Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аавынхаа чин хүслийг хүндэтгэж “Харц хатан” жүжгийг дахин тоглолоо

Б.ЦЭДЭВ

Д.Төрбат зохиолч 1990 онд “Могойн чуулган” романаа хэвлүүлсэн нь тухайн үедээ шуугиан тарьж, уншигчдыг байлдан дагуулж, судлаачдын хараанд өртөж байсан аж. Тус романд “Хялар хатны домог”-оос сэдэвлэсэн кино хийж байгаа тухай гардаг билээ. Тэгвэл тус домгоос сэдэвлэсэн “Харц хатан” дуулалт жүжиг анх 1983 онд Дорноговь аймгийн Хөгжимт драмын театрт тоглогдож байж.

“Хялар хатны домог”-ийг бодит гэдэг бөгөөд Говь-Түшээ гүний агь Гааданбалын Чагдаржав ноёны залуу насанд тохиолдсон үүх түүх байж болох гэж үздэг нь судлаачдын судалгаагаар ч батлагдсан байдаг юм. Д.Төрбат зохиолчийн бага насаа өнгөрөөсөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын урдхан Авдрантын хөтөл гэдэг газар харц хатнаар сор залсан гэж ярьдаг байсан нь хожмоо уран бүтээл хийхэд нөлөөлжээ. Харин түүний бичсэн зохиол дуулалт жүжиг бичих болсон шалтгаан нь их сонин. Төрийн соёрхолт Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа тус зохиолыг тоож “Сор залсан бүсгүйг Сэржмядаг гэдэг байсан юм байна. Манай Ламын гэгээний хүн аж” хэмээснээр хожмоо бидэнд үнэт өв болон үлдэж буй “Харц хатан” дуулалт жүжиг төржээ.

Г.Бирваа гуай “Харц хатан” жүжгээ, дуурийн хэмжээнд хүргэх гэж хөгжмөө сүүлийн 20-иод жилийн турш төгөлдөржүүлж ажилласан байна. Үүнийг “Харц хатан”-ы ари дуулсан ардын жүжигчин Х.Уртнасан, Б.Жавзандулам нар ч нотолдог ч харамсалтай нь нэрт хөгжмийн зохиолч маань өөрийн хүслээ бүтээж амжилгүй бурхны орондоо одсон билээ. Гэсэн ч түүний авьяасыг өвөлж үлдсэн түүний хүүхдүүд болох Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж, Төрийн соёрхолт Б.Мөнхболд нар есөн жилийн өмнө тус дуулалт жүжгийг УДЭТ-ын тайзнаа амилуулж байсан юм.

Тэгвэл өнөө жил Г.Бирваа агсны мэндэлсний 100 жилийн ой болж буй тул түүний дурсгалыг хүндэтгэн дахин тус жүжгийг амилууллаа. Тус жүжгийг долоон жилийн өмнө театрын тайзнаа амилуулахад гол дүр болох Сэржмядагийн дүр дээр ажиллаж байсан жүжигчин Б.Эрдэнэцэцэг өнөө жил дахин Сэржмядагийн дүрээр тайзнаа гарсан юм. Харин түүнийг сор болгон залсан ноён болох Гомбосүрэнгийн дүрд жүжигчин Ц.Цэрэнболд тоглолоо.

Энэ талаар Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Бирваагийн Мөнхдорж “Бид ааваараа үргэлж бахархаж явдаг. Энэ ойн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулна. Манай театрын тайзнаа аавын минь мөрөөдөл, чин зүрхний хүслэн болсон “Харц хатан” дуулалт жүжгийг тавих гэж байна. Учир нь, аав маань Сэржмядаг гэдэг хүүхний тухай домгоор жүжиг хийх гэж маш олон жил бодож ирсэн юм. Тэгээд жүжгийн цомнолыг Д.Төрбат зохиолч бичиж, энэ жүжгийг анх бүтээсэн түүхтэй. Энэ жүжгээр дамжуулан хүний сэтгэлийн хамгийн сайхан хайланг өгүүлэх гэсэн аялгуу өөрт нь төрсөн байдаг. Тийм учраас аавын маань энэ дуулалт жүжгийг манай Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид маань тавьж байна. Харин дуурийн хэмжээнд “Эрдэнэтээлийн уянга” хэмээх их гоё дуурь бий. Анх Баянхонгор аймгийн театр тоглож байсан. Манай аавын театрт оруулсан хувь нэмэр их байдаг юм. Тийм учраас аавынхаа гэгээн дурсгалд зориулан “Харц хатан” дуулалт жүжгийг манай театр мэргэжлийн хэмжээнд толилуулах гэж оролдож байна. Тэр хэмжээнд та бүхэнд хүрнэ байх. Монгол хүний хайр сэтгэлийн дуулал болсон дуулалт жүжгийг хийх гэж зорьж байсан. Дүү бид хоёр аавыгаа өнгөрсний дараа жилд энэ жүжгийг дурсгалд нь зориулж хийсэн учиртай юм” хэмээн дурсав.

Билэгт сайн өдөр судранд салхи оруулдаг шиг аавынхаа чин хүслийг мөнхжүүлж түүний амьдралын сүүлийн жилүүдээ зориулсан “Харц хатан” жүжгийг ийн театрын тайзнаа амилуулж аавыгаа дурсах зул болон бадамлуулсан юм.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан