Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саналаа өгье гээд байхад өгүүлсэнгүй


Би Монгол Улсын иргэний эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн Сум дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуульд саналаа өгч чадсангүй. Өгье гээд хэсгийн хорооны санал авах байранд очсон ч таны эрхийг сэргээнэ гээд элдэв хуудас бөглүүлнэ гэнэ.
Тэнд нь “Гадаадад 60 ба түүнээс дээш хоног зорчсон, Хорих газар ял эдэлж байгаа, Эрхзүйн чадамжгүй гэсэн” гэсэн гурван асуулт байна.

Би гадаадад зорчсон нь үнэн. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж гадаад оронд яваад ирсэн. Хоёр хоногийн өмнө хилээр гарчихаад тэр дороо буцаад ирсэн бол яахав гэхсэн. Гэтэл миний бие бүр долдугаар сарын дундуур яваад 9 дүгээр сарын 10-нд, өөрөөр хэлбэл өнөөдрөөс 40 хоногийн өмнө ирсэн.
Тэгээд ч би 60 хоног яваагүй ирэх очихтойгоо нийлээд 58 хоног л эзгүй байсан.

Энэ бүхнийг дурдахын учир нь энэ журам надад яагаад ч үйлчлэхгүй болж таарч байна. Би 60 ба түүнээс дээш хоногоор яваагүй. 58 гэдэг тоо 60-аас бага гэдгийг бага сургууль дүүргэсэн хэн ч хэлээд өгнө.

Улсын бүртгэлийн газар намайг гадаад улс руу гарсныг мэдээж Хилийн шалган нэвтрүүлэхийн мэдээнээс харсан байж таарна.  Энэ ч ойлгомжтой, үүрэг нь юм чинь. Гэтэл 9 дүгээр сарын 10-ны ням гарагийн өглөө Буянт-Ухаагийн хилийн боомтоор орж ирснийг минь яагаад мэддэггүй, энэ хүн 58 хоноод ирлээ гэдгийг яагаад тоолж чаддаггүй  болж таарч байна.

Нөгөө талаар миний бие сонгууль болохоос 40 хоногийн өмнө ирж байхад нэрсийн жагсаалт дахь “түр хасав” гэдгийг яагаад өөрчилдөггүй юм.

Сонгууль болохоос хэд гуравхан хоногийн өмнө 60 хоногийн визтэйгээр гадагшаа явсан бол яахав, ойлгомжтой, ёстой "түр хасч" болох юм биз. Гэтэл тэр нь 60 хонолгүй ирчихээд зогсч байвал ёстой "эрхийг нь сэргээх" хэрэг гарах биз.

Тэгээд ч энд нь ээлжит сонгуулиас өмнө төдөн сарын дотор гадаадад явсан гэж алга. Аль 1991 онд гадаад улс руу дөрөв таван жилээр явсан хүнийг бас ингэж шаардах болж байна уу. 2002 онд гадаад оронд 62 хоног яваад ирсэн хүнийг бас ингэж шаардах уу.

Энэ бүхний эцэст гадаад паспортоор л бизнес хийхээс бусад ажлаа мартсан  Улсын бүртгэлийн газар гэдэг байгууллага ажлаа яаж хийж байгааг  үүнээс харж болох нь.

Чухамдаа хэд гурван хоногоор гадаад оронд яваад ирж байгаа мань мэтийгээ л ингэж тагнаж, тандаж байгаагаас биш цагаачлаад алга болсон юм уу, хэл сураггүй болсон иргэдээ Монгол Улс мэдэж байгаа бил үү. Дөрвөн жил АНУ-д тарвалзаж хэвтсэн Г.Занданшатарын сонгох эрхийг бас ингэж сэргээсэн үү. У.Хүрэлсүхийг яах болж байна.
Сүүлийн үед гадаадад айлчлаад эх орондоо брааг байхгүй байгаа Ц.Элбэгдоржийг бас эрхийг нь сэргээх үү.

Эсвэл элдэв шалтгаанаар энэ сонгуулийн ирцийг бүрдүүлэхгүй байж, сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа хэдэн хүнээ дахин “цалинжуулах” сонирхол байна уу.
Өдрийн 12,00 цагийн байдлаар улсын хэмжээнд саналаа өгсөн иргэдийн хувь дөнгөж 16,8 хувь байна. Миний санал өгөх ёстой Сүхбаатар дүүрэгт сонгогчдын ердөө 14,4 хувь нь саналаа өгсөн тухай Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байна.

Монгол Улсын иргэний цахим үнэмлэхээ бариад, өөрөө биеэрээ зогсч байгаа хүнийг “Та эрхээ сэргээх тухай хүсэлт бөглө” гээд саналыг минь авахгүй, өөрөө хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулинд заасан эрхийг нь эдлүүлэхгүй,  орон нутгийнхаа төрийн эрх барих  байгууллагаа сонгох эрхийг нь хааж байгаа улсыг юу гэхэв ээ.

Монгол Улсын Үндсэн хууль гэдэг чинь  хэн дуртай хүний үзэмж юм уу, эсвэл Монгол Улсын иргэний үнэмлэх гэдэг нь ийм хэрэггүй хуванцар юм уу. Өнөө зураг, хурууны хээ, цахим мэдээлэл нь хаана байна вэ. хамгийн гол нь би гэдэг хүн өөрийн биеэр зогсч байхад, хэсгийн хороонд бөглөх ёстой тэр тал хуудас цаас надаас үнэтэй зүйл болж байна уу.

Хүнийг зүгээр л гадаадад хэд хоног яваад ирснийх нь төлөө хэн Монгол Улсын иргэний  эрхийг нь хасах ёстой юм бэ. Гэсэн атлаа санал хураах байрны нь үүдэнд “Сонгуульд бүгдээрээ идэвхтэй оролцогтун” гэсэн уриаг улаан даавуун дээр сүртэй бичиж хадсан байсан.

Би сонгуульд саналаа өгөх эрхтэй.


Яагаад гэвэл би гадаад оронд 58 хоноод сонгуулиас 40 хоногийн өмнө эх орондоо ирсэн. Би хорих ял эдэлж байгаа хүн биш. Эрхзүйн чадамжтай. /үүнийг би сэтгэцийн эмгэггүй гэж ойлгож байна/. Дээр нь би хэн нэгнийг өөрийнхөө өмнөөс явуулаагүй. Өөрийн биеэр санал хураах байранд Монгол Улсын Иргэний үнэмлэхээ аваад очсон. Би иргэний үнэмлэх дээрх хаягтаа 13 жил оршин сууж, 2004 оноос хойш болсон бүхий л сонгуульд саналаа өгч байсан Монгол Улсын иргэн хүн.

0 Сэтгэгдэл
Хххэээээ эрхээ эдлэгчээ наад асуудлаа хилээр оруулж гаргадаг газруудаасаа асуудаа кккк
Хамгийн их уншсан