Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН ялагдсан буруугаа Ц.Нямдорж руу чиглүүлэх нь

МАН түүхэндээ хоёр дахь удаагаа АН-д өвдөг шороодлоо. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр МАН-ынхан буруугаа хэн рүү чихэх вэ хэмээн бужигнаж байна. Мэдээж, тэд удирдлагууд руугаа хамгийн түрүүнд “чанга дуугарах нь”. Тэд гутамшигтайгаар сонгуульд ялагдсаныхаа дараа ийм мэдээлэл өгчээ.
МАХН нэрээ МАН хэмээн сольсон нь хүчээ хоёр хувааж, ялагдалд хүргэсэн тул У.Хүрэлсүхийг “хар толгойгоороо хариуцлагаа хүлээ” хэмээн давшилж эхэлжээ. Үүнийг зөвхөн улс төр судлаачид биш жирийн иргэд ч дуу нэгтэйгээр хэлж байна. Ийнхүү нэрээ өөрчилсөн нь тэр тусмаа ахмад настнуудыг МАН-аас бүр ч холдуулсан юм. Ингэж саналаа хувааж, хүчээ тарамдуулсан нь У.Хүрэлсүхийн алдаа байлаа.

Мөн Н.Энхбаярыг олны нүдэн дээр хэрцгийлэн баривчилсан нь МАН-ын нэр хүндийг шороотой хутгасан хэмээн үзэж Ц.Нямдоржийг буруутгалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэрт нь дайран орж баривчлахдаа даан ч хэрцгий түрэмгий байсан нь МАН-ын ихэнхи сонгогчийг буруу харахад хүргэсэн нь тодорхой. Ингээд ч зогсоогүй Н.Энхбаярыг хорьж, өлсгөлөн зарлуулж, эцэст нь нэр дэвших эрхийг хасав. Энэ бүхэн мөн л МАН-ын ялагдлын шалтгаан байлаа. Харин эцэстээ энэ тэмцэл бараг Н.Энхбаярынх болоод хувирчихав. Яагаад гэвэл ард түмэн МАН-ын эсрэг санал өгсөн болохоор. Энэ түрэмгийлэл нь цааш лавширч СЕХ, Үндсэн хуулийн цэцийг хүртэл хөлдөө чирч буй нь мөн л МАН-д өөрт нь эсрэг сурталчилгаа болон хувирсан шүү дээ. 

Энэ бүхнийг товчилбол, МАН-ын удирдлагууд санал өгөх сонгогчид руугаа биш, өөрсдийнхөө шүдний өвчин болж ирсэн Н.Энхбаяр руу хамаг анхаарлаа чиглүүлсэн нь буруутав. Тэр дотроо У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нар олон жилийн өмнөөс хорссон хувийн өс хонзонгоо авахын тулд намаа ялагдуулсан хэмээн үзэж тэдний эсрэг чангахан дуугарч эхлээд байна. МАН дотроо ийнхүү ид бужигнаж байна. Харин энэ үеэр Н.Энхбаяр юу хийж яваа бол.
Магадгүй тэр Засгийн газарт орж ажиллахаар зэхэж яваа болов уу. Эсвэл бүр эсрэгээрээ МАН-ынхны явуулга үргэлжилнэ хэмээн тооцоолж, хариуг нь яаж барихаа төлөвлөж суугаа болов уу. Ямартай ч, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт гаргасан МАН-ын хатуурхал бүр нь эргээд МАН-ын толгой дээр буух янзтай. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гээчийн үлгэр энэ биз ээ.   

0 Сэтгэгдэл
Түгээж байгаа мэдээлэлдээ эзэн болох чадвартай бол нэр усаа тавиач ээ.
Хамгийн их уншсан