Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Амаржаргал: Шалгах багажны алдаа, сүлжээнээс шалтгаалж давхардаж орсон зөрчлийг хүчингүй болгох боломжтой


Ж.ЖАМУХА


Жолооч, автомашин эзэмшигчдийн дунд Замын цагдаагийн газрын торгуулийн системтэй холбоотой асуулт хариулт их байдаг. Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Л.Амаржаргалаас тодрууллаа.

-Жолооч нар төлсөн торгууль нь “torguuli.mn” сайтад орохгүй, “төлсөн” төлөвт шилжихгүй байна гэж их асуудаг. Энэ талаар тодорхой хариулт өгөхгүй юу?
-Торгуулиа төлчихсөн байтал “torguuli.mn” сайтад бүртгэгдэхгүй байгаа нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, иргэд торгууль төлөлтийн талаар “torguuli.mn” сайтад байгаа мэдээллийг уншихгүй, анхаарал хандуулахгүй, зааврын дагуу төлөхгүй байгаагаас торгууль нь төлөгдсөн төлөвт шилжихгүй байна. Торгууль төлөхдөө банкны баримтын гүйлгээний утга хэсэгт зөвхөн бар код бичих ёстой. Иймд тогууль төлсөн мэдээллээ шалгаж, зааврын дагуу төлсөн эсэхийг тулган харж, төлөөгүй бол Замын цагдаагийн албаны 106 тоотод төлсөн баримтаа авчирч төлөвийг нь өөрчлөх боломжтой. Баримт нь эх хувиар болон хуулбар байдлаар байж болно.
Хоёрдугаарт, замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй систем бий болгох талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газартай “Smart solution” компанийн байгуулсан гэрээ ёсоор бэлэн бус торгуулийн систем, программ хангамж, шалгах багажны ажиллагааг дээрх компани хариуцан ажилладаг. Харин цагдаагийн шалгах төхөөрөмжийг тээврийн хэрэгслийн оношилгоо, татвар төлөлт, даатгалд хамрагдсан болон жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх мэдээллийг мэдээллийн сантай холбох ажил болон “torguuli.mn” сайтыг “Үндэсний дата төв” хариуцан ажиллуулдаг. Эднийх бэлэн бус торгуулийн мэдээллийг “Smart solution” компаниас, торгууль төлөлтийн мэдээллийг Монголбанкнаас хүлээн авсны дүнд тухайн цахим сайтад торгууль төлсөн төлөвт шилжүүлдэг. Тиймээс дээрх байгууллагуудын үйл ажиллагааг холбосон алба байхгүй учир иргэд тухайн торгуулийг ногдуулсан цагдаагийн байгууллагад хандах нь их. Манай байгууллагын зүгээс иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үүргийнхээ дагуу иргэний гомдлыг шалгаж, холбогдох баримтын хамт дээрх байгууллагууд руу шилжүүлэх замаар ажиллаж байна.

-Мөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэр шилжүүлэх, шилжилт хөдөлгөөн хийлгэхэд торгуулиа төлсөн байхад төлсөн төлөвт шилжихгүй тохиолдол их гардаг?
-Иргэд автомашин худалдаж авах эсвэл Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр авахдаа машин нь торгуультай эсэхийг лавлаж байж шилжилт хөдөлгөөн хийх хэрэгтэй. Эсвэл тогууль төлсөн гүйлгээний баритаа хадгалах, торгуулиа төлсөн он сар өдрөө тодорхой мэдэж байх шаардлагатай. Тиймээс торгууль төлсөн мэдээллээ шалгаж, зааврын дагуу төлсөн эсэхээ нягтлах хэрэгтэй. Хэрэв буруу төлөгдсөн бол Замын цагдаагийн газрын 106 тоотод торгууль төлсөн баримтаа авчирч нягтлах боломжтой. Эсвэл АТҮТ-д хандаж болно.

-Торгууль төлсөн баримтаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хэрхэн хаалгах вэ?
-Банкнаас төлбөрийн хуулга авч болно. Мөн торгууль төлсөн огноогоо мэдэж байгаа тохиолдолд Замын цагдаагийн газрын санхүүд хандаж, торгууль төлсөн мэдээллээ гаргуулах боломжтой.

-Захиргааны зөрчил гаргаж улмаар зохих торгуулиа төлсөн байтал “torguuli.mn” сайтад төлөгдөөгүй байдаг. Үүнийг яаж шийдвэрлэх ёстой вэ?
-Мөн л зааврын дагуу төлөөгүйтэй холбоотой асуудал. Торгуулиа төлсөн бол зөрчил шийдвэрлэсэн Замын цагдаагийн тасгийн бичиг хэргийн ажилтнаас торгууль төлсөн баримтын хуулбар авч 106 тоотод авчирч асуудлаа шийдвэрлүүлнэ. Мөн дээрхтэй адил торгууль төлсөн огноогоо мэдэж байвал санхүүгээс дансны хуулга гаргуулж болдог.

-Огт хөдөлгөөнд оролцоогүй газарт торгууль бичигдсэн тохиолдол гардаг. Энэ алдаа юунаас болдог вэ?
-Бэлэн бус торгуулийн төхөөрөмж үүрэн телефоны оператор “Скайтел” компанийн сүлжээгээр ажилладаг. Зарим тохиолдолд сүлжээтэй холбоотойгоор цагдаагийн шалгах багажны байршил буруу заах тохиолдол гардаг. Тухайн өдөр, газар хөдөлгөөнд оролцоогүй бол бичиг баримттайгаа Замын цагдаагийн албанд ирж тухайн автомашиныг жолоодож явсан хүн, гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг гаргуулан авч болдог. Нэмж хэлэхэд зам тээврийн осол, зөрчилд холбогдоныхоо маргааш ч юм уу ослын холбогдох бичиг баримт, материалыг бүрэн бүрдүүлсний дараа эрх бүхий албан тушаалтан торгууль ногдуулсан бол тухайн өдрийн хөдөлгөөнд оролцсоноор харагдахгүй байж болно.

-Нэг зөрчилд давхар торгууль ногдуулах тохиолдол гардаг. Энэ тухайд?
-Шалгах багажны алдаа, сүлжээнээс шалтгаалан олон давхардаж орсон зөрчлийг хүчингүй болгож болно. Зөрчил гаргагч нь өөрт өгсөн гийтгэврийн хуудсыг төлсөн баримтын хамт манай газарт авчирч торгуулийг хүчингүй болгуулах боломжтой.

-Гэрийн хаягаар ирж буй торгуулийн талаар лавлагаа авах, торгуулийн давхардлын талаар?
-Улаанбаатар банкны есдүгээр давхарт Замын хөдөлгөөний удирдлагын төвд бичиг баримттайгаа очиж шийдвэрлүүлж болно. Мөн торгуулийн хуудсанд бичигдсэн утасны дугаараар хандаж асуудлаа шийдэх боломжтой. Ер нь, нэг зөрчилд хоёр торгууль ногдуулах үндэсгүй. Тиймээс аль нэгийг нь хүчингүй болгох ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан