Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сөрөг хүчний хардлага үндэслэлтэй нь М.Энхболдын айлчлалаар ил болов



-Тэрээр хоёр ч зээлийн асуудал ярьжээ-


Б.ШИРНЭН

УИХ-ын дарга М.Энхболд Хятадын Чунчинь хотод болсон олон улсын улс төрийн намуудын чуулга уулзалтад МАН-ыг төлөөлж оролцоод, энэ сарын 19-ний өдөр ирлээ. Намын удирдлагууд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаад, дэлхийн бусад улс төрийн намуудад хандсан уриалга гаргасан юм байна.

Гэхдээ энэ уулзалт, уриалга зэрэг нь М.Энхболдын айлчлалын анхаарал татсан сэдэв анхнаасаа биш байсан. Хятадын Коммунист намын албан тушаалтнууд энэ сарын эхээр манай улсад айлчилж, эдийн засгийн асуудлыг хөндөж эхэлсэн тул эрх баригч намын даргын Хятадад хийх айлчлалаас бид дотоодын эдийн засагтай холбоотой яриа, хэлэлцээр хүлээж байсан нь нууц биш. Ялангуяа, урд хөршийн удирдлагуудтай уулзаж зээлийн асуудлыг хөндөнө гэж таамагласан нь үндэслэлтэй байлаа. Тэрээр Чунчиньд БНХАУ-ын дарга Си Жиньпин, мөн тус улсын Төрийн Зөвлөлийн байнгын хорооны дарга Жан Дөзян нартай албаны уулзалт хийж, 20 жилийн хугацаатай хөгжлийн зээл олгох хүсэлт тавьжээ. Хариуд нь, Си Жиньпин судалж үзэхээ илэрхийлж, нааштай хариу өгнө гэж.

Энэ бол сөрөг хүчин болоод хэвлэл мэдээллийн байгууллагуудын таамаглаж, хардаж, анхааруулж байсан зүйлс эхнээсээ ил болсон баримт. Мөн Засгийн эрхэнд гарсан МАН-ынхан УИХ-ын сонгуулийн өмнө нэмж нэг ч төгрөгийн өр тавихгүй гэх бодлогоосоо ухарч байгааг илтгэх улс төрийн томоохон яриа хэлэлцээр боллоо.
Үүний хажуугаар “Standby” хөтөлбөрт хамрагдахаар хөөцөлдөж байгаа гэх ч Монголд ажиллаж буй Олон улсын Валютын сангийн төлөөлөгчид эхлээд манай улс хөтөлбөрт хамрагдах сонирхолтой байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэх зүйлс ярьж, хэлж эхэлжээ.

Энэ нь, бид Олон улсын Валютын сангаас 1-1.5 тэрбум төгрөгийн зээл авах эсэхээ эцэслэн шийдээгүй, Хятадын урт хугацаатай зээлийн асуудалд илүү найдаж буйн илэрхийлэл ү, гэх асуудал ч сөхөгдөж байна. Ямартай ч, УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д намын шугмаар айлчлахдаа хоёр ч зээлийн асуудлыг ярьсан тухай мэдээллээ.
       
1. Экспорт-Импортын банкнаас нэг тэрбум ам.доллар зээлэх

Энэ яриа хэлэлцээр хоёр улсын түвшинд эртнээс эхэлсэн гэдгийг онцлох ёстой. 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нэг тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойг мэдэгдсэн бөгөөд талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар харилцан тохиролцсон байдаг. Энэ үед Засгийн газрыг АН толгойлж, МАН сөрөг хүчний байр сууриас зээлийн асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан.

Гэхдээ, УИХ-ын олонх БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрийг баталсан. Зээлийн нөхцөл жилийн хоёр хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөх байв. Эхний долоон жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөөс санхүүжүүлэхээр болсон. Харин энэ зээлийг өнөөдрийг хүртэл ашиглаагүй тул МАН-ын дарга М.Энхболд Хятадын талд дахин санал тавьж, зээл авахын өмнө урьдчилан төлөх ёстой нэг тэрбум ам.долларын 15 хувьтай дүйх мөнгөний асуудлыг эргэн харахыг хүссэн байна.

Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын Экспорт-Импорт банк зээл олгохдоо тодорхой шалгуур тавьдаг бөгөөд зээл авахаас өмнө зээлийн нийт дүнгийн 15 хувийг зээлдэгч орон урьдчилан төлсөн байх ёстой. Харин УИХ-ын дарга М.Энхболд эдийн засгийн нөхцөлд байдал тааруухан байгаа учраас 15 хувийг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэх, хөрөнгө үзүүлэх тал дээр анхаарахыг БНХАУ-ын дарга Си Жиньпинээс хүссэн байх нь.

Мөн “экспортын” гэж нэрлэгддэг энэ зээлийг авахдаа бид нийт зээлийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зээлийн даатгалын шимтгэлд, 15 хувийг урьдчилгаа төлбөрт, 70 хувиар нь Хятадын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг авах ёстой байдаг. Өмнөх Засгийн газар нэг тэрбум ам.доллараар Эгийн голын усан цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих зэрэг төсөлд оруулна гэж байв. Учир нь, эрчим хүч, төмөр зам, уул уурхайн салбарт зарцуулахаар авсан зээлийг тухайн хуулийн этгээдийн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан бол өрийн таазанд хамаарахгүй байхаар заасан байдаг. Гэвч, МАН-ынхан урт хугацаандаа ашгаа өгдөг зээлээр автозам, төмөр зам барих бодлогыг дэмждэггүй тул Экспорт-Импорт банкнаас хүссэн нэг тэрбум ам.долларыг юунд зарцуулах нь одоогоор тодорхойгүй байна.
 
2. Хэд нь мэдэгдэхгүй хөгжлийн зээл

Харин зээлийн шинэ шугам татсан нь “хөгжлийн” гэх тодотголтой. Энэ зээлийн асуудлыг дөнгөж хөндсөн гэж байгаа ч эрх баригч нам урд хөршийн зээлд өндөр найдлага тавьж байгаа гэдгийг илтгэх эдийн засгийн нөхцөл бий.
Тухайлбал, “Standby” хөтөлбөрт хамрагдвал, Засгийн газар бие даан цалин нэмэх, халамж өгөх, тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг асуудлаар шийдвэр гаргах боломжгүй болдог. Ингэж эдийн засгийн бүтцийг өөрчлөх нь зээл олгох үндсэн шалгуур тул үүнийгээ л дагана. Тэгэхээр эрх баригч намын мөрийн хөтөлбөр, халамж нэмэгдүүлэх үндсэн бодлогуудыг хөдөлгөх эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. Хажуугаар нь бондын эргэн төлөлтийг хойшлуулсан ч төлбөрт өгөх мөнгө нь энэ жилдээ 500 гаруй сая ам.доллар тул МАН, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хангалттай эх үүсвэр болж чадахгүй. Тэгэхээр урт хугацааны зээлийг аль нэг улсаас авах болов уу гэх хүлээлт байсан нь М.Энхболдын айлчлалаар илэрхий болсон БНХАУ-ын хөгжлийн зээл болов уу, гэж дүгнэхэд хүргээд байгаа юм.

УИХ-ын дарга М.Энхболдын хэлснээр энэ зээлийн хүү ихдээ хоёр хувь, эргэн төлөгдөх нь 20-с дээш жилийн асуудал гэж байгаа. Харин яг хэдэн төгрөг вэ гэхээр эрх баригч нам ам нээхгүй байна. Тэгэхээр бид бүдүүн зураглал гаргахын тулд ирэх оны төсөв, алдагдлаа тооцох шаардлагатай болно. Сөрөг хүчний өгсөн мэдээллээр бол МАН анхлан мэдэгдэж байсан 2.6 их наядын төсвийн алдагдлаа нэмэгдүүлж, 4.3 их наяд болгох гэж байгаа гэх. Тэдний тооцоогоор МАН-ынхан 4.3 их наяд төгрөгийн алдагдал “хүлээхээр” энэ сарын байдлаар алдагдлыг 3.4 их наяд болгосон гэж эдийн засгийн бодлогыг буруутгасан мэдэгдэл хийсэн. Төсөв батлахаас өмнөхөн нэг тэрбумын алдагдал “хүлээчихвэл” үндсэндээ 4.3 их наядын “даалгавраа” биелүүлэх нь гэх улс төрийн өнгө аяс давамгайлж байна. Харин хаанаас нөхөх вэ, гэвэл одоогоор Хятадаас өөр зээлийн асуудал яригдсан нь үгүй. Тэгэхээр бид түүхэнд байгаагүй төсвийн алдагдлыг урд хөршийн зээлээр нөхөх юм биш биз гэж бодоход илүүдэхүй нь.

3. Бүдүүн бүлэгт хангалттай эрх мэдэл байхгүй гэж үү

Эрх баригч намынхан, ялангуяа нам, төрийг хослон барьж буй М.Энхболд дарга ганцхан Хятадыг бараадаад байгаа юм биш, нэг улсаас хэдий хэмжээний зээл авахыг Үндэсний аюулгүй байдалд зааснаар шийддэг гэсэн утгатай мэдээлэл өгсөн. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа 580 сая ам.долларыг төлөх тул “...Зөвхөн БНХАУ-аас биш, олон талын хөрөнгийн эх үүсвэрийг судалж, ажиллаж байна” гэжээ. Үүнд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японд айлчилсан, Сангийн яам Монголбанкны удирдлагууд Вашингтонд Олон улсын Валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагатай, мөн Лондон, Сингапурын байгууллагуудтай ч яриа хэлэлцээр хийгдэж байгаагийн ердөө нэг нь Хятад гэнэ.

Гэхдээ тартагтаа тулсан үед авдаг зээл, хөтөлбөрийг Олон улсын Валютын сангаас авах дээрээ тулж, яриа хэлэлцээр эхлүүлсэн улсын эдийн засгийг Лондон, Сингапурын байгууллагын яриа хэлэлцээрээр сэргээнэ гэж юу л бол. Ерөнхий сайд ч Японд айлчлахдаа зээлийн асуудал сөхөөгүй гэдгийг улс даяараа мэднэ. Харин УИХ-ын дарга М.Энхболд өөрөө Хятадаас зээл авах тухай хүсэлт тавьсан болохоор нь энэ сэдэв анхаарлын төвд орчихоод байгаа хэрэг биз дээ.

Гэтэл улсаа өр зээлэнд оруулж буй мэтээр сурталчилж, бодит нөхцөл байдлыг гуйвуулж, улс төрийн зорилгоор явуургүй гүтгэлгийн чанартай, олон түмнийг төөрөгдүүлсэн мэдэгдэл зэргийг хийх нь зохимжгүй талаар УИХ-ын дарга хэлжээ. Дээрээс нь манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг улсаас авах хөрөнгө оруулалт, зээл ямар байх хэмжээ хязгаарыг тусгасан. Энэ хүрээнд л хуулийн дагуу бид ажиллана гэсэн байна. Тэгвэл өмнө нь АН Засгийн эрхэнд байхдаа хуулиас давж ямар зээл авсан болоод МАН-ынхан тэгтлээ эсэргүүцэж байсан бэ, гэдгийг ч эргэцүүлэх ёстой. Мөн ямар хэмжээний зээл авах вэ, гэдгийг тухайн цаг үед эрх барьж байгаа намынхан шийдэх бололцоо байгаа гэдгийг эрх биш иргэд мэднэ.

Өрийн таазыг нэмэгдүүлж, ДНБ-ий хэдэн хувьтай тэнцэх зээл авч болох вэ, гэдгийг шийдэх эрх УИХ-д байгаа. Аргаа барахад 65-ын бүдүүн бүлэгтэй МАН-д М.Энхболдын хэлснээр “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг улсаас авах хөрөнгө оруулалт, зээл ямар байх хэмжээ хязгаарыг тусгасан” гэдгийг баримтлан зээл авах эрх хэнээс ч илүү оногдсон гэдгийг сануулах нь илүүц биз. Өөрөөр хэлбэл, Хятадаас тултал нь зээл авсан ч хязгаараа даваагүй л бол энэ нь эрх баригчдын шийдвэр ажээ.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
ene undeslelgui ygaad gevel sorog huchin gej bihgui mapi l gej bigaa
Нэг хэсэг нь бонд нэрээр хүү өндөр арилжааны зээлээр мөнгө угааж улсын санг хоосруулаад зугтсан байхад үлдсэн нь стэд бай хөтөлбөрт оруулж ямарч эрх мэдэлгүй болгох гэсэн нь үнэндээ АН-ханы санаа Тэд овоо цэгцлүүлж аваад дахиад засагт ямар нэгэн аргаар гарч мөн л эдийн засгийг ийм болгохыг мөрөөдөж суггаа. Иймд бага хүүтэй хөгжлийн зээл авах нь зөв шүү дээ Хятадын эрхэнд орно гэж худлаа хийрхэж байгаа юм
КОММУНИСТУУД НИЙЛЖ БАЙГААД МОНГОЛЫГ ИДЭЖ ДУУСАХААС НЬ ӨМНӨ МАН-ААС ЯАЖ ИЙЖ БАЙГААД ЭРТХЭН БАГА ДЭЭР НЬ САЛАХСАН.
ardchilal gej charlsan guilgachin mongol delhiigeer hesen badarchilj guilgaa guina. mongoliin nereer guilgachilj avsan zeelee tord garsan hulgaich nar huviinhaa karmaand hiij gadaad dahi dansandaa nuuna. tarhigui bolson zombi nar 4 Jil tutam songuuli gedeg jyjig togloj odor honogiig ongoroono
ЗӨВ ШҮҮ
бид Олон улсын Валютын сангаас 1-1.5 тэрбум төгрөгийн зээл авах эсэхээ эцэслэн шийдээгүй гэнэ үү.энэ сэтгүүлч тоо мэддэггүй юм байна.
Хамгийн их уншсан