Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боб Диланыг сонсох, харах биш унших цаг иржээ


Б.Цэдэвсүрэн

Шведийн академи 2016 оны Нобелтнуудыг зарлах үйл ажиллагаагаа өнгөрсөн пүрэв гарагийн орой хийж Утга зохиолын салбарын шагналтныг зарласнаар өндөрлөлөө. 2016 оны Нобелийн Утга зохиолын шагналтнаар “Америкийн агуу түүхт дууны шүлгийн уламжлалыг баяжуулж шинэ яруу найргийн хэллэг бий болгосон учир” зураач, жүжигчин, нэрт дуучин, дуу зохиогч Боб Дилан тодорлоо. Шведийн академийн хүндэт гишүүн Сара Даниус шийдвэрийг зарлахдаа “Бидний хувьд тийм ч хэцүү шийдвэр байсангүй. Бид түүнийг дуучин хөгжимчний хувиар бус яруу найрагч гэдгээр нь үнэлж энэхүү шагналаа гардуулж буй юм. Тэр бол Жон Милтон, Уйлъям Блэйкээр хөглөгдсөн англи хэлтний яруу найргийн залгамж халаа мөнөөс мөн. Боб Диланы шүлгүүд машид уламжлалт шинжтэйн дээр давтагдашгүй өөриймсөг билээ. Түүний уламжлалт маягийн шүлгүүд ганц бичгийн уламжлалд бус аман уламжлалын хувьд ч, дээд уран зохиолын тухайд ч, хамгийн хялбар, анхан шатны түвшинд ч маш сонирхолтой өв болно. Бид эртний Грекийн гайхамшигт туурвилчид болох Хомер, Саппог одоо ч бишрэн уншдаг. Харин тэд тухайн цагтаа хөгжмийн зэмсэг бариад яруу шүлгээ дууддаг “уран сайханчид” байлаа. Гэлээ ч тэдний шүлгүүд цаасан дээр, ном судрын хуудсанд машид тодоор үлдсэн билээ. Боб Дилан ч бас яруу найрагчийнхаа хувиар уншигдах цаг нь болсон гэж би боддог” хэмээн хэлсэн билээ. Энэ жил тус төрөл 198 зохиолч өрсөлдсөн бөгөөд Японы зохиолч Харуки Мураками, Кенийн жүжгийн зохиолч Нгуги Ва Тхионго, АНУ-ын зохиолч эмэгтэй Жойс Кэрол Оутс, Пулитцерийн шагналт зохиолч Филипа Рота, Сирийн яруу найрагч Адонис нар нэр дэвшсэн талаар хэвлэл мэдээллээр бичиж байв. Гэсэн ч Нобелийн шагналд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг 50 жилийн дараа ил болгодог байна. Энэ жилийн Нобелийн шагналыг найман сая швед крон буюу 931 мянган ам доллар дагалдаж байгаа аж.

Боб Диланыг утга зохиолын салбарын “но­белтон” болсонд гайхах хүн бишгүй. Гэвч түүнийг яруу найрагчийнх нь хувиар унших цаг ирснийг энэ үйл явдал баталж байна. Боб Дилан Америкийн төдийгүй дэлхийн хөгжмийн урлагт үзүүлсэн нөлөө хэмжээлшгүй их. Дайн, ёс суртахууны уналт, урвалт, сэтгэлийн шаналалыг дуулсан түүний олон зуун дуу жар гаруй жил сонсогчдыг байлдан дагуулж өөртөө татсаар, хүний амьдралын эмгэнэлийг гоо сайханд хувирган эгшиглэсээр буй билээ.
Боб Диланы жинхэнэ нэр Роберт Аллен Зиммерман. Тэрээр 1941 онд АНУ-ын Миннессотад төржээ. Арван дөрвөн настайгаасаа гитар барин дуулж эхэлсэн тэрээр Уэльсийн нэрт найрагч Дилан Томасыг ихэд шүтдэг байсан тул тайзны нэрээ Боб Дилан болгожээ. Боб Дилан нь хөгжмийн үйл ажиллагаанаас гадна зураач, кино жүжигчин гэдгээрээ мөн их алдартай билээ. Түүний зохиосон “Blowin’ in the Wind”, “The Times They Are a-Changin’ зэрэг дуу нь АНУ дахь иргэний эрхийн төлөө болон дайныг эсэргүүцсэн хөдөлгөөний сүлд дуу болон өргөн тархжээ. Боб Дилан нь сүүлийн тавиад жилд сонгодог рок хөгжмийн хамгийн цуутай хөгжимчин хэвээр байна. Нийт 37 цомог гаргаснаас хамгийн сүүлийнх нь энэ оны тавдугаар сард гаргасан “Fallen Angels” цомог болсон бол хамгийн анхны Bob “Dylan” цомгоо 1962 онд гаргаж байж.

Түүний амжилтын гараа, хожим алдарших болсон нь 1962 онд зохиосон “House of the Rising Sun” дуу байв. Гэхдээ түүний дуунууд өөрийг нь алдартан болгоод зогсохгүй бусдад ч алдар нэрийг өгсөн. Учир нь өнгөрсөн зууны жараад оны сүүлчээр зохиосон “The Ballad of Frankie Lee and Judas Priest” цомгийн дуунуудыг нь Английн “Judas Priest” хамтлаг дахин тоглон дэлхийг байлдан дагуулах аянаа эхэлж байжээ. Мөн түүний нэрийн хуудас болсон уран бүтээлүүдийнх нэг болсон 1973 онд зохиосон “Knockin’ On Heaven’s Door” дууг нь Pink Floyd, Bob Marley, Eric Clapton, John Bon Jovi, U2, Guns’n’Roses, Bruce Springsteen, Dire Straits-ийн Mark Knopfler, Alanis Morrisette, Avril Lavign гээд олон алдартан коверлосон байдаг. Боб Диланыг илэрхийлэх олон уран бүтээл байдгаас “Blowin’ in the Wind” (1962), “The Times They Are a-Changin” (1964), “Like a Rolling Stone” (1965), “Knockin’ on Heaven’s Door” (1973) дуунууд нь түүний нэрийн хуудас болсон билээ.

Боб Диланы нэр болон таван дууг нь 1988 онд “Рок-н-ролл хөгжмийн Алдрын танхим”-д мөнхжүүлжээ. 2008 онд “Нийтийн хөгжимд, Америкийн соёлд үзүүлсэн үлэмж их нөлөө болон яруу найргийн гоц хүч бүхий уянгын зохиомж бүтээсний төлөө” Пулитцерийн шагналыг түүнд өгсөн. Мөн тэрээр “Грэмми” шагналыг 12 удаа хүртсэн бөгөөд түүний гурван дуу, гурван цомгийг ““Грэмми” шагналын Алдрын танхим”-д мөн залжээ. “Дүрсгүй жаал” кинонд зориулсан “Things Have Changed” дуугаараа 2001 онд “Оскар”-ын болон “Алтан бөмбөрцөг” шагнал авч байсан тэрээр энэ удаа Нобелийн шагнал хүртсэнээр Английн суут зохиолч Бернард Шоугийн дараа “Оскар”-ын шагнал, Нобелийн шагнал хүртсэн хоёр дахь уран бүтээлч болж байна. Бернард Шоу нь Нобелийн шагналыг 1925 онд авсан бол “Оскар-ын шагналыг 1938 онд “Пигмалион” уран сайхны киноны зохиолоороо хүртэж байжээ.

Хөгжмийн “Rolling Stone” сэтгүүлээс явуулсан санал асуулгаар рок хөгжмийн түүхэнд Английн “The Beatles” хамтлагийн дараа аман хүзүүдэж байсан төдийгүй бүх цаг үеийн 500 аугаа дууны жагсаалтад түүний 12 дуу багтаж байжээ. “Time” сэтгүүл түүний нэрийг ХХ зууны нөлөө бүхий 100 хүний тоонд багтааж байсан юм.
Мөн тэрээр АНУ-ын дээд шагнал болох Эрх чөлөөний төлөө Ерөнхийлөгчийн медаль, Францын Хүндэт Легионы одон хүртэж байсан гээд түүний 60 гаруй жилийн хөдөлмөрийг нь үнэлэх, жинлэх олон шагнал бий. Гэвч тэр өөрөө л хүн төрөлхтөнд ирсэн том бэлэг юм. Учир нь, түүний уран бүтээлийг ойлгож, дурлан биширч сонсдог шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрт бий. Монголоос л гэхэд түүний тоглолтыг амьдаар нь үзсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана түүний талаар “Боб Диланы тоглолтыг үзэж байснаараа би насан турш бахархах болно. Үнэхээр, огторгуйн үүд тогших шиг л санагддаг юм билээ” хэмээн бичсэн байсныг санаж байна. Тэрээр мөн Боб Диланд зориулж шүлэг хүртэл бичсэнээ “Бясалгал” түүвэр зохиолдоо оруулсан байдаг юм.
Ингээд Боб Диланыг энэ олон үгээс илүүтэйгээр илэрхийлэх түүний уран бүтээлийг хүргэж байна. Орчуулагч Ж.Буд-Эрдэнийн орчуулга “Салхинаас чи асуу” дууны шүлгийг хүргэж байна.

САЛХИНААС ЧИ АСУУ

Хэчнээн бээр зам туулж
Хүн болох ёстой гэж
Хэчнээн олон далай дээр                 нисч
Тагтаа амарч чадах юм бол
Хэчнээн тэсэрсний эцэст
Их бууг хориглох юм бол
Энэ бүхний хариуг салхинаас             чи асуу
Энэ бүхний хариуг салхи чамд шивнэнэ
Хэдэн зуун жилийн дараа
Уул тэнгист уусдгийн бол
Хэчнээн зовж шаналж
Хүн эрх чөлөөг амсах бол
Хэчнээн удаан энэ худал хуурмагт
Хиймэл дүр эсгэх ёстой гэж
Энэ бүхний хариуг салхинаас             чи асуу
Энэ бүхний хариуг салхи                 чамд шивнэнэ
Хэр их хичээж, хүн
Тэнгэрийг олж хардаг юм бол
Хэн нэгний зовлонг мэдрэхэд
Хэчнээн зүрх хэрэгтэй гэж
Хэчнээн гэмгүй хүн үрэгдэж
Ухаарал ирдэг юм бол
Энэ бүхний хариуг салхинаас                     чи асуу
Энэ бүхний хариуг салхи                               чамд шивнэнэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан