Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийд өөр хаана ч байхгүй гүүр ашиглалтад оруулах гэж байна


Б.БАДРАЛ


Дэлхийд өөр хаана ч байхгүй, хамгийн анхны олон тулгуурт татлаган гүүрийг Хятадын Хунань мужид нээхээр бэлтгэл ажил нь явагдаж байна. Сямэнээс Чэнду хүрэх замыг 200 км-ээр товчилж байгаа энэ гүүрийг зургаан жилийн турш барьжээ. Олон тулгуурт татлаган гүүрийг дэлхийд урьд өмнө нь барьж байгаагүй тул Хятадын инженер, барилгачдаас маш их ур ухаан шаардсан тухай гүүр барих ажлыг удирдсан хүн сэтгүүлчдэд мэдэгдэж. Гүүр нь 270 метрийн өндөртэй, 1,5 км-ийн урттай. Үүнээс өмнө Хятадын Гуйжоу мужид 570 метрийн өндөр гүүр барьж ашиглалтад оруулсан. Энэхүү Байпанзяны гүүр нь дэлхийн хамгийн өндөр гүүрээр тодорсон юм.

Хятадын нэг мужид дэлхийд хосгүй гүүр ашиглалтад оруулж байх зуур өөр мужид нь баригдаж байсан барилга нурж хүний амь эрсэдсэн таагүй хэрэг гарчээ. Хэйлунзян мужийн Суйха хотноо баригдаж байсан олон давхар байшин гэнэт нурж, гурван хүн амь үрэгдсэн тухай тус хотын сонин, хэвлэлүүд мэдээлсэн байна. Барилгыг нурахаас өмнө өөр олон хүн ажиллаж байсан гэж гэрчүүд  мэдэгдсэн тул аврагчид барилгын нурангинд дарагдсан байж болзошгүй хүмүүсийг хайж байна. Баригдаж байсан барилга нурах болсон шалтгааныг тодруулаагүй ч урьдчилсан байдлаар хятад барилгачид аюулгүй ажиллагааны дүрмийг бүдүүлгээр зөрчсөн нь гол шалтгаан болсон гэж үзэж байгаа аж. Хоёр өдрийн өмнө буюу аравдугаар сарын 24-нд Хятадын Юнань мужид уул нүхлэн барьж байсан төмөр замын тоннелийн нуман хэлбэрт оройн хэсэг нурж зургаан хүн нуранги дор түгжигдсэн хэрэг гарч байсан.

Ийнхүү барилгачид амжилт, бүтэлгүйтэл ээлжлэн ажиллаж байх зуур Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас их хэмжээний авлига аваад хилийн чанад руу зугатсан авлигачдыг агнах “Үнэгний ав -2016” гэсэн тусгай ажиллагаа явуулж дууссан тухайгаа мэдээлэв.

Энэ оны тавдугаар сараас явуулсан “Үнэгний ав”-ын үр дүнд 634 оргодол авлигачийг баривчилсан аж. Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамны мэдээлж буйгаар эдгээр авлигачдыг дэлхийн 67 орноос баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүсийн 16 нь Хятадын хамгийн их эрэн сурвалжлагдаж буй 100 хүний тоонд ордог, 205 нь тус бүр 1,5 саяас илүү ам.долларын авлига авсан хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж байсан бол 59 нь 15 сая ба түүнээс дээш ам.долларын авлига авсан хэрэгт буруутгагдаж байгаа аж. 634 хүний 48 нь Хятадын тусгай албадаас зугатан хилийн чанадад тав ба түүнээс олон жил нуугдсан бол 17 нь 10 ба түүнээс олон жил нуугдаж чадсан ч эцсийн дүнд баригджээ.

Өнгөрсөн жил явагдсан “Үнэгний ав -2015” арга хэмжээний үеэр 857 авлигачийг хилийн чанадаас баривчилж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан