хийх замаар үйлдвэрлэлийн гэмтэл бэртлийг багасгах. Энэ сорилын үед ажилчдад аюулгүйн дүрмийг зөрчиж байгаа тохиолдол бүхий видео харуулаад нүүр, царайны хувирлыг нь мэргэжлийн сэтгэлзүйчид ажигладаг. Зөрчил гарч байгааг харсан хүний царайнд эерэг өөрчлөлт гарч байвал ийм хүнийг осол гарах эрсдэл хамгийн бага байдаг ажилд томилох нь зөв.

Үр нөлөө. Эдгээр арга хэмжээ нь хүмүүсийн эрүүл мэнд ба амь насыг аварч, осол аваарын улмаас ажлын цаг алдагдахыг бууруулж, осол гэмтлийн зэрэглэл ба тэдгээрийн үр дагаврын дундаж үнийг багасгадаг.

Агуулахад шаардлагагүй зүйл хадгалахыг болих, хэрэгтэйгээс илүү үл хөдлөх хөрөнгөнөөс салах

Асуудал. Компаниуд заримдаа хагас дүүрсэн агуулах эсвэл бүрэн хэмжээгээр ашигладаггүй олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй байдаг. Бүрэн дүүрэн ашигладаггүй иймэрхүү зүйлсийн урсгал зардал нь асар их.

Жишээ 1. Томоохон үйлдвэр нь халаалттай, харуул хамгаалалт бүхий олон агуулахтай байсан. Агуулахуудын дүүргэлт 40 хувиас ихгүй. Гэсэн атлаа дийлэнх нь ямар ч хэрэгцээгүй болсон эд анги, зэвэрч муудсан сэлбэг. Өөр нэг үйлдвэр нь сар болгон нөөц хэлбэрээр тодорхой тооны хоолой, цахилгаан хөдөлгүүр, редуктор зэргийг захиалан авсаар нөгөөх нь хуримтлагдаж, түүнийг шинээр худалдан авах, хадгалахад багагүй мөнгө гаргадаг болсон.

Жишээ 2. Оросын төрийн өмчийн оролцоотой нисэхийн компаниуд асар их амбицтай, далайцтай ажилладаг. Тухайлбал, аль нэг улсад компа­нийхаа оффисыг нээх нь тус компанийн хүч чадлыг харуулсан үйл явдал гэж үздэг. Дэлхий даяараа онгоцны тасалбарыг электрон хэлбэрээр борлуулж эхэлсэн байхад ч хилийн чанад дахь том хотуудад аварга том төлөөлөгчдийн газраа ажиллуулсаар байсан.

Шийдэл. Жижиг агуула­хуудыг нэгтгэн томруулах, ашиг­ладаггүйг үгүй болгох, шаардлагагүй сэлбэг хэрэгслийг төмрийн хаягдалд хүртэл зарах арга хэмжээ авсан. “Аэрофлот” компани хэдэн жилийн өмнө Европ, Америк ба Азийн том хотууд дахь оффисуудаа хаасан.

Үр нөлөө. Чухал шаард­лагатай үед хэрэглэх бэлэн байх сэлбэгийн өртгийг 25 хувиар бууруулсан, агуулахуудын талбайн 15 хувийг чөлөөлж, агуулахын ажилтнуудын бүтээмжийг 11 хувиар нэмэгдүүлсэн. Гадаад дахь оффисуудаа хааснаар “Аэрофлот” компани нь тасалбарынхаа борлуулалтыг бууруулалгүйгээр жилийн дотор 15 сая ам.доллар хэмнэсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан