Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо шүүхээс илүү эрх мэдэлтэй юу


Б.ШИРНЭН


Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын сонгууль энэ сарын 19, 23-нд (нэмэлт санал хураалт) болж, 24-ний өдөр Нийслэлийн сонгуулийн хороо ялагчдын нэрсийг зарласан юм. Санал тоолох автомат машины дүнд түшиглэн өгсөн мэдээлэлд Баянгол, Сүхбаатар болон Баянзүрх дүүрэгт АН-ын нэр дэвшигчид олонхийн санал авч, ялалт байгуулсан байдаг. Гэвч, Баянзүрх дүүргийн 28 хороонд ногдох 41 мандатаас 22 суудал авч ялсан АН-ын нэр дэвшигчдээс зургааг нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хассан тогтоолыг энэ сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий гаргасан байна. Ингэснээр Баянзүрх дүүрэгт МАН олонхи болох нөхцөл бүрдэж байгаа юм. Гэхдээ АН-ынхан дүүргийн сонгуулийн хороо хууль зөрчсөн тогтоол  гаргасан гэж мэдэгдээд, өчигдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна тэднийг дэмжигчид жагслаа.

Хэн, хэнийг ямар үндэслэлээр хассан бэ

• 1-р хороонд ялсан Б.Саруул
• 5-р хороонд ялсан Ш.Ганчимэг, М.Мэнд­баяр, А.Түмэннасан
• 10-р хороонд ялсан А.Эрдэнэсайхан
• 14-р хороонд ялсан Д.Уламбаяр нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай тогтоол гаргажээ.
Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий тогтоол гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэсэн байна. Үүнд нь,  
• 70.1.1 буюу Мөнгө, эд зүйл тараах
• 70.5.16 сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах
• 159.3 буюу Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно гэсэн гурван үндэслэл гаргасан байна.

Гэвч, мөн л хуульд заасны дагуу “...энэ хуульд заасан үндэслэл ТОГТООГДВОЛ...” гэсэн нь үндэслэлийг тогтоосон (буюу баталсан) байх ёстой гэх процессын ажил хийгдсэн үү, гэх асуудал сөхөгдөж байна. Баянзүрх дүүргийн АН-ынхан ч үндэслэлийг тогтоогоогүй байхад тогтоол гаргасан гэж үзэж байгаа юм. Мөн АН-ын зургаан төлөөлөгчийг хасах тогтоол гаргасан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий нь ажил дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй, ор сураггүй алга болсон гэж тус дүүргийн АН-ынхан өчигдөр мэдээллээ.

Мөн “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Төрийн албан хаагч гэх энэ хүн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн сонгуульд ажиллаж байсан гэх бөгөөд АН-аас нэр дэвшсэн зургаан хүний ялалтыг үгүйсгэсэн хуурамч тогтоол гаргангуутаа орой нь Сонгуулийн хорооны лацтай өрөөг эвдэн орж, МАН-ын нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгоод алга болсон. Бидэнд “Та нар сонгуулийн үеэр ийм алдаа гаргасан гэж хэлээгүй, дуудаж уулзаагүй. Би хөдөө явж байна гэж хэлсэн гэсэн. Тиймээс энэ хүнийг Б.Батзориг буюу МАН-ынхаа даалгавраар бидний эрхийг ноцтой зөрчлөө гэж хардаж байна” гэх мэдээллийг нэрсийн жагсаалтаас хасагдсан зургаан нэр дэвшигчийн төлөөлөл өглөө.

О.Бат-Өлзий өөрөө хууль зөрчсөн үү?

Сонгуулийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжид зааснаар нэр дэвшигчдийн хууль бус үйл ажиллагаа явуулсныг тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага тогтоох, шүүхээр эцсийн шийдвэрийг гаргах зэрэг тогтолцоо ардчилсан нийгэмд байгаа эсэхийг О.Бат-Өлзийгөөс АН-ын нэр дэвшигчид асууж байна. Үүнтэй холбоотойгоор тэд Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзийг буруутгаж байна.

Жишээ нь, Сонгуулийн тухай хуульд
3.1.7.“сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг

116.1.Энэ хуульд заасан захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргана.
116.2.Энэ хуульд заасан захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд сум, сум дундын шүүх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид шууд гомдол, мэдээлэл гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд зөрчлийн талаарх үйл баримт, нотлох баримтыг хавсаргана.

117.1.Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана.
117.2.Энэ хуульд заасан захиргааны зөрчлийн талаар шууд ирүүлсэн гомдол, мэдээллийг шүүгч шийдвэрлэнэ. Шаардла­гатай гэж үзвэл шүүгч гомдол, мэдээлэлд дурдсан үйл баримт, нотлох баримтыг шалгуулахаар тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллагад даалгавар өгнө.


Иймэрхүү байдлаар Сонгуулийн тухай хуульд гэм бурууг хэн тогтоох, хэрхэн шийдвэр гаргах вэ, зэрэг зохицуулалт оруулсан байгаа юм. Гэвч, мөнгө тараасан гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий нь бие даан шийдвэр гаргасан нь хуулийн үндэслэлгүй гэж дүүргийн АН-ынхан үзэж байгаа юм. Мөн тэрээр нэр дэвшигчдийн жагсаалтаас АН-ын зургаан нэр дэвшигчийг хасч, АН-аас сонгогдсон бусад гишүүдийн түр үнэмлэхийг олгохгүй байгаа хэрнээ МАН-аас сонгогдсон 19 нэр дэвшигчид түр үнэмлэхийг нь олгоод, өөрөө алга болжээ.

Зам дээр хэвтэж эсэргүүцлээ илэрхийллээ

Энэ байдалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн АН-ынхан болон намын дэмжигч иргэд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны урд замыг хааж, мөн Тамгын газрын урд хэвтэж шийдвэрийг эсэргүүцлээ. Жагсаал, цуглаанд оролцогсод “БЗД-ийн сонгуулийн хороо хууль бус үйлдлээ зогсоо”, “Ард түмнийг доромжилж эрхэнд нь халдсан МАН хууль бус үйлдлээ зогсоо”, “МАН-ын бууны нохой О.Бат-Өлзийг төрийн албанаас зайлуул” зэргээр лоозон барьж жагслаа.
Баянзүрх дүүргийн АН-ын дэд дарга Т.Батцогт “Аравдугаар сарын 25-ны өдөр нэр дэвшигчдийн түр үнэмлэхийг Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо гаргасан. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны байранд сонгогчдын өгсөн саналын хуудас лацтай битүүмжлэгдсэн байгаа. Тэр байр руу О.Бат-Өлзий нь нийслэлийн МАН-аас томилогдсон төлөөлөгч Сүхбаатартай хамт лац эвдэн орж МАН-аас нэр дэвшсэн 19 хүнд түр үнэмлэхийг нь өгсөн. Тухайн үеийн бичлэг, зураг бидэнд байгаа нотлох баримт болгон цагдаад мэдэгдэж үзлэг, шалгалт явуулсан. Гэтэл О.Бат-Өлзий утсаа салгаад, зугтсан. Энэ асуудлаар бид цагдаа, тагнуул гээд бүх шатны байгууллагад хандсан” талаар ярилаа.

Э.Бат-Үүл мэдэгдэл гаргав

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өчигдөр мэдэгдэл гаргаж, “...Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн үйл ажиллагаагаа даруйхан зогсоохыг МАН-аас Нийслэлийн АН шаардаж байна...” гэлээ.

Мэдэгдэлд, “...Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үеэр эрх баригчдын зүгээс гаргасан хууль бус үйлдлүүд нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг боомилсон цаашид буруу жишиг тогтоох ноцтой үр дагаврыг бий болголоо гэж Нийслэлийн Ардчилсан нам дүгнэж байна. Сонгуулийн хороо, санал авах байрны ажилтнуудыг томилох­доо эрх баригчид урьд нь сургалтад сууж сертификат аван Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн албан хаагчдаас бус хууль зөрчин өөрийн хүмүүсийг томилсон нь сонгуулийг будлиантуулахаар эртнээс төлөвлөсөн ажиллагаа байжээ гэж бид үзэж байна. Ихэнхи сум, дүүрэгт ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэхгүй хасч, зарим газар өрсөлдөгчгүй сонгууль болсон нь иргэний сонгогдох эрх, сонгогчдын сонгох эрхийг бүдүүлгээр хаасан хууль бус үйлдэл гэж Нийслэлийн ардчилсан нам үзэж байна. Сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам ялалт байгуулсан Баянзүрх дүүрэгт ард түмнээс санал авч сонгогдсон зургаан нэр дэвшигчийг хууль бусаар хассан үйлдэл нь Монгол Улсын сонгуулийн 26 жилийн түүхэнд гарч байгаагүй бусармаг явдал болж, сонгуулийн ардчиллыг үгүй хийн, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн үйл ажиллагаагаа даруйхан зогсоохыг МАН-аас Нийслэлийн Ардчилсан нам шаардаж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан