Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хязгааргүй” гэх үгний цаана

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй интернэт хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр дэлхий ертөнц бөөрөнхий бус “хавтгай” болсон гэдэгт эргэлзээгүй итгэх болов. Ганцхан жишээ. Ердөө жил гаруйн өмнө буюу 2015 оны эхний хагасын байдлаар Монголын нийт интернэт хэрэглэгчдийн тоо 1 сая 141 мянгаар хэмжигдэж байсан бол энэ онд 1 сая 648 мянга болж өссөн тухай статистик дүн мэдээг Харилцаа холбооны зохицуулах хо­роо­ноос гаргажээ.

Жил гаруйн хугацаанд интернэт идэвхтэй хэрэглэгчдийн тоо хагас саяар өссөн нь үүрэн телефоны операторуудын үйл ажиллагаатай салшгүй хол­боотой. Технологи хөгжи­хийн хэрээр ухаалаг утас хэрэг­­лэгч­­­­­­­­­­­дийн тоо өсч, үүнийг дагаад хөдөлгөөнт интер­нэт хэрэглэгчдийн тоо ч нэмэгдсээр байна. Сонирхуулахад, өнгөрсөн оны статистикт дурдсанаар суурин интернэт хэрэглэгчид 933 мянгаар тоологдож байсан бол өдгөө 790 мянга болтлоо буурчээ. Харин хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгч буюу гар утас, таблет төхөөрөмжөөрөө интернэт хэрэглэгчдийн тоо өнгөрсөн онд 207 мянга байсан бол ганцхан жилийн дотор 600 мянгаар нэмэгдэж, 852 мянгад хүрчээ. 2009 оны байдлаар 68.6 мянган 3G хэрэглэгчтэй байсан бол өдгөө 3G, 4G LTE сүлжээний хэрэглэгчид 2.2 саяар хэмжигдэж байна.

Үүнээс үзэхэд хөдөлгөөнт интернэт хэрэглэгчдийн тоо цаашид ч өсөх хандлагатай байгааг харж болно. Үүнийг дагаад үүрэн телефоны оператор компаниудын үйл ажиллагаа өргөжиж, үйлчилгээний эрэлт ихсэх нь мэдээж. Өдгөө үүрэн телефоны дөрвөн оператор компани үйл ажиллагаа явуулж байгаагаас 4G LTE сүлжээ нэвтрүүлсэн нь “Юнител”, “Мобиком” корпораци. Товчхондоо, хөдөлгөөнт интернэтийн зах зээлд улаан, ногоон өнгөөр өнгө төрхөө тодорхойлсон дээрх хоёр компани гол тоглогчид болоод байгаа гэж болно. Тэд хэрэглэгчдийнхээ санхүүгийн чадамж, боломж болоод эрэлт хэрэгцээнд тохируулан дата хэрэглээний олон төрлийн багц санал болгодог. Интернэтийн эрэлт хэрэглээ ус, агаараас өөрцгүй болсон хэрэглэгчдийн хувьд байж болох хамгийн чихэнд чимэгтэй үг бол “хязгааргүй”. Дээрх хоёр оператор компани ч “хязгааргүй” гэх үгийг гол зэвсэгээ болгосоор удаж. Гэвч бодит байдал дээр хязгааргүй хэрэглээ гэгч юу болохыг хэрэглэгчид төдийлэн ойлгож таниагүй мэт. Тиймээс л “Мобиком” болон “Юнител” корпорацийн дараа төлбөрт дата багцуудыг харьцуулан судалж, үнэхээр “хязгааргүй” гэх тодотголд нийцэж буй эсэхийг тандсан юм.

“Мобиком”-ын хувьд 20 мянган төгрөгийн суурь хураамж бүхий сарын дата эрх олгодог ч хэрэглээ нь 400 MB-аас хэтэрвэл хурд нь 40 kbps болж унадаг. Харин “Юнител”-ийн 20 мянган төгрөгийн суурь хураамж бүхий сарын дата эрх хэрэглээ нь 1 GB хүртэл хурдны хязгаарлалтгүй ба түүнээс давсан тохиолдолд 128 kbps болдог. Товчхондоо, хэрэглэгч таны дата хэрэглээ оператор компани цаанаас програмчилсны дагуу тогтоосон хэмжээнд хүрэх аваас хурдны хязгаар тогтооно гэсэн үг. Товчхондоо, хэрэглээ нь хязгааргүй боловч хурдны хязгаарлалт тогтоож байна гэсэн үг.

Дээр дурдсан 20 мянган төгрөгийн багцад олгогдсон дата эрх дуусах хүртэл хурдны хязгаарлалтгүй интернэтэд холбогдох бөгөөд цааш хурд нь буурна гэсэн үг. “Хязгааргүй хурд” гэж хэдий хэрийн хурдыг хэлдэгийг сонирхохоор бяцхан туршилт хийж үзсэн юм.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “fast.com” сайтын интернэтийн хурд хэмжигч программаар хоёр операторын 4G LTE сүлжээний хурдыг хэмжиж үзэхэд “Мобиком”-ийн симтэй утаснаас 8.9 Mbps хурдаар нэвтэрч байсан бол “Юнител”-ийнх 22 Mbps байв. Хязгааргүй хурд гэдэг нь энэ юм байж. Ямартай ч энэ зэргийн хурдаар HD видео гацалтгүй үзэж, өндөр багтаамж бүхий файлыг төвөггүй татаж болно. Гэвч хурд өндөр байх тусам хэрэглээ тань тэр хэрээр хурдан дуусахыг мартаж болохгүй. Нэг үгээр хэдий хэр хэрэглэнэ төдий чинээ байж болох хамгийн бага хурд руу унана гэсэн үг. Сүүлийн үед телевизийн суваг бүрээр “Юнителийн дата дуусдаггүй” хэмээн рекламдах болсон. Шууд утгаар нь ойлговол хэзээ ч дата дуусахгүй гэх утга илэрхийлэх эл сурталчилгаанд хурдны хязгаарын тухай нэг ч үг дурдахгүй нь мэдээж. Ямартай ч, “Юнител”-ийн хэрэглэгчид утас нь цэнэгтэй л бол 3G, 4G LTE сүлжээ нэвтэрсэн газраас хүссэн хэмжээгээрээ дата ашиглах боломжтой гэсэн үг. Гэвч хэрэглэгчийн сонгосон багцын хэмжээ хэтэрвэл 128 kbps хурд руу шилжинэ. 128 kbps гэдэг интернэт хэрэглэгчдийн хамгийн өргөн ашигладаг “facebook”, “instagram”, “youtube” зэрэг өндөр ачаалал бүхий вэб хуудсыг ачааллахад хангалтгүй хурд гэдгийг хэн хүнгүй мэдэх болсон. Нэг үгээр туулай шиг өндөр хурдаар ачааллаж байж сая бүрэн дүүрэн ашиглах боломжтой нүсэр вэб хуудсуудыг яст мэлхий шиг хурдтай интернэтээр ашиглахаас өөр сонголтгүй болж байна гэсэн үг. “Мобиком” корпораци ч ялгаагүй дата хэрэглээгээ ийн хязгаарласаар удаж байна. “Мобиком” корпораци “Apple” компанийн албан ёсны борлуулагч болж “iPhone” утсыг лизингийн үйлчилгээгээр борлуулах болсоор багагүй хугацаа өнгөрч. Эл лизингийн үйлчилгээнд хамрагдах хэрэглэгчид зайлшгүй “Мобиком” корпорацийн “iPhone” багцийг сонгох болдог. Сонгосон багцаас хамаарч сард дунджаар 80-90 мянган төгрөгийн төлбөр төлдөг эл багцийн гэрээний хуудсанд “интернэт хэрэглээ хязгааргүй” хэмээн заасан байдаг ч дата хэрэглээ нь 2 GB-аас хэтэрсэн тохиолдолд хурд нь 256 Mbps болдог. Мэдээж сүүлийн үеийн, асар өндөр хүчин чадал бүхий ухаалаг утсанд 256 Mbps хурд гологдох нь ойлгомжтой.

“Юнител” корпораци 1 GB дата, “Мобиком” 400 MB дата ашиглах эрх санал болгож байгааг дээр дурдсан. 1 GB гэдэг нь 1024 MB буюу “Мобиком”-оос даруй 2.5 дахин их дата бөгөөд эл эрхээр 90 минут өндөр чанартай видео үзэж, фэйсбүүктээ 50 гаруй пост оруулж, mp3 өргөтгөлөөр 60 гаруй цаг дуу сонсч, 2800 вэб хуудсанд зочлох боломжтой аж. Дээр дурдсанчлан хоёр операторын сарын дата хэрэглээ тогтоосон хэмжээ буюу 1GB, 400 MB-аас хэтэрвэл хурд буурах нь ойлгомжтой болж таарав. Магадгүй хэрэглэгч сар дөнгөж эхэлтэл 1 GB эрхээ дуусгачихаж болно. 90 минут буюу бүрэн хэмжээний уран сайхны кино үзсэний дараа хурд 128 kbps руу шилжвэл кино үзэх нь битгий хэл фэйсбүүк ч ороход хүндрэлтэй. Тиймдээ ч хурдаа өсгөхийн тулд өдрийн нэмэлт багц гэгчийг хоёр оператор санал болгож байна. “Юнител”-ийн 24 цаг ашиглах эрхтэй 1GB дата эрх 1000 төгрөгийн үнэтэй бол “Мобиком”-ын хэрэглэгч 100 MB датаг 1000 төгрөгөөр авах боломжтой.

Эцэст нь дүгнэж хэлэхэд хоёр операторын дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд багцад дагалдах эрх нь дууслаа л бол хурд буурч, ямар нэг нэмэлт төлбөргүйгээр сар дуустал хязгааргүй дата хэрэглэх нь задгай тарифаар дата хэрэглэж өндөр төлбөрт унахаас сэргийлэх ч хурдны хязгаарлалтаар хэрэглэгчийнхээ хэрэглээг “боомилж” буйгаас өөрцгүй юм.

АРДЧИЛАЛ СОНИН

0 Сэтгэгдэл
Доромжилж байгаа юм байна дө ...
Энэ 2 компани иргэд биднийг луйвардаад удаж байгаа шдээ
Хамгийн их уншсан