Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сараас Дорнод-Манжуур чиглэлд зорчигч тээвэрлэнэ


Ж.ЖАМУХА

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн хамт олон Засгийн газрын үйл ажиллагааны 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнахын сацуу, өөрсдийн үйл ажиллагааг сурталчилах зорилгоор “Бид өвөлд бэлэн” өдөрлөг зохион байгууллаа. “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд зохиогдсон өдөрлөг тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд АТҮТ-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авах боломж олгосон юм. Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, үзлэг оношилгоо, улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбар борлуулалт, тээврийн хэрэгслийн хяналтын систем, автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 үйлчилгээний танилцуулга, зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 64 аж ахуй нэгж болон даатгалын компаниудын танилцуулга хийх зэргээр иргэдэд нээлттэй үйлчилгээ үзүүлсэн юм.

Энэ үеэр АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран өнгөрөгч 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулснаас гадна ирэх сараас хэрэгжиж эхлэх Дорнод-Манжуур чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг онцолсон юм. Тэрээр “Улаанбаатар-Тяньжин-Улаан-Үдэ чиглэлийн транзит тээврийг амжилттай туршлаа. Энэ хүрээнд гурван улсын Зам тээврийн сайд нарын уулзалт болж, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий транзит тээврийн асуудал хийгээд цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай ярилцлаа. Мөн Дорнод-Манжуур чиглэлийн зорчигч тээвэрлэх гарц нээгдсэн чухал ач холбогдолтой ажил байв” гэсэн юм. Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы автотээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн чуулга уулзалт өнгөрсөн сард болж энэ үеэр Дорнод-Манжуур чиглэлд зорчигч тээвэрлэх гарц нээгдсэн аж. Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хотын чиглэлд зорчигчдыг тогтмол тээвэрлэх бөгөөд эл зорчигч тээврийн үйлчилгээг ирэх сараас эхлүүлэх аж.
Түүнчлэн, салбарын өвлийн бэлтгэл ажил графикийн дагуу үргэлжилж, 80 гаруй хувьтай байгааг албаны хүмүүс хэлж байлаа. Энэ өвөл цас их унах тухай холбогдох байгууллагаас анхааруулсны дагуу АТҮТ-ийнхөн цасанд боогддог даваа гүвээ, эвдрэл ихтэй зам, тэмдэг тэмдэглэгээгүй газруудад түлхүү ажиллаж байгаа аж. Харамсалтай нь, хөрөнгө оруулалт цаг тухайдаа хийгдэхгүй байгаагаас хүндрэл үүсч байгаа гэлээ. Ямартай ч, энэ асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарынхантайгаа уулзаж ярилцаж асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх тухайгаа хэлсэн байна.

Р.Буд: Баригдсан замууд эзэнгүйдэж байна

Өдөрлөгийн үеэр өнгөрсөн 100 хоногт автотээврийн салбарт өрнөсөн ажлын талаар Зам тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Будаас тодрууллаа.

-Өнгөрсөн 100 хоногт зам тээврийн сал­барт өрнөсөн бүтээн байгуу­лалтаас яриагаа эхэлье. Хэдэн чиглэлд, хэчнээн км зам тавьсан бэ. Мөн урсгал засварын ажлууд хэрхэн хийгдэж байна?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18 замын обьектод чанар, технологийн хяналт хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Одоогоор дөрвөн газрыг нь ашиглалтад аваад байна. Тодруулбал, Налайх, Тэрэлж чиглэлийн 30.2 км автозам, Сэлэнгэ аймгийн Ерөө голын төмөр бетон гүүр, Улаанбаатар-Багануур чиглэлийн төв замаас Гордок руу салсан замуудыг ашиглалтад өгсөн. Мөн гурван обьектийн ажил дуусах шатандаа явж байна. Удахгүй улсын комисст хүлээлгэн өгөх байх. Тухайлбал, Увс аймгийн Ховд сумын Шивэрийн голын төмөр бетон гүүр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дунд тойргийн 9.8 км хатуу хучилттай зам, Орхон аймгийн Эрдэнэт хотын Говил багт баригдах замуудад улсын комисс ажиллахад бэлэн болоод байна. Түүнчлэн, энэ сард дуусах дөрвөн ажил бий. Элсэнтасархай-Хархорин-Орхоны гүүр чиглэлийн 77 км автозамын засвар, Хэрлэн голмын төмөр бетон гүүр, Улаанбаатар Баянзүрх дүүргийн Хонхор тосгоны 1.79 км зам, Завхан аймгийн төвийн 5.2 км замуудын ажлын явц 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

-Зам засварын ажлын төсвийг нэмсэн гэсэн?
-Ээлжит бус чуулганаар зас засварын компаниудын хийх ажилд нэмж 12 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Энэ төсвийн хүрээнд зам засварын ажлыг хийж байна.

-Зун, намартаа бороо хур элбэг байсан нь замын эвдрэлд багагүй нөлөөлсөн гэх мэдээ байна?
-Тиймээ, бороо хуртай холбоотойгоор замын эвдрэл гэмтэл ихэссэн. Эдгээр замуудад хуваарийн дагуу засвар үйлчилгээний ажил хийгдэж байна. Өвөрхангай-Хархорин, Өвөрхангай-Баянхонгор, Дархан-Эрдэнэт, Дундговь гэхчлэн цөөнгүй чиглэлд замын эвдрэл үүссэн. Гэхдээ дан ганц борооноос болсон юм биш, олон хүчин зүйлийн нөлөө байна. Нэг хэсэг нь гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Гүйцэтгэл муу, чанаргүй баригдсан замууд ганц, хоёр удаагийн борооноор их хэмжээний эвдрэл үүссэн тохиолдол ч байна. Баталгаат хугацаа нь дуусаагүй байхад эвдрэх тохиолдол ч байна. Баталгаат хугацаа нь дуусаагүй байхад технологийн эвдрэл үүссэн замыг гүйцэтгэгч компаниар засуулах ёстой. Мөн хүнд даацын тэрэг их явдаг замуудад эвдрэл үүсэх нь их байдаг. Энэ мэт замын эвдрэлийн шалтгаан олон хүчин зүйлээс хамааралтай. Гэхдээ бидний анхаа­рах шаардлагатай чухал асуудал бол автозамын арчил­гаа, тодордлогооны асуудал. Зам бариад байдаг ч дараа нь арчлах, хариуцах эзэн гэж алга. Нэг ёсондоо баригд­сан замууд эзэнгүйдэж байна. Зам засвар, арчлалтын компаниуд хувьчлагдсан, нэг хэсэг нь удирдлагагүй бол­сонтой холбоотойгоор зам эзэнгүйдсэн. Тиймээс энэ асуу­далд тухайн орон нутаг, яам анхаарал хандуулж, бодлого гаргаж эрхзүйн орчинд нь тусгах шаардлага байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан