Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН орон нутгийн сонгуульд олонх болох нь тодорхой боллоо


Б.БИЛГҮҮН


Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын сонгууль буюу орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай адил мажоритар тогтолцоогоор боллоо. Гэхдээ,

1) Аравдугаар сарын 19-нд болсон сонгуулиар сонгогчдын ирц хүрээгүй тул

2) Аравдугаар сарын 23-нд НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ явуулж, урьдчилсан дүнг өчигдөр танилцуулсан бол

3) Аравдугаар сарын 29-нд санал тэнцсэн хороо, сумдад ДАХИН САНАЛ ХУРААЛТ явуулах юм.
Гэхдээ ирэх бүтэн сайн өдөр болох дахин санал хураалтаас үл шалтгаалан сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН нийслэлийн есөн дүүргийн зургаад, 330 сумын 200 гаруйд нь ялалт байгуулсан тул орон нутгийн сонгуульд эрх баригч нам олонх болох нь тодорхой боллоо.

Энэ сарын 19-нд болсон Орон нутгийн сонгуульд 15185 нэр дэвшигч 7299 мандатын төлөө өрсөлдсөн юм. Гэвч, Сонгуулийн цаг дуусахад нийслэлийн хэмжээнд 152 хорооноос 79 хороонд ирц хүрээгүй бөгөөд орон нутагт 57 тойрогт сонгогчдын ирц 50 хувийн босго даваагүй. Харин 21 аймгийн 10 болоод нийслэлийн долоон дүүрэгт ирц хүргэж, нэмэлт санал хураах сонгуулийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулж, дүнг өчигдөр Нийслэлийн болон Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ. Есөн нам, хоёр эвсэл, 710 бие даагч өрсөлдсөн ч АН, МАН гэсэн хоёр нам сонгогчдын саналыг хувааж, нийслэлийн хэмжээнд хоёр бие даагч сонгогдож, хүснэгтэд харуулсан байдлаар сонгуулийн урьдчилсан дүн гарлаа.

Нийслэлд

Нийслэлд 860.452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413.212 нь саналаа өгөөд байсан юм. Харин нэмэлт санал хураалтад нийслэлийн 70.264 иргэн саналаа өгч, нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 56 хувьд хүрснээр сонгууль хүчин төгөлдөр боллоо.
МАН Багануур дүүргийн 25 мандат, Багахангай дүүргийн 17 мандатад бүгдэд нь ялалт байгуулж, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул болон Чингэлтэйд олонх болжээ. Харин АН Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт олонх болж яллаа. Мөн Хан-Уул дүүргийн хоёр мандаттай долдугаар тойргоос бие даан өрсөлдсөн нэр дэвшигчид ялжээ. Тэд өмнө нь АН-ын гишүүд байсан ч тойргийн хорооноос гарч чадаагүй тул бие даан өрсөлдөөд, ялсан байна. Ингээд нийтдээ нийслэлийн 295 мандатын 195-ыг МАН, 98-ыг АН, 2-ыг бие даагч нар авлаа.

Орон нутагт

18 аймгийн 57 тойрог сонгогчдын ирц хүрээгүй ч, уржигдар болсон нэмэлт санал хураалтаар аймгууд ирцээ бүрдүүлж, 62.3 хувь нь саналаа өгчээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт сонгогчдын 60.1 хувийн саналаар урьдчилсан дүн гарлаа.
Хэдийгээр 19 аймагт энэ сарын 29-нд дахин санал хураалт явуулах ч, энэ дүнгээс үл шалтгаалан МАН олонх болжээ. Мөн Дундговь аймгийн Өндөршил суманд есөн бие даагч ялж, олонх болсон нь орон нутагт бие даагч ялсан ганцхан тойрог боллоо. Харин АН Сүхбаатар аймгийн 12 сумын наймыг, Завхан аймгийн 21 сумын 20-д ялалт байгуулж, МАН үлдсэн аймгуудын дийлэнх сумдад яллаа. Ирэх сарын 29-нд болох санал хураалтад саналаа өгсөн иргэд дахин санал өгөх бөгөөд үр дүнд нь санал тэнцсэн 117 нэр дэвшигчдээс ялагч тодрох юм.     











0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан