Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр 400 мянга хүрэхтэй үгүйтэй байж, ирэх онд сая жуулчин авч чадах уу


Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2016 оны эхний есөн сард монголын 1,7 сая хүн гадаад улсад зорчсоны 80,4 хувь болох 1,3 сая нь хувийн хэргээр гадагшаа явсан байна.
Энэ хугацаанд монгол улсын хилээр нийт 4,1 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 388,6 мянгаар буюу 10,6 хувиар өссөн дүн байна.
Харин оны эхний 9 сард манайд 325 мянган жуулчин ирсэн нь өмнөх оныхоос 2,5 хувиар өссөн гэнэ. Энэ чинь өнөөх АСЕМ-д ирсэн албаны хүмүүс, зуны улиралд барилга барих гэж ирсэн хятадуудыг  оруулаад шүү дээ......

Сая саяар жуулчин мөрөөднө

Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын  яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга  Б.Маргад “Новости Монголии” сонинд өгсөн ярилцлагадаа Монгол Улс аялал жуулчлал хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж байгааг дурдаад монголын аймаг, бүс нутаг бүр аялал жуулчлалын гайхамшигтай бүтээгдхүүнтэй гэсэн байна.
Ингээд аймаг бүрт, Өмнөговь аймагт гэхэд л үлэг гүрвэлийн, палентологийн музей ажиллаж байгаа, Өвөрхангай аймагт “XIII  зуун” цогцолбор, зүүн аймгуудад Чингис хааны амьдралтай холбоотой түүхэн газруудаар аялж болно гэжээ. Хөвсгөлд бол цаатны амьдрал, гүн цэнхэр нуурыг зорьж болно хэмээн ярьсан байна. 

Үүнээс улбаалан оросын newsbabr.com сайтад Елена Бeрёзка “Монгол Улсын Мэргэжлийн засгийн газар 2017 онд эх орондоо гадаадын нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа бол гурван жилийн дараа 2020 онд мөнх хөх тэнгэрийн энэ орон гадаадын хоёр сая жуулчин хүлээн авч үйлчлэх зорилт тавиад ажиллаж байгаа юм байна” гэж  бичжээ.

Үүний өмнө Ч.Сайханбилэгийн  тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын Байгаль орчин аялал жуулчлалын сайд байсан, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “2014 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авна” хэмээн сүржин мэдэгдэж байсан боловч харин ч өмнөх 2013 оноосоо 30 мянган жуулчнаар буурсан үзүүлэлт гарч байсан юм.

Д.Оюунхорол тэр үед энэ салбарын сайд байхдаа Германд болсон аялал жуулчлалын олон улсын том яармагт хамтран зохион байгуулагчаар оролцсондоо сэтгэл нь хөдлөөд ингэж хэлсэн нь үнэн. Харин жуулчдыг татах талаар юу ч хийгээгүй болохоор ирдэг жуулчин нь цөөрсөн.

Хэлдэг ганц үг нь гэгэчээр өнөөдөр ч  “НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВНА” гээд сууж байдаг. Тэгээд гуравхан жилийн дараа хоёр сая. Энэ аман давтамж, өсөлтөөр  явах юм бол 2023 онд дөрвөн сая жуулчин монголд ирэх нь. Ухаандаа хятадын Манжуурт нэг жилд ирдэг жуулчин л гэсэн үг. Тэр нь зүгээр л нэг орон нутгийн жижиг хот шүү дээ. Тэнд гайхамшигтай байгаль, нуур, наран шарлагын газар байхгүй. Гэхдээ л жилд таван сая жуулчин татдаг хот.

Гэтэл манайд яагаад жуулчин ирэхгүй байна. Оросын Байгаль нуур, хятадын тэр Манжуураар хөлхөж байгаа жуулчид яагаад хэдхэн  км даялаад манайхаар дайрчихгүй байна.  
Өнөө л онгон зэрлэг байгаль, түүх дурсгал, үе үеийн Засгийн газрын сайхан амлалт, худал мөрөөдлийн  хаагуур нь өнгөрөөд байна.
Энэ оны эхний есөн сарын байдлаар дэлхийн бараг улсад аялан жуулчлагсдын тоо өссөн дүнтэй гарч байна. Харин манайд л буураад байдаг нь юуны учир вэ...
 
Үргэх шалтгаан  олон байхад урих шалтаг нь дэндүү цөөн

Дээрх асуултын хариуд аль ч Засгийн газар, эрх баригчид монгол улсын төлөө, улс орноо хөгжүүлье гэж ажилладаггүй юм биш үү гэж хэлэхэд хүрнэ.  Аялал жуулчлалын салбарын үе үеийн сайд нар нэг л их сайхан зүйл ярьж өөрсдөө “аялж жуулчлахаас” биш жуулчин татах гэж юу хийсэн билээ.  Д.Оюунхорол гэхэд л Германы яармагт хэдэн арван тэрбум төгрөг заран оролцож байснаас биш жуулчин нь цөөрснийг  дээр дурдсан.

Дараагийн зүйл бол жуулчдыг үзэн яддаг 10 орны тоонд манайх орчихсон яваа. Жуулчдад халддаг, эд зүйлийг нь дээрэмддэг. Хамгийн сүүлд гэхэд л олон улсад нэрд гарсан Британийн жуулчин  Ствиен Нэшийг энэ есдүгээр сард Архангай аймагт амь насыг нь хөнөөсөн хэрэг гараад дуулиан нь намжаагүй байна.
Гуравдугаарт, дэд бүтэц. Онгоц нь тачигнаж начигнасан, дээр нь дэлхийд байхгүй өндөр үнэтэй. Авто зам нь бартаат замын уралдааны зам шиг. Харин ч 2012-2016 онд Ардчилсан намын Засгийн газрын үед аймгуудын төвийг нийслэл хоттой засмал замаар холбоодохсон. Цөөн аймаг үлдсэнийг ирэх дөрвөн жилд МАН-ынхан хийх эсэх нь тодорхойгүй л байна.

Хамгийн сүүлийн буюу гол бэрхшээл бол аялал жуулчлалын бүтээгдхүүн гэж бидэнд юу байна аа. Хүнгүй онгон зэлүүд байгаль, эрүүл ахуй, ариун цэвэр, амьдралын наад захын шаардлага хангаагүй борог бүдүүлэг орчин л байна шүү дээ. Зориулалтын боловсон бие засах газар, ариун цэврийн өрөө байхгүй хээрийн жорлонтой. Хоол хүнс нь ариутгаагүй шууд л үнээнээс сая  саасан сүү, жуулчны айдсыг төрүүлэн дэргэд нь гаргасан хонины мах. Тэгсэн атлаа  манайхан гадаад хүн л гэвэл заавал илүү үнэ нэхнэ. Өнөө гайхуулаад байдаг наадам гэхэд л тасалбар нь жуулчных нь бараг хоёр дахин өндөр үнэтэй.

Дээр нь сурталчилгаа. Хятадын Манжуур, ӨМӨЗО жуулчдыг яаж татаж чадаад байна вэ. Тэд бараг сар тутам хөрш орнууд, Монгол, Оросын хэвлэл мэдээллийнхнийг бодлого төлөвлөгөөтэйгөөр урьж хот, орон нутагтайгаа танилцуулж байна. Тэнд ердөө ямар ч хурал зөвлөгөөн, семинар болдоггүй. Зүгээр л хамаг сайхан юм аа үзүүлээд, амраагаад явуулдаг юм байна. Тэд ирээд сонин, сайт, телевизээр үзсэн харсан бүхнээ чадлынхаа хэрээр сурталчилж байна. Ийм л болохоор Манжуурыг зорьдог манай жуулчид, худалдаачдын тоо нэмэгдээд байгаа юм. Хятадын Аялал жуулчлалын сайд нь манайд нэг ч удаа ирээгүй. Тэгсэн атлаа л хятад руу зорьдог манайхны тоо нэмэгдээд байгаа юм шүү дээ. Гэтэл манайд Монголын тухай ангшли хэл дээр олигтойхон сайт ч байхгүй.

Сурталчилгаа гэдэгт үнэн худал нь мэдэгдэхгүй дуулиан ч бас багтана. Саяхан даа ОХУ-ын Буриадын Итгэлт хамбын занданшуулсан шарил хөдөлж байгаа нь хяналтын камерт бичигдлээ гэсэн мэдээлэл оросын хэвлэлүүдээр гарав. Зарим нь худал, хамгаалалтын албаны хувцастай хүний дүрс байна гэцгээсэн. Гэхдээ л манайхны мухар сүсэгтнүүдийн  бол “тийшээ явъя” гэсэн хорхойг нь хөдөлгөөд авсан шүү дээ. Энэчлэн цасны хүн, алмасын тухай элдэв мэдээллүүд байна.

Манайхан ч ийм дуулиан тарих гэж бас оролдсон л байх. ADIDAS-ын гуталтай муми хэдэн зууны ч настай билээ. Өнөөдөр ч энэ мэдээлэл оросын зарим сайтад тавиатай байгаа. Нэгдүгээрт Алтайн нуруу руу түүнийг үзэх гэж нэг ч жуулчин явахгүй, хоёрдугаарт энэ мэдээг уншсан хүмүүс итгэж үнэмшихээсээ илүүтэй манайхныг, шинжлэх ухааныхныг дооглож л байгаа юм шүү дээ. Оросын topnews.ru сайт гэхэд л байсхийгээд л “Монголд adidas-ын гуталтай 1500 жилийн настай муми олдлоо” гэсэн энэ мэдээг нүүрэндээ тавиад байгаа.
 
Тэгэхээр чухамдаа гадаад орны сэтгүүлчдийн нэг групп уриад долоо хоног аятайхан юм үзүүлээд явуулахад Д.Оюунхорол сайдын германд идсэн нэг өдрийн хоолны л мөнгө гарах байх л даа.

0 Сэтгэгдэл
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй, худал яриахад хууль үйлчлэхгүй
Хамгийн их уншсан