Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэр бол хамгийн тодоор гэрэлтсэн “Жаргаагүй нар”



Б.ЦЭДЭВСҮРЭН

Өнөөдрөөс 110 жилийн өмнө буюу 1906 оны арваннэгдүгээр сарын 17-нд Дашдоржийн Нацагдорж хэмээх нэгэн их хүн мэндэлжээ. Академич Б.Ринчений үнэхээр гүн хүндэтгэлтэйгээр тодорхойлсончлон “магталтгүй сайн хүн” Д.Нацагдорж нь дан ганц зохиолч байсангүй.

Тэрээр 15 настайгаасаа л бичгийн ажилд шамдаж эхэлсэн төдийгүй нийгэм, улс төрийн салбарт Засгийн газрын нарийн бичгийн дарга, Цэргийн яаманд туслах түшмэл, Намын Төв хорооны орлогч гишүүн, Пионерын хэргийг эрхлэх товчооны анхны дарга, хэл бичгийн салбарт хэл шинжээч, толь зүйч, орчуулгын салбарт орчуулагч, түүхийн салбарт түүхч, сэтгүүл зүйн салбарт сэтгүүлч, утга зохиолын салбарт уран зохиолч зэрэг маш олон ажлыг 31 наслахдаа маш өндөр үр бүтээлтэй амжуулсан байдаг. Ёстой л түүний үзэгнийх нь үзүүр хүрсэн болгон эдүгээ алт эрдэнэс болон үлджээ. Түүхэн цаг үе нь ч түүнд энэ их олон үүргийг тохоосон байх, өөрөө ч эзэн нь болж чадсан юм.

Одоогийн Төв аймгийн Баяндэлгэр суманд тайж Дашдоржийн гэрт мэндэлсэн Нацагдоржийг долоон настай байхад түүний ээж Пагма бурхан болжээ. Хүү бага насандаа гэрийн боловсрол эзэмшсэн нь хожмоо их үйл бүтээх суурь нь болж. Тэрээр 1923 онд ОХУ-д Н.Г.Толмачевын нэрэмжит Улс төрийн академид эхнэр Пагмадуламын хамт суралцаж байгаад зуны амралтаараа эх орондоо ирж Бүх цэргийн зөвлөлийн туслах түшмэлийн албанд томилогдов. Яг энэ үед хэсэг хүмүүсийг Япон руу сургуульд явуулах талаар сонсч өргөдлөө өгсөн ч уг шийдвэр цуцлагдсан тул бүртгүүлсэн хүмүүсийг Германд суралцуулахаар болж. 1926 онд ийн Германыг зорьсон зургаан хүний дунд Нацагдорж болон түүний гэргий Пагмадулам нар багтсан байдаг. Тэд Германы их сургуулийн дорно дахиныг судлах ба сонин сэтгүүлийн ангид гурван жил суралцсан талаар түүхийн бичиг сурвалжид тэмдэглэгджээ.

Түүнийг их сургуулиа дүүргээгүй байхад эргүүлэн татаж эх орондоо ирээд байхад нь эсэргүү хэмээн буруутгаж хэд хэдэн удаа шоронд суулгаж байсан нь түүний зарим шүлгээс харагддаг.  Тэрээр Пагмадула­маас салсан ч, Нина гэх орос эхнэртэй болж охинтой болсноо мөн л түүнийг мөнхөлсөн бүтээлдээ бичсэн байдаг билээ. Гэхдээ тэрээр ид хийж бүтээх 31-хэн насандаа учир битүүлгээр таалал төгссөн байдаг юм. Түүний нэрийг мөнхөлсөн бүтээлүүдээс нь гадна орчуулгын бүтээлүүд нь одоо ч соён гэгээрүүлэх үүргээ биелүүлсээр л байна. Тэр жаргаж амжаагүй ч хамгийн тодоор гэрэлтсэн нар байсныг түүний зохиол бүтээлүүдээс харж болно. Тэр өөртөө бүтээлүүдээрээ мөнхийн гэрэлт хөшөө босгож чадсан нь өдгөө бүтээл бүтэн зуун дамжин өртөөлөн түгсээр л байгаа юм. Түүний бодит амьдралын үнэн түүхийн шаргал хуудаснаа он цагтай уралдан баларсаар л. Тэгвэл үүнийг мөнхлөхөөр УДЭТ-ын уран бүтээлчид их зохиолчийн амьдралын бодит үнэнээс сэдэвлэн “Жаргаагүй нар” жүжгээ үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Ш.Гүрбазарын зохиол, Ч.Түвшингийн найруулгаар уг жүжиг бүтэж, удахгүй үзэгчдийн өмнө хөшгөө нээх гэж байгаа ч жүжгийн бэлтгэ­лийн үеэр уран бүтээлчидтэй уулзах боломж олдсон юм.


Ч.Түвшин: Мэдэхгүй зүйлийг мэддэг болгохын тулд бамбар асааж байна

/УДЭТ-ын найруулагч/

-“Жаргаагүй нар” жүжиг удахгүй үзэгчдийн өмнө хөшгөө нээх нь. Их зохиолчийн амьдралаас сэдэвлэсэн гэсэн. Чухам энэ хүний уран бүтээл, амьдралаас юуг нь онцолж байна вэ?
-Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн гэхээр түүхэн жүжиг гэж ойлгоод байна. Түүхэн жүжиг гэхээсээ илүү болсон явдлаас сэдэвчилсэн уран бүтээл юм.  Хүн төрөлхтний түүхэнд нүүдэлчин, булаан эзлэгч, эсгий туургатан гээд олон хэлэгддэг улс үндэстэн бол монголчууд. Тэгвэл монголчуудын шинэ түүхэнд яалт ч үгүй шинэ сэтгэлгээ, шинэ хэллэг, шинэ дүр төрхийг төрүүлэхэд том хувь нэмэр оруулсан хүн бол Дашдоржийн Нацагдорж. Энэ хүний тухай жүжиг хийх шийдвэр 2015 онд гарсан бол өдгөө ийн тайзны бүтээл болж байна. Манай театр Нацагдоржийн нэрэмжит. Тиймээс энэ хүний тухай жүжиг тавих зайлшгүй шаардлагатай тулгарч байсан. Ард түмний хувьд ч ийм хүсэлт, хүлээлт байгаа.

-Түүний тухай уран бүтээл хийж байгаа учраас найруулагч хүн бодитоор мэдэрч, харах ёстой. Таныхаар Нацагдорж ямар хүн байсан юм бэ?
-Энэ хүний замбуу тивд 30-хан наслах томилолт нь Монгол Улсын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үед, Ардын хувьсгалын үед мөн Импортын хувьсгалын үед тохиосноороо маш онцлогтой.  Яахын аргагүй Монголын ард түмний хүсэн хүлээсэн түүхт хөвгүүдийн нэг гэдэг нь олон зүйлээс харагддаг. Нацагдорж нь таван яаманд ажиллаж байсан төдийгүй хар багаасаа судар бичгийн хүрээлэнгээс эхлээд бүх шатны төр, олон нийт, эрдэм судалгааны байгууллагуудад ажиллаж байсан тайж гаралтай хүн.
Нөгөөтэйгүүр Чингис хааны түүхээс эхлээд Дорно дахины бүх утга зохиол урлаг, бичиг соёлын судалбар болсон  ийм хүн Өрнийн боловсролыг эзэмшсэн нь бас их давуу талтай. Өрнийн болон аргын ухаан, Дорнын болон билгийн ухааны энэ их далайгаас билэг оюунаа цэнэглэсэн эл найрагчид Шинэ цагийн Монголын утга зохиолыг хөгжүүлэх, үүсгэх, өрнүүлэх үүрэг тохиосон.  Магадгүй үүгээрээ Нацагдорж их хувьтай. Нийгмээрээ нийтийн сэтгэхүйтэй болчихсон байхад Нацагдорж тийм байхыг хүсээгүй.

-Жүжигт дан ганц Д.Нацагдоржийн уран бүтээл, тухайн үеийн хэлмэгдүүлэлт цаг үеийг харуулах бус түүний хайр сэтгэл, хувийн амьдралыг тусгаж байгаа гэлээ. Магадгүй жүжгийн гол “бай” Пагмадулам, Нацагдоржийн хайр сэтгэл ч байж болох...
-Бид 1930 оны хэлмэгдүүлэлт, дарангуйлал, харгислалыг жүжигт голчлохгүй. Харин хайр, эгэл амьдралыг харуулна. Хүн эгэл байх тусмаа илүү их ертөнцийн хэмжээнд бодож эхэлдэг. Агуу ихийг худал тоглоод ирэхээр сэтгэлгээ нь жижгэрээд эхэлдэг. Энэ жүжиг маань түүхэн эмгэнэлт жүжиг. Нэг ч худлаа зүйл байхгүй. Бүгд түүхийн баримт судалгаан дээр хийгдсэн.  Магадгүй үеийн үед дурсагдаж, цаашдаа мартагдахгүй байх санамжууд ч энэ жүжгэнд дуугарна. Хүн мэддэггүй юмныхаа дайсан. Яагаад гэвэл Нацагдоржийг бид мэдээгүй. Тиймээс тухайн үеийн бурангуй нийгмийг харуулахаас илүүтэй  Нацагдорж чухам ямар хүн байсан, түүний хайр сэтгэл, амьдралын бодит үнэнийг хүүрнэнэ. Нацагдоржийн эхнэр Пагмадулам гэхэд мөн л тайж гаралтай, тухайн үедээ гайхамшигтай мэдлэгтэй эмэгтэйчүүдийн нэгд тооцогдож байсан. Дотоод ухамсар, гаднах хэлбэрийн хувьд гологдохооргүй бүсгүй. Гэтэл энэ хоёр сайхан залуусын мөрөөдөл хаана хүрэх байсан, хаана очиж дууссан, тэр мөрөөдлийг нь хэн тасалсан гээд бүх зүйлийг хүн бүр төдийлэн мэддэггүй. Харин манай жүжгийн гол агуулга бол энэ.  30-хан настай залуу байж хэний төлөө ингэж уйгагүй ажиллаа вэ.  Нөгөө талаасаа мунхагийн сэтгэлгээгээрээ эгэл даруу амьдарч байсан бол тэд 30-хан насандаа хорвоог орхихгүй, амьд л байх байсан. Гэтэл чухам юуг эрхэмлэж энэ хоёр маань залуу нас, аз жаргалаа өргөв өө гэдгийг бид бодох л хэрэгтэй. Үхэн үхтлээ үзэл санааныхаа төлөө өөрсдийн хайр сэтгэлээ золиосолсон шүү дээ. Энэ бүхний тухай бид жүжигтээ өгүүлнэ. Заавал шивтэртэй хэсгийг хөндсөн байх албагүй. Илүү оюун ухаанч байх тал руугаа чиглэсэн.

-Хамт байж чадахгүйгээсээ болоод их адармаатай амьдрал, зовлон зүдгүүрийг туулсан юм билээ.
-Тэд бол хязгааргүй эрх чөлөөнд тэмүүлэгчид. Тиймээс ч Нацагдорж, Пагмадулам хоёр эрх чөлөөг тархиндаа тунхаглаж чадсан. Уран бүтээлдээ мэдэрч чадсан. Ажил үйлсдээ эрхэмлэж сурсан. Пагмадулам тухайн үед их хурлын ганц эмэгтэй гишүүн байсан. Энэ хүн гурван өгүүлбэр хэлэхэд дунд нь таван удаа эрх чөлөө гэдэг үг гарч байна.  Тэгэхээр тэд бол хувийн таашаал, аз жаргалаас илүү үндэсний эрх ашиг, үндэсний эрх чөлөө, үндэсний ухамсрын төлөө амьдарсан хүмүүс байгаа юм.  Тиймээс ч энэ бүхний төлөө өөрсдийн хайр сэтгэлийг золиосолсон. Ер нь ийм хүмүүсийн үзэл санаан дээр түүх бичигддэгийн нэг тод жишээ бол энэ хоёр. Бид өвөг дээдсээ мэдэхгүй байна. Түүхийг зориудаар зохион бичсэн байна. Тиймээс энэ бүхнийг ахиад судалгааны шинэ түвшинд гаргаж ирж, зоригтой хандах ёстой. Өөрөөр хэлбэл, мэдэхгүй юмыг мэддэг болгохын тулд энэ бамбарыг асаах ёстой.  Өнөө үеийн залуус хийгээд үзэгчдэд маш том сургамж болно.


Э.Шинэбаяр: Д.Нацагдорж цаг үеэсээ түрүүлчихсэн сэтгэлгээтэй хүн байсан

/УДЭТ-ын жүжигчин, Д.Нацагдоржийн дүрийг амилуулж буй/

-Уран бүтээлч хүн аливаа дүрийг хийхийн тулд дүрээрээ амьдарч, дүрээрээ асч, дүрэлзэх ёстой. Их зохиолчийн тухай хэрхэн судалж, дүр дээрээ хэрхэн ажиллаж байна вэ?
-Бид арван жилээсээ л  “Миний нутаг”, “Миний хэнз хурга” гэх мэт олон шүлгээр нь энэ хүнийг мэднэ. Гэхдээ яг ямар хүн байсан, түүний амьдрал, бодрол гээд нарийн зүйлсийг нь мэдэж чадахгүй өдийг хүрсэн. Арван жилийн төсөөллөөр маань Нацагдорж гэж хүн дээлний дотор срочик өмсч, зангиа зүүсэн нэг тийм цэвэрхэн залуу. Харин одоо судалж буйгаар маань соёлын нэвчих үзэгдлийг оруулж ирж, түгээн дэлгэрүүлсэн онцгой хүн. Тоос буртганд даруулсан хувцас хунар бүү хэл ганц ч үрчлээс, толбогүй хувцас өмсч, олны дундаас биеэ авч яваа байдал, үг хэл, үзэл санаагаараа онцгойрч чадсан аугаа зохиолч. Энэ хүн ОХУ, Германд боловсрол эзэмшиж, сурч хөдөлмөрлөж байсныхаа хувьд тухайн үеийн монголчуудаас арай өөр сэтгэлгээтэй байсан. Гадны соёлоос авч хэрэгжүүлж болох зүйлсийг нь Монголдоо түгээх гэж эрмэлздэг байсны магадгүй нэг илэрхийлэл нь түүний хувцаслалт, цэвэр цэмцгэр байдал, гадаад имиж байх гэж бий хувьдаа дүгнэж байгаа. Ийм суут  хүмүүний дүрд тоглоно гэдэг миний хувьд маш том аз завшаан. Дүрээ судалж, ойлгохын тулд энэ хүний нэгээхэн хэсгийг ч гэсэн таньж мэдэж байгаадаа олзуурхаж байна. Суут, соён гэгээрүүлэгч гэсэн тодотгол яг л энэ хүнд тохирно. Тухайн үед бичиж байсан шүлгүүд нь хүртэл өнөө цагийг тод томруунаар харсан аятай бичсэн байгаа нь яалт ч үгүй суут хүмүүн байсныг гэрчилнэ. Суут хүмүүнийг тухайн цаг үе нь болоод мөр зэрэгцэн алхаж байсан хүмүүс нь бус харин уран бүтээл нь тодорхойлдог.  Хойч үедээ ухаарал, бодролыг өвлүүлж үлдээнэ гэдэг үнэхээр аугаа.

Бид Нацагдоржийг судалдаг 20-иод эрдэмтэнтэй уулзаж баримт нотолгоон дээр тулгуурлаж энэхүү түүхэн жүжгээ хийж буй. Тэр хүний уран бүтээл, хайр сэтгэл, зовлон гуниг гээд бүхий л амьдралынх нь цаг мөчлөгийг харуулахыг зорьж байна. Мэдээж хүн гэдэг инээж, баярлаж, гуниглаж, зовж, шаналж байдаг. Нацагдоржийн хувьд ч ялгаагүй. Тиймээс тэр бүх зүйлийг харуулна. Энэ аугаа хүн яг юуг зорьж, тэмүүлж байсныг л мэдэрч чадвал тухайн хүнийг бусдад таниулж чадна шүү дээ. Бидний мэдэхгүй зүйлийг аль эрт олж мэдсэн байдаг нь Нацагдоржийн уран бүтээл, туурвилаас тод томруун харагддаг. Тухайлбал, бид арван жилдээ Марс гараг дээр амьдрал  байдаг гэж дөнгөж үзэж байхад, тэр хүн аль хэдийнэ мэдсэн байсан нь “Од” гэдэг шүлгэн дээр гардаг. Энэ мэт өнөө цагийг яг л харсан аятай, туулсан мэт уран бүтээлдээ туурвисан түүнийг  хав харанхуй нийгэмд  гэрэлтэж байсан ганц од гээд хэлчихвэл хилсдэхгүй биз.

-Энэ дүр бол жамаараа асаад, шатаад, харавчихаагүй. Их зохиолчийн амьдралын аль үе чамайг хөглөж байх юм?
-Хүний амьдралд уналттай үе гэж бий.  Нацагдоржид ч тийм үе байсан. Шоронд орж, чихрийн цаасан дээр хүртэл үг, үзэл бодлоо шигтгэж өгч байсан түүнд тухайн цаг үе дэндүү харгис, хатууг мэдрүүлсэн. Нэг хүнд арай л хэтэрхий их зовлон үүрүүлчихсэн юм шиг санагдаж байгаа. Судлаачдын хэлж буйгаар Нацагдорж их дуугүй хүн байсан гэдэг. Гэхдээ зарим нь хошин шогийн мэдрэмж өндөртэй, хөгжилтэй хүн байсан ч гэж ярьдаг.  Харин миний олж харж буйгаар энэ хүн уурлахдаа уурлаж, гомдохдоо гомддог эгэл ааш араншинтай хүн хэрнээ хэний ч өмнө үгээ хэлчихдэг, шударга, зоригтой, бардам нэгэн байсан. Хамгийн гол нь ямарваа зүйлийн голыг нь олж хэлдэг, гаргалгаа гаргахдаа сайн, өөрийнхөө үзэл санаан дээр бат зогсч чаддаг тийм л хүн.

Нөгөөтэйгүүр, Нацагдорж гуайн хамгийн сайн найз Сандаг нь хүртэл түүний тухай тоймтой бодит мэдээллийг өгч чадаагүй. Бүр Нацагдоржийн тухай ярихгүй гэсэн гарын үсэг хүртэл зурагдсан байдаг юм билээ. Тэгэхээр энэ хүн асар их нууцлагдмал байгаа юм. Хайр дурлал, хувийн харилцааг нь судалж байхад их зөөлөн хүн санагдсан. Өөрөөр хэлбэл, түүний зөөлөн, хүнлэг чанар нь хайр дурлалаас нь тод харагддаг. Ерөнхийдөө энэ хүний ааш араншин, үзэл бодол, санаа зорилго нь уран бүтээлээс нь үнэртэж, харагдаж, мэдрэгддэг. Үзгээр зэвсэг хийж, чихрийн цаасан дээр хүртэл тэмцлээ бичиж үлдээж байсан энэ агуу эрхмийн талаарх мэдрэмжийг жүжгээрээ илүү сайн гаргахыг эрмэлзэж байна. Эцэст нь гэж хэлэхэд, амьдралын зовлон бүрт нураад байвал тэр хүн Нацагдорж биш. Харин босч ирж, сөрөөд байвал л Нацагдорж мөн юм.


Н.Баярмаа: Пагмадулам бол тухайн цаг үедээ баймгүй боловсролтой, биширмээр эмэгтэй

/УДЭТ-ын жүжигчин, Д.Нацагдоржийн эхнэр Пагмадуламын дүрийг амилуулж буй/

-Пагмадуламыг нөхрийнхөө нэрэнд дарагдсан учраас түүх бичигт бодит түүх нь үлдээгүй. Түүнээс их зохиолчоос ч дутахаагүй боловсролтой нэгэн байсан гэх. Түүний дүр дээр ажиллаж байгаагийн хувьд судалж мэдсэн зүйл арвин бий байх?
-Хөрш айлын бяцхан охины дүрсэлж буйгаар Пагмадулам нь өндөр, гуалиг, намбалаг эгч. Харин их зохиолчдын дүгнэлтээр өндөр боловсролтой нэгэн. Их зохиолч Нацагдоржоос нэг насаар эгч байсан Пагмадуламтай холбоотой баримт, материалууд цөөнгүй. Гэхдээ эдгээр баримтны дийлэнх нь түүнийг язгууртан угсаатны тайж гаралтай, олон хэлтэй оюунлаг эмэгтэй байсныг гэрчилнэ. Түүний хувьд бүр бага байхдаа манж, хятад хэлийг сурчихсан байсан. Улмаар их зохиолч нөхрийнхөө хамт ОХУ, Германд суралцаж байсан гэх. “Эрчүүд шүлэг хэлэлцэж байхад эмэгтэйгээс ганцхан Пагмадулам л тэдэнтэй эн тэнцүү ном, шүлэг хаялцдаг байсан” гэж Нацагдорж гуайтай хамт байсан зохиолчид ярьсан байдаг юм билээ. Мөн Монголын түүх судлалаар мэргэшсэн олон талын эрдэм боловсролтой тухайн цаг үедээ баймгүй өндөр боловсролтой, биширмээр эмэгтэй байсан.

-Түүнийг нөхрөөсөө салж амьдралын хатуу бэрхийг туулсан гэдэг. Тэд бол цаг хугацаа, нийгмийн золиос гэх нь ч бий...
-Магадгүй тэд оюунлаг байдлаараа биенийгээ илүү мэдэрч нэг гэр бүл болсон байх. Тэдний хайр сэтгэл үнэхээр чин сэтгэлийн, үнэн хайр байсан гэдэг утгаараа маш их зовлон жаргалыг хамтдаа туулсан. Үхэн үхтлээ нэг нэгнийхээ төлөө байсан гэдэг нь олон баримтаас харагдаж байгаа.  Дөнгөж 30 насыг элээсэн хүмүүс гэхэд насандаа ахадхаар маш их зовлон бэрхшээлийг туулсан өрөвдмөөр түүхтэй юм билээ. 17-хон насандаа бүжгийн талбайд нэгэндээ анхны харцаар дурлаад л эргэлт буцалтгүй шийдэж нэг гэрт орсон. Их хэлмэгдүүлэлт, хэцүү бэрх он жилүүд тэднийг хүчээр салгасан ч тэд зүрх сэтгэлээрээ салаагүй. Улс орны ороо бусгаа үед тусдаа амьдарч байсан тэднийг хааяахан шөнө оройн цагаар нууцхан уулзаад салдаг байсныг олон хүн гэрчилдэг. Гэхдээ хүн л болсон хойно төгс байна гэж байхгүй. Амьдралын хүнд хэцүүг туулж, арай гэж нутагтаа ирж сайхан амьдаръя гэж байсан ч энэ их боловсрол мэдлэгтэй хүмүүсийг эх орон нь хэн ч биш болгосон. Алс холын Герман улсад хүнд өвчинтэйгээ тэмцэж байгаад нутагтаа ирсэн Пагмадуламыг хайрттайгаа амьдрах боломжгүй нөхцөл байдал эх оронд нь угтаж авсан.

Хань Нацагдоржийг нь төмрийн заводын ажилчин болгож, харин Пагмадуламыг Хятад гудамж руу “цөлсөн” гэх. Тэрээр Цагаан гэх хятад айлын хашаанд нэг хэсэгтээ л нам жим, анир чимээгүй амьдарсан ч түүний амьдрал их доройтсон. Муу зуршлуудтай болж, хүн амьтнаас далд, нэгэн байшинд бүгдэг болсон юм гэдэг.  Зан ааш нь ч өөрчлөгдөж их хурц, ширүүн болсон юм билээ. Тэр их зовлон бэрхшээл, хатуу хөтүү нөхцөлд хүн л юм чинь өөрчлөгдөж, “нурна” шүү дээ. Хайртай хүнтэйгээ өдрийн цагаар хамт байж болохгүй тийм хүнд хэцүү цаг үе тэднийг асар хурдан хорвоог орхиход нөлөөлсөн болов уу гэж би хувьдаа дүгнэсэн. Учраад 11 жил болоход энэ хоёр хүний амьдрал маш долгионтой, адармаатай байсан. Нуугдсан, золиосолсон, хайрласан гэдэг үг энэ эмэгтэйн амьдралыг илэрхийлэх болов уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан