Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүнийг хун болгочихдог “Хунт нуур”

Б.ЦЭДЭВСҮРЭН

Ням гарагт “Хунт нуур”-тай. Энэ зарыг уншаад сэтгэл нэг л догдлоод явчихлаа. “Хунт нуур” бүжгэн жүжгийг өмнө нь тийм ч олон удаа үзэж байгаагүй ч боломж гарвал эргэлзэхгүйгээр ахиж үзчихдэг билээ. Хөшиг хаагдаж, театраас гараад явахдаа өөрийн мэдэлгүй толгойгоо өргөөд, биеэ цэхлээд алхчихдаг юм. Хэдэн өдөртөө л энэ байдал үргэлжилнэ. Хэдийгээр сонгодог урлагт дурлаад, сонирхоод, амтанд нь орчихсон үнэнч үзэгчдийг гүйцэхгүй ч “Хунт нуур” бүжгэн жүжигт үнэн хайр сэтгэл, эмэгтэй хүний туйлын гоо сайхныг бишрүүлэн гайхуулдаг болохоор үзэх бүртээ догдолж, үзчихээд харихдаа “нисчихдэг” тийм л нэг үзэгч билээ...

Хун шувуу бол үнэнч хайрын бэлгэдэл. Үргэлж хосоор амьдарч, бие биедээ хайрын тангараг өргөж, жигүүрээ хумин хумитлаа тэр л хайрандаа үнэнч явдаг. Харин ижил нь үгүй болохын цагт хамтдаа хорвоог орхидог эмгэнэлтэй хувь заяа бас түүнийх. Хунгийн тэр агуу хайрыг хүн төрөлхтнөөр төлөөлүүлэн, яруу тансгаар тунхаглахаар П.И.Чайковскийн “Хунт нуур” балет төрсөн байдаг. Хэдийгээр таван настайдаа төгөлдөр хуур тоглож сурсан ч П.И.Чайковский хуульч мэргэжлийг сонгосон. Гэвч түүнийг 14-хөн настайд нь орхиод одсон ээж нь ирээдүйн суут бүтээлүүд төрөх сэдэл болсон хэрэг. Ээжийгээ санан дурсахдаа тэрээр төгс эмэгтэй хүнийг уран бүтээлдээ мөнхөлж эхэлсэн билээ. Тийм ч учраас П.И.Чайковскийн бүтээсэн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн дүр бүгдээрээ хүн төрөлхтний оюун санааны ертөнц дэх гоо сайхны хамгийн эвдэгдэшгүй төрх гэдэг аж.
Нэг биеийн хоёр тал болсон хар, цагаан хун тэрсэлдэж, хайр, үзэн ядалт, хувь тавилангийн эргүүлэгт орооцолдохын цагт үнэнч хайр, үүрдийн тангараг ямар үнэ цэнэтэй болохыг балетын төгсгөл нотолдог билээ. Дэлхийн эмэгтэй балетчин бүхний мөрөөдөл нь хар, цагаан хунд гоцлох. “Хунт нуур” балет бүжигчдийн ур чадвар, дотоод сэтгэл, тэсвэр хатуужлыг сорьдог. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл сонгодог урлагийн ноён оргилд бичигдсээр байна. Биднээс цааш үргэлжлээд хэдэн зуунд амьдрахыг хэн ч таашгүй. Зөвхөн энэ балетад гоцлохын тулд хэдэн жилээр нуурын эрэг сахиж, хун шувууны хөдөлгөөн, сэтгэлзүйн онцлогийг судалсан бүжигчид дэлхийн өнцөг булан бүрт байдаг аж. Гэвч цаг үе бүхэн өөр, өөрийн хунг бүтээдэг. Хэзээ ч хунд бүжиглэсэн балетчин өмнөх хунгаа хуулбарладаггүй гэдэг. Учир нь тэд өөрсдийн мэдрэмж, дотоод сэтгэлээр өөрийнхөө хунг л үтээдэг аж. Хунд зөвхөн өөрийгөө золиосолж, дүрийнхээ ертөнцөөр амьдарч, зовлонг дааж чаддаг тэнхээтэй бүсгүйчүүд бүжиглэдэг. Тиймээс тэдний аль нэг нь илүү, дутуу гэж харьцуулах нь утгагүй биз ээ. Цагаан, хар хунд зэрэг тоглодог эмэгтэй балетчид дэлхийд ч цөөн. Тэдэн дунд Монголоос дөрөвхөн бүсгүй л багтдаг...

Тэртээ 1975 онд монголчууд анх “Хунт нуур” бүжгэн жүжигтэй танилцаж байж. Тухайн үед гоо үзэсгэлэн, ур чадвар, эелдэг зөөлөн ааль, хурц ширүүн зангаараа Монголын анхны хун гэсэн эрхэм хүндлэлийг хүртсэн балетчин бол Ардын жүжигчин Ю.Оюун агсан билээ. Хамгийн гайхалтай зүйл бол аливаа зүйл чам дээр ирэхэд хүлээж авахад бэлэн байх гэдэг. Ю.Оюун байгаагүй бол бид ариун гэгээн, утга төгөлдөр Одеттатай хэзээ ч уулзах байсан юм. Өр өвдөм харуусалт тавилангийн эзэн, өшөө хорсол, тачаасан их тэмүүллийн эзэн  Одилияг хэзээ ч харах байсан юм.

Дэлхийн балетын өлгий болсон Санкт Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит балетын сургуулийг 1972 онд “Онц” дүнтэй дүүргэсэн шинэхэн балетчин бүсгүй гуравхан жилийн дотор өөрийгөө хэн гэдгээ, хэрхэн бүжиглэдгээ харуулчихсан байсан. Тэрээр ДБЭТ-т хуваарилагдан ирээд анх 1973 онд Төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулууны “Уран хас”-ын Хандармаа, 1974 онд Л.Минкус “Кихот ноён” балетын гол дүр Китрид бүжиглэчихсэн байсан аж. 1975 онд Монголд анхны “Хунт нуур” балетыг Оросоос мэргэжилтнүүд ирж тавьжээ. Тэд театрын бүжигчидтэй уулзахдаа л Ю.Оюун агсныг онцолсон гэдэг. Түүний уран нарийхан гар, хөнгөн хөдөлгөөн нь нисч буй хун шиг харагддаг байсан талаар сонгодог урлагт элэгтэй үзэгчид, мэргэжлийнхэн ч ярьдаг.

Тэрээр өөрийнхөө залуу нас, гоо үзэсгэлэн, дотоод мөн чанарыг хунгийн амьдралд зориулж, тэр хэрээр өөрийн дотоод ертөнцийг хун болгож дэлгэн харуулсан байдаг төдийгүй Монголын үзэгчид анх “Хунт нуур”-ын утга санааг түүний тоглолтоос мэдэрсэн бас ухаарсан байдаг. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфридийн хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Гүнжид дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж, хайрт бүсгүйгээ сулладаг. Балетын чимэг болсон эсрэг дүр нь хар хун билээ. Тэрээр хурц ширүүн, омог бардам, ихэмсэг зантай. Хар хунгийн хийдэг 32 эргэлтийг Ю.Оюун агсан гайхалтай гүйцэтгэдэг байсан талаар одоо ч шагшин ярих хүн бий. Гэхдээ цөөн үлдэж. Тэр бол монголчуудад хар, цагаан хунг анх танилцуулсан ч хамгийн уран дэвэлттэй цагаан хунгийн дүрээр тайзнаа мөнхөрсөн билээ.

Цаг хугацаа дараагийн хунг бүтээсэн нь гавьяат жүжигчин, балетчин Х.Гэрэлчимэг билээ. Тэрээр Ю.Оюун багшаас олон алдарт бүжгэн жүжгийн гоцлолыг өвлөсөн нь “Хунт нуур”-ын цагаан, хар хун байв. ЗХУ-д бэлтгэгдсэн залуухан балеринад аз тохиосон нь алтан үеийнхэнтэй ажилласан явдал хэмээн тэрээр бахархдаг юм билээ. 1981 онд сургуулиа төгсөөд театрт ирэхэд нь 60 гаруй уран бүтээлчтэй ид хийж бүтээсэн, дэлхийн сонгодгуудыг Монголд тавьж байсан тийм л үе таарав. Тухайн үед Ардын жүжигчин Ю.Оюун бүхий л сонгодог бүтээлүүдийг гоцлодог байсан бөгөөд шинэхэн балеринад агуу уран бүтээлчийн бүхий л дүрийн дюблёр бүжигчнээр сонгогдсон явдал байж. Ингэж л тэрээр театрын тайзнаа хамгийн анх цагаан хунгийн дүрээр үзэгчидтэй мэндчилсэн юм. Өөрийн цаг үедээ тодрон гарсан, Монголын сонгодог урлагийн түүхэн дэх өвөрмөц хун байжээ тэр. Хэдийгээр цаг хугацаа улиран одож, нийгэм өөрчлөгдсөн ч хүний дотоод сэтгэл, хайр гэдэг нэг л хэвээрээ үлддэг. “Хунт нуур”-т үүний тухай өгүүлдэг болохоор өнөөгийн бидний нийгэмд, цаашлаад ирээдүйд ч үнэ цэнээ алдахгүй. Балетчин Х.Гэрэлчимэг хунд бүжиглэхийн тулд дотоод сэтгэл зүйгээ бэлдэж, үзвэрийн дараа зааланд ганцаараа бэлтгэл хийдэг байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа дурссан байсан. Тайзнаа гараад бүжиглэхэд яг л хун болсон мэт бодит ертөнц түүнд мэдрэгддэг байж. Түүний гар нарийн, хуруу урт учир хамгийн хүчирхэг дэвэлттэй хун гэж тодотгодог юм билээ. Мөн хувь хүнийх нь хурц зан байдлаас үүдэн хар хунг илүү хүчирхэг харуулж чаддаг гэх нь ч бий...

Харин 2000 онд театрт дахин шинэ хун ирсэн нь гавьяат жүжигчин, балетчин Ч.Ганчимэг билээ. Тэрээр дотооддоо боловсрол эзэмшсэн анхны “Монгол хун” юм. Ч.Ганчимэг 19 настайдаа театрт ирж, хун болжээ. Анх “Хунт нуур” бүжгэн жүжигт орж, хун болсон түүхээ тэрээр “Энэ дүрийг авахын тулд маш их хөдөлмөрлөсөн. Анх энэ дүрд тоглоход манай балетын ангийн эмэгтэй уран бүтээлчид бүгд шалгаруулалтад орж байсан. Тэгэхэд  Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багш маань намайг онцолж, хар ба цагаан хунгийн дүр өгсөнд их талархаж явдаг. Энэ дүрийг гаргахын тулд багштайгаа нэлээд ажилласан. Тэр хугацаанд багшдаа зэмлүүлээд уйлах асуудал энүүхэнд байлаа. Анх бүжиглэж эхэлснээс хойш шантрах, заримдаа бүр орхих хүсэл ч төрж хувцсаа хайрцагт хийгээд хадгалмаар санагдах үе ч гарч байсан. Гэвч сонгодог урлаг агуу болохоор надаар тийм зүйл хийлгээгүй, харин ч энэ насны амь амьдралаа зориулахаар шийдсэн” хэмээн ярьдаг.

Тэрээр одоо ч “Хунт нуур”-таа бүжсээр байгаа бөгөөд тоглолт бүртээ дүрээ чанартай хийхийг хичээдэг гэсэн. Түүний тухай балетмэйстр Б.Жамъяндагва “Ганчимэг бол дэлхийд нэр нь гарсан манай театрын прима балерина. XXI  зууны шилдэг бүжгэн жүжигчдийн нэг”  гэж хэлсэн байдаг. Энэ хоёр өгүүлбэр түүнийг ямар уран бүтээлч гэдгийг хэлэх шиг. Тэрээр хунд бүжиглэхдээ хунгийн цэгцтэй хөдөлгөөн, уян хатан байдлыг нь илэрхийлэхийг хүсдэг аж. Өдөр бүрийн бэлтгэл, бэртэл, шөрмөс татах, ядрах түүнд юу ч биш байв. Харин ч тайзан дээр гарахад хамаг бие нь хөнгөрөөд, өөрийн эрхгүй хунгаар дамжуулан хайрын тухай өгүүлж байгаадаа сэтгэл хангалуун болдог төдийгүй түүнд “Хунт нуур” бүжгэн жүжгийн хөгжим хамгийн ихээр таалагддаг гэсэн.

Харин энэ үеийн эрхэмсэг хун бол  Б.Саруул. Өмнөх хунгуудын жишгээр тэрээр үзэгчидтэй хунгийн дүрээр анх танилцаж байсан юм. Тиймээс түүнийг үзэгчид шинэ үеийн, шинэ хун гэж өргөмжилдөг. Тэр ч ялгаагүй энэ цаг үед үзэсгэлэн гоо, уран чадвараараа өөрийнхөө хунг бүтээж яваа. Цагаан, хар хунгийн ялгаа, дотоод сэтгэлийг гаргахын тулд өдрийн ихэнх цагийг бэлтгэлтэй өнгөрөөдөг тэр өөрөө цагаан хун хэдий ч хар хунг хэнээс ч илүү чадварлаг гаргадаг нэгэн. Гэвч хэзээ ч өөрийгөө дүрээ бүрэн гаргалаа гэж онгирч үзээгүй тухай ч ярьдаг. Учир нь уран бүтээлч хүн цаг, минут бүрт суралцдаг тайзан дээр хунд бүжиглэх бүртээ өөр, өөр мэдрэмж авдаг хэмээн тэр хэлсэн. Ю.Оюун гуайгаас хойшхи уран дэвэлттэй хун хэмээн үзэгчид түүнийг тодорхойлох ч тэрээр үүнтэй эвлэрдэггүй. Монголчуудтай “Хунт нуур”-ыг учруулсан алдарт Б.Жамъянжав түүнийг “Шувуу шиг царайтай. Толгойныхоо өдийг зүүчихвэл яг “шувуу” болчихдог. Манай театрын хамгийн цагаан хүүхэн” хэмээн ярьдаг аж.

Анх хайртай залуутайгаа хослон хунгийн дүрээр бодит хайрыг бүждэг байсан тэрээр өөртөө үзэгчдийг татаж чадсан. Нэг үе М.Од, Б.Саруулын гоцолсон “Хунт нуур”-ыг үзэхээр үзэгчид хөвөрдөг байсан нь ч саяхан. Гэхдээ хүний амьдрал санаснаар бас хүссэнээр болдоггүй учир хунгийн бодит амьдрал болоогүй ч тэд тайзнаа “Хунт нуур”-таа бүжсээр. Энэ ням гарагт “Хунт нуур”-тай. М.Од, Б.Саруул гоцлоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан