Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгогчдын ирцэнд санаа зовсон орон нутгийн сонгууль

Л.НОМИН

21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны 7282 төлөөлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт өчигдөр боллоо. Нийтдээ 15215 нэр дэвшигч сонгуульд өрсөлдсөний 14489 нь нам, эвслүүдээс, 723 нь бие даан нэр дэвшигч юм.

Сонгуулийн тухай хуульд зааснаар 07:00-22:00 цагт санал хураалт явуулж, иргэдийн саналыг орон даяар авлаа. Сонгуулийн ерөнхий хорооноос тодорхой цагуудад сонгуулийн ирц, идэвхийн талаар мэдээлэл өгсөн юм. Эхний мэдээлэл 14:00 цагт болж 12:00 цагийн байдлаар сонгогчдын ирц, идэвх ямар байгааг хүргэсэн. Нийслэлийн хэмжээнд 12,9 хувь, аймгуудын хувьд 19,9 хувь, улсын хэмжээгээр сонгогчдын ирц 16,8 хувьтай байсан.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад ирц хангалтгүй байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ. Зөөврийн хайрцгаар санал авахад 94,9 хувь буюу харьцангуй сайн байсан гэв. Зарим аймаг тухайлбал, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн зарим суманд цас орсноос болж зам, даваа гүвээ хаагдаж иргэд саналаа өгөх нөхцөл боломж тааруу байгаа мэдээ ирсэн учир Онцгой байдлын газартай хамтарч ажиллажээ. Мөн зарим байгууллага ажилтнуудаа сонгууль өгөх боломжоор хангахгүй байгаа талаар СЕХ-нд гомдол ирүүлсэн байна. Тиймээс холбогдох дээд шатны байгууллага, яам, агентлагт нь хандсан гэлээ. Хэрэв иргэдийн сонгох эрхийг хязгаарлаж санал өгүүлээгүй байгуулага байх юм бол хариуцлага тооцуулах арга хэмжээ авах юм байна. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирцтэй харьцуулахад идэвх муу байна. 2012 онд гэхэд Хан-Уул дүүргийн нэг хэсэг дээр ганцхан хүний санал дутаж ирц 50 хувьдаа хүрээгүй тохиолдол гарсан. Нэг хүний санал дутна гэж бодож сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөх хэрэгтэй. УИХ-ын сонгуулийн 76 тойрогт 498 хүн нэр дэвшин өрсөлдөж, санал хураалтын явцыг бид дэлгэцээр шууд харуулж мэдээлж байсан. Харин сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн 1765 тойрогт нийтдээ 15 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас нэрсийг бичиж программд оруулах, санал хураалтыг шууд дамжуулж, мэдээг хүргэх техникийн боломж хомс байна. Ер нь манайд гэлтгүй дэлхийн хаана ч гэсэн ийм олон хэсгийн саналыг харуулж, мэдээлэх боломжгүйг ойлгох хэрэгтэй. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцыг бид шууд дамжуулан дэлгэцээр харуулах боломжтой” гэлээ. 

Харин 17:00 цагийн байдлаар аймгуудын дундаж ирц 49,1 хувь, дүүргүүдийнх 30.9 хувь улсын хэмжээнд сонгогчдын 40,8 хувь нь саналаа өгсөн байв. Ингэхдээ 10 аймагт ирц 50-иас дээш хувьд хүрч, дүүргүүдээс ганц Багахангай 54,4 хувь буюу санал хураалт хүчинтэйд тооцогдох хэмжээнд хүрсэн байлаа.

Сонгогчдын ирц өмнөх жилүүдтэй харьцуулахад идэвх сул байгааг албаны хүмүүс болон ажиглагчид хэлж байлаа. Ялангуяа нийслэлийн дүүргүүдийн хувьд 17 цагийн мэдээгээр ганцхан дүүрэг л 50 хувьдаа хүрч хүчинтэй болсон байв. УИХ болон НИТХ-ын сонгуулийн хувьд сонгогчдын ирц хангалттай хүрч байсан билээ. Сонгуулийн хэсгийн хороодод ч гэсэн санал өгөх ирэдийн дараалал үүсч идэвхтэй оролцсон. Тэгвэл орон нутгийн сонгуульд иргэд төдийлэн ач холбогдол өгөх нь бага, идэвх муутай байлаа. Зарим аймагт цаг агаарын нөхцөл байдал ирцэнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ цас орсон, зам даваа хаагдсан тухай мэдээ ирээгүй ч Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ зэрэг төвийн аймгуудад ирц хангалтгүй байсан. Харин Сүхбаатар аймгийн сонгогчид идэвх сайтай оролцлоо. Хамгийн өндөр ирцийг бүрдүүлж, 17:00 цагийн байдлаар 61,4 хувьд хүргэсэн. Тус аймгийн Дарьганга суманд гэхэд 17:00 цагийн байдлаар сонгогчдын 90 хувь нь саналаа өгсөн гэсэн юм. Сонгогчдын ирц 50 хувьд хүрэхгүй бол тухайн хэсгийн хороонд санал хураалтад оролцоогүй иргэдийг дуудан ирүүлж дахин санал хураалт явуулах юм байна. Санал хураалтын үеэр гарсан зөрчлийн тухай мэдээлэл өгөөгүй ч зарим хэсгийн хороонд сонгогчдод мөнгө тарааж байна, санал өгсөн хуудсаар нь мөнгө өглөө гэсэн мэдээ иргэдээс ирүүлсэн. Хэрэв хууль зөрчиж мөнгө тарааж, санал худалдан авахыг оролдсон бол баримтжуулаад сонгуулийн байгууллагад мэдэгдвэл түүнийг нь тогтоосон тохиолдолд тухайн өгсөн мөнгөний болон эд зүйлийн үнийн дүнг 20 дахь нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох хуультай.

Сум дүүргийн ИТХ-ын сонгуульд улсын төсвөөс 13,9 тэрбум төгрөг зарцуулсан. Санал хураалтын эцсийн дүнг тав хоногт багтаан сонгуулийн хэсгийн хороод хэлэлцээд сонгогдсон нэр дэвшигчийн нэрсийн жагсаалт болон бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр бүрдсэн сум дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлнэ. Ингээд СЕХ-нд долоо хоногийн дотор мэдээлэх үүрэгтэй юм. Тэгэхээр энэ сарын 26-ны өдөр гэхэд сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн эцсийн дүн гарсан байх нь гэсэн үг.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан