Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийнхэн ирц бүрдүүлээгүй, орон нутагт хайнцуулсан сонгууль



Л.НОМИН


Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалтын урьдчилсан мэдээ гарч эхэлсэн. Орон нутгийн сонгуульд есөн нам, нэг эвслээс нийтдээ 15212 хүн нэр дэвшиж 7282 мандатын төлөө өрсөлдсөн. Аймгуудад иргэдийн идэвх харьцангуй сайн байж ихэнх хэсэгт ирц 50 хувьдаа хүрч, санал хүчинтэйд тооцогдсон. Харин нийслэлийн дүүргүүдэд сонгогчдын ирц тааруу, 152 хорооноос 79-д буюу 50-иас илүү хувьд нь ирц хүрээгүй учир нэмэлт санал хураалт явуулахаар боллоо.

Дахин санал хураалтыг нэг буюу хэд хэдэн тойрогт сонгуулийг хүчингүйд тооцсон тохиолдолд явуулахаар Сонгуулийн тухай хуульд заасан. Орон нутгийн хурлын дахин санал хураалтыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуульд мөн тусгажээ. Тэгэхээр 13,9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж, орон даяар санал хураалт явуулаад ирц хүрч хүчинтэйд тооцогдоогүй учраас орон нутаг төсвөөс санхүүжилтийг нь гаргаж дахин санал авах ёстой.
 
135 тойрогт нэмэлт, 19 аймагт дахин санал хураалт явуулна

Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр мэдээлэл хийхдээ 1765 тойргийн 135-д нь сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүй учраас нэмэлт санал хураалт явуулахаар 23-ны ням гарагт товлосноо мэдэгдлээ. Үүнээс 57 нь аймгуудад, 78 нь нийслэлийн тойрогт юм байна. Хэсгийн хороогоор бол нийт 2082 хэсгийн хорооноос нийслэлд 213, аймгуудад 80-д нь нэмэлт санал хураалт явуулна.

Энэ бол сонгогчдын ирц хүрээгүйн улмаас нэмэлт санал хураалт явуулж, өмнөх гарсан дүн дээр нэмж тооцно гэсэн үг. Сонгуулийн санал хураах өдөр 19-нд саналаа өгсөн сонгогчдод энэ хамаарахгүй. Зөвхөн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн ч очиж саналаа өгөөгүй хүмүүс нэмэлт санал хураалтад оролцох учиртай. Налайх, Багануур дүүрэгт ирц 50 хувьд хүрсэн учраас нэмэлт санал хураалт явуулахгүй.  
Харин нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдолд дахин санал хураалт явуулахаар хуульд тусгасан байна. Дахин санал хураалтыг 19 аймагт явуулах аж. Өөрөөр хэлбэл, “А” намаас нэр дэвшигч “Б” намаас нэр дэвшигчийн санал тэнцүү буюу дүн гаргахад хүндрэлтэй байгаа аж. Нийслэлийн тойргуудад санал тэнцсэн тохиолдол гараагүй гэлээ. Зөвхөн санал тэнцсэн нэр дэвшигчдийг бичсэн саналын хуудсыг шинээр хэвлэж, автомат төхөөрөмжийн программд суулгах шаардлагатай гээд цаг хугацаа хэрэгтэй тул 29-ний бямба гарагт дахин санал хураах юм байна. Дахин санал хураалтад тухайн хэсгийн хороонд санал өгөхөөр нэр бичигдсэн бүх сонгогч оролцоно. Гэхдээ нэмэлт болон дахин санал хураалтын үед ирцийг чухалчилдаггүй. Сонгогчид оролцсоноор нь тооцож, саналыг хүчинтэйд тооцдог.

Нэмэлт санал хураалт болох тойргууд

Дахин санал хураалт явуулах тойргууд


Ч.Содномцэрэн:  Жилээс жилд сонгогчдын ирц буурсаар ирсэн

Сонгуулийн автомат системээр УИХ-ын хоёр удаагийн, НИТХ-ын хоёр удаагийн, орон нутгийн хоёр удаагийн, Ерөнхийлөгчийн нэг удаагийн сонгуульд иргэд санал өгсөн. Гэсэн ч саналын хуудаст хэрхэн тэмдэглэгээ хийхээ мэдэхгүй, ойлгохгүй хүмүүс байсаар. Тухайн сонгуулийн хэсгийн хорооны ажилтнууд ахмад болон анх удаа санал хураалт өгч байгаа хүмүүст төдийлэн хангалттай мэдээлэл өгөхгүй байгаа нь зарим хэсэгт ажиглагдсан.

Дугуй доторхийг яаж будаж тэмдэглэх талаар асууж тодруулж буй ахмадууд мэр сэр тааралдаж байсан. Түүнээс гадна орон нутгийн сонгуулийн санал хураалтыг хаана очиж өгөх талаархи мэдээлэл хомс байв. Зарим сонгуулийн хороо сонгогчийн үнэмлэхийг иргэдийн хаягийн дагуу олгосон. Гэтэл зарим хороо нь сонгогчийн үнэмлэх байтугай хаана очиж санал өгөх мэдээлэл байхгүй, иргэд нэгнээсээ асууж сурагласан нь ч бий. УИХ, НИТХ-ын сонгуулиар энэ талын мэдээлэл хангалттай байсан ч орон нутгийн сонгуульд бол Сонгуулийн төв байгууллагаасаа эхлээд тойргийн, хэсгийн хороод нь ч хайнга хандсан явдал бий. Хэдийгээр орон нутгийн сонгуулийг тухайн хэсгийн хороод хариуцаж явуулах ёстой ч сонгуулийн төв байгууллага нь хэрхэн ажиллах чиглэл, удирдлагаар хангах учиртай.

Өнөө цагт интернэт, олон нийтийн сүлжээгээр иргэд мэдээлэл авах нь түгээмэл болсон байхад тэр талаас нь ч гэсэн сонгогчдод хандаж хэрэгтэй мэдээ, мэдээлэл өгөөгүй нь үнэн. Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг ямар ач холбогдолтой, иргэн яагаад санал өгч сонгох тухай ойлголт маш цөөн хүнд л байгаа гэж болно. Хэдийгээр иргэний үүргээ биелүүлж, сонгуулийн санал хураалтад оролцох ёстой боловч түүнийг нь сануулан, шаардлагатай мэдээллээр хангаагүй гэдгийг цөөнгүй хүн хэлж байгаа юм. Харин үүнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Мэдээлэл сурталчилгааг хангалттай хийсэн. Сурталчилгаа хангалттай байсан гэж бид үзэж байгаа. Сонгуулиас сонгуульд, жилээс жилд сонгогчдын идэвх, ирц буурч байгаа нь үнэн. Сонгуулийн тухай хууль боловсруулж байхад тухайн хэсэгт санал өгсөн ирцээр нь тооцож байхаар саналаа СЕХ хүргүүлсэн. Улстөрчид ч гэсэн дэмжиж байсан ч хуулиа батлахдаа нийт сонгогчдын 50 хувийн ирцээр тооцохоор болсон” гэдэг тайлбар өгөв.

Сонгууль зохион байгуулахдаа “Сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах болон сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал” гэж хуульд тусгасан. Тэгвэл энэ хүрээнд СЕХ, сонгуулийн хороод ямар ажил хийв. Телевизийн реклам, хаа нэг сонгуульдаа оролцоорой гэдэг самбар байрлуулсан байснаас өөр сурталчилгаа гэж харагдаагүй. Уг нь, иргэдийн идэвхийг бууруулахгүйн тулд санал өгсөн бол гар утасны нэгж явуулах зэрэг аргыг өнгөрсөн 2012 оны сонгуулиар явуулж болоод байсан. СЕХ-ноос хэвлэл мэдээллийнхэнд хэрхэн ажиллах зөвлөгөө, сонгогчдод зориулсан ямар ажил явуулж байгаа талаар явцын мэдээлэл өгөөгүй. СЕХ-ны албан ёсны вэб сайтад гэхэд есдүгээр сарын 28-ны өдөр мэдээллийн технологи ашигласан тухай албан мэдээнээс өөр шинэ мэдээ нэмэгдэлгүй сонгуультай золгосноос хэрхэн ажилласныг харж болно. Хүн хэлэхээс наашгүй гэдэг үг ч зүгээр нэг гараагүй байх. “Иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа тэнд очиж өгнө үү” гэсэн санамж явуулаагүй, ядаж л вэб сайтандаа мэдээлэл оруулаагүй нь сурталчилгааг хангалттай сайн хийсэн гэдэгтэй зөрчилдөж байна. Үүнийгээ СЕХ “бид хангалттай мэдээлэл хийсэн шүү, угаасаа сонгогчдын ирц буурсаар байгаа” гэдэг үгээр хаацайлж боломгүй. Адаглаад л нэмэлт болон дахин санал хураалт явуулахад гарах зардлыг хэмнэх боломж байсан юм. Тэгээд ч СЕХ төсвийг хэрхэн яаж зарцуулсан тайланд сурталчилгаанд тэдэн төгрөг гэж тусгаж таарна. Нэр дэвшигчид, намуудаас зардлын тайлан авдаг шигээ сонгуулийн санал хураалт зохион байгуулсан санхүүжилтийг тодруулбал төсвийн мөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнах ёстой.
   
Урьдчилсан мэдээгээр 330 сумаас 103-т АН олонхи болжээ

“Урьдчилсан мэдээ гаргаж болно. Улс төрийн намууд мэдэгдэл хийхийг хуулиар хориглоогүй” гэдэг тайлбар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өгсөн. Сонгуулийн санал хураалт дууссанаас хойш намуудаас тэнд яллаа, энд олонхи боллоо гэдэг мэдээ түгээж эхэлсэн. Тиймээс орон нутгийн сонгуулийн ирц хүрсэн хэсэг, тойргийн дүнг тухайн сонгуулийн хороо хуралдаж баталгаажуулаад яаралтай өргөн мэдүүлээд түүнийгээ мэдээлэн шаардлагатай гэдэг зөвлөмж СЕХ-ноос хүргүүлжээ.

Урьдчилсан мэдээгээр 330 сумаас 103-т нь Ардчилсан нам, 217-д Монгол ардын нам олонхийг бүрдүүлэх боломжтой болжээ. Дүүргүүдийн хувьд олон хэсэгт нэмэлт санал хураалт явуулах учир олон суудал авсан гэх мэдээлэл баталгаатай биш юм. Энэ сонгуулийн нэг онцлог нь нэр дэвшигчдийг бүртгэж аваагүй тохиолдолд бие даан өрсөлдсөн нь цөөнгүй. Тиймдээ ч Дундговь аймгийн Өндөршил суманд есөн бие даагч нэр дэвшин өрсөлдөж олон санал авч сонгогджээ. Анх удаа бие даагчид олонхийг бүрдүүлж, засгийн эрх авахаар нөхцөл байдал бий болж.   

Урьдчилсан мэдээгээр аймгуудад
 
Урьдчилсан мэдээгээр нийслэлд


Сурталчилгаа хийсэн Ерөнхий сайдад хариуцлага тооцох уу


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны аравдугаар сарын 19-ний сонгуулийн санал авах өдөр саналаа өгчихөөд “Монголын ард түмэнд мэргэн сонголт хийж, Монгол ардын намд итгэл үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн Монгол Үндэсний олон нийтийн телевизээр ярьсан. Энэ бол Сонгуулийн тухай хуулийн 68,6-д “Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно” гэдэг заалтыг зөрчсөн гэсэн үг. Хуульд хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэлх хугацаагаар цуцлах тухай хариуцлага тооцохоор заажээ. Гэвч хууль зөрчиж сурталчилгаа явуулсан Ерөнхий сайдад хариуцлага тооцох үндэслэл хуульд алга. Өөрт байгаа давуу байдлаа, албан тушаалын давуу эрхээ ашиглаж, хууль зөрчин сурталчилгаа явуулсан нь үүгээр тодорхой харагдаж байгаа.
МАН-ын дарга, УИХ-ын гишүүд нь орон нутгийн сонгуулийн өмнө аймаг, орон нутаг, дүүргүүдэд ажиллаж, иргэдтэй уулзахдаа давуу байдлаа ашиглаж, сурталчилгаа хийж явсан. Ирэх ням гарагт болох нэмэлт санал хураалт болон дараагийн долоо хоногт болох дахин санал хураалтын үеэр ч гэсэн сурталчилгаа явуулахгүй сонгогчид саналаа шууд өгнө. Тэгвэл энэ хугацаанд засгийн эрхийг барьж буй давуу байдлаа ашиглаж энэ мэт хууль бусаар сурталчилгаа хийгээд байвал яах вэ. СЕХ нь тойргийн хороод мэднэ гээд дүлий дүмбэ царайлсаар өнгөрөхийг үгүйсгэх аргагүй. Санал хураалтын эцсийн дүн гартал иймэрхүү маргаан гарсаар байх нь. Сонгуулийн өмнө гэнэт тэтгэмж олгох, тэтгэлэг өгөх шийдвэр Засгийн газраас гаргаж, түүнийгээ сайд, гишүүд нь сурталчилж байсан нь сонгогчдод нөлөөлөөгүй гэх газаргүй. Харин хоёр хоногийн дараа болох нэмэлт санал хураалт, ес хоногийн дараахь дахин санал хураалтын өмнө засгийн эрх атгаж буй давуу байдлаа ашиглаж сонгогчдод нөлөөлөх нь нэгэнт тодорхой. Энэ удаагийн сонгуулийн дүн эцэслэн гараагүй ч 100 хоногийн хугацаанд эрх баригчдын рейтинг буурсан дүр зургийг харуулаад эхэллээ.  Тэгвэл тэд иргэдийг татахаар юу хийх бол гэх асуулт гарч ирж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан