Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буух эзэнтэй, бухах амлалттай сонгууль

Н.БАТ

“Сонгууль-мөрийн хөтөл­бөр-би” гээд сум дүүргийн ИТХ-д нэр дэвшигчид айлаар хэсч, УИХ-ын сонгуульд өрсөлдөгчдөөс дутахгүй том том самбар байршуулж бас үнэтэй цаасан дээр нэрийн хуудас хэвлүүлж, сонин, сэтгүүл тараагаад энэ удаагийн орон нутгийн сонгууль нэр дэвшигчдийнхээ бэл бэнчинг багагүй шалгав. Хаалга тогшоод л “Би нэр дэвшигч..... байна. Биднийг багаар нь дэмжээрэй” гэх үгсийг АН, МАН-ын нэр дэвшигчдээс дийлэнхдээ сонссон бол бие даагчийн хувьд мөрийн хөтөлбөр гэж хэзээ ч биелэхгүй амлалт төдий харагдсан нь нууц биш. Намаасаа нэр дэвшиж байгаа нөхдүүдийн хувьд бие даасан амлалт байхгүй зөвхөн намынхаа мөрийн хөтөлбөрт баригдаж ярих хуультай. Харин бие даагчдын хувьд мөрийн хөтөлбөр гээд амлалт өгч болно. Гэхдээ ганц хүн гал болохгүй гэгчээр энэ амлалт хэрэгжинэ гэж итгэхэд тун бэрх.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн хувьд АН, МАН-ын өндөр ач холбогдол өгч, голдуу компанийн захирлуудыг нэр дэвшүүлж, нэг хүнээс 5-10 сая төгрөгийн босго авсан ч дуулдав.

Өрөөндөө суугаад нарийн бичгээр дамжиж харилцдаг захирлууд өглөө автобусны буудал дээр, орой гэрийн үүдэнд тосч уулзаад л... Дүүрэг, сумын ИТХ-ын төлөөлөгчөө ч танихгүй, энэ сонгуулийн ач холбогдлыг төдийлэн мэдэрч ойлгодоггүй байсан монголчууд энэ жил бага ч атугай мэдлэгтэй болов. Хэдийгээр хорооны дарга, нийгмийн ажилтны ярианаас иргэд хорооны ИНХ-даа идэвхтэй оролцож, дүүргийн ИТХ-ын сонгуулийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болж гэж ойлгож болохоор ч иргэдийн хувьд энэ тухайд арай өөр хариулт өгч буй юм. Өнгөрсөн жилүүдэд хороодод Орон нутгийг хөгжүүлэх сан хэмээн мөнгө хувиарладаг болсноор иргэд хороондоо хийх ажлаа өөрсдөө төлөвлөж, хадгаламж зээлийн хоршоо хамтран байгуулаад их л идэвхтэй болсон гэж байгаа ч үнэндээ хорооны ИНХ хэзээ болох вэ, хурлаар юуг хэлэлцэж ямар шийдвэр гаргадаг вэ гэдэг тухайд нийтэд төдийлэн зарлаад байдаггүй гэсэн хариулт иргэдийн зүгээс өгч л байсан.

Тиймээс хорооны ажилд үнэндээ тэтгэвэрт гарсан голдуу хэдэн хөгшид эсвэл хэсгийн ахлагч нарын танилууд л хамрагдсан хэвээр байгааг анзаарч харах л ёстой. Гэхдээ нэг сайн мэдээ бол хэдийгээр хямрал ядуурлын тухай яриа газар авч байгаа ч улсаас халамж хүсч, хороон дээр үнэгүй зүйл тарааж байна уу гэж асуух хүний тоо буурсан гэнэ. Бас хороонд хийгдсэн хөрөнгө оруулалтын дүн “шилэн” болсон. Өөрөөр хэлбэл, хороо бүр өөрийн гэсэн фэйсбүүк хуудас ажиллуулж, иргэддээ хийсэн ажлаа тайлагнадаг зэрэг давуу талууд нэмэгдсэнийг онцлох ёстой биз. Өнөөдөр орон нутгийн сонгуулийн дүн гарч, сум дүүргийн эрхийг аль нам барих вэ гэдэг тодорхой болно. Гэвч сонгуулийн ирц хүрэх үү, үгүй юу гэдэг л асуудал анхаарлын тэмдэг тавиад байна. Иргэдийн хувьд ердөө гурван сарын өмнө сонгууль өгсөн бас энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд бялуурсан, эсвэл хэн ч байсан хийхгүй дээ гэх итгэл алдуурсан гээд нэр дэвшигчийн өгсөн мэдээлэлд төдийлэн анхаарал хандуулахгүй байгаа нь хаана ч явсан илт мэдрэгдэж байсан юм.

Уг нь, сум, дүүргийн ИТХ нь бие даасан бүрэн эрхтэй байгууллага. Улс, нийслэлийн төсөв, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдаж үйл ажиллагааны хөтөлбөрөө батлах нь зүй ч  Монгол Улсын  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиараа “Тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж, бие даан шийдвэрлэх эрхтэй” юм. Мэдээж, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, яам, агентлагт хуулиар харьяалуулснаас бусад зүйл дээр бүрэн эрхээ тухайн сум дүүргийн ИТХ нь эдэлнэ.  Тиймээс дээр хэн сууж, ямар нам залуур эргүүлж байгаагаас үл шалтгаалан доод шатанд “хөөрхөн” эрхээ эдэлж чадах учраас намууд хийгээд бие даагчид орон нутгийн сонгуульд ач холбогдол өгч буй нь лавтай. Яг үнэндээ 1990 онд ч Монгол Улс чөлөөт ардчилсан сонгууль өгч эхэлсэн. Өдгөө 26 жил болжээ. Гэтэл орон нутагт нэг нам өөрөөр хэлбэл МАН эрх барьсаар байсныг бид төдийлэн анзаарч байсан бил үү. 1996-2000 онд АН Засгийн эрхийг авсан ч, 2012-2016 онд үнэмлэхгүй дийлэнх биш Засгийн газартаа дийлэнх байж чадсан. 2012-2016 онд л АН орон нутгийн сонгуульд өндөр ач холбогдол өгч, Улсын баатраа Их хурлын танхимаас нь буулгаж, нийслэлийн даргаар ажиллуулсан.
Тэгэхээр үүнээс өмнө  дүүрэг, суманд нэр дэвшинэ гэдэг нэр төдий л ажил байв. Дээрээс нь орон нутгийн сонгуульд сойх боловсон хүчин ч ардчиллын төлөөх намуудад дутмаг байсантай ч холбоотой биз.

Ямар ч байсан энэ жилийн хувьд АН УИХ, аймаг, нийслэлийн сонгуульд ялагдал хүлээсэндээ шаралхаж, ядаж доод шатанд нь суудлаа хадгалж үлдэх гэж зүтгэж байхад МАН бүх шатанд нь эрх барина гэж “шунасан”-даа мөнгөтэй голдуу нэр дэвшигчдийг сойсон нь илэрхий байлаа. Томоохон компанийн захирлаас эхлээд Ерөнхийлөгчийн хүү, УИХ-ын даргын охин гээд энгийн иргэний амьдралын тухай энэ хүн ер нь мэдэх болов уу хэмээн эргэлзмээр олон нөхөд нэр дэвшлээ. Мөн УИХ, нийслэлд хүч үзээд өвдөг шороодсон нөхөд ч  нэг биш байгааг бид харлаа.  Аймаг сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 7.3-т Аймаг, сумын Хуралд давхар нэр дэвшүүлэхийг хориглоно гэж байгаа учраас нийслэлд өвдөг шороодсон ч дүүрэгт хүч үзэх боломж  байсныг олж хараад шургасан нөхдүүд МАН-д ч , АН-д байсан.

Тэгэхээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох нь зөвхөн намын гэлтгүй өөрийн карьерт ч  ямар нэгэн эрх ашиг авчрах нь тодорхой. Харин иргэдийн зүгээс сонгосон төлөөлөгчөө эрж, сураад амласан амлалтыг нь нэхэх сайхан боломжтой сонгууль болсныг нь анзаарсан нь лавтай. Учир нь өмнө нь хорооны нийгмийн ажилтан, хорооны Засаг дарга, дүүргийн Тамгын газрын ажилтан л нэр дэвшдэг орон нутгийн сонгуульд энэ удаад мөнгөтэй компанийн захирлууд, эрх мэдэлтэй аавын хүүхдүүд нэр дэвшсэн юм шүү.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан