Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүхийн байрууд шаардлага хангахгүй, насжилт өндөр болжээ


Б.МИШЭЭЛ


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд боллоо. “Шүүхийн байрны нөхцөл байдал” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

Монгол Улсын хэмжээнд 115 шүүх 46 байранд үйл ажиллагаа явуулж байна. 46 байрнаас 36 нь шүүхийн өөрийн мэдлийнх. Харин таван  байр нь  шүүхээс өөр байгууллагынх. Үүнээс гадна долоон байранд шүүх прокурорын байгууллагатай хамт үйл ажиллагаа явуулж байгаа. Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар шүүн таслах ажиллагааг зөвхөн шүүхийн байранд явуулах талаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн байранд  өөр үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон. Гэвч улсын төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалаад шүүх прокурортой нэг байранд шүүн таслах ажиллагааг явуулж байна. Насжилтын хувьд 26-40 жил болсон 15 байранд шүүх байрлаж байгаа аж. Ашиглалтын хувьд хүнд нөхцөлтэй, их засвар хийхгүй бол шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад бэрхшээлтэй болсон гэнэ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх “Бидэнд шүүхийн байрны асуудал хүнд  байна. Нэг байранд гурван шүүх үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл энэ гурван шүүх улсын хэмжээнд хамгийн их ачаалалтай ажилладаг. Жилд 12 мянган иргэний хэргийг шийдвэрлэдэг. Эвлэрүүлэн зуучлалаар жилд 1590 орчим маргааныг шийдвэрлэдэг. Өдөрт 100-120 нэхэмжлэл хүлээн авч байна. Гэтэл манай шүүхийн барилгын ашигтай талбай 707 ам.метр.   ЗДТГ-ын  мэдлийн байрыг гэрээ байгуулан ашиглаж байгаа ч иргэдийг хүлээн авах зай талбай бага.

Шүүх хуралдааны танхим хүрэлцдэггүйгээс хуралдаан хойшлох зэрэг асуудал гардаг. Жижиг өрөөнд хоёр шүүгч, шүүгчийн зургаан туслах нэг өрөөнд ажилладаг. Бүр нэг өрөөнд 20 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга интернэт кафед байгаа мэт зэрэгцэж суугаад ажилладаг” хэмээн ярьсан юм.

Баянгол, Сонгинохайр­хан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар “Сонгинохайрхан дүүргийн шүүх байргүй учраас Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн байранд хуваагдаж үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийн Мэдээлэл, лавлагааны хэсэг Хан-Уул дүүргийн шүүхийн байранд байрладаг. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн иргэд Хан-Уул дүүргийн шүүхэд очиж өргөдөл, гомдлоо өгөөд шүүгч нь аль дүүргийн шүүхэд байрлаж байгаагаас шалтгаалаад дахиад өөр байр руу явах хүнд нөхцөлд байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар 40 жил үйл ажиллагаа явуулаад акталсан байранд шүүх үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхдээ Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний газар”, “Жижиг дунд бизнесийг дэмжих төв”, “Улаан загалмайн нийгэмлэг” зэрэг долоогоос найман  байгууллагатай нэг байранд байдаг. Энэ нь шүүхээр үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулдаг. Мөн актлагдсан байр учраас эрүүл ахуйн талаасаа шаардлага хангадаггүй. Дээврээс дусаал гоожих, ус алдах зэрэг хүндрэл ч бий. Шүүх эрх мэдлийг актлагдсан байранд хэрэгжүүлж байгааг анхааралдаа авч, нааштай шийдвэрлэнэ гэж итгэж байна” гэлээ.

Хан-Уул дүүргийн нутаг буюу Буянт-Ухаад Шүүхийн ордон барихаар зураг төсөл гаргаж, суурийг тавьсан ч хөрөнгө оруулалтгүй шалтгаа­наар царцаагаад уджээ. Хэрэв энэ байр ашиглалтад орвол шүүхийн байрны асуудалд шийдэгдэх аж. Сүүлийн гурван жилийн хугацаанд шүүхэд хөрөнгийн зардал төсөвлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, шинээр байшин барих, их засвар хийх, тавилга тоног төхөөрөмж худалдаж авах зардалгүй гурван жил болжээ.  Шүүхийн цогцолбор барилгын эзэмших эрхийг Хууль зүйн яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөл шилжүүлж авахаар тохиролцсон. Төсөвт мөнгө шийдэгдвэл энэ байрны барилгыг ахиулах төлөвлөгөө байгаа гэсэн. Шүүхийн таван  байрны ашиглалтын хугацаа дуусч актлагдсан. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэний хэргийн зургаан  шүүх байрны хувьд асуудалтай байгаа аж.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан