Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баттуул: Улс төрийн намууд санхүүжилтээ зарладаг болчихвол нэр хүнд нь өснө


-Намууд нийгмээ чиглүүлж, урд нь явж бодлогоо зохицуулах ёстой болохоос хойно нь чирэгдэх учиргүй-

Л.НОМИН

Хуульч, судлаач Б.Баттуултай улс төрийн намуудын санхүүжилт, шинэчлэлтийн асуудлыг хөндөн ярилцлаа.

-УИХ-ын сонгууль болоод дөрвөн сар болж байхад сонгуулийн үеийн санхүүжилтийн тайлан ил болоогүй л байна. Компани, аж ахуйн нэгжүүд улирал тутам санхүүгийн тайлан өгөөд болж байхад намууд дөрвөн жилдээ ганц удаа санхүүжилтээ тайлагнаж байгаа. Тайланг танилцуулах хугацаа хэтэрхий урт байна уу?
-Улс төрийн нам болон нэр дэвшигчид сонгуулийн санхүүжилтийн тайлан өгөх зорилго нь юу вэ гэдгийг эхлээд авч үзье. Юуны өмнө сонгуулийн үеийн санхүүжилтийн тайлан нь аливаа улс төрийн нам, нэр дэвшигч чинээлэг хандив­лагчдаас хараат бусаар, хуулийн дагуу сонгуульд оролцсон гэдгээ олон нийтэд харуулах зорилго­той. Гэтэл одоогийн хуулиар нэр дэвшигчид намдаа тайлангаа өгч, нам нь нэгтгээд сонгуулийн ерөнхий хороонд өгдөг. Энэ процесс цаг их алдаж, сонгууль өнгөрөөд дараа нь олон нийтэд хүрч байгаа нь сонгуулийн санхү­үжилтийн тайлагналын зорил­гыг алдагдахад хүргэж байна. Тухайлбал, Англид сонгуулийн жил гармагц улс төрийн намууд сар бүр олон нийтэд санхүүжилтээ танилцуулдаг. Сонгуулийн кампанит ажил эхэлснээс долоо хоног тутамд санхүүжилтийн тайлангаа гаргаад олон нийтэд мэдээлдэг. Тарааж байгаа сурталчилгааны материал, танилцуулгын мөнгө нь санхүүжилтийнхээ тайлантайгаа дүйцэж байх баримжааг сонгогчдод өгөх ёстой. Энэ нь сонгогч тухайн нам, нэр дэвшигчийн санхүүг хянаад энэ нь үнэн байна, тэр нь итгэл төрүүлэхгүй байна гээд дүгнэлтээ хийхэд нөлөөлөх нь чухал. Үүнийгээ дагаад сонгуульд оролцох сонгогчдын идэвхи өсөхийн зэрэгцээ олон нийтийн зүгээс улстөрчдөд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

-Санхүүжилтийн тай­ланг СЕХ тойм маягаар багцлаад л мэдээлсэн болдог. Хэн нь хаанаас ямар санхүүжилт аваад сонгуульдаа зарцуулсан нь тодорхойгүй.
-Сонгуулийн санхүүжил­тийг ил тод байлгах арга зам нь их бүрхэг хуульчлагдсан болохоор хэрэгжилт нь бас муу болсон гэж харж байна. Тухайлбал, СЕХ-ны сайтад нууцлагдсан газарт санхүүжилтийн тайланг оруулах, хэвтээ форматаар гарчихсан байх, уйгагүй нягталж үзэхгүй бол хэвлэхээр хүснэгтүүд нь зөрчихдөг зэргээр олон нийтийг хэрэглэх, дүн шинжилгээ хийхэд бэрхшээлтэй байдал үүсэх тохиолдол гарч байна. Үүнийг тухайлбал, сонгуулийн санхүүжилтийн тайланг холбогдох байгууллага нь хүлээж авснаас хойш тодорхой хугацааны дотор /1 сар, 14 хоног/ албан ёсны вэб сайтандаа байрлуулна ч гэдэг юм уу эсвэл санхүүжилтийн тайланг судлаач, сэтгүүлч, гадаадын шинжээчид зэрэг сонирхсон этгээд авч үзэх хүсэлтээ гаргахад тодорхой төлбөртэйгөөр хэвлэж өгдөг байх шаардлагатай байх, энгийн иргэд үзэхэд ойлгомжтой байх зэргээр зохицуулалтыг тодорхой болгох хэрэгтэй. Энэ бол тийм хэцүү зүйл биш шүү дээ.

-Улс төрийн намын санхүүжилт гэхээр зарим нь бидэнд ямар хамаатай юм гэх байх. Санхүүжилт ил болгохын ач холбогдол юу вэ?
-Сая УИХ-ын сонгуулийн санал хураалтын явцын мэдээг олон нийтэд ил, шууд харуулж дэвшилтэт байдлаар ажилласан. Яг үүн шигээ санхүүжилтийн тайлангаа ил тод, нээлттэй харуулдаг болох хэрэгтэй. Өнөөдөр сонгуулийн санхүүжилт нь намайг, бас таныг төлөөлж буй этгээд мөнгөнөөс болон чинээлэг хандивлагчдаас хараат байна уу үгүй юу, миний чиний хүүхдийн төлөө шийдвэр гаргах уу эсвэл хандивлагчдынхаа төлөө шийдвэр гаргах нь уу гэдгийг харах боломжийг сонгогчдод олгодог учраас улс төрийн санхүүжилт надад бас танд хамаатай асуудал юм. Түүнчлэн улс төрийн санхүүжилт ил тод байх нь улс төрийн намуудад иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, тухайн намын нэр хүндийг өсгөдөг. Бид яаж иргэдэд таалагдах вэ гээд л янз бүрийн юм яриад эсвэл өрсөлдөгчөө муулах, өмнөх засгийн үеийн шийдвэрийг үгүйсгэж, буруу хууль баталсан байна гэх мэтээр яриад байвал тэр намын нэр хүнд өсөхгүй. Одоогийн нийгэмд энэ бол хамгийн явцгүй арга. Тэгэхийн оронд өөрсдөөсөө эхлээд санхүүжилтээ ил тод болгох зэргээр олон улсын жишгийг даган шинэчлэл хийх ёстой. Тэгэх юм бол хүссэн хүсээгүй иргэдийн дэмжлэгийг хүлээж тухайн улс төрийн намууд сонгогчдод илүү хууль ёсны харагдана.

-Сонгуулийн хууль санал хураалт болохоос зургаан сарын битгий хэл ганц хоёрхон сарын өмнө өөрчлөгдсөн. Тэгээд л нөгөө хуулиа ойлгохгүй, мэдэхгүй, сайн судлаагүй гээд маргаан ч гарлаа. Сонгуулийн хуулиа байнга өөрчлөөд байхгүйн тулд яах ёстой вэ?
-Олон улсын практикт сонгууль болохоос зургаан сарын дотор сонгуулийн хуулийг өөрчлөхөөс зайлс­хийдэг. Энэ зүгээр нэг гарч ирсэн зүйл биш олон улсад туршигдсан сайн практик юм. Сонгуулийн хууль бол тоглоомын дүрэм. Тухайн нам өөрсдөдөө ашигтайгаар өөрчилсөн байж болно. Эсвэл өмнөхөөс нь илүү сайжруулсан байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ иргэд олон нийт тэр өөрчлөлт болгоныг, заалт бүрийг нь харьцуулж харж ойлгоход хэцүү шүү дээ. Тэгэхээр л дуртай үедээ сонгууль болохоос өмнө хуулиа өөрчилж өөрт ашигтай болгож байхад саналаа өгч яадаг юм, сонгуульд ер нь оролцох ямар хэрэгтэй юм гэсэн байдлаар хандах нь бий. Ер нь сонгуулийн хуулиа судалгаа шинжилгээний үндсэн дээр олон талыг оролцуулан илүү өргөн хүрээнд боловсруулбал улстөрчдийн явцуу эрх ашгийг бус гол асуудлыг шийдвэрлэх замаар үндэс суурьтай хийгээд түүнийгээ өөрчлөхгүй байвал сонгогчид хуультайгаа илүү танилцах боломж гарч, оролцоо идэвхи нь сайжирна гэж үздэг.

-Улс төрийн намуудын эрх мэдэл нь дээрээ төвлөрсөн учраас доод, дунд шатны намын хороо, гишүүд нь сонгуулийн кампанит ажилд оролцоход л үүргээ гүйцэтгэсэн болдог. Намуудын энэ бүтэц бас л буруу жишиг рүү ороход нөлөөлж байна гэх боллоо?
-Манай улс төрийн намуудад ялангуяа АН, МАН-д ажиглагдаж байгаа нийтлэг дутагдал бол улс төрийн намын шийдвэрт нь доод, дунд шатныхны оролцоо бараг байдаггүй нь. Намын анхан шатны оролцоо сулраад эхлэхээр данхар том толгойтой, буруу бүтэцтэй болчихож байгаа юм. Ингээд ирэхээрээ намд дотоод ардчилалтай байх, ард түмний төлөөлөл байх гэх мэт гол утга агуулга нь алдагдаад намын дотоод уялдаа холбоо сарниж, бүтцийн хувьд хүнд суртал үүсч сонгогчдоосоо хөндийрдөг. Ер нь, Монголын улс төрийн намууд зоригтой алхам хийх цаг болчихож. Дөрвөн жил бүр савлаад, тулга тойрсон хэрүүл хийдэг явцгүй аргаасаа ангижрах хэрэгтэй. Дарга тойрсон хэсэг бүлэг л нь шийдвэр гарга­­даг, санхүүжилтийг зөвхөн удирдлагууд нь үзэх боломж­той дутагдлуудыг арилгаад одоогийн бүтцийг өөрчилж олон улсын жишгээр хэвтээ бүтэцтэй болгох,  анхан шатны нэгжүүдийн үүрэг оролцоог шийдвэр гаргах түвшинд дэмжиж, хандивлагчдаас шууд намын анхан дунд шатанд санхүүжилт очдог байх зэрэг хуулийн зохицуулалтыг дорвитой хийх цаг нь болсон.

-Парламентад таван намын төлөөлөл байсан хэрнээ Улс төрийн намын тухай хуулиа шинэчилж өөрчилж чадаагүй. Одоо нэг нам нь дийлэнх олонхийг бүрдүүлж байгаа тохиолдолд дорвитой өөрчлөлт хийж чадахгүй л болов уу?
-Ардчилсан нийгэмд шилжээд анх батлагдсан хуулиудын нэг нь Улс төрийн намын тухай хууль. Тухайн үед батлагдсан хуулиуд явцын дунд өөрчлөгдөөд, олон улсын сайн практик, жишээ аваад сайжраад байгаа. Гэтэл Улс төрийн намын тухай хуулийг нийгэм цаг үетэйгээ нийцүүлж өөрчлөөгүй өдийг хүрлээ. Үүнийгээ дагаад улс төрийн намын хөгжил шинэчлэлд тодорхой хэмжээгээр саад болж байна. Энэ нь Улс төрийн намын тухай хуульдаа судалгаа, шинжилгээ хийж өөрчлөх цаг болчихоод байгааг харуулаад байгаа хэрэг. Улс төрийн намын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж оруулж ирсэн нь зөв байсан, аль нэг намын явцуу эрх ашгийг бус гол асуудлыг харахад зорьсон болов уу гэж харагдсан. Гэвч тухайн хуулийг батлахгүй гэж байхын оронд тодорхой саналаа хэлж өөрчлөлт оруулж зөвшилцөөд явах хүсэл зориг дутсан гэж санагдсан. Уг хуулийн төсөлд олзуурхууштай сайн заалтууд зөндөө байсан шүү дээ. Мөн зарим заалтууд тухайлбал,  намыг татан буулгана гэх мэтээр хариуцлага тооцох хэлбэрүүд, аргыг нь хатуу тусгасан байсныг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийн тайлангаа тэдэн удаа өгөөгүй бол, сонгуульд нам нь тэдэн удаа оролцоогүй бол, ноцтой зөрчил гаргасан бол гэсэн шалтгаанаар намыг татан буулгачихаж болохгүй. Ноцтой зөрчил гэж юуг хэлээд байгаа нь тодорхойгүй. Зүгээр л үзэмжээр шийдэх маягаар намыг татан буулгачиж боломгүй. Тухайн намын санхүүгийн ажилтан тайлангаа өгөөгүй бол эрх бүхий этгээдэд хариуцлага тооцох ёстой болохоос ард нь байгаа хэдэн мянган гишүүний итгэл үнэмшлийг үгүйсгэж намыг нь татан буулгаж болохгүй. Намыг татан буулгана гэдэг чинь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн асуудал шүү дээ, ардчилсан нийгэмд үүнийг хязгаарлаж болохгүй. Ер нь олон улсын практикт намыг татан буулгах нь ховор. Улс төрийн намын бүтцийг өөрчлөн нийгэмд бодлогоороо уралддаг нам байгуулан улс төрийн санхүүжилтийг ил тод болгох нь манай улсад зайлшгүй хийх шинэчлэлийн нэг, тулгамдсан асуудал болоод байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан