Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Цогцэцэг: 0-5 насны хүүхдийн эмийн төлбөрийг даатгалын сангаас даана

Б.МЯГМАРЖАВ

Манай улсын хувьд хамгийн их “хямралд” өртсөн салбарыг нэрлэ гэвэл уул уурхайгаас өмнө эрүүл мэндийнх гэж хэлэх хүн олон гарах байх. Учир нь, өнөөдөр ч шийдэл хүлээсэн олон асуудал хөвөрсөөр байна. Томилогдоод 100 хоног ажиллаад буй Эрүүл мэндийн шинэ сайд А.Цогцэцэгээс зарим асуудалд тодруулга хүссэн юм.


-Жил бүр хүйтрэхээр л ханиад, томуу төст өвчин дэгдэж, эмнэлгүүдийн ачаалал ихэсч,  коридортоо өвчтэй хүүхдүүдээ ч хэвтүүлдэг байдал бараг хэвийн үзэгдэл болж. Та ч энэ талаар мэдэж буй байх. Ер нь энэ байдлыг цэгцлэх боломж харагдаж байна уу?
-Болж өгвөл энэ байдлыг хална. Учир нь, 0-5 насны хүүхдийн эмийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалаар тооцдог болно. Энэ үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тухайн донор орнуудын үйлдвэрлэгч компаниас нь эм оруулж ирж, даатгалын сангаас төлбөрийг нь хийх юм. Үүнд 200 гаруй нэр төрлийн эм багтаж байна. Энэ арга хэмжээг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Одоо хүүхдүүдийг сургууль, цэцэрлэг, гэрт  нь ханиад томуунаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж зөвлөгөө өгч мэдээллээр хангаж байна. Хүүхдийг эрүүл байлгахад зөвхөн эрүүл мэндийн байгууллага гэлтгүй эцэг эхийн  анхаарал халамж их чухал.

-Өмнөх сайдын үед хүүхдийн эмнэлэг хүрэл­цэхгүй байгаа учир зарим төрийн байгууллагуудыг эмнэлэг болгож байсан. Таны хувьд шийдлийг хэрхэн харж байгаа вэ?
-Одоогоор бидэнд хүүхдийн эмнэлгийн ор нэмэх ямар ч боломж алга. Тэгээд ч бид эмнэлэгт хэвтмээр байна гэдэг зуршлаасаа салах хэрэгтэй. Аль болох урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах шаардлагатай. С вирусийн эмчилгээ ч мөн адил. Цаашдаа төрөөс мөнгө гаргаад эмчлээд байх уу эсвэл энэ өвчинг үүсгээд байгаа шалтгаануудыг үгүй хийх хэрэгтэй юу. Манай зүгээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа.
Эрүүл мэндийн даатгалаас төлбөрийг нь хийгээд Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр эмээ тарааж эхлэхээр хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурах байх. Мөн ХӨЦМ-ын үнэлгээг сайн хийж, тухайн хүүхэд зайлшгүй хэвтэх шаардлагатай юу, үгүй юу гэдгийг тодруулна. Энэ хүүхэд нэг хоёр хоног халуурч байна уу эсвэл гурав, дөрөв хоног халуурсан уу гэх мэт ялгааг гаргаж хэвтэн эмчлүүлэх эсэ­­хийг шийднэ. Эмнэлэгт шаард­лагатай үед хэвтэн эмчлүүлж үйлчилгээ авах ёстой. 

-Эрүүлжүүлэх байрыг татан буулгаж, согтуу хү­мүүсийг эмнэлэгт хүргэх бол­сон. Энэ тал дээр зарим хүн дургүйцэж байгаа. Таны хувьд ямар зохицуулалт хий­хээр төлөвлөж байна вэ?
-Засгийн газар 14 хоногийн өмнө хуралдаж, энэ асуудлыг шийдсэн. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эрүүлжүүлэх тухай хуульд үзэл баримтлалын хувьд өөрчлөлт оруулна гэсэн шийдвэр гаргалаа. Одоо уг хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гараад байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүн архины донтолттой хүн хоёр ялгаатай. Үүнийг ялгалгүй эрүүл мэндийн байгууллагад хариуцуулсан. Үнэхээр архины донтой архаг архичин болчихсон хүнийг л Эрүүл мэндийн салбар хүлээн авч эмчилнэ. Харин архи ууж согтуураад гудамжинд унасан хүнийг эрүүл мэндийн салбар хүлээж авахгүй. Эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал их байгаа, дээр нь согтуу хүн нэмчихээр байдал бүр хэцүүднэ.

-Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа олон асуудлын нэг нь халдварт өвчин?
-Халдварт өвчин манай улсад хоёр хэлбэрээр тархдаг. Нэг нь шинээр давтагдаж байгаа өвчлөл нөгөө нь аажим алгуур хэрнээ хүн амын ихэнх хувийг хамарч байдаг өвчлөл. Шинээр давтагдаж байгаа гэдэгт Эбола, H1N1, Зика гэх мэт ордог. Бид 2014 оноос өмнө улаан бурханы тархалтыг зогсоосон орны тоонд орсон байсан. Харамсалтай нь, дахин дэгдэж, 2015 онд эрүүл мэндийн салбар болон улс орны эдийн засагт хүндрэл учрууллаа. Ер нь, дархлаажуулалт Засгийн газрын анхаарлын төвд байх хэрэгтэй байгаа юм. Дархлаажуулалтыг зөв хийх, санхүүжилтийг нь Засгийн газрын нөөц санд байлгах хэрэгтэй гэдгийг сануулсан хэрэг. Нөгөө талаар аажим хугацаанд иргэдийн дийлэнхийг хамардаг нийгмийн халдварт өвчин байна. Жишээ нь, ДОХ, сүрьеэ, тэмбүү гэх мэт. Энэ халдварт өвчнүүд манайд хурдацтайгаар нэмэгдэж байна. Олон улсад халдварт өвчний тархалт тандалтын судалгааг хийдэг мэдээллийн технологийг хөгжүүлж нэгтгэдэг хүн ажилладаг юм билээ.  Тиймээс ч мэдээллийг нэгтгэж төвлөрүүлэх зорилгоор энэ жил нийгмийн эрүүл мэндийн газарт Тандалт судалгааны хэлтэс шинээр нээсэн. Мэдээллийн гол үйл ажиллагаа нь боловсролын байгууллагуудтай хамтран бэлгийн замын болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох учраас БСШУСЯ-тай хамтран ажиллахаар төлөвлөсөн.

-Тэгэхээр дунд сургуульд эрүүл мэндийн хичээл ахин орно гэж ойлгож болох уу?
-Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхгүй байх бүрэн боломжтой. Бэлгийн замын халдварт өвчин нэмэгдээд байгаад хаана хаанаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нэгдүгээрт,  иргэн хүний эрүүл мэндийн боловсролын түвшин, нөгөөтэйгүүр тан­далт судалгаа хийдэг эрүүл мэндийн байгууллагын мэргэжил арга зүйг шаардаж байна гэсэн үг. Тиймээс цаг хугацаа алдалгүйгээр анхаарлаа хандуулна. Энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын хандив дэмжлэгийг авч ажиллана. Хамгийн гол нь хийсэн ажлынхаа үр дүнг нь харах чухал.

0 Сэтгэгдэл
Huuhduud haniad hureed em avah geheer unetei dandaa dutuu avch hereglej bga ni haragddag. Ingeed hongolood ogvol bas heregtei bna bhdaa.
Huuhduud haniad hureed em avah geheer unetei dandaa dutuu avch hereglej bga ni haragddag. Ingeed hongolood ogvol bas heregtei bna bhdaa.
Одоо хүүхдэд эм шахах нь дутаж, манайхан шиг туйлширамтгай хүмүүс үнэгүй эмийг идүүлж өгөх юм байна даа
Хамгийн их уншсан