Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Горьдлого тээлгэж гар тосуулсан Оюу толгой

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын 4.4 тэрбум ам.доллар гадаад эзэдийнх нь халаасанд оржээ-

Т.ЖАНЦАН


Манай улсын эдийн засагт уул уурхайн салбар 16 жилийн өмнө 30 хувийн хамааралтай байв. Тэр үед зөвхөн “Эрдэнэт үйлдвэр” болон алтны шороон ордын цөөн компани, дотоодын эрчим хүчний нүүрс олборлогч Багануур, Шивээ-Овоо, Адуунчулуун гэсэн уурхай л ажиллаж байлаа. Тэгвэл өнөөдөр манай улсын эдийн засгийн 70-80 хувь нь уул уурхайгаас хамаарч, ашигт малтмалын үнийн уналт Монгол Улсад хямрал “бэлэглээд” байгаа. Эдийн засагч, судлаачид Монгол Улс уул уурхайн хэт хамаарлаас ангижирч эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийж эхлэх цаг болсон хэмээн анхааруулж буй. Гэвч уул уурхай ирэх 15-20 жилд манай улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэнэ гэдэг.

Энэ оны эхний хагас жилд манай улсын ДНБ 10.9 тэрбум ам.доллар болжээ. Ингээд өсөлт нь 1.4 хувьтай гарсан. ДНБ-ий хэмжээ 19 тэрбум ам.долларт хүрч байсан удаа бий. Өнөөдөр уул уурхай гэхээр л Оюу толгой, Тавантолгой орд монголчуудыг тэжээнэ гэж үе үеийн эх баригчид, популистууд тоть шиг давтаж ирлээ. Өөрөөр хэлбэл, монголчуудын түрийвч, хөрөнгө санхүүтэй холбоотой бүх зүйлд л найдвар тээж нэр нь цохиж явдаг болсон. Тухайлбал, ирэх оны улсын төсвийн төсөлд  эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд Оюу толгойн далд уурхайн, Тавантолгойн төмөр замын,  Гацууртын алтны ордын зэрэг уул уурхайн томоохон төсөл гол үүрэг гүйцэтгэнэ гэж үзжээ. Мөн Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц, “ДЦС 3”-ыг 250 мВт-аар өргөтгөх төсөл нь Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг  гурван хувьд хүргэх төсөөлөл хийгээд байна. Энд зөвхөн Оюу толгой төслийн талаар өгүүлье. Учир нь, уг төслийн эхний үе шат хэрэгжиж дуусаад зэс, алтны баяжмалын үйлдвэрлэл нь улсын төсөвт жил бүр  чамгүй орлого оруулахаар төсөөлөгдөх болсон билээ. Гэтэл Оюу толгойгоос сайн гэхээсээ саар мэдээ сонсогдох болоод байгаа. Ингээд Оюутолгой компанийн монголчуудад төрүүлж буй горьдлого, өнөөгийн байдлын талаар дор өгүүлье.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл гацлаа. Энэ төсөл гацаагүй  бол монголчуудын түрийвчинд чамгүй мөнгө орж ирэх  байсан гээд бөөн асуудал дэгдсэн. Гэвч өнөөдөр гацаанаас гарч хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн ч тэр хүсч байсан мөнгө орж ирж эдийн засгийг тэтгээгүй л байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Оюу толгойн гүний уурхайн төслийн 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт шийдэгдэж  ёслол төгөлдөр гарын үсэг зурсан.  Энэ мөнгийг олон улсын 15 томоохон банк, хөрөнгө оруулагчид нийлж шийдэж өглөө гэж байв. Гэтэл “Оюу толгой” компани уг мөнгөний 4.3 тэрбум ам.долларыг өөрийн толгой компани “Туркойз Хилл”-д өгөх хувь нийлүүлэгчийн зээл төлөхөд  ашиглажээ. Иймд уг мөнгө Оюу толгойн хувь нийлүүлэгч гадаад эздийн халаасанд орсон аж. Тэгэхээр Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтаар дээрх хэмжээний мөнгө ирэх жилүүдэд орж ирж хямралын шуурга харанхуйлсан  эдийн засагт гэрэл гийгүүлэх амь тариа болно гэж найдах хэрэггүй болов. Гэтэл ирэх оны улсын төсвийн төсөлд ”Оюу толгой” далд уурхайн бүтээн байгуулалтын дээрх санхүүжилтээс 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн горьдлого тээж тусгаад байгаа юм.

“Оюу толгой” компанийн мэдээллээс үзвэл өнөөдөр гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа аж. Одоо тавдугаар  босоо амны нэвтрэлт, налуу амны малталтын ажил эхэлсэн гэнэ.  Тус компани энэ онд далд уурхайн бүтээн байгуулалтад 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх тооцоо гарсан юм. Далд уурхайн барилгын ажилд одоогоор 1600 хүн ажиллаж байгаа бөгөөд оны төгсгөлд 2400 болгох мэдээлэл байна.

Ирэх онд уул уурхайн салбар нэг их наяд гаруй төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх тооцоо бий. Үүний 462 тэрбум төгрөгийг “Оюу толгой” компани 850 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж бүрдүүлэх нь. Нэг ёсондоо уул уурхайн салбарын орлогын бараг талыг нь дангаараа бүрдүүлэх найдлага төрүүлж буй юм. Гэтэл “Оюу толгой” компани сүүлийн үед үйлдвэрлэж байгаа баяжмал дахь зэс, алт, мөнгөний агууламж буурсан мэдээлэл удаа дараа хийх болсон. Тус компанийн мэдээлснээр ил уурхайн гуравдугаар үе шатанд зэс, алтны агууламж бага аж. Одоо дөрөвдүгээр үе шатны хөрс хуулалт эхлээд байгаа гэнэ. Хүдэр дэх металын агууламж багассан тул зэсийн үйлдвэрлэл нь 9.9, алтных 47.1 хувиар тус тус буурчээ. Энэ хэрээр улсын төсөвт оруулах татвар нь буурна гэсэн үг. Ингээд энэ онд манай улсын экспортын хэмжээ 14.4 хувиар буурч дөрвөн тэрбум ам.доллар болох тооцоо гарлаа. Тэгвэл зэс, алтны өндөр агуулгатай дөрөвдүгээр үе шатны хүдэр олборлож эхлэх үед манай улсын татварын орлого нэмэгдэнэ гэсэн горьдлого төрүүлж байна. Харин зэс, алтны агууламж нь буурсан хэвээр байвал Монгол Улсын ашигт малтмалын экспортын хэмжээ энэ жилийнхээс 4.4 хувиар буурах төлөв ажиглагдаж байгаа юм. Эцэст нь хэлэхэд, Оюу толгойн мөнгө монголчуудыг эдийн засгийн хямралаас гарахад тус болохгүй нь  бололтой. Өөрөөр хэлбэл, горьдлого тээж гараа тосоод  ч нэмэргүй нь.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Засгийн газар Чалкогийн өрийг тэглээд коксжсон нүүрсээ урагшаа 200 доллараар зараачээ.
Хамгийн их уншсан