Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жилийн дотор 800 нуур ширгэжээ


Б.МЯГМАРЖАВ


Манай улсад цаг уурын өөрчлөлт дулаарал болон бусад хүчин зүйлээс шалтгаалан гол горхи, нуур, цөөрөм ширгэсээр байна. Тухайлбал, хамгийн сүүлд бидний бахархал болсон Ганга нуур ширгэх аюулд ороод байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл 2014-2015 оны хооронд буюу жилийн дотор 800 гаруй нуур ширгэжээ. Мал аж ахуй, газар тариалан түшиглэн амьдардаг монголчуудын хувьд ёстой л нэг  аюулын харанга дэлдэж байна гэдэг л болж байна. Манай орны уур амьсгалын өөрчлөлт 2,1 градусаар нэмэгдсэн. Уг жижигхэн тоо гол мөрний усны нөөцөд асар их өөрчлөлт оруулаад байгаа нь энэ аж. 

Мөн 1940 онд хийсэн мөст мөсөн голын зураг байдаг. Түүнээс хойш 1990, 2000, 2015 онд хийсэн олон жилийн хиймэл дагуулын мэдээнээс харахад мөст мөсөн голын эзлэх талбай 40 гаруй хувиар багассан гэсэн тоо гарчээ. Ингэхдээ Алтай таван богд, Цамбагарав, Мөнх, Сутай хайрханы мөстлөгт хайлалт хуримтлалын хэмжээ хамгийн их байсан гэнэ. Гэтэл хайлалтын хэмжээ зарим жилүүдэд уулын оройдоо хүрч байжээ. Ийнхүү мөст мөсөн голын хуримтлалын бүс багасч мөстөлд агуулагдаж байгаа мөстлөгийн хэмжээ 19,4 милл метр куб болжээ. Тиймээс энэ цаг уурын өөрчлөлтийн үед мөст мөсөн голоо хэрхэн хамгаалах талаар эрдэмтэн судлаачид болон олон улсын эрдэмтэд зөвлөлдсөн юм. ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны 24 дүгээр хурлыг БОАЖЯ, ЮНЕСКО-гийн Жакартан дахь төлөөлөгчийн газар, Монголын Үндэсний Комисс хамтран зохион байгууллаа. Уг хурлын гол зорилго нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудын усны эрдэм шинжилгээ, боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын ус зүйн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн судалгааны төсөл, хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх харилцан туршлага солилцох юм. Хуралд Япон, БНХАУ, Малайз, Австрали болон ундны усны гачигдалд ороод байгаа Индонез, Тайланд зэрэг 14 орны 40 гаруй төлөөлөгч оролцов.

 
Г.Даваа: Өндөр ууланд ус хуримтлуулж мөнх цэвдэгийг хадгална

Дээрх асуудалтай холбогдуулан Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын секторын эрхлэгч доктор Г.Даваагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улсын мөст мөсөн голын хэмжээ жил ирэх бүр буурсаар байна гэлээ. Тэгэхээр энэ хэмжээг бууруулахгүй байх ямар арга байна вэ?
-Хайлж байгаа нөлөөллийг бид зогсоож чадахгүй байна. Хүний хүчин чадлаас хэтэрсэн зүйл. Харин өндөр ууланд усны хуримтлал бий болгох шаардлагатай. Энэ байдлаар нөлөөллийг нь бууруулах боломж бий. Энэ хуримтлалыг хэрэгжүүлэх бодлого хэрэгтэй байна. Ингэхийн тулд хөдөө аж ахуй, усалгаатай газар тариалан, дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй.

-Нуураас гадна олон гол горхи ширгэж байгаа. Энэ тухайд?
-Манай улсад ойролцоогоор 32 мянган гол горхи байдаг. Цаг уурын өөрчлөлтийн нөлөөлөл их байна. Монгол орны гол мөрний усны нөөцийг нийтэд нь авч үзвэл 1970, 1990 оны үед хамгийн их байсан. Харин 1996 оноос хойш усны хэмжээ эрс багасч дандаа бага устай байсан. Бага устай үе ийм удаан хугацаанд үргэлжилж байгаагүй. Цаашдаа энэ нөлөөллөөс гол мөрний сав газар амьдарч байгаа иргэдийн  усан хангамжийн асуудал, эко систем байгаль орчин гээд олон асуудлыг хэрхэн шийдэх шаардлага гарна. Тиймээс сав газрын нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх учиртай. Түүнээс гадна судлаачид энэ 20 жилийн бага устай нөлөөлөлд чухам юу нөлөөлснийг гаргаж ирэх хэрэгтэй.

-Усны хомсдолд дулаарлаас гадна ямар хүчин зүйлүүд нөлөөлж  байна вэ. Ер нь, энэ тал дээр төрийн бодлого хэрхэн хүрч байгаа вэ?
-Хурд тунадас бага орж байгаагаас шалтгаалж байна. 2004-2005 оны үед Туул гол хамгийн бага устай үе байсан. Энэ үед Туул голоор урсч  байгаа усны бүрэлдэхүүнийг аваад үзэхэд өндөр уулнаас буусан ус зонхилж байсан. Цэвдэг хайлаад цаашдаа урсац усны горим нь өөрчлөгдөх шинж ажиглагдаж байгаа. Мөст мөсөн голын хайлалтыг бууруулах бодлого хэрэгжүүлж эртнээс арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ олон ажлыг нэгэн зэрэг хийх боломжгүй. Энэ урт удаан хугацаанд хэрэгжих бодлого. Гол мөрөн ихэнхдээ 10-12 жил үерлээд усаа дүүргэж эко системийн таатай орчинг бүрдүүлж байсан. Одоо  нуур байгалийн горимоор усаа цуглуулж чадахгүй ширгэхэд хүрч байгаа. Нуур болгоны цаана усны шувуу, ан амьтан гээд экологийн тэнцвэртэй байх бүх зүйлтэй холбоотой байгаа учир усны нөөцийн нэгдсэн менежментийн нэгдсэн арга замыг хийх учиртай.

-Мөнх цэвдэгийн хайлалтыг тухайн орчинд нь хадгалах аргыг өмнө нь манай улс ашиглаж байв уу?
-Хайлж байгаа мөсийг бид яаж ч зогсоож чадахгүй. Хүний чадавхиас илүү гарсан асуудал. Тиймээс усны ууршилт бага байгаа өндөр ууланд усыг нь хуримтлуулна. Мөнх цаст уулын оройд бол чадахгүй. Харин доор нь эргэн тойронд нь усны боомт байгуулахад асар их хэмжээний усны хуримтлал үүсгэх боломжтой. Тэгээд энэ усыг зүгээр боохгүй усан цахилгаан станц юм уу үйлдвэрлэлд ашиглах нөхцөл бүрдэх юм. 2010 онд Ус үндэсний хөтөлбөр баталсан. Одоо нэгдүгээр үе шат нь дуусч байна. Хоёрдугаар үе шатаа хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бүх үйл ажиллагаа, бодлого ямар нэг хэмжээгээр усны бодлогод тусч  байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан