Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагаан, ногоон хоолтнуудын араас уян хоолтон моодонд орлоо



Б.БАДРАЛ


Хүний амьдралын бүх л салбар моодны урсгалыг даган хувирч өөрчлөгдөж байдаг гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Моод янз бүр. Өвдөг нь уранхай жийнснээс эхлээд зузаан ултай гутал, ухаалаг утас цаашилбал, цагаан ба ногоон хоол гээд идэж уухад хүртэл моод байх. Хоол ундны энэ бүх дэг жаяг, моод тодорхой цаг үед давамгайлж, олны анхаарлыг татдаг болоход янз бүрийн хүчин зүйлс нөлөөлсөөр иржээ. Нэлээд хэдэн жилийн өмнө, Монголд вегетариан /ногоон/ хоол моодонд орж, энд тэндгүй вегетариан цайны газар нээгдэхийг дагаад “Ногоон дэлхийгээ аврахын тулд ногоон хоолтон болцгооё” гэсэн утгатай сурталчилгаа цацагдан долларын ханш одоогийнхтой зүйрлэхээргүй бага байсан үед тонн нь 300 ам.доллар байдаг шош, буурцагны гурилаар хийсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг 250 граммаар уутлаад нэг бүрийг нь 2500 төгрөгөөр зардаг байсан. Бид маханд дургүй болсондоо биш Америк, Өрнөд Европт цагаан, ногоон хоол моодонд орж байсан тул тэр давалгаа нь манайд хүрсэн хэрэг. Вегетариан буюу мах, амьтны гаралтай хүнснээс татгалзах нь дотроо янз бүр. Энэ олон төрөл зүйл нь нийгмийн шаардлага, сонирхлыг дагаад үе үе нэгнээ даван гарч илүү моодонд ордог онцлогтой.
 
Жишээлбэл, сүүлийн үед дан ганц ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг ногоо идэштэн буюу вегануудын оронд ургамлын гаралтай хоол голлон иддэг ч үе үе мах, амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг уян хоолтон буюу флекситариан гэж нэрлэгддэг шинэ урсгал илүү моодонд ороод байна. Флекстриан гэдэг нь англи хэлний  “flexible” (уян) ба vegetarian (ногоо идэштэн) гэсэн үгнүүдээс үүсгэсэн тул уян хоолтон гэх болжээ.

Хүн төрөлхтний онцлог

Дэлхий хүн ам 7 тэрбум 100 сая гэж тооцвол 700-800 сая орчим янз бүрийн вегатариан буюу ногоо идэштэн байдаг. Тэгэхээр хүн төрөлхтний дийлэнх нь махан хоолтон. Эдний дийлэнх нь шашны онцлогоос болон махан хоол иддэггүй уламжлалтай Энэтхэгт ногддог. Энэтхэгт бүрэн ба хагас вегетарианчууд нь хүн амын 40-80 хувийг эзэлдэг гэсэн тооцоо байдаг.

Ер нь, хүн төрөлхтний дийлэнх нь махан хоолыг голлодог байсан, одоо ч байгаа, ойрын ирээдүйд энэ чигээрээ л байна. Ургамлын гаралтай хоол иддэг ч боломж байгаа л бол махан хоолыг их идэхийг хүсдэг, ган гачиг, байгалийн содон үзэгдэл, өвчин зэргийн улмаас мал, гахай шувууны тоо толгой хорогдоогүй, эсвэл нуур цөөрөм, далай тэнгист загас хэсэг хугацаанд баригдахаа болиогүй л бол махнаас сайн дураар татгалздаггүй тул махан хоол голлодог гэж хэлдэг. Гэхдээ энэ гол урсгалын дундуур янз бүрийн сэдэл, шалтгаанаар махан хоолноос сайн дураар татгалзах олон давалгаа гарч ирнэ.
 
Бусдын төлөө хувиа хичээгчид

Индуизмын зарим урсгал ба кастын төлөөлөгч, жайнизм, буддизм зэрэг шашинд амьтны амь хороох, амийг нь тасалсан амьтаны мах идэх нь муу үйлийн үрийг нэмэгдүүлж нирваан дүрийг олох замд саад болно гэж үзэх. Иймд мах, амьтны гаралтай хоол идэхийг цээрлэнэ. Гэхдээ уламжлал, газар орон ба цаг агаарын онцлог гэх мэт шалтгааны улмаас тэр бүр амьтны гаралтай бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэхээс бүрэн татгалзах боломжгүй. Иймээс Төвд гэх мэт газарт улаан махнаас татгалзаад сүү цагаан идээ голлосон цагаан хоолтон гэсэн ойлголт гарч ирсэн байх. Япон, Вьетнам гэх мэт загасчилдаг уламжлал өндөр хөгжсөн газруудад улаан махнаас татгалзахдаа хүний биед зайлшгүй шаардлагатай уургийг үхэр, хонь, гахайнаас бус тахиа, загасны цагаан махаар орлуулах нь зүйд нийцнэ гэж үздэг байсан нь үндсэндээ цагаан хоолтон гэсэн ойлголттой бүрэн нийцэх байх. Үхлийн дараах амьдрал, там ба диваажин, олон төрлийн зовлон гэх мэт шашны төсөөлөл дээр тулгуурлсан мах, амьтдын гаралтай хоолноос татгалзах энэ давалгааг шашны сэдэлтэй гэж болох байх. Дараа төрөлдөө диваажинд төрөх эсвэл нирваан төрлийг олохын тулд амьтны амь таслах, амьтны гаралтай бүтээгдэхүүн идэхээс татгалзаж байгаа болохоор үүнийг “Бусдын төлөө хувиа хичээсэн сайн үйл” гэж нэрлэсэн ч болох байх.

Энэрэнгүй үзэлт дарвинистууд

Харин XIX, XX зуунд Өрнө дахинд моодонд орсон вегетариан урсгал нь онолын огт өөр үндэслэлтэй, өөр сэдэлтэй байв. Энэ урсгалынх нь диваажинд төрөх эсвэл нирвааны дүрийг олохын тулд бус харин амьтны амь таслах, амьтны гаралтай бүх л зүйлсийг хэрэглэх нь хүнлэг үзэлд үл нийцсэн зүйл гэж үзнэ. Шинжлэх ухаан хөгжсөн үед гарч ирсэн тул Дарвины онолыг гол баталгаа болгон ашигласан гэж болно. Дарвины онол нь хүнийг бичнээс үүссэн гэж нотолсон. Харин бичнүүд бүгд жимс, навч иддэг өвсөн тэжээлтэн. Тиймээс хүний бие, эд эрхтэн нь мах идэх, боловсруулах, шингээхэд тохирохгүй гэж тэд номлодог байв. Улмаар тохирохгүй хоол идсэнээр хүн өвддөг, богино настай болдог тул урт наслаж, эрүүл байхын тулд зөвхөн ургамлын гаралтай хоол идэх ёстой гэнэ. Байнга өвдөж, өвчиндөө шаналж байдаг хүн уур уцаартай байдаг тул XIX, XX зуунд тасралтгүй гарсан олон дайн, өлсгөлөн, нийгмийн эрх тэгш бус байдал ба түүнээс үүдсэн хувьсгал зэргийг байгалиас өөрт тохирохгүй бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээр тайлбарласан гэж болно. Ерөнхийдөө энэ үеийн вегатариан урсгалыг эрүүл мэнд, нийгмийн эрх тэгш байдлын төлөөх эрэл хайгуулын явцад гарсан гэж болно.
 
Экологийн төлөө зөвшилцөл хайгчид

Харин XXI зууны дэлхийн №1 асуудал нь экологи, цаг агаарын өөрчлөлт болж хувирсан. Иймд махнаас сайн дураар татгалзах олон янзын сэдэл дээр цаг агаарын дулаарлыг үүсгэгч хийн хэмжээг багасгах, экологийн тэнцвэрийг сахих үүднээс махнаас татгалзах шаардлагатай тухай яриа нэмэгдсэн байна. Манайд эрчимжүүлсэн гэж нэрлэдэг хэлбэрээр мал аж ахуй эрхлэх нь малын амьдын жинг маш богино хугацаанд бага зардлаар нэмэгдүүлэх боломж олгодог гэдгээрээ бэлчээрийн мал аж ахуйгаас давуутай. Гэхдээ үүний тулд асар их малын тэжээл тусгайлан тарьж ургуулах хэрэгтэй болдог. Зарим судалгаагаар дэлхийн хэмжээнд тариалангийн газрын 1/3-ийг малын тэжээл тарих, далай тэнгисээс барьж байгаа загасны 1/3 малын бордоо бэлдэхэд зарцуулдаг гэж тогтоосон байдаг.
Хамгийн гол нь, олон мянган үхэр, тахиа, гахайг нэг дор төвлөрүүлсэн ферм байгуулахад өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий нь дэлхийд дулаарал үүсгэж байгаа нийт хийн 60 хувийг ялгаруулдаг гэж үздэг юм байна. Асар том үйлдвэр, уурын зуух, цахилгаан станц, олон зуун сая машины утаа униар бус харин үхэр, гахай, тахианы фермээс ялгарч байгаа хүлэмжийн хий дэлхийн дулаарлын гол буруутан гэнэ.

Махнаас татгалзвал малын тэжээл бус хүнсний ногоо тарьж өлсгөлөнг шийдэж болох юм байх. Бордоо хийх гэж далайг цөлмөн экологийг сүйрүүлэхээ больно гэнэ. Фермийн үхэр, гахай, тахианы тоо толгой цөөрөхөөөр өтөг бууцны хэмжээ багасна. Үүнийг дагаад агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хийн эзлэхүүн буурна. Буурахыг дагаад дэлхийн дулаарал удааширч эсвэл бүр зогсох магадлалтай юм гэнэ. Шоргоолж дээс томж найзыгаа авардаг үлгэр шиг зүйл болох ёстой аж. Гэхдээ 800 сая вегатариан хүн нийлж байгаад үлдсэн зургаан тэрбум гаруй махан хоолтноо тав эсвэл арван жилийн дотор махнаас гаргана гэдэг боломжгүй зүйл. Хуулиар сүрдүүлж байгаад махнаас бүгд огцом гарлаа гэж бодоход тэр олон тэрбум үхэр, гахай, тахиаг яах вэ? Хэрэггүй гээд бүгдийг нэг өдөр нядлаад хаях уу? Нядалвал хүнлэг биш, муу үйлийн үрийг нэмнэ.

Энэ салбарт ажилладаг олон сая хүмүүсийг ажлын байрыг яах?  Бүгдийг гудамжинд гаргавал хүмүүнлэг биш гэх мэт асуудал гарч ирнэ. Иймээс л флекситариан чиглэл моодонд орж байгаа аж. Зөвхөн ургамлын гаралтай хүнс хэрэглэх ёстой гэж хатуу чанд шаардлага тавилгүйгээр махны хэрэглээг аль болгох багасгах боломж олгож байгаагаараа флекситариан чиглэл нь экологийн төлөө зөвшилцөлд хүрэхээр гарч ирсэн гэж болно. Махнаас бага багаар татгалзахын хэрээр үхэр, гахай, тахианы тоо толгойг цөөрүүлэх боломжтой болно, энэ салбарт ажилладаг хүмүүст шинэ ажлын байр бий болгох боломж гарна гээд нэлээдгүй зүйл болох ёстой гэнэ.
 
Флекситариан хоолны дэглэм

Энэ чиглэл нь хатуу дэг, шаардлага тавьдаггүйгээрээ онцлог. Тиймээс хүн болгон өөрийн боломж, зуршилд тааруулан нэвтрүүлэх боломжтой. Зарим нь долоо хоногт нэг удаа махнаас татгалздаг байхад нөгөө хэсэг нь долоо хоногт нэг удаа мах иддэг байх жишээтэй. Ингэснээр нэг хэсэг нь  “пүү паа би улаан мах иддэггүй гэгээрсэн” гэж бусдын уурыг хүргэхгүй. Нөгөө хэсэг нь “мах иддэггүй маяглаад” гэхийн оронд долоо хоногийн 1-2 өдөр мах идэхгүй байх ямар байдгийг нь турших боломж гарна. Ядаж л гэр бүлийн дотор эв найрамдалтай.

Ийм байдал дэлхий даяар олон тэрбум хүнд таалагдаж байгаа нь ойлгомжтой. Нэг талаас идэж сурсан махан хоолноос татгалзахгүй, нөгөө талаас дэлхийгээ аваръя энэ тэр гэсэн сүржин уриа бүхий моодны хөдөлгөөнөөс хоцроогүй, хөл нийлүүлэн яваа гэж хэлэгдэх боломж олгож байна.

Махны хэрэглээг багасгахтай зэрэгцээд буурцаг, шош гэх мэт ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хоол ундандаа түлхүү хэрэглэдэг болно. Энд өндөгний хэрэглээг цөөлөх ёстой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Өдөр болгон хэдэн тэрбум хүнийг өндгөөр хангах гэж бүр ч олон тэрбум тахиаг фермүүдэд үржүүлж, хүлэмжийн хийг нэмэгдүүлж байдгийг санах ёстой юм байна. Мах, махан бүтээгдэхүүнд биднээс дута­хааргүй дуртай АНУ-д гэхэд л вегетариан буюу ногоо идэштэн гэж өөрсдийгөө нэрлэдэг хатуу хоолны дэглэмтэй 7,3 сая хүн байхад флекситарианчуудын тоо хэдийнэ 23 саяд хүрсэн. Их Британи ч мөн ялгаагүй. 18-24 насны британичуудыг хамруулсан асуулга явуулахад 28 хувь нь махнаас бага багаар татгалзсаар 2025 он гэхэд бүрэн татгалзах бодолтой байгаа гэж хариулсан байна. Иймд ойрын 10-20 жилдээ эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй флекситариан чиглэл дэлхийн хэмжээнд моодноос гарахгүй бололтой.

0 Сэтгэгдэл
Уян байдаг нь юу вэ? Резин идээд унах нь уу гэж бодогдлоо. Холимог гэвэл яана? Эсвэл хос ч юм уу. Тэр хос хоолтон гэнэ гэх мэт.
ногоо идэхийн тулд газар нутагаа сэндийлэх хэрэгтэй болно.мах идэхийн тулд зугээр л мал маллахад л болоо байгалд ямарч сөрөг нөлөөгүй
ногоо идэхийн тулд газар нутагаа сэндийлэх хэрэгтэй болно.мах идэхийн тулд зугээр л мал маллахад л болоо байгалд ямарч сөрөг нөлөөгүй
Хамгийн их уншсан