Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Эрдэнэт”-ийн асуудлаар Байнгын хорооны ажлын хэсэг байгуулах болов


 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэн 19.40 цагт өндөрлөв.

Хуралдаанд Eрөнхий сайд асан Ч.Сайханбилэг оролцон гишүүдийн асуултад хариулсан юм. Тэрбээр "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголын компани худалдаж авсан үйл явцад ямар нэг хуйвалдаан байгаагүйг дахин дахин тайлбарласан бөгөөд гагцхүү цаг хугацааны хувьд шахуу нөхцөл байдалд шийдвэрлэсэн гэж байв. Тэрбээр асуултад хариулж дуусаад хуралдааныг орхиж, гишүүд хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, санал хэлсэн.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “”Эрдэнэт”-ийн 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс” компанид шилжүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой байхад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрээ гаргасан нь Үндсэн хууль болоод олон улсын гэрээ конвенциудыг зөрчсөн үйлдэл болсон. Иймээс хууль бус зүйлийг буцаах ёстой. Буцаасны дараа 49 хувийг хэнд ямар байдлаар эзэмшүүлэх вэ гэдэг асуудал яригдаж,  бүх зүйлийг хуулийн хүрээнд шийдэх ёстой гэсэн байр суурь голлож байв.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ “Хувийн хэвшил нь хөрөнгөө гаргаад “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монголын мэдэлд авчирахад чухал үүрэг гүйцэтгэж ажилласан байтал асуудлыг улстөржүүлэн яллах нь буруу. Энэ асуудлаар хагас жил сонгуулийн шоу хийлээ. Одоо наад асуудлаа зогсоо, үнэхээр хууль зөрчсөн асуудал байгаа бол тэрийг шалгадаг газраар нь шалгуулаад үнэн мөнийг нь тогтоолго. УИХ-аас Ажлын хэсэг гаргаад шалгуул. Зөвхөн 49 хувийг тойрч улс төр хийгээд байлгүй 51 хувь дээрээ ч ярих юм их бий. Тэр "Жаст" компанийн тавьсан өрийг Монгол Улс төлөх болж байна. Мөн 2012 оноос өмнө Эрдэнэтэд явсан шахааны бизнесийн асуудлыг ч  хамтад нь сөхөж ярь, шалга" гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаа нь Орхон аймгийн нийт иргэдийн амьжиргаатай шууд холбоотой. 49 хувийг худалдан авсан аж ахуйн нэгж энэ хэрээрээ нийгмийн хариуцлага хүлээх болж байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “"Эрдэнэт үйлдвэр” ХХК 100 хувь Монголын мэдэлд ирээд байгаа нь чухал. Нөгөөтэйгүүр тус үйлдвэр 109 сая ам.долларыг зээлд баталгаа гаргасантай холбоотой асуудал Лондонгийн Арбитрын шүүхээр хэлэлцэгдэж байгаа, мөн худалдааны гэрээ зөрчсөнтэй холбоотой ихээхэн хэмжээний торгуулийн төлбөр төлөх үүрэгтэй. Цаашлаад үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах шаардлага бий. Тиймээс УИХ “Эрдэнэт"-тэй холбоотой асуудлыг бүхлээр нь харж, шалгалт явуулж, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй" гэлээ.

Улмаар гишүүд үг хэлж дуусахад Хууль зүйн байнгын хорооноос уг асуудлыг судалж, шалгар үүрэгтэй ажлын хэсэг байгуулан ажиллах нь зүйтэй хэмээн үзлээ.

Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн бөгөөд "Эрдэнэт"-ийн асуудлыг маргааш байнгын хороогоор үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Уг хуралдаанд Сангийн сайд асан Б.Болор оролцох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан