Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилгын салбар ТАВАН жил нам зогсох уу



Н.БАТ


Аравдугаар сарын 20-ны УИХ-ын чуулган дээр  Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн асуудлыг УИХ, засгийн газрын түвшинд зөвшилцөж шийдвэрлэх шаардлага тулгарч байна. УИХ-ын тогтоолын дагуу Ирээдүйн тэтгэврийн нөөц санг Засгийн газраас Монголбанк буцааж авсан. Гэтэл уг сан нь хөрөнгийн эх үүсвэргүй, 8 хувийн зээлийн хөтөлбөрийн эрхзүйн орчин тодорхой бус байна. Гэвч уг зээлийн хөтөлбөрөөс сар тутам орж ирж байгаа 25 тэрбум төгрөгийн хөрөнгөд суурилан цаашид зохих хэмжээгээр үргэлжлүүлээд явья гэсэн байр суурьтай байгаа” гэсэн мэдээлэл өгсөн нь ипотекийн зээлд хамрагдахсан гэсэн хүсэлтэй олон арван хүний хувьд “алсад гялалзах өнгөт од” гээч болов.

Өнөөдөр зах зээлд борлуулалтаа хүлээн бэлэн байгаа 25 мянган айлын орон сууц бий гэсэн албан бус тоо байна. Нэмэгдэх ч магадлалтай. Байранд орох мөрөөдөл тээж яваа хүн мэдээж үүнээс хэд дахин олон.  Зөвхөн нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа өрх энэ тооноос 6 дахин олон гээд бодохоор зах зээлд орон сууцны эрэлт бол хангалттай бий. Гэвч борлуулах механизм огт алга.

Наймдугаар сараас хойш ипотекийн зээл үндсэндээ зогсч, Монголбанкны хамгийн сүүлийн мэдээ 2016 оны наймдугаар сарын 9-нд оржээ. Тэрхүү мэдээнд 10846 иргэний 665,3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирснээс 3392 иргэн 5 хувийн хүүтэй 161,3 тэрбум төгрөгийн, 6261 иргэнд 8 хувийн хүүтэй 420,4 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ гэж дурджээ. Өөрөөр хэлбэл оны эхний найман сард 9653 иргэнд 581,7 тэрбум төгрөгийн зээл олгосон байгаа юм. Үүнээс харвал сард 72 гаруй тэрбум төгрөгийг ипотекийн зээл олгоход гаргаж, барилгын салбарыг ч иргэдээ ч дэмжихэд зориулж байжээ.

Жилийн 16 хувийн хүүтэй зээлийг сэргээх үү, 8 хувийн хүүтэй ипотекоо үргэлжлүүлэх үү

Монголбанкны шинэ ерөнхийлөгчийн хэлснээр ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг санхүүжүүлэхэд нийт 3,4 их наяд төгрөг зарцуулсан бөгөөд энэ нь шинээр хэвлэсэн мөнгө байсан учраас валютын ханш өсөх, зах зээлийн тогтворгүй байдал үүсэх нэг эх үүсвэр болсон гэнэ. Цаашид зээлийн эх үүсвэр тодорхойгүй учраас энэ зээлийн эргэн төлөлт болон сар тутам банкинд төвлөрч байгаа 25 тэрбум төгрөгийг эргүүлэн зээлд нь гаргах боломжтой гэж үзжээ. 100 хүртэл ам.метр талбайтай байранд ипотекийн зээл олгох журамтай гээд бодохоор дунджаар хамгийн багадаа 60 сая төгрөгөөр тооцож болох нь. Ингэвэл 25 тэрбум төгрөгөөр сард 416 өрхийг ипотекийн зээлд хамруулж болох нь. Үндсэндээ зах зээл дээр бэлэн байгаа 25 мянган байрыг ийм хурдтайгаар ипотекийн зээлээр борлуулна гэж үзвэл багадаа 60 сар шаардлагатай. Энэ нь 5 жил барилгын салбар нам зогсолт хийж, 5 жил ганц ч барилга барихгүйгээр байгаагаа зарж дуусгана гэж тооцох болох юм. Ингэснээр барилгын салбар 5 жил барьсан хэдэн орон сууцаа борлогдохыг нь хүлээж нам зогсохоос өөр гарц үгүй. Гол нь энэ салбарт ажилладаг 30 гаруй мянган хүн, багаар тооцоход тэдний ард байгаа 150 гаруй мянган хүний амьдралыг энэ хугацаанд хэн нуруундаа үүрч, хэн амыг нь хөдөлгөх вэ. Эсвэл зах зээлийн нийгэмд шилжсэний дараах шиг мянга мянган барилгачин зөвхөн “би чадна” төдий болж, өнөөх өвгөнт гээч руу хөл халитрах уу.

Энэ бол АН-ын буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын баталсан жилийн 8 хувийн хүүтэй 15-20 жилийн хугацаатай ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлбэл гэж тооцоход гарч буй үр дагавар. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газрын санал болгосон жилийн 5 хувийн хүүтэй орон сууцны зээлийн талаар ярилтгүй хэмээн Ж.Эрдэнэбатын Засгийн газар ам тагласан учраас орхих нь зүй. Мэдээж манай арилжааны банкуудын санал болгодог жилийн 16 хувийн хүүтэй зээлээр өнөөдөр орон сууц авах чадалтай нь бараг л үгүй болчихсон гэж хэлж болно.

Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн өөр нэг үг бол “Энэ сард найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө байна” гэх эсрэг байр суурь. Зээлийн эх үүсвэр тодорхойгүй гэдэг үгээрээ үүнийгээ эрс үгүйсгэсээр байгаа ч шийдвэрлэх санаа байгааг дурдах  нь зүй биз.

ТОСК-ын буруутай юу, залуусын мөрөөдөл буруутай юу

Өнөөдөр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн ад үзээд байгаа “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” хороололд л гэхэд дундаж амьдралтай хэдэн мянган өрх төвхнөсөн. Тэднээс зарим нь өнөөдөр ч ипотекийн зээлд хамрагдана гэдэгтээ итгэл төгс байж, зээлтэй ч гэсэн би байртай хүн хэмээн хэлж суугаа.

Хэдийгээр “улсын мөнгөөр хямд үнэтэй орон сууц барилаа. Өрөө төл” гэж ад үзсээр байгаа ч үүний цаана хэчнээн хүний амьдрал дээшилж, хэчнээн хүүхэд гэр хорооллоос байрных болж, хэчнээн ээж түлээ нүүрсний ажлаас хөндийрснийг насаараа байранд амьдарсан манай эрхэм дарга нар ойлгохгүй нь тодорхой.
Өр тавьсан ч хямд байр барьж болдог юм байна гэдгийг манай үндэсний компаниуд дээрх төслүүдээр баталсан. Энэ бол гарцаагүй үнэн. Төсөл цаашид үргэлжилбэл нийслэлийн нягтаршлыг саармагжуулсан томоохон бүтээн байгуулалт болно. Хүйтэн, хол хэмээн ад үздэг байсан Яармаг, Нисэх орчим бүл нэмж, халуун дулаан уур амьсгалтай болно. Төслийн үр дүнг тооцохоос өмнө “өрөө төл” хэмээн хашгирч эхэлсэн нь ердөө л өрсөлдөгч намаа муухай харагдуулах гэсэн хашир улстөрчийн санаа төдий гэж итгэе.

Ипотекийн зээл зогсохтой зэрэгцэн ашиглалтанд оруулсан нь ТОСК-ийн буруу. Бас зээл авч байр барьсан нь ТОСК-ийн буруу. Гэхдээ тэнд төвхнөсөн залуус зээлээ төлнө гэсэн бүрэн хүсэл эрмэлзлэлтэй байгааг харгалзан үзэх нь цагаатгах нэг сэдэл ч байж болох. Мэдээж, борлуулалт эрс муудсан учраас улсын хөрөнгөөр барьсан үл хөдлөх хөрөнгийг үр ашигтай байлгахын тулд Засгийн газраас ашиглалтын зардал болоод зээлийн хүүгээ ядаж төлөхөө бодоод түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлсэн байх. Тиймээс ч өнөөдөр Буянт-Ухаа хорооллын хоёр өрөө байрууд дууссан гэсэн тамгатай болчихсон. Харин гурван өрөө байранд 30 хувиа төлөөд орчих бэл бэнчинтэй нь юу билээ гэх тооцоог манай Засгийн газар хийсэн л байх ёстой. Хүүхдийн 20 мянган төгрөгийг өгөхгүй гээд айл бүрийн хөргөгч, зурагтыг тоолчихсон юм чинь хэний халаасанд байрны урьдчилгааны 30 хувийн бэл бэнчин байгаа вэ гэдгийг мэдэж цөхөөд байхад ядахгүй биз.

Өмнөх Засгийн газрын үед иргэдээ байранд оруулахад зээлийн уян хатан бодлого хэрэгтэй байгааг хаа хаанаа л хэлж байсан. Ялангуяа урьдчилгаа төлбөрийн асуудалд уян хатан хандах зүй ёсны шаардлага байгаа нь тодорхой.

Тэгэхээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлснээр Мэргэжлийн Засгийн газар иргэдээ байраар хангахын тулд тодорхой шийдэл гаргаж ажиллах шаардлага тулгарч буй нь үнэн.

0 Сэтгэгдэл
Хүйтэр ч байна.Ядаж хурлаар ороолд зөвшөөрчихсөн байгаа энэ хүсэлтээ явуулцан олон мянган залуусын асуудлыг хурдаг шийдээд өгөөч.Үнэхээр хоног тоолон хүлээж байна. Монголын залуус бүгд энэ зээлийг битгий зогсоосой гэж хүсэж байгаа.
Хамгийн их уншсан