Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тариалангийн талбайн 60,6 хувь нь элэгдэлд оржээ

Б.МЯГМАРЖАВ

Газар тариалан, мал аж ахуй эрхэлж амьдралаа залгуулдаг монголчуудын хувьд газрын үржил шим гэдэг хамгийн эрхэм зүйл. Гэвч сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай улсад илүү тодоор мэдрэгдэж хөрсний элэгдэл, доройтол нь үндэсний хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна. Тухайлбал, Ургамал, газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборатор нь газар тариалан эрхэлдэг 15 аймгийн 102 сумын 1942 аж ахуй нэгж, иргэдийн 579,3 мянган га талбайгаас 15 мянга 790 ширхэг дээж авч шинжилгээ хийжээ. Уг шинжилгээг хөрсний ялзмаг, хөдөлгөөнт фосфор, солилцох кали, хөрсний элэгдэл эвдрэл, орчин гэх мэт долоон үзүүлэлтээр шинжилжээ. Шинжилгээний дүнгээс харахад тариалангийн талбайн 60,6 хувь нь элэгдэлд орсон, ихэнх бүс нутгийн хөрсний үржил шим дундаас доогуур үзүүлэлттэй гарсан байна.

Манай улсын тариалангийн нийт талбайн 60 орчим хувь нь ургамалд хялбар ашиглагдах азот, калиар, 34.7 хувь нь фосфорын агууламжаар бага байгаа нь мөн тогтоогджээ. Тиймээс ХХААХҮЯ, ХААИС, Монгол Германы хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран “Монгол орны газар тариалангийн хөрсний элэгдэл, доройтол шийдвэрлэх арга замууд” сэдэвт зөвлөлгөөн зохион байгуулсан юм. Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд төрөөс хэрхэн анхаарч буй талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Алтансүхээс тодруулахад “Дээрх шинжилгээний дүнг үндэслэн  шаардагдах тэжээлийн бодис бордооны хэрэгцээг тооцоолж, шинжилгээнд хамрагдсан аж ахуй нэгж, иргэн бүрт “Тариалангийн хөрсний агрохимийн шинжилгээний дүн, түүнийг ашиглах заавар”-ыг боловсруулан өгч, хөрсний үржил шимийг дээшлүүлэх арга хэмжээ авч байна.  Цаг уурын эрсдэл ихтэй нөхцөлд газар тариалан эрхэлдэг манай орны хувьд бордоог системтэй хэрэглэхэд хөрсний үржил шим сайжирдаг нь харагдсан. Бордооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Багануур дүүрэгт хоногт 60 тонн нийлмэл бордоо, органик болон эрдэс бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалт оруулсан. Мөн Баянчандмань суманд 150 тонн нийлмэл бордоо үйлдвэрлэх чадалтай үйлдвэр бий. Дээрхээс гадна бага хэмжээний дөрвөөс таван үйлдвэр ажиллаж байгаа гээд тооцвол бордооны хэрэгцээнийхээ 30 гаруй хувийг дотоодоосоо хангах боломж бүрдсэн” гэсэн юм.

“Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь 2016-2018 онд манай улсад хэрэгжих бөгөөд нийт төсөв нь 1.15 сая евро юм байна. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, эрдэм шинжилгээний байгууллагууд, тариаланчдын холбоод зэрэг салбарын байгууллагуудад газар тариалангийн бодлогын зөвлөгөө өгөх, үр сортын салбарыг боловсронгуй бол­гох, тогтвортой хөрс хам­гаалал, газар тариа­лангийн салбарын эрсдлийн менежмент, даатгалын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж бай­гаа гэв. Зөвлөлгөөнд ХХААХҮЯ, Шинжлэх ухааны ака­демийн Геоэкологи-Газар­зүйн хүрээлэн, Ургамал, га­зар тариалангийн хүрээлэн зэрэг төрийн болон эрдэм шин­жилгээний байгууллагын тө­­лөөллүүдээс гадна олон улсын байгууллагууд болон тариа­лан эрхэлдэг аж ахуйн нэг­­жийн төлөөлөл оролцсон юм.

 
Т.Төрмандах: Сэлгэн тариалалт хийх хэрэгтэй

Дээрх асуудалтай холбогдуулан Монголын хөдөөг шинэчлэх холбооны гүйцэтгэх захирал Т.Төрмандахаас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай орны хөрсний үржил шим жил ирэх бүр буурсаар байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ. Үржил шимийг нь нэмэг­дүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Газар тариалан эрхэлс­нээр хөрсний үржил шим тодорхой хэмжээгээр до­ройт­но. Харин үржил ши­мийн бууралт хэр байх вэ гэдэг нь хөрсөнд арчилгаа яаж хийснээр мэдрэгдэнэ. Тиймээс тариаланчид хөрсөндөө бордоо сайн хийх шаардлагатай. Мөн таримлын сэлгээгээ хэрхэн хийснээс хамаардаг. Манайх уринш буудай гэсэн талбайн сэлгээ хийдэг.  Энэ тарималынхаа сэлгээг өөрчилж уриншийн нийт тариалалтад бэлтгэх хэмжээг багасгаж тариалалтад хийх талбайгаа нэмэгдүүлж, болж өгвөл буурцагт ургамлаа сэлгээнд оруулж тарьснаар хөрсний үржил шимийг сайжруулах боломжтой.

-Рапс тарьснаар хөрсийг их хэмжээгээр доройтолд оруулж байна гэдэг. Энэ ургамлыг тарих тарихгүй талаар олон хүн маргадаг. Та юу гэж бодож байна вэ?
-Сүүлийн жилүүдэд газар тариалан эрчимтэй эрхлэх болсноор хөрсний үржил шим буурч байна. Бид үүнийг дагаад тариалалтад хийх технологио шинэчлэх хэрэгтэй. Рапс бол  таримлын сэлгээнд ордог л нэг таримал. Тэрнээс биш рапс тарьснаар хөрс дахин ашиглах боломжгүй, үржил шимгүй үхмэл болно гэдэг худлаа. Гэхдээ нэг талбайд нэг төрлийн ургамлаа жил бүр л тариад байвал үр шим нь муу байдаг. Харин уринш, буудай,  буудайны дараа рапс гэх мэтээр сэлгэх нь чухал. Рапс тарьсан жилдээ хөрснөөс авсан үржил шимийг нь нөхөхийн тулд заавал бордоо хийгээд явах хэрэгтэй.

-Тариа тарина гээд газар хагалсан хэрнээ ашиглахгүй орхих нь цөөнгүй. Ийм тохиолдолд ямар зохицуулалт байдаг юм бэ. Арчлалт хамгаалалт хийхгүй байгаа болохоор хөрсний үржил шим нь бүр л мууддаг байх?
-Тариалангийн зориулал­таар газар эзэмшигч ашиглагч нь хоёроос дээш жил газартаа бүрэн болон хэсэгчлэн тариа­лалт хийгээгүй бол га­зар эзэмших эрхийг нь сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно гэсэн заалт бий. Тариланчдын хувьд их хэмжээний газар аваад ашиг­лахгүй байх нь ховор. Харин томоохон аж ахуйн нэгжүүд хөрөнгө санхүүтэй холбоотой иймэрхүү асуудал байдаг.


М.Алтансүх: ТЭДС 45 мянган тонн буудай худалдаж авсан

Ургац хураалтын явц  ямар байгаа талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Алтансүхээс тодрууллаа.

-Цаг агаар эрс хүйтэрлээ. Ургац хураалтын явц хэдэн хувьтай байна вэ?
-Энэ онд улсын хэмжээнд 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудайн тариалалт хийсэн. Харин 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал тарьсан бол 28 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийт 495.9 мянган га талбайд тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 501 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо мөн 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.
Энэ сарын 18-ны байдлаар 75.5 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 324 мянган га-гаас 452.8 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай хураан аваад байна. Түүнчлэн 14.2 мянган га-гаас 150.3 мянган тонн төмс, 15.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

-Буудайгаа тариаланчид борлуулаад эхэлсэн байх. ТЭДС хэдий хэмжээний буудай худалдаж аваад байна вэ?
-Шинэ ургацаас нийт 150 мянган тонн буудай борлуулснаас Сэлэнгэ, Хөтөл, Угтаал Хархорин, Булган гэх мэт зургаан салбараас ТЭДС-д 45 мянган тонн буудайг тонныг нь 560 мянган төгрөгөөр тооцож аваад байна. Энэ жил ТЭДС  23 хувиас дээш цавуулагтай буудайг ангилалгүй авч байгаа.

-Ургац хураалт дууса­хад цөөхөн хоног үлдлээ. Энэ хугацаанд газар тариалангийн гол нутгуудад цаг агаарын төлөв ямар байх бол?
-Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр  20-нд нут­гийн хойд хэсгээр, 21-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 21,22-нд Алтайн уулсаар, 20-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.  Зарим  нутгаар дулаахан байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө хоёр  градус дулаанаас гурван  градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө нэг градус хүйтнээс дөрвөн  градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна. Харин  бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр сэрүүсэх төлөвтэй байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан