Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Шүрэнгэрэл: Хөвсгөл нуурын ойр орчмоос жилд дунджаар 600 тонн орчим хог түүдэг

-Хогоо байгальд булна гэдэг мөнгө булж буйгаас өөрцгүй-

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Одоогоос 19 жилийн өмнө Швейцарийн иргэн Николас Мюсси гэгч хүн манай оронд жуулчлахаар ирсэн нь Монголын байгаль экологи тэр дундаа аялал жуулчлалын гол бүс нутаг болох Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемд асар том хөрөнгө оруулалт хийх их үйл хэргийн эхлэл байв.
Тэрээр гэр бүл, хэсэг нөхдийн хамт жил бүр уламжлал болгон зохиодог аяллынхаа хүрээнд манай оронд ирж улмаар Хөвсгөл нуур руу аяллаар явжээ. Асар уудам газар нутаг бүхий онгон зэрлэг байгаль, уугуул иргэдийн өвөрмөц өв соёл, ховор амьтан ургамал, үзэсгэлэнт байгалийг бахдан биширсэн Николас ч “Дэлхий дээрх хамгийн онгон зэрлэг, зэлүүд газар энд л байна. Ийм газар орныг хайрлаж хамгаалах ёстой” хэмээн өөрийн эрхгүй дуу алдсан гэдэг. Улмаар Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутгийг хөрс, усны бохирдлоос хамгаалах зорилгоор хөрөнгө мөнгө босгож 1998 оноос Хөвсгөл нуурын эрэг, ойр орчмын хог хаягдлыг түүх ажлаа эхлүүлжээ. Жирийн нэгэн инженер хүний нутгийг өөрийн юм шиг санаж өдий хүртэл хайрлан хамгаалах ажил өрнүүлэх болсон энэ түүх болоод Хөвсгөл нуурын хог хаягдлын менежментийн асуудлаар түүний үүсгэн байгуулсан “Эколип” сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн С.Шүрэнцэцэгтэй ярилцлаа.

-Танай сангийн үйл ажиллагааг өнгөц мэдэхээс үүсгэн байгуулагдсан үүх түүхийг ер сонирхож байсангүй. Тиймээс эндээс яриагаа эхлье гэж бодлоо?
-Ерөнхийдөө 1998 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж болно. Сангийн үүсгэн байгуулагч Николас Мюсси гэгч хүн 1997 онд манай оронд жуулчлахаар ирж улмаар Хөвсгөл нуур, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажилд бага ч болов хувь нэмэр оруулахаар шийдсэн гэдэг.
Улмаар дараа жилээс нь буюу 1998 оноос Хөвсгөлд олон улсын марафон гүйлтийн тэмцээн санаачлан “Хөвсгөл” трейвел компанитай хамтран зохион байгуулж, тэмцээнээс олсон орлогоороо Хөвгслөл нуурын ойр орчмын хогийг түүх ажлаа эхлүүлсэн байдаг.
Эхэн үедээ Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд тусламж, хандив үзүүлэх байдлаар ажиллаж эхэлсэн л дээ. Тухайн үед тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа хог тээвэрлэх машин техникгүй байсан учир ЗИЛ Самосвал машин хоёрыг авч хандивласан байдаг. Гэвч хоёр машин нь үндсэн үүрэг зориулалтынхаа дагуу ажиллаж байгаа эсэхийг хянах боломжгүй байсан учир ерөөсөө л албан ёсоор үйл ажиллагаа явуулах ёстой юм байна гээд 2003 онд Улаанбаатар хотод “Эколип” сангийнхаа төлөөлөгчийн газрыг байгуулсан юм. Улмаар байнгын ажлын байр бүхий орон тоо бий болгож, хог цуглуулж, ачиж аваачиж асгах хүн ажилд авсан. Мэдээж эхний хоёр машинд маань цаг хугацааны явцад элэгдэл хорогдол, эвдрэл гэмтэл үүсч ашиглалтаас гарсан. Улмаар “Маяти” гэх ачааны машин авч ажиллуулж эхэлсэн. Жолооч маань жилийн дөрвөн улиралд нуур тойрсон хогийг ачиж цаанаас оноож өгсөн хогийн цэгт аваачиж асгадаг. Хог цуглуулах ажил ерөнхийдөө ийм шат дамжлагаар явагддаг. Түүнээс шатаах, устгах ажлыг бид хариуцдаггүй. Түүнчлэн, хог цуглуулахаас гадна Хатгалын нэвтрэх цэгт байгальд ээлтэй, био хогийн уутыг үнэ төлбөргүй тараах ажил хийдэг. 2000 оноос хойш жил бүр 20-40 мянган уут тараасаар өдий хүрч. Энэ ажилд өнгөрсөн жилээс “Эм Си Эс” компани оролцож жил бүр 20 мянган уут хандивлах болсон.

-20 орчим жил хог цуглуулахад чамгүй хөрөнгө мөнгө шаардана. Тиймдээ ч сангийн үйл ажиллагааны зардал, эх үүсвэр хаанаас цугладаг нь сонирхол татаж байна?
-Дээр дурдсанаар жил бүр Хөвсгөл нуурын эрэгт олон улсын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулж, тэмцээний хураамжаар үндсэн төсвөө бүрдүүлдэг юм. Нэг удаагийн тэмцээнд 20 гаруй орны тамирчид оролцдог бөгөөд нэг хүнд 1920 ам.долларын багц олгодог л доо. Үүнд замын зардал, байрлах жуулчны баазын төлбөр, орон нутгийн тээврийн хэрэгслийн зардал, хоол унд, ажилчдын цалин хөлс, үйл ажиллагааны бусад зардал багтдаг. Товчхондоо, ирж буй жуулчид спорт аялалын журмаар гүйлтийн тэмцээнд оролцохоор ирдэг хэрэг. 1920 ам.долларынхоо 40 хувийг хог цэвэрлэх ажилд буюу ажилчдын цалин, шатахуун, хогны уут зэрэгт зарцуулдаг бол 60 хувийг нь гүйлтийн тэмцээний үйл ажиллагааны зардалд зарцуулдаг. Сүүлийн үед онгоцны билет, зочид буудлын үнэ өртөг нэмэгдсэн болохоор яг хогондоо зардаг нь жил ирэх тусам багасаад л байна. Худалч хүнд хотоос Хөвсгөл рүү нисэх тасалбар Улаанбаатар-Бээжингийн чиглэлд зорчихтой адилхан байна шүү дээ. Мэдээж спорт аяллын журмаар 20 гаруй орны жуулчныг авчирсан болохоор бүх л талаар нь ая тухтай байлгах нь бидний үүрэг. Тиймдээ ч хотод хүлээж авсан жуулчдаа Хөвсгөл рүү онгоцоор зорчуулдаг. Тэр хэрээр үйл ажиллагааны зардал өсдөг л дөө. Гэхдээ боломжоороо хог түүх ажилдаа хөрөнгө мөнгөө ахиу төсөвлөхийг зорьж байна. Сүүлийн жилүүдэд дотоодын компаниудаа идэвхтэй уриалж эхлээд байгаа. Бизнесийн салбарт хөлөө олчихсон, олны танил, урлаг соёлын одод ч юм уу гүйлтийн тэмцээнд оролцох боломжтой. Мөрөн, Хатгалын дунд сургуулийн арав орчим хүүхдийг эс тооцвол дан гадаадын жуулчид л оролцдог доо.

-Тэмцээний талаар сонирхуулаач. Хэдэн км зайд, хэчнээн төрөл, ангиллаар уралддаг вэ?
-Гүйлтийн тэмцээн 42 болон 100 км зайд зохион байгуулагддаг. Оролцож буй тамирчдын хувьд янз бүр л дээ. Мэргэжлийн тамирчид ч бий, сонирхогчид ч бий. Ерөнхийдөө тэмцээнд оролцоно гэхээс илүү бидний үйл ажиллагааг дэмжих зорилготой ирдэг нь их.

-Манай хөнгөн атлетикийн тамирчид оролцож байв уу. Ер нь, монголчууд маань хэр идэвхтэй байдаг вэ?
-Манайхан арваад жилийн өмнө оролцдог байсан ч одоо байхгүй болж дээ. Угтаа “Хөвсгөл” трейвел компани монгол тамирчдынхаа замын зардал, байрлах байр, хоол, унааг нь хариуцах байдлаар дэмжиж ажилладаг ч жилээс жилд манайхны оролцоо муудсаар ирж. Бидний зүгээс идэвх оролцоог нь дээшлүүлэх үүднээс Монголынхоо тамирчдыг аль болох урамшуулахыг хичээдэг. Гүйлтийн тэмцээний маань гол зорилго хэн нэгэн түрүүлэхэд бус байгаль дэлхийгээ хамгаалах үйл хэрэгт сайн дураар оролцож байгаа гэдэг утгаараа ямар нэг бай шагналгүй. Тэмцээнд оролцсон гадны тамирчдад сангийн лого бүхий богино цамц, мөнгөн товч зэрэг дурсгалын зүйлс л бэлэглэхээс өөр зүйлгүй. Тэр хүмүүс ч байгаль орчин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахаар ирж байгаагаа ухамсарлачихсан байдаг л даа. Мөн спортоор хичээллэхийн зэрэгцээ жуулчлах зорилготой ирдэг. Манайхны идэвх оролцоо бараг үгүй болсон учир тэмцээнд оролцож буй монгол тамирчдынхаа эхний гурван байрт мөнгөн шагнал олгох байдлаар урамшуулдаг.

-Манайхан жаахан гар хараад байна уу?
-(инээв) Гадныхан монголчууд яагаад гүйхгүй байна, оролцохгүй байна гэж их асуудаг л даа. Манай тамирчид 1920 ам.доллар төлж тэмцээнд оролцох боломж нь тааруу байдаг. Гэхдээ заавал мэргэжлийн тамирчид гэлтгүй хүссэн хэн бүхэн төлбөр хураамжгүй оролцох боломжтой. Дээр хэлсэн дээ, Мөрөн, Хатгалын дунд сургуулийн сурагчид оролцдог гэж. Бид тэр хүүхдүүдээс мөнгө нэхээд байхгүй нь мэдээж. Ямартай ч монгол тамирчдаа татан оролцуулах үүднээс урамшуулах хэрэгтэй болдог.

-Жил бүр 20 гаруй орны жуулчныг татан оролцуулдаг гэхээр гадаад харилцаа талын ажил их хийгддэг байх?
-“Эколип” сангийн ТУЗ-ийг таван өөр орны иргэн бүрдүүлдэг. Америк, Швейцарь, Австрали, Данийн нэг иргэн дээр нь “Хөвсгөл” трейвел компанийн маань захирал ороод ТУЗ-өө бүрдүүлдэг. Энэ хүмүүс тэмцээн зохион байгуулахаас аваад жуулчид татах, сурталчлах гэхчлэн гадаад харилцааны асуудлыг хариуцдаг. Сүүлийн жилүүдэд Данийн иргэний маань гэр бүлийн хүн манай үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болж Хөвсгөлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, малчин ардын амьжиргааг дээшлүүлэх үүднээс хоршоо хүртэл байгуулж өгсөн. Хоршоо байгуулах ажлын хүрээнд Хөвсгөлийн сүүн бүтээгдэхүүний судалгааны ажил хийгдсэн байгаа.

-Хөвсгөл аймаг тэр дундаа Хөвсгөл нуур бол манай орны аялал жуулчлалын хамгийн идэвхтэй, гол бүсүүдийн нэг. Энэ ч утгаараа хогны асуудал хамгийн чухал сэдэв болоод байна. Дотоодын жуулчлал өсөхийн хэрээр нуурын бохирдол, хогны асуудал хэрээс хэтэрдэг. Ер нь, Хөвсгөлд танай сангаас гадна хог түүх үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага бий юу?
-Хувь хүмүүс л гэхээс тогтмол хог түүдэг сан, сайн дурын байгууллага гэж байхгүй. Ер нь, Хөвсгөл нуур тойрсон жуулчны бааз, амралтын газрууд цаашлаад нутгийн иргэд хог үүсгэдэг ч тодорхой хэмжээнд цэвэрлэх, бөөгнүүлж хаяж заншсан байдаг. Харин дотоодын амрагчид, гадны жуулчдын хог эзэнгүй болж хоцордог. Бусад тусгай хамгаалалттай газрыг бодоход Хөвсгөл нуур хогны асуудал ихтэй. Нуурын эрэг, ойр орчимд хогийн савгүй учир ил задгай хог ихээр үүсдэг. Угаасаа хогийн сав тавиад ч хэрэггүй л дээ. Хогийн савтай болчихвол бүр ч их хог овоорно. Тиймээс бид уутаа тарааж өгөөд тарьсан хогоо хамж хураагаад нэвтрэх цэгт авчирч хаяж байхыг зөвлөдөг. Манай тарааж буй уутан дээр “Өөрийн үүсгэсэн болон өрөөлийн хаясан хогийг уутандаа цуглуулж буцахдаа хогийн цэгт хаяарай, ингэснээр байгаль хамгаалах үйлсэд асар их хувь нэмэр оруулж байгаа юм шүү” гэсэн утга бүхий уриа, заавар байдаг л даа. Сүүлийн арав орчим жил тарааж байгаа болохоор хүмүүс ч эхнээсээ хогоо цуглуулан хаяж хэвшиж байна.

-20-иод жил үйл ажиллагаа явуулсны хувьд тодорхой хэмжээнд судалгаа хийсэн байх. Жишээ нь, жилд гарч буй хогны хэмжээ, хогноос шалтгаалсан нуурын бохирдол, ангилан ялгалт хийх боломж, цаашлаад дахин боловсруулах үйлдвэр гээд л?
-Мөрөнд хог дахин боловсруулах жижиг үйлдвэр өнгөрсөн онд ашиглалтад орсон ч туршилтын хугацаандаа ажиллаад л хаалгаа барьсан. Яагаад гэвэл түүхий эд буюу хогийг нь үнэлж авах зах зээлгүй учраас тэр. Ажил болгон хог түүж цуглуулаад аваачаад өгсөн ч үнэлэхгүй, худалдаж авах нөхцөл бүрдээгүй учир боловсруулах үйлдвэр нь ажиллахгүй байгаа хэрэг. Нуулгүй хэлэхэд манай сангаас арав гаруй жил хогийг нь түүж байгаа учир нуур арай цэвэрхэн байгаа хэрэг. Түүнээс түүхгүй, хайхрахгүй хаячихвал хог үүссээр л байна. Гадныхан “Хог гэж байдаггүй юм” гээд л их гайхдаг. Тэдний хувьд ил задгай хөглөрч байгааг нь л хог гэхээс тогтсон цэгт хурааж цуглуулсан хогийг мөнгө л гэж хардаг. Хог гэж нэрлэдэг бүх л зүйл дахин боловсруулах, ашиглах замаар ямар нэг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болдог гэдэг. Тиймдээ ч манай сангаас хог түүх ажлаа дараагийн шатанд гаргая гэж байгаа юм. Хэн нэгний тарьсан хогийг түүж, аваачиж асгаад байна гэдэг тухайн үедээ л цэвэрхэн байгаа мэт боловч өдөр хоногийг аргацаасан зүйл шүү дээ. Тиймээс орон нутгийн иргэд болоод аялагч, амрагч, жуулчдад хогны тухай боловсрол, ойлголт олгоё, ядаж л ангилан ялгалт хийе гэж байгаа юм. Швейцарийн жишгийг харж байхад дунд сургуулийн бага ангийн хичээлийн программд нь хогны тухай боловсрол, мэдлэг олгох хичээл нэвтрүүлсэн байдаг. Айл өрхүүд нь ч хогны уутаа өөрсдөө очиж худалдаж авдаг, цаашлаад ангилан ялгадаг байх жишээтэй. Тэр ч бүү хэл хогоо 6-7 нэр төрлөөр ангилж хогийн цэгт тушаадаг юм билээ. Бид л нэг уутанд бөөнд нь хийгээд л пункер руу хийчихдэг болохоос гадны орнуудад ангилал тус бүрээр нь тус тусын пункерт хийдэг байх жишээтэй. Торгууль ч нь өндөр учир иргэд нь энэ асуудалд илүү ухамсартай ханддаг. Гэхдээ торгууль төлөхгүй гэсэндээ биш хогийг ангилан ялгаж, тусгай хогийн цэгт тушаах ёстой, хаях ёстой гэсэн ухамсрыг хүүхэд багачуудад багаас нь суулгаж өгсөнд гол учир байгаа юм.

-Танай сан энэ чиглэлд ямар нэг ажил хийж байна уу?
-Бидний зүгээс Хөвсгөлийн өсвөр насныхны боловсрол руу чиглэсэн зүйл хийе гээд Хатгалын сургууль, цэцэрлэгт био анги тохижуулж өгсөн. Мөн хог хаягдлын тухай сургалт явуулж, мэдээлэл өгч байна. Дунд сургуулийнхны дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарлаж байр эзэлсэн сурагчдыг хичээлийн хэрэгслээр урамшуулдаг. Мөн жил бүр онц сурлагатай нэг, нэн ядуу өрхийн нэг хүүхдийн төлбөрийг бүрэн дааж ШУТИС-ийн Хүнсний технологийн ангид элсүүлдэг уламжлалтай.

-Жилд дунджаар хэдий хэмжээний хог түүдэг вэ?
-Зөвхөн манай байгууллагын түүж буй хог л гэхэд жилд дунджаар 600 тонн болдог. 600 тонн гэхээр овор хэмжээний хувьд ямархуу юм байхыг төсөөл дөө. Тэр хэмжээгээр нуурын ус, хөрс, амьтан ургамал цаашлаад хүн зоны эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгаа шүү дээ. Ганц жишээ дурдахад, энэ жил, өнгөрөгч есдүгээр сарын 1-ний байдлаар 880 тонн хог түүсэн байна.

-Хатгал хүртэл замтай болсон учир нуур руу чиглэсэн дотоодын жуулчдын хөдөлгөөн сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Хоёр жилийн өмнө худалч хүнд түгжрэл үүссэн гэж болно. Тэр жил хэчнээн жуулчин хүлээн авч, хэдий хэр хог түүсэн бол?
-Тэр жил 70 гаруй мянган хүн хүлээн авч 1000 тонн хог түүсэн гэх статистик бий. Ер нь, жилд дунджаар 50 мянга орчим хүн зөвхөн аялал, жуулчлалын зорилгоор Хөвсгөл рүү зорчдог. Гэхдээ энэ нь яг аялал жуулчлалын улирал буюу зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны хооронд үргэлжилдэг.

-500, 600 мянган тонноор хэмжигдэх тэр их хогийг хэрхэн устгаж, хаана цуглуулдаг юм бол?
-Хатгалаас таван км зайтай Харгана гэж уулын хормойд л овоолж байх шив дээ. Нэг үеэ бодоход хуурай, шингэн хог гэж ялгах боломжтой болсноос түүсэн хогийг шууд байгальд ил задгай хаяж байна. Хөвсгөл нуур маань дэлхийн цэвэр усны нөөцийн хоёр хувийг эзэлдэг болохоор ирээдүйн ач холбогдол нь асар их л дээ. Бидний үр хүүхдэд үлдэх алт эрдэнээс ч үнэтэй баялаг болох цаг ирнэ.

-Зөвхөн хог гэлтгүй нууранд живсэн машин техник ч бохирдуулж буй гол шалтгаан болдог гэдэг?
-Яахав, нуурын усанд унасан, живсэн машин техникийг гаргах, цэвэрлэх ажил хийгддэг ч нэгэнт оройтсон ажил санагддаг. Машиных нь тос масло аль хэдийнэ гойжоод, бохирдуулчихсан. Тэгээд ч сүүлийн жилүүдэд нууранд машин уналаа, живлээ гэх нь багассан санагддаг. Одоо байгаль өөрөө өөрийгөө цэвэршүүлэх процесс явагдчихсан болов уу гэж бид хувьдаа боддог юм. Тиймээс нуурын гүндэх хогийг гэхээс илүү ойр орчмын хог хаягдалд илүү анхаарах цаг болсон. Дээр дурдсан Харгана уул маань яг Эгийн голын сав газар байдаг болохоор хөрсний бохирдол үүсэх бүрэн боломж бүрдчихээд байгаа юм. Геологи, уул уурхайн мэргэжилтэй хүмүүс сайн мэдэх байх. Хэдий ил биш ч гэсэн тухайн газар орны хөрсөнд тодорхой хэмжээнд усны судал оршиж байгаа. Мэдээж хөрс бохирдоно гэдэг дагаад ус бохирдохын эхлэл шүү дээ. Ядаж л Эгийн гол маань Хөвсгөл нуур руу цутгадаг ганц гол байх жишээтэй. Тиймээс манай ТУЗ-ийн гишүүд ярилцаад ангилан ялгалт хийе гэсэн шийдэлд хүрсэн. Зүгээр л түүж аваачиж овоолоод байх нь нуураа хамгаалж байгаа хэлбэр ч гэлээ алсуураа мөн л хор уршиг дагуулж байгаа хэрэг. Тиймээс ард иргэд, аялагч жуулчид маань хогоо ангилан ялгаад сурчихвал хогийн цэгт аваачиж хаях хог илт багасна. Тиймээс орон нутгийн иргэд, аялагч, амрагчдад энэ талын боловсрол, мэдлэг олгоё, ангилан ялгуулж суръя гээд байгаа хэрэг. Одоо энэ ажил судалгааны төвшиндөө л явж байна.

-Хогоо ангилан ялгачих­лаа, дараа нь яах вэ?
-Яг ингэе тэгье гэсэн шийдэлд хүрээгүй ч ангилан ялгаж эхэлье гээд байгаа юм. Хэрэв Мөрөнгийн хог боловсруулах үйлдвэр ажиллаад эхэлбэл зун түүсэн хогоо өвөл нь боловсруулаад байж болмоор санагддаг.

-Одоо танайх хэчнээн хүн, хэдэн техниктэй ажиллаж байна?
-Техникийн хувьд нэг л машинтай байгаа. Ачааллаа арай багасгъя гэвэл дахиад нэг машин нэмж болно л доо. Гэхдээ багагүй хөрөнгө мөнгө хэрэгтэй шүү дээ. Ид ачаалалтай, аялал жуулчлалын улиралд таван хүн ажилладаг бол бусад үед жолооч маань ганцаараа л ажилладаг. Жуулчид их байгаа үед нэмэлтээр нэг ачигч ажилладаг. Мөн нэвтрэх цэгт хогны уутаа тараах хоёр байгаль хамгаалагч ажиллуулж байна.

-Хогны массын дийлэнх хувийг ямар төрлийн хог эзэлж байна?
-Ихэвчлэн ундааны хуванцар сав, гялгар уут, чихэр, печений цаас, архи, пивоны шил эзэлдэг. Хараад байхад дандаа л импортын бүтээгдэхүүн байдаг. Товчхондоо, бид гадны үйлдвэрлэгчдийн хогийг эх орондоо авчирч, эрүүл хөрсөндөө булж байна шүү дээ.

-Яам, тамгын газар бусад холбогдох байгууллагаас хогны асуудалд хэрхэн хандаж, оролцож байна. Танайхтай холбоо харилцаатай байдаг нь хэр вэ. Товчхондоо, төр энэ асуудалд хэрхэн оролцож байна?
-Яг хогонд чиглэсэн ажил гэвэл хэлж мэдэхгүй байна. Ямартай ч, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа үүрэг чиглэлийнхээ дагуу ажиллаж байгаа. Тав, зургаан байгаль хамгаалагч ажилладаг юм шиг байна билээ. Бидний зүгээс яам, тамгын газар хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа хүсэлт хүргүүлж, санал тавьдаг. Тэр бүрт нааштай ханддаг ч “Хөрөнгө мөнгөгүй” гэх үгээр ам таглах нь их. Нуулгүй хэлэхэд тэдний хийх ажлыг бид хийж байгаа гэж ойлгодог. Ямартай ч, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа хог хаягдлын менежмент хариуцсан мэргэжилтэнтэй л байх. Гэвч яг хог хаягдалд төсөвлөдөг хөрөнгө мөнгө байдаггүй юм билээ. Жуулчны улирал эхлэхээс дуусах хүртэл бүх нийтийн цэвэрлэгээнд л Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас оролцдогоос зориулалтын хог ачих тээврийн хэрэгсэл, ачигч гэх хүнгүй.

-Жолооч чинь машинаа барихын зэрэгцээ хогоо түүгээд явна гэхээр ачаалал ихтэй л байдаг юм байна?
-Тийм шүү. Ид ачааллын үеэр хоногийн 24 цагийн 20-д нь ажилладаг. Тиймдээ ч бид ачаалал бага үеэр машин тэргээ ашиглаад амьжиргаагаа нэмэгдүүлэх боломж олгодог хэрэг. Ер нь хөвсгөлчүүдийн хувьд аялал жуулчлалын салбараас өөр бизнес эрхлэх боломж муу байдаг. Яахав, малчид нь мал аж ахуйгаа түшиглэдэг ч нийт массын хувьд авч үзвэл аялал жуулчлал, гар урлалаар л амьжиргаагаа залгуулдаг. Гэтэл ид аялал жуулчлалын улирал нь хоёр сар гаруй л үргэлжилдэг. Ингээд бодохоор намар, өвөл, хавартаа маш их сул зогсолттой байгаа биз. Тиймээс  л хог боловсруулах үйлдвэрийг ажиллуулах хэрэгтэй гээд байгаа юм. Үйлдвэртэй болчихвол зун хураасан хогоо өвөл нь боловсруулаад, үйлдвэрлэлд нэвтрүүлдэг болчихвол цөөн ч гэсэн ажлын байр бий болно шүү дээ.

-Хогийн цэг болгосон Харгана уулын бэл ямархуу байдалтай байна вэ?
-Тамтаггүй болсон. Хуучин хогийн цэг нь худалч хүнд халиад цаана нь хоёр км орчим зайд шинээр цэг үүсгэсэн байгаа. Хураасан хогоо шатаахыг нь шатааж, булахыг нь булж л байна даа. Угтаа мөнгө л булаад байгаа хэрэг шүү дээ.

0 Сэтгэгдэл
Жилд 600тн хүрэхгүй дээ, бусад маш сайхан, сэтгэлтэй ярьсан байна. танд баяр хүргэе. Харин ТХГ -нь хогны талаар ажилладагүй муу
Төр нь арчаагүй байхад харь хүн хогийг нь түүхээс яахав
gamshig
catastrophe
Арчаагүй төр засгийн царай харагдаж байна. Ард иргэд гадныхнаас ичээсээ байгал орчны яам ажлаа хийгээчээ
Хамгийн их уншсан