Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхий даяар санал хураавал Хиллари Клинтон ялна


Америкийн Ерөнхийлөг­чийг сонгуульд дэлхий даяар оролцвол Хиллари Клинтон ганцаас бусад бүх улсад үнэмлэхүй ялалт байгуулахаар байсныг “Gallup International/WIN” судалгааны төвийн явуулсан санал асуулга харуулжээ. “Gallup International/WIN” нь дэлхийн хүн амын 75 хувь нь амьдардаг 45 орны оршин суугчдын дунд энэ санал асуулгыг явуулсан байна. Асуулгад хамрагдсан хүмүүст АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол хэний төлөө саналаа өгөх байсан бэ? гэсэн асуултыг тавьж.
Асуулгад дэлхийн 45 орны 18-аас 65 насны 44 мянга 200 хүн хамрагдсан нь 5,2 тэрбум хүнийг төлөөлсөн гэдгийг судлаачид онцолсон байна. Энэ асуулгын дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 59 хувийн дэмжлэг авч үнэмлэхүй ялагчаар тодорчээ. Харин Бүгд найрамдах намын Дональд Трамп ердөө 25 хувийн дэмжлэг авч. Үлдсэн 16 хувь нь хэнийг сонгохоо шийдэж чадаагүй гэжээ.
Дональд Трампыг дэмжиж байгаа улс нь хөөрхий манай умард хөрш Орос.

Клинтоныг дэмжигчид

Асуулгаас үзвэл Өрнөд Европ, Латин Америк ба Африк тивүүдэд Хиллари Клинтоныг дэмжигчид хамгийн олон байж. Тодруулбал, Португаль, Герман, Франц, Австри, Швед, Финлянд, Норвеги, Дани, Нигери зэрэг оронд Клинтоны төлөө хүн амынх нь 70 хувь нь саналаа өгөхөд бэлэн. Клинтоныг дэмжигчдийн эзлэх хувиараа Мексик, Бразиль, Парагвай, Колумби гэсэн орон Өрнөд Европтой адил өндөр үзүүлэлттэй байгааг асуулга харуулсан байна.

Трампыг дэмжигчид

Трамп дэлхийн хэмжээний сонгуульд ялагдсан хэдий ч хамгийн хүчирхэг гэгддэг гурван улсад бусдаас хавьгүй их дэмжлэг авсан нь сонирхолтой. Тухайлбал, америкчуудын 41 хувь нь Трампын төлөө саналаа өгнө гэсэн бол манай урд хөршид 44 хувь, хойд хөршид 33 хувь нь түүнийг дэмжинэ гэсэн хариулт өгчээ. Харьцуулахад, германчуудын ердөө долоон хувь, испаничуудын дөрвөн хувь, шведчүүдийн долоон хувь, япончуудын гурван хувь нь л Трампын төлөө саналаа өгнө гэсэн байна. Оросын иргэдийн 33 хувь нь Трампын төлөө саналаа өгөхөд бэлэн гэсэн нь хангалтгүй мэт санагдаж болох ч эцсийн дүнгээр Орост сонгууль болбол ялахаар болж таарчээ. Учир нь, оросуудын ердөө 10 хувь нь Хиллари Клинтоныг дэмжинэ гээд 57 хувь нь хэнийг нь ч сонгохгүй гэж хариулсан байх юм.

Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр нөлөө

Энэ асуулгад хэний төлөө саналаа өгөх вэ? гэдгээс гадна “Танай улсын эдийн засгийн өсөлт, худалдаа, энх тайвныг хадгалах гэх мэт асуудалд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үзүүлэх нөлөө хэр байдаг вэ?” гэсэн бас нэг асуулт тавьжээ.
Асуулгад хамрагдсан улсуудын гурваас бусдынх нь иргэд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн нь энэ бүх салбарт маш чухал нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна. Асуулгад оролцсон хүмүүсийн 69 хувь нь Америкийн сонгууль улсынх нь дотоод нөхцөл байдалд төдийгүй дэлхийн хэмжээнд чухал гэж үзсэн бол 26 хувь нь ийм нөлөөг үгүйсгэж, зургаан хувь нь тодорхой хариу өгч чадаагүй аж.

Америкийн Ерөнхийлөг­чийн сонгуулийн нөлөөг хам­гийн их үгүйсгэсэн хүмүүс нь парагвайчууд. Асуулгад хамрагдсан парагвайчуудын ердөө 26 хувь нь Трамп, Клин­тон хоёрыг хэн сонгогдох чухал гэсэн бол дийлэнх, олонхи нь Америкийн Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь ер хамаагүй гэжээ. Словеничуудын 60 хувь нь Америкт хэн ялах нь улсад нь болон дэлхийн хэмжээнд хамаагүй гэсэн бол оросуудын 60 хувь нь тэдэнтэй санал нийлсэн байна.

Бусад 42 оронд Амери­кийн Ерөнхийлөгчөөр хэн сонгог­дохоос хамаараад улсынх нь дотоод байдал төдийгүй дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй гэж үзжээ. Тухайлбал, Португаль, Канад, Бразиль, Хятад, Итали, Өмнөд Солонгосын хүн амын 80 хувь нь энэ бүх асуудалд Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль шийдвэрлэх үүрэгтэй гэж үзсэн байна.

Америкийн Ерөнхийлөгч юуг анхаарах ёстой вэ?

Энэ асуулгаар хүмүүсийн саналыг сонирхсон бас нэг сэдэв байсан нь “Дэлхийн №1 эдийн засагтай улсын хувьд Америкийн Ерөнхийлөгч нэн тэргүүнд юунд анхаарах ёстой вэ?” гэсэн асуулт байв. Асуулгад хамрагдсан хүмүүсийн 47 хувь нь Америкийн Ерөнхийлөгчийг өөрийн орны эдийн засгийн ашиг сонирхлыг бусад улсынхтай эрх тэгш түвшинд хамгаалахад анхаарах ёстой гэж. Харин 31 хувь нь АНУ-ыг юун түрүүнд Дэлхийн эдийн засгийг дэмжих, тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй гэж үзсэн байна. Ердөө 16 хувь нь Америкийн Ерөнхийлөгч өөрийн улсын эдийн засгийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд анхаарах ёстой гэж үзжээ.

Ингэхдээ Америкийн Ерөнхийлөгч нь өөрийн эдийн засаг ба дэлхийн эдийн засгийг тогтвортой байлгах, хөгжүүлэхэд адил тэнцүү анхаарал тавих ёстой гэж үзсэн хүмүүс нь Австри, Энэтхэг, Панам, Португаль, Финлянд, Испани, Мексикийн иргэд байсан аж. Эдгээр улсаас асуулгад хамрагдсан хүмүүсийн 60 ба түүнээс дээш хувь нь Америкийн эдийн засаг ба дэлхийн эдийн засгийн хооронд тэнцүүгийн тэмдэг байх ёстой гэсэн байна. Харин асуулгад оролцсон хятад иргэдийн 66 хувь нь Америкийн Ерөнхийлөгч юун түрүүнд дэлхийн эдийн засгийг тогтвортой байлгахад анхаарах ёстой, өөрийн улсын эдийн засгийг хоёрдугаарт тавих ёстой гэж хариулжээ.
Хачирхалтай нь, оросуудын 31 хувь нь Америкийн Ерөн­хийлөгч өөрийн улсын эдийн засгийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарах ёстой гэсэн нь дэлхийн хэмжээний 16 хувиас бараг хоёр дахин өндөр үзүүлэлт юм.

0 Сэтгэгдэл
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль сонирхох нь бүү хэл Монголдоо сонгууль өгөхгүй оюуны ядууралд орсон байна.
Хамгийн их уншсан