Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: МАН олонхынхоо бяраар хяналтгүйгээр хамгийн муу зүг рүү явж байна. Үүнийг бид ард түмэнтэйгээ хамт заавал зогсоох ёстой


Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

100 хоногт улс орон, энэ ард түмэн хаашаа явах нь вэ гэдэг үндсэн чиглэлийг тогтооход хангалттай хугацаа

-УИХ-ын сонгуулийн дараа  Ардчилсан нам цөөнхийн үүрэг гүйцэтгэхээр болсон. Эрх баригчдын гаргаж буй шийдэл, шийдвэрт хяналт тавихаас эхлүүлээд танай  бүлэг ажил ихтэй байгаа байх?
-Их хурлын сонгуулиар Ардчилсан нам цөөн суудал авсан. Гэхдээ бид ялагдчихлаа, цөөнх болчихлоо бид юу ч хийж чадaхаа байлаа, бид хариуцахгүй гэдэг үгийг хэлэх эрх байхгүй, тийм бодол ч бидэнд байхгүй. Гоншигнохгүй урагшаа харж ажлаа хийнэ. Үүнийг үүрэг гэж би ойлгож байгаа.
Хэдийгээр сонгуулийн үр дүнгээр 76 гишүүний 65-ыг Ардын намынхан авсан боловч сонгогчдын 45 хувь нь МАН-д, Ардчилсан намд 34 хувь нь санал өгсөн байдаг. Үлдсэн нь бусад нам болон бие даагчдад өгсөн. Нийтэд авч үзвэл ардчиллыг дэмждэг бусад улс төрийн хүчин бие даагчдын хамт 55 хувьд хүрнэ. Эрх баригчид 65 суудалдаа ташуураад 65:11 гэж хараад, бялуурч шийдвэр гаргаад байвал ард түмний 55 хувь та нарын суудалтай чинь ярихад бэлэн байгаа гэдгийг ойлгох ёстой.

-Орон нутгийн сонгууль, МАН-ын Засгийн газар байгуулагдсаны 100 хоног давхцаж таарч байна. Энэ хооронд гаргасан шийдвэрийн талаар та юу хэлэх вэ?
-Орон нутгийн сонгууль болоход хоёр хоног үлдээд байна. Энэ сонгуулиар Ардчилсан нам ард түмэнтэйгээ эрх баригчдын 100 хоногийг дүгнэлээ. Бид эрх баригчдад мянган хоногт хийх ажлыг тулгаагүй, 100 хоногт Монголын нийгэм, улс төрийг хааш нь чиглүүлж байна вэ гэдэгт дүн тавьж байгаа. Бага хугацаа биш ч, 100 хоногт улс орон, энэ ард түмэн хаашаа явах нь вэ гэдэг үндсэн чиглэлийг тогтооход хангалттай хугацаа. Харамсалтай нь, эрх баригчид сонгуулиар амласан бүх амлалтаасаа сонгогдсоныхоо маргаашнаас шууд ухарч эхэлсэн. Бодлогын бүх шинэчлэл 100-хан хоногт арчигдаж, шилэн данс ширэн түрийвчний ард нуугдах жишээний. Өнөөдөр ард түмэн тэдний байдлыг хараад ямар сонголт хийчихвээ, ер нь бид хаашаа яваад байна хэмээж буй нь илүүтэй ажиглагдах боллоо.

-МАН-ынхныг ухарлаа, буцлаа л гээд байна. Тодорхой жишээ, баримттай хэлэхгүй юу?
-Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намын хийсэн ажил, зүтгэсэн зүтгэл, гэрэлтэй гэгээтэй байсан бүхнийг 100-хан хоногийн дотор харанхуй болгож чаддаг юм байна гэдгээ харуулсан. МАН төр байгуулах тухай амлалтнаасаа ухарч, худлаа амалж болдог юм байна гэдгийг түмэнд харуулсан. Мөн эдийн засгийг шоконд оруулж, мөнгөгүй гэдэг нэрийдлээр ард түмний халаас руу увайгүйгээр маш хурдан орох чадвартай юм байна гэдгийг илтгэсэн.
Ардын намынхан амлалтаасаа буцсан. Буцсанаасаа ахиад буцсан гэдэг дээр олон жишээ хэлж болно.
Хамгийн бага цалинтай, хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг багш эмч нарын насаараа  ажилласныг нь төр нэг удаа харж үзээд 36 сарын тэтгэмжийг нь өгдөг байсан. Гэтэл үүнийг нь хасчихсан. МАН  засаг авсан даруй хууль болгож төрийн албан хаагчдийн тэтгэмж 1-12 сар байна гэж оруулж ирсэн. Адаглаад багш эмч нарын 36 сарын тэтгэмжийг үлдээ гээд байхад үлдээгээгүй. Олонхийн 65 гишүүнээс үүнийг мэдсэн нь цөөн байсан. Юу батлах гэж байгаагаа мэдэхгүй даалгавраар кноп дарагчид олон. Харин Лүндээжанцан гишүүн буруу л кноп дарчихлаа даа гэж байсан. 2017 оны төсвийн төслийг өргөн барихад нэг  удаагийн тэтгэмж 36 сараас хэтрэхгүй байна гэсэн байна лээ. Энэ бол 36 сарын тэтгэмжийг  олгох нь Засгийн газар  үзэмжээрээ л өгч байгаагаас огт ялгаагүй. Монголын төр нийгмийн халамжийг ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэзээ ч ялгаварлаж болохгүй, гар татаж болохгүй. Энэ мөнгийг яаж ч байсан олж өгөх үүрэгтэй. Мөнгөгүй гэж гар татаж зөв бодлогуудыг  ухраадаг засаг байх юм бол ажлаа өгөөд хурдхан огцрох хэрэгтэй.
Гэтэл өнөөдөр Эмч багш нарыг санал гомдол байна уу гээд хэлэхээр дуугарах хүн байдаггүй. Бүгд айдастай. Бүгд дарамттай. Ардын намыг санаатай ийм дарангуйлал руу шилжиж байна гэж бодохгүй байна. Олонхийнхоо бяраар хяналтгүйгээр хамгийн муу зүг рүү явж байна. Үүнийг бид ард түмэнтэйгээ хамт заавал зогсоох ёстой. Орон нутгийн сонгууль дууссаны дараа төрийн албаны халаа сэлгээнд сум, баг, хорооныхон өртөх нь дамжиггүй.
Түмний нүдэн дээр ил явж байгаа үйлдлүүдийг "гүтгэлээ" гэдэг үлгэрээр өөрсдийгөө цагаатгах хэрэггүй.

-Ардчилсан нам засаглаж байхдаа "давхар дээл" гэдэг асуудлаас болж багагүй шүүмжлэлд өртсөн, зарим тохиолдолд хариуцлага хүлээсэн..?
-Намайг УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд байхад Ардын намынхан өдөр бүр "Эрдэнэбат аа, чи болиочээ" гэж шүүмжилдэг байсан. МАН сонгуулийн амлалтдаа давхар дээлээ тайлаад Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж ард түмэнд итгүүлсэн. Гэтэл тэд засаг авсныхаа маргаашаас давхар дээлтэй, зарим нь бүр гурван давхар дээлтэй болсон. Энэ бол энэ төрийн хийж буй хамгийн ил байгаа амлалтаасаа ухарсан үйлдэл болохоос биш Ардчилсан нам гүтгээд байгаа юм биш. Албан тушаалын томилгооноос эхлээд иргэд эргэлзэж эхэлсэн шүү.

-Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох шийдвэрийг мөн л МАН-ын Засгийн газар гаргалаа. Энэ шийдлийг та хэрхэн харж байна?
-Өнгөрсөн жилүүдэд эдийн засаг хүнд байсан ч хүүхдийн мөнгийг бид ялгаварлахгүйгээр өгөөд ирсэн. Гэтэл МАН гарч ирээд л 60/40 болгочихсон. Одоо гайгүй амьдралтай 40 хувь нь 2019 он хүртэл хүлээж бай, хэцүү амьдралтайд нь өгчихье гэсэн. Үүнийг С.Одонтуяа гишүүн Үндсэн хуулийн Цэцэд өгснийг зөв гэж харж байна. Өнөөдөр 18 настай хүүхэд гурван жилийн дараа  нас нь хэтэрчихээр яах вэ. Үүнд тайлбар байхгүй.

-Одооноос нөхөн олгож байгаа гэсэн сураг дуулдсан?
-Одоо сонгууль дөхсөн чинь хүүхдийн мөнгийг нөхөн олгож эхэллээ гэсэн мэдээг хэвлэл мэдээллээр цацаж байна. Доромжлоод байгаа юм уу, сонгуулийн шоу хийгээд байгаа юм уу. Өгөх ёстой зүйлийг нь өгөх ёстой цагт нь өгөөгүй байж сонгуулийн үеэр өгөхдөө хүүхдийн мөнгийг нөхөж өглөө гэж шоу хийх ямар хэрэг байна. С.Бямбацогт "Ардчиллынхан л ийм босго тогтоосон" гэж хэлж байна. Ардчиллынхан амьжиргааны түвшинг тогтоох судалгаа хийсэн болохоос ингэж ялгаварлах гэж судалгаа хийж, шийдвэр гаргаагүй. Ингэж ард түмнээр тоглож болохгүй.

-Сонгуулийн дараа төрийн албаны халаа сэлгээ хийгдэх ёстой юм шиг ханддаг болсноор барахгүй одоо бүр ах дүү хамаатан саднаа албан тушаалд томилдог жишгийг тогтоож эхэллээ?
-Засаг солигдсоны дараа төрийн албанд баахан халаа сэлгээ эхэллээ. Өөрийнхөө хамаатан садангаа төрийн өндөр албан тушаалд тавьсан. Дарга нар нь яахав ажлаа өгчье гэж. Гэтэл жирийн албан хаагчдыг хоморголон халж эхэлсэн. Тэднийг Ардчилсан намын үед ажиллаж байсан гэдгээр нь гадуурхаж байгаа юм. Дундговьд болсон нэг жишээ байна. Нэг охиныг төрд найман жил ажиллачихаад байхад аав нь Ардчилсан намын хүн байсан гээд ажлаас нь халсан. Охины аав нь 10 жилийн өмнө бурхан болсон байсан. Ингэж болох юм уу, бид чинь цөөхөн монголчууд. Энэ бусармаг зүйлийг манай танай нам гэлтгүй тэвчиж болохгүй.

-МАН-ын дарга М.Энхболд хүүгээ Монголбанкинд  хэлтсийн дарга хийж байгаа гэсэн мэдээллийг няцаасан байсан?
-Саяхан УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл хийсэн байна лээ, "Миний зүгээс өөрийн ах, дүү, төрөл садны нэг ч хүнийг төрийн өндөр албан тушаалд томилоогүй болно" гэж. Түүний хүү УИХ-ын сонгуулийн дараа Монголбанкинд хэлтсийн даргаар очсон нь үнэн болох нь олон нийтэд ил болсон. Монголбанк бол УИХ-ын харьяа байгууллага. Ашиг сонирхлын зөрчил гэж юм байдаг юм.

-Ардчилсан намын гишүүд ээлжит бус чуулганаар хэд хэдэн хуулийг авч үлдэх гээд чадаагүй. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хууль бол төрийн бодлогын мөн чанар. МАН төрийн эрх аваад гаргасан, өөрчилсөн, гаргах гэж байгаа хуулиуд бүгд Монголын ардчилсан төрийн бодлогыг өөр нийгэм рүү чиглүүлэх гэсэн оролдлого гэж харж байна. Тэд ардаа гэсэн сэтгэлийг гээж зөвхөн эрх мэдлийг авахын тулд хоосон амлалт, өнгө, мөнгөөр иргэдийг хуурч байгаа нь дэндүү басамжилсан гутамшигт үйлдэл юм.
Ард түмний амьдралд хэрэгцээтэй, хэрэгтэй цөөнгүй хуулийг хүчингүй болгож, зарим хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан. Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хууль. Ардчилсан намын гэсэн нэр хаягтай зөв шийдвэр байсан болохоор нь хүчингүй болгосон нь бас үнэн. Оронд нь бид юмаа хийнэ Ардчилсан намын хаягтай нэг ч юм байж болохгүй гээд насны хишиг гэдэг юм оруулж ирсэн. Насны хишиг гэдэг нь 70-аас дээш настай хүнд жилд хоёр удаа буюу наадмаар, цагаан сараар хишиг олгоно гэж байгаа юм. Бас улстөржсөн. 70-80 насанд, 80-90 насанд нэг өөр мөнгө өгнө гэж байгаа. Тэгээд бусад нь яах юм. Монгол хүн 60 нас  хүрээд тэтгвэрт гарч байгаа. Тэтгэвэрт гарсан л бол 60 байна уу, 90 байна уу хамаагүй ижилхэн л авах ёстой. Гэтэл монгол хүний дундаж нас хэд юм бэ гэсэн 69 нас. 69 хүрээд 70 нас давсны босго болгож, насны хишиг гэдэг юм өгөөд байгаа юм уу. Ямар төр гэхээр тэтгэвэрийн насны хөгшчүүлээ насаар нь ялгаварлах тухай бодлого гаргадаг юм бэ.

-Ардчилсан намын хаягтай зөв  бодлогууд гэснээс өнгөрсөн дөрвөн жилд  иргэд рүү чиглэсэн хамгийн ойрын зөв бодлого болох Ипотекийн зээлийг бас зогсоочихсон..?
-Бидний үед олон "сайн хөтөлбөрүүд"-ийг Монголбанк мөнгөний бодлоготой холбож хийж байсан юм. Ипотек яг с"айн хөтөлбөр"-ийн журмаар хэрэгжиж байсан. Монгол банкнаас  4 хувийн хүүтэй мөнгө гаргаад арилжааны банкуудад 4 хувийн маржи өгөөд энэ зээлийг анх бий болгож байсан юм. Энэ хөтөлбөрөөр 80 мянган айл өрх байртай болсон. Олон зуун компани ажилтай, олон мянган хүн ажлын байртай байсан юм. Гэтэл энэ өнөөдөр зогсохоор яах уу. Олон мянган залуучуудын амьдралыг бүрхэг болгож байна. Үүнийг үргэлжлүүлж болох л байсан. Үүнийг зогсоосны уршгаар мөнгөгүй данс үлдсэн. Одоо үүнийг дахиад Хятадын зээлээр хийх тухай ярьж байна. Ингээд л бид буруу тийшээ давхиад байна даа. Бас "Сайн оюутан", "сайн хашаа", "сайн малчин хөтөлбөр" байна. Сайн оюутан энэ зээлийг авснаараа сайн сургуульд орж, сайн мэргэжил эзэмших ёстой гэсэн хөтөлбөр. Үүний үр дүнд олон чанаргүй дээд сургуулиуд оюутнуудын үнэлэмжээр чанаржиж, муу нь зах зээлээс шахагдах байсан юм. Харамсалтай нь энэ зогссон. Ингээд яривал олон сэдэв бий.

-Эдийн засгийн хүндрэлийг гэтлэхийн тулд зарим арга хэмжээг авахаас өөр аргагүй байдалд хүрсэн хэрэг биш гэж үү?
-Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг ойлгож байгаа. Бид эрх баригчдад цалин нэм, өнөөдөр ажлын байр олоод өг гэдэг шаардлага тавиагүй. Байгаа түвшнээс нь битгий дордуул гэсэн. Ардчилсан нам хэдий муулуулаад зүхүүлээд байсан ч өнгөрсөн дөрвөн жилд хөрөнгө оруулалтыг хаанаас босгох уу, эдийн засгийн хүнд үед, яаж иргэдээ амьдралтай, ажилтай байлгах уу, яаж цалин тэтгэвэр буулгахгүй байх уу, ажлын байрыг хэрхэн хадгалах уу, энэ эдийн засгийн хүнд нөхцөлд яаж дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх үү, яаж бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл рүү гаргах уу, ямар ямар том бүтээн байгуулалтыг хийх вэ гэдэг дээр ажиллаж ирсэн. Магадгүй, үүнийг ойлгоогүй хэсэг байхыг үгүйсгэхгүй. Ирэх дөрвөн жилд ард түмэн олон зүйлийг ойлгоно гэдэгт эргэлзэхгүй байгаа. Энэ хугацаанд бид ард түмэнтэйгээ зөв ухаарлыг олж авч чадна гэдэгтээ итгэлтэй байна.


МАН "Чингис" бондыг харлуулах их аяныг зарласан

-УИХ-д ирэх оны төсвийн төслийг өргөн бариад байгаа. Төсөв хүнд байгаа гэдэгтэй та санал нийлж байна уу?
-Өнөөдөр Монгол Улс мөнгөгүй болсон зүйл байхгүй. Үнэ багатай ч гэсэн Монголын гадагшаа гардаг бүх бүтээгдэхүүн гарч байгаа. Дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгжүүд татвараа төлж байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн судас тасраагүй, төсөв мөнгөтэй эргэж байгаа. Мөнгө байгаа болоод Сундуйн Батболд 200 гаруй сая төгрөгөөр талбай дээр шоу хийж байгаа биздээ, тэд нохойнд 5 тэрбумаар спираль тавина гэж ярьсан биздээ. Огт мөнгөгүй улс гэж хаа ч байдаггүй. Харин энэ төсвийн чинь "шуудай цоорсон", данс улайсан, төр мөнгөгүй болсон байна гэж МАН-ынхан баахан "юм" ярьж, эдийн засгийн шоконд оруулсан. Энэ бүгдийг хараад байхад энэ улс дампуурсан юм байна. Энэ улс сүйрсэн юм байна. Дансандаа ширхэг ч зоос байхгүй юм байна. Тиймээс Монголд мөнгө хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг МАН-ынхан нийгэмд төрүүлсэн. Сохор зоосны хэрүүл хийсээр байгаад энэ улс орон мөхөх юм уу?
Монгол хүн амны билгээр гэдэг. Гэтэл хамгийн муу амны билэгтэй 100 хоног өнгөрч байна. 2016 оны төсвийн тодотголтой хамт татвар нэмэх, тэтгэмжийг хасах тухай олон хууль оруулж ирсэн. Ардчилсан намын зүгээс "Татвар нэмэх үзэгдэл эдийн засгийн хүндрэлтэй үед байж болохгүй. Ийм үед иргэдийн халаас руу гараа дүрээд, битгий мөнгийг нь суйлах гээд бай" гэсэн. Тэтгэвэр тэтгэмжийг хасах бүү хэл, ялгавартай олгох тухай ойлголт байж болохгүй. Хэдийгээр бид элдэв янзаар хэлүүлсэн ч ахмадын тэтгэврийг хасаагүй юм шүү. Бага багаар ч гэсэн нэмж ирсэн. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгоогүй. Хүүхэд бүрт өгөөд л ирсэн. Эмч багш нарын 36 сарын тэтгэмжийг өгөөд болоод л байсан. Одоо юу нь болохоо байсан гэж. Ажил хийе гэсэн хүсэл байвал шийдэл үргэлж олддог л юм.

-Сүүлийн үед "Чингис" бондын санхүүжилтийн талаар их яригдах болсон. Татвар нэмэх зайлшгүй шаардлага тулгарсан гэж эрх баригчид тайлбарлаад байгаа?
-МАН "Чингис" бондыг харлуулах их аяныг зарлаж, бондын санхүүжилтээр бүтээн байгуулалтад оролцогчдыг мөрдөн шалгаж, улс төрийн зорилгодоо эрээ цээргүй ашиглаж эхэллээ. Үүнд олон сайхан боловсролтой, залуучууд, бизнес эрхлэгчид хэлмэгдэж, олон компаниуд бизнесийн эрсдэлд орж байна. Үүнтэй Ардчилсан нам эрс тэмцэнэ. Гадна дотны болон Хөгжлийн банкны зээлээр хэрэгжсэн төслүүдийн дийлэнхийг МАН-ын эрх дархтнуудын мэдлийн компаниуд авсан. Баримт нь ил болсон байна. Ноцтой нь сая эдгээр төслүүдээ төсөв рүү нэгтгээд төрөөр баталгаатай төлүүлэх лобби хийчихсэн. Тийм учраас төсвийн мөнгийг нэг төсөв нэрийн доор нэмсэн. Төсвийн алдагдал нэг тэрум байсныг 5 тэрбум болгож, ард түмнийг төөрөгдүүлсэн. Дараа нь Монголбанкны ерөнхийлөгч Монголын валютын нөөц хасах 400 сая ам.доллар байна гэсэн маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ам.доллар байхгүй сургаар хүмүүс төгрөгийг хадгаламжаа ам.доллар болгосон. Доллар гуравхан сарын дотор 300 төгрөгөөр нэмэгдсэн. Дараа нь мөнгөний хатуу бодлого хэрэгтэй гээд Төв банк бодлогын хүүгээ нэмээд, бүх арилжааны банкууд Монголбанкны бондыг худалдан авч, төгрөг зах зээл дээр байхгүй болсон. Түрийвчиндээ мөнгөтэй хүн ховордсон. Одоо эргээд нэг харъя. Өнгөрсөн бужигнаантай амьдралыг өнөөдрийнхтэй эргээд харьцуулахад 100-хан хоногт ямар өөрчлөлт болов.

-Гаднаас авсан, босгосон зээлийн эргэн төлөлт улсын төсөвт хэр хүндрэл үзүүлнэ гэж харж байна вэ?
-Ардчилсан хувьсгалаас хойших 26 жилд бид өөрийн эрхээр жаргаж, өөрийн эрхээр зовж ирсэн ард түмэн. Хэнээс ч хараат бус өөрсдөө төрөө сонгодог, шат шатандаа өөрсдийн төлөөллөө тавьдаг. 26 жил бидний хайгаад байгаа ардчиллын үнэт зүйл энэ гэдгийг иргэд ойлгож эхэлж байгаа нь сайн хэрэг.
26 жилийн өмнө Монгол Улс тухайн үеийн ЗХУ-д улс төр, эдийн засгийн хувьд хараат орон байсан. Тэр үед бид ЗХУ-аас хоёр хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээл авч, энэ олон САА, хорооллыг босгосон байдаг. Дараа нь Н.Энхбаяр өр тэглэлээ гэж байсныг ард түмэн мартаагүй. Энэ бол улс төрийн зээл байсан юм. Энэ үед манай дарга нарыг томилох, шагнах, тэр байтугай асуудлыг тэнд шийддэг байлаа. Энэ бүхнийг Ардчилсан хувьсгалаар өөрчилж чадсан. Энэ бол бидний явж ирсэн түүх. Харин бид Чингис бондыг нэг улсаас аваагүй, олон улсын зах зээлээс босгосон. Юунд зарцуулагдсан бэ гэхээр гуравны нэг нь том бүтээн байгуулалтад, гуравны нэг нь зам, дэд бүтэц, дулааны цахилгаан станц, үлдсэн нь бизнес эрхлэгчдэд очсон. Энэ зээлийг бид өөрсдийн хэрэгцээндээ тулгуурлан зарцуулж чадсан. Өөрсдийн эрхээр тоног төхөөрөмжөө авч, өөрийнхөө эрхээр үйлдвэрлэлээ эрхэлж, өөрийнхөө эрхээр борлуулалтаа хийж байгаа иргэдэд хэрхэн дэмжлэг болсон талаар хийж бүтээж байгаа иргэдээс нь ч бас асуух хэрэгтэй. Үүнийг хэн нэгэн улс төрийн зорилгоор ашиглаж, Монгол Улсаас өр нэхэхгүй зээл. Ардчилсан намын 1.5 тэрбум долларыг зүхээд байсан, өр зээлийг үзэн ядаад байсан хүмүүс "Ардчилсан нам идчихсэн, мөнгөний уутыг гөвчихсөн" гэдэг ойлголтыг нийгэмд хүчтэй төрүүлж, нийгмийн сэтгэлзүйг бэлтгэж байгаад дахин 4 тэрбум ам.долларын зээл нэмж авах хуулийг саяхан УИХ-аар батлуулсан юм шүү дээ.

-Нэг улсаас их хэмжээний зээл авахын сөрөг, давуу талын талаар тайлбар өгөөч?
-26 жилийн өмнө Оросууд өгч байсан шиг. Тийм зээлийг өнөөдөр эрх баригчид авах гэж улайрч байна. Үүнийг Монголын ард түмэн зөвтгөж болох юм уу.  Энэ зээл ямар зээлийг мэдэж байгаа юм уу. 2.2 хувийн хүүтэй 20-30 жилийн хугацаатай. Гоё сонсогдож байна. Ямар сайхан хямдхан хүүтэй юм. Ямар урт хугацаатай  юм бэ гээд. Энэ зээлийг зорилгыг мэдэж байна уу. Энэ бол улс төрийн зорилготой зээл. Хэрэв энэ зээлийг авах юм бол манай төслийг хэрэгжүүлэхдээ өөрсдөө үнэлэхээс эхлээд өртөг нь өсч, зээл авсан улсын техник, тоног төхөөрөмжийг авахыг шаардана. Цаашлаад үйлдвэр бүтээн байгуулалт эхлэхэд ажиллах хүчээ манайхаас аваарай гэдэг асуудлыг ярьдаг юм. Бүтээгдэхүүнээ гаргахад зөвхөн энэ зах зээлд нийлүүлнэ шүү гэж тулгадаг. Энэ бол бидний хүсэх зам биш.
Энэ адлаад байгаа Чингис бондыг санхүүжилтийг баялаг бүтээгчид маань харин өөрсдийнхөө эрхээр зарцуулж байгаа юм шүү. Одоо авах гээд байгаа зээл хямдхан харагдаад байгаа боловч өртөг нь манай улсын тусгаар тогтнолын үнэтэй зээл. Үүнийг бид ойлгож байгаа юмуу. Ард түмэн газар нутагтаа эзэн болж үлдэх нь хамгийн чухал. Үүнд энэ удаагийн орон нутгийн сонгуулийн нэг ач холбогдол оршино.


Хэрэв төгрөг байхгүй болбол Монгол Улс, монгол хүн гэж байхгүй болно

-Их хэмжээний зээл авахтай холбогдуулаад гадны банк оруулж ирэх хэрэгтэй, хэрэггүй талаар их яригдах болоод байгаа..?
-Сүүлийн үед бүх хэвлэл мэдээллээр Монголын арилжааны банкууд хэрэггүй, өндөр хүүтэй, ард түмнийг шулдаг, үүнийг давсан сайн гадны банк хэрэгтэй. Хятадын банк сайн гэдэг сурталчилгаа их явж байна. Гуравхан сая хүнтэй, үйлдвэрлэл хөгжөөгүй, бараа бүтээгдэхүүний экспорт хөгжөөгүй, зах зээл нь жижиг ийм улс оронд дээрх зээл дээр нэмээд "Bank of China" орж ирэхэд хэдхэн жилийн дараа монгол төгрөг гэдэг мөнгөн дэвсгэрт байхгүй болохгүй гэдэг баталгаа байна уу. Хэрэв төгрөг байхгүй болбол Монгол Улс, монгол хүн гэж байхгүй болно. Муу ч гэсэн өөрийн хэдэн банктайгаа хэрэлдээд, муу ч гэсэн тусгаар улсаараа байгаад, үндэсний банкны эрх зүйн орчныг сайжруулах тухай хуулийг яагаад бид боловсруулж шинэчилж чадахгүй гэж. Яагаад бидэнд гадны мөнгө сайхан харагдаад эхлэв.


Монголын ард түмэн ардчилалд итгэдэг, Ардчилсан намыг хайрладаг

-Орон нутгийн сонгуулийн үр дүн ямар байна гэж та төсөөлж байна вэ?
-Бид өнгөрсөн, одоо, ирээдүйгээ эрүүлээр харах цаг нь болсон. Манай Үндсэн хуульд төрийн анхан шатны байгууллагыг "нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь иргэдийн хурал байна" гэж заасан. Энэ бол нутагтаа эзэн нь бай гэсэн үг шүү.
Хуульч Б.Чимид агсны хэлсэн нэг үг байдаг. "Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх нь ардчилалд суурилсан төвлөрлийг сааруулж, төв засгийн дангаар ноёрхох эрх хэмжээг задлахад оршино" гэж. Энэ туйлын үнэн үг гэж боддог.
Энэ 100 хоногт гарсан хүч түрсэн бусармаг явдлуудыг таслан зогсоох, хяналт тавих, тэнцвэржүүлэх, эв эеийг хичээх цорын ганц боломж нь орон нутгийн сонгуулиар ард түмэн Ардчилсан намтай хамтрах, ардчилалд итгэх итгэл юм шүү дээ.
Монголын ард түмэн ардчилалд итгэдэг, Ардчилсан намыг хайрладаг гэдэгт би эргэлздэггүй. Энэ сонгууль итгэлцлийн сонгууль болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байна.

0 Сэтгэгдэл
Халаа сэлгээг та нар хийгээгүй юу. Харин ч нэг бужигнуулж өгснийг чинь ард түмэн мартаагүй. Алтанхуягаас эхлээд л та нар төрийн албыг төрлийн алба болгосныг чинь бид мартаагүй. Ард түмний амьдралыг элгээр нь мөлхүүлчихаад одоо болохоор МАН худлаа хэллээ гээд байгаа юм уу. Идэж ууснаараа та нар л баян тарган байгаа юм уу гэхээс ард түмэн үнэхээр ядуурсан шүү. Ард түмэн та нарыг яаж дэмжих юм бэ ичиж үхмэрүүд.
Далд ор цаашаа. Монголыг өрөнд бариулчхаад юу гээд хуцаад байгаа юм бэ. АН тэр чигээрээ алга болвол таарна
Ene Buhandai nodnin ingej hutsaj baihgui yaagaa ve? Chinii meddeg gej yu baidag yum be. Chi bol hun zagnahaas uur medleggui, hooson tolgoi shuu dee! MONGOLYN ARD TUMEN ARDCHILLAAS ZUGTAJ, AN-g LUIVARCHIN HEMEEN UZEN YADAJ BNA. Ard tumen gej yaridag murtuu tednii hurungyg huivaldan hulgaillaa gej AN-g hairlah bolj baina uu? Buhandai mini???
Ene Buhandai nodnin ingej hutsaj baihgui yaagaa ve? Chinii meddeg gej yu baidag yum be. Chi bol hun zagnahaas uur medleggui, hooson tolgoi shuu dee! MONGOLYN ARD TUMEN ARDCHILLAAS ZUGTAJ, AN-g LUIVARCHIN HEMEEN UZEN YADAJ BNA. Ard tumen gej yaridag murtuu tednii hurungyg huivaldan hulgaillaa gej AN-g hairlah bolj baina uu? Buhandai mini???
Ene Buhandai nodnin ingej hutsaj baihgui yaagaa ve? Chinii meddeg gej yu baidag yum be. Chi bol hun zagnahaas uur medleggui, hooson tolgoi shuu dee! MONGOLYN ARD TUMEN ARDCHILLAAS ZUGTAJ, AN-g LUIVARCHIN HEMEEN UZEN YADAJ BNA. Ard tumen gej yaridag murtuu tednii hurungyg huivaldan hulgaillaa gej AN-g hairlah bolj baina uu? Buhandai mini???
Хамгийн их уншсан