Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэрбумтан сайд нарын хөрөнгө, орлогыг шинжвэл

Л.НОМИН

Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн жилийн хөрөнгө орлогоо мэдүүлсэн албан тушаалтнуудаас мэргэжлийн Засгийн газрын сайд нарынхыг онцлон үзлээ. Эдийн засаг хямарч, иргэдийн халаасан дахь хэдэн төгрөг өдрөөс өдөрт үнэгүйдсээр. Харин хямралын талаар хамгийн их ярьж, засч залруулахаар сонгогдсон эрх баригчдад энэ бүхнээс гарах шийдэл олох том үүрэг даалгавар бий. 2017 оны улсын төсөв 2,6 их наяд төгрөгийн алдагдалтай гарахаар байгаа ч хангалттай сайн бодлого оруулсангүй хэмээн сөрөг хүчнээс шүүмжлэл сонсч буй эрх баригчид хэр бэл бэнчинтэй хүмүүс вэ.

Хөгжлийн банкны санхүүжилтээр 23 тэрбум гаруй төгрөгийн төсөл хөтөлбөр Нью прогресс групп ХХК, Гоёо ХК гэхэд арилжааны банкуудаар дамжуулж 20 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл хөтөлбөр авсан байна. Энэ бол мэргэжлийн Засгийн газрын сайд нарын хувьцаа эзэмшиж байсан, одоо ч байгаа компаниуд. Гэтэл тэд Хөгжлийн банкинд шалгалт хийж, 1,3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлээд байгаа.

Түүнээс гадна энэ дугаарт онцолсон найман сайдаас тав нь 100 саяас хоёр тэрбум төгрөгийн хадгаламжтай. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 он гараад танилцуулах татварын шинэ бодлоготоо 100 саяас дээш төгрөгийн хадгаламжаас татвар авах асуудал оруулж магадгүй. Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ асуудлыг оруулж ирэхэд олонхийн эсэргүүцэлтэй тулж саналаа татахад хүрсэн. Тэгвэл өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг шиг хэмнэлт, эдийн засгийн шинэчлэлтийг Засгийн газар өөрсдөөсөө, сайд нараасаа эхэлж яагаад болохгүй гэж. Тэд хангалттай орлоготой юм чинь.

Урьд өмнөх Засгийн газруудыг бодвол энэ удаад бизнесийн салбарт чамгүй амжилт үзүүлсэн хүмүүс нэг танхимд ажиллаж байгаа нэг онцлогтой. Тийм ч болохоор тэдний хөрөнгө орлогын мэдүүлэгт анхаарал татах тоо баримт, мөнгөн дүн цөөнгүй байлаа. Эхний удаад бид Ерөнхий сайд болон бодлогын яам, гол салбаруудыг тэргүүлж буй сайд нарын 2015 оны мэдүүлгээс шүүрдэж үзлээ.


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өр, авлагыг таашаадаггүй


Аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайд болж улс төрийн карьер нь хамгийн богино хугацаанд хурдтай өссөн хүн түүнээс өөр үгүй. Монгол Улсын номер гурав дугаарх албан тушаалтан ямар машинтай, хэдэн байртай нь эгэл иргэдээс эхлээд гадаадынхны анхаарлыг татаж буй нь мэдээж. Бизнесийн салбараас улс төрд орсон түүхгүй болохоор ч тэр үү танхимын сайд нарынхтай нь харьцуулахад гүйцэтгэх засаглалын тэргүүний хөрөнгө орлогын мэдүүлэг тун энгийн харагдаж байна. Танхимдаа бараг хамгийн бага орлого олдог, хөрөнгө чинээгээрээ сүүл мушгиж мэдэхээр дүр зураг харагдлаа. Гэхдээ энэ бол Ерөнхий сайд болохоос өмнөх жилийнх гэдгийг дахин сануулъя.   

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 99 сая 974 мянга 40 төгрөгийн орлоготой бол гэр бүл нь 86 сая 597 мянга 100 төгрөгийн орлоготой байжээ. 141 сая төгрөгийн өртөг бүхий гурван ширхэг орон сууц, нэг барилга байгууламжтай гэнэ. Тoyota Highlander, Land cruiser, Lexus-570 маркийн гурван жийп авто машинаа 219 сая 780 мянган төгрөг гэжээ. Мөн адуу 22, хонь 232, үхэр 32, хурдан удмын адуу нэг гэж мэдүүлээд 116 сая 800 мянган төгрөгөөр үнэлсэн байна. 71 сая төгрөгийн үнэлэмжтэй үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл бий гэж. Өр, авлагагүй амьдрахыг Ерөнхий сайд хичээдэг бололтой, тэр хэсгийн хүснэгт хоосон байлаа. “Сүүтэй” ХХК-ийн 30 хувь, “Хэрх-Илч” ХХК-ийн 50 хувь, “Хэрх-Өргөө” ХХК-ийн 100 хувь, “Гүн сан эрдэнэс” ХХК-ийн 25 хувийн эзэмшдэг, нийтдээ 557 сая 848,9 мянган төгрөгийн дүрмийн сантай хэмээн мэдүүлжээ.


Ж.Мөнхбат 900 сая төгрөгийн орон сууцанд амьдардаг


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат 2015 онд 195 сая 331 мянга 40 төгрөг, гэр бүл нь 30 сая төгрөг олсон гэхээр гэр бүлийнхээ ихэнх орлогыг бүрдүүлжээ. Нэг ширхэг орон сууцаа 900 сая төгрөгөөр үнэлсэн гэхээр чамгүй тансаг байшинтай бололтой. Тоyota Land cruiser-200 маркийн автомашин нь 90 сая төгрөгийн үнэтэй. Архангай нутгаас гаралтай сайд цөөнгүй тооны малтай нь мэдээж. Нийтдээ 57 сая 800 мянган төгрөгийн өртөгтэй 48 үхэр, хурдан удмын 35 адуутай гэнэ. Урлагийн болон түүхийн эсвэл үнэт эдлэлээ тэрээр 115 сая төгрөгийнх гэж мэдүүлэгтээ бичжээ. Зээл, авлагагүйн дээр хадгаламжиндаа 2 сая 974 мянга 510 төгрөгтэй. Ямар нэг компанид хувь, хувьцаа эзэмшдэггүй мөртлөө түүний орлого Ерөнхий сайдынхаасаа бараг хоёр дахин их байжээ 2015 онд.


Тэрбумаар хэмжигдэх хөрөнгийн эзэн

Мэргэжлийн Засгийн газрын хоёр эмэгтэйн нэг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол 267 сая 55 мянга 670 төгрөг, гэр бүлийнхэн нь 256 сая 757 мянга 190 төгрөг олж нийтдээ хагас тэрбум төгрөгийг жилдээ олсон байна. Найман тэрбум 752 сая 660 мянган төгрөгийн үнэлэмжтэй нэг орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай хоёр, бусад төрлийн барилга байгууламж нэг бий гэжээ. Отгонтэнгэр их сургуулийнхаа барилга, байгууламжийг нэрлэсэн нь энэ бололтой. Хувийн хэвшлийн их дээд сургуулиуд анх байгуулагдаж эхлэхэд Отгонтэнгэр сургуулиа үүсгэн байгуулсан тэрээр Отгонтэнгэр ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Солтерра партнерз ХХК-ийн 90 хувийг эзэмшдэг гээд нийтдээ нэг тэрбум 140 сая 867 сая 240 төгрөгийн дүрмийн сантай хоёр компанийн эзэн. Хэд хэдэн газраа 180 сая, үнэт эдлэл, түүхийн үнэт зүйлээ 70 сая төгрөгөөр үнэлж мэдүүлэгтээ бичсэн байна. Түүнд 113 сая 987 мянга 910 төгрөгийн хадгаламж байгаа гэж. Д.Оюунхорол сайдын орлого, эд хөрөнгө саяар биш хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигддэг нь эндээс харагдаж байна.


Ц.Мөнх-Оргил “Эм Си Эс” холдингт 18 тэрбум төгрөгийн өртэй

Хэсэг хугацаанд улс төрөөс завсарлага аваад эргэн орж ирэхдээ УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд болж “давхар дээл” нөмөрсөн Ц.Мөнх-Оргил хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсанаар өөрөө орлогогүй гэж. Гэр бүл нь 2015 онд нэг тэрбум 802 сая 294 мянга 780 төгрөг олсон болохоор түүнд ажиллах ч шаардлага гараагүй биз. Гэхдээ энэ жилийнхээс түүний мэдүүлэгт өөрчлөлт гарч орлого нь суга өсөх нь мэдээж. Нэг ч орон сууцгүй түүнд 900 сая төгрөгийн өртөгтэй барилга байгууламж бий. Ингээд дуусаагүй 220 сая төгрөгийн үнэтэй Range Rover, Lexus-570 маркийн хоёр жийп машинтай. 72 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, түүхийн дурсгалт зүйлтэй, дансандаа 299 сая 581 мянга 410 төгрөгтэй ч “Эм Си Эс” Холдингт 18 тэрбум 851 сая 851 мянга 430 төгрөгийн өртэй юм байна. Гэсэн ч тэрээр Өлзийт төв ХХК-ийн 30 хувь, “Эм Си Эс” Монголиа Лимитэд ХХК-ийн 3,19 хувь, Гоёо ХХК-ийн 100 хувь, Гера Инвестмэн лимитэд 100 хувь, Тандер Болт ХХК-ийн 100 хувийг тус бүр эзэмшдэг гэжээ. Товчхондоо 18 тэрбум төгрөгийн өр нь бараг өөрийн хувьцаа эзэмшдэг, тодорхой хэмжээний оролцоотой компаниудын нэгнийх гэж болно.  


Уяач сайдын эзэмшлийн таван газар 0 төгрөгийн үнэлгээтэй

526 адуу, 250 хоньтой Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 2015 онд 172 сая 804 мянган төгрөг олж, гэр бүлийнхэн нь 58 сая 624 мянган төгрөгийн орлоготой байжээ. 790 сая төгрөгөөр нэг орон сууц, хоёр үйлдвэрлэл үйлчилгээний барилга, бусад зориулалтын хоёр объектоо үнэлсэн байна. Тoyota Land cruiser 200, Lexus-570 маркийн жийп авто машин нь 380 сая төгрөгийн үнэтэй бол 60-аас 1006 ам.метр хэмжээтэй таван газар эзэмшдэг боловч үнэлэмжийг нь мэдүүлэгтээ бичиж өгөөгүй байлаа. Бусад хөрөнгийн хувьд П.Сэргэлэн сайд 172 сая төгрөгийн үнэт эдлэл, түүхийн дурсгалт зүйл, дансандаа 166 сая 415 мянган төгрөгтэй гэжээ. Хоёр иргэнээс 60 сая төгрөг авах ёстой, ямар нэг зээлгүй юм байна. 100 хувь эзэмшдэг Монголком компанитай аж.    


С.Бямбацогт дөрвөн тэрбумыг олж, хоёр тэрбумыг хадгалдаг   


Бизнесийн салбараас улс төрд орж ирсэн улстөрчдийн нэг нь С.Бямбацогт сайд. Тийм ч болохоор олон компанийн ашиг түүний гол орлогыг бүрдүүлдэг. 2015 онд УИХ-ын гишүүн байхдаа буюу сайд болоогүй үедээ тэрээр орлогоо дөрвөн тэрбум 64 сая 306 мянга 990 төгрөг гэж мэдүүлжээ. Гэр бүлийнхэн нь гэхэд л 105 сая 938 мянга 470 төгрөг олж, танхимын тэргүүн, Ерөнхий сайдынхаас давсан орлоготой байжээ.  Барилгын салбарын “акул” Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс ч олон орон сууц, барилга байгууламж түүний нэр дээр байна. Нийтдээ нэг тэрбум 827 сая 700 мянган төгрөгийн өртөгтэй дөрвөн ширхэг орон сууц, үйлчилгээний болон бусад зориулалтын барилга байгууламж тус бүр гурвыг эзэмшдэг. Тoyota Tundra, BMW маркийн хоёр автомашинаа нийтдээ 110 сая төгрөгөөр үнэлэн бичсэн байна. 18 адуугаа харин үнэлэн тооцуулаагүй аж. 200 сая төгрөгийн зургаан ч газар эзэмшиж, өмчилдөг. 241 сая 700 мянган төгрөгийн үнэт эдлэл, түүхийн дурсгалт зүйлстэй гэсэн бол хадгаламжиндаа хоёр тэрбум 350 сая 151 мянга 170 төгрөгтэй, 95 хувийн эзэмшигчдийн нэгд зүй ёсоор тооцогдоно. Хоёр иргэнээс 210 сая төгрөгийн авлагатай, ямар ч зээлгүй, долоон компанид хувь эзэмшдэг сайд. Түүнээс Бизнес Девелопмент групп ХХК-ийн 49 хувь, Футур Техно ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг бусдаас нь 127-аас 27793 хүртэл ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. Нью прогресс групп ХХК-ийн 25 хувийн эзэмшлээ хэн нэгэнд шилжүүлсэн бололтой. 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт нь байсан 25 хувийн оролцоотой компани хаашаа ч юм алга болжээ. Тус компани нь “Чингис” бондын санхүүжилттэй дэд бүтцийн төсөлд оролцсон байдаг. МАН-ынхан нь Хуульзүй дотоод хэргийн яамныхан нь Хөгжлийн банкийг шүүмжилж, шалгаж байгаа нь компаниа шилжүүлсэнтэй холбоотой юм биш байгаа. Хардах эрх хүн бүхэнд бий.


Тэрбум гаруй төгрөгийн орлоготой, 25 компанитай Сангийн сайд


Тэрбумаар тоологдох орлого, хөрөнгөтэй сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг атгаж суугаа. Сүүлийн үед тэрээр “Тэвчих зардлаа тэвч, хас, багасга, бууруул, хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг үгийг хамгийн их хэлж буй. Өмнөх жилүүдэд буюу найман жил УИХ-ын гишүүн байхдаа ч түүний орлого, хөрөнгө нь бусдыгаа манлайлж цойлж байсан. 2015 онд гэхэд нэг тэрбум 382 сая 308 мянга 200 төгрөгийн орлого олж, гэр бүлийнхэн нь 14 сая 200 мянган төгрөг олжээ. Энэ нь өмнөх 2014 оныхоос хэд дахин өссөн байна билээ. Өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн гээд орон сууцны голдуу барилгын бизнест толгой цохих баячуудын нэг мөртлөө тэрээр өөрийн эзэмшлийн ганцхан орон сууц, нэг л барилга байгууламжтай гээд түүнийгээ 431 сая 200 мянган төгрөгөөр үнэлсэн байна. 600 мянган төгрөгийн үнэ бүхий зургаан адуунаас өөр мал хуйгүй, Увс аймгийн харьяат сайд. 619 ам.метр, 54 ам.метр, 700 ам.метр эзэмшлийн газрынхаа үнэлгээг ч хараахан тооцуулаагүй аж.

Хадгаламжиндаа 103 сая 690 мянга 50 төгрөгтэй Сангийн сайд хамгийн олон компани эзэмшдэг улстөрчдийн тэргүүн эгнээнд явдаг. Тодруулбал, голдуу Хурд гэсэн нэртэй уул уурхай, барилга, дэд бүтэц гээд олон салбарт нийтдээ 25 компанийг 100 хувь эзэмшдэг. Харин Б.Чойжилсүрэн сайдын нэр дээр нэг ч автомашин байдаггүй аж.


Хагас тэрбум гаруй төгрөгийн мал Б.Бат-Эрдэнэ сайдад бий  

“Мянгат малчин” гишүүнээр сүүлийн жилүүдэд ногоон гэрлээр шахуу шалгардаг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн мал сүрэг байнга тоо толгойгоо яг таг барьж “өсдөг”. 2014, 2015 онд түүний 430 адуу, 60 үхэр, 3000 хонь, хурдан удмын 20 адуу нь энэ тоондоо “өсч, хорогдсон” байна. Харин ямаан сүрэг нь 50-иар өсч, илүү ч үгүй дутуу ч үгүй 400 болжээ. Түүний энэ мал сүргийн үнэ өртгийг тооцвол 395,5 сая төгрөгөөс 618 сая төгрөг болж нэмэгдсэн байдаг. Тэгэхээр маш өндөр өртөг бүхий сайн үүлдрийн ямаа түүний сүрэгт нэмэгджээ гэсэн үг бололтой. 42 сая 599 мянга 980 төгрөг Б.Бат-Эрдэнэ сайд жилдээ олсон бол гэр бүлийнхний орлого нь 27 сая төгрөг аж. Хоёр орон сууц, нэг үйлдвэрлэл үйлчилгээний барилгаа 650 сая 100 мянган төгрөгөөр үнэлж, Toyota Lexus-470, Suzuki Jimmy маркийн 102 сая 800 мянган төгрөгийн авто машинаа бүртгүүлжээ. 0,07 га газраа тэрээр 10 сая төгрөгийн үнэлэмжтэй хэмээсэн бол хадгаламжиндаа гурван сая 211 мянга 460 төгрөгтэй юм байна. Өр, авлагагүй сайд нарын нэг нь. Атар чандгана ХК-ийн 51 хувь, Атар чандгана сүү ХК-ийн 14 хувь, Эрдэнэс Таван толгой ХК-ийн 5360 ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан