Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Халамжийн” гэх тодотголтой Д.Баярсайхан хэргээс мултарч, дүү нар нь шүүгдэхээр болжээ


“Халамжийн” гэх тодотголтой Д.Баярсайхан нарын хэд хэдэн хүнд холбогдох албан тушаал авлигын хэргийг прокурорын байгууллагаас хянаж үзээд шүүхэд шилжүүлээд хоёр сарын нүүр үзэж байна. Тэгвэл тэднийг шүүх хурлын тов гарчээ.

Тодруубал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх арваннэгдүгээр сарын 2-нд Д.Отгонтөгс, Д.Отгонгэрэл, Б.Эрдэнэсувд зэрэг хүмүүст холбогдох, Эрүүгийн хуулийн 150, 1661-д заасан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэхээр болжээ.

Хамгийн сонирхолтой нь шүүх хурлын зар дотор эдгээр хүмүүсээс гадна Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган нарын нэрс алга. Уг нь тэднийг онц их хэмжээний эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан хэмээн буруутгагдаж удаан хугацаанд шалгагдсан.

Гэтэл хэргийн толгойлогчид болох албан тушаалтнууд нь хэргээс мултарч, хамтарч ажилласан доод шатны хүмүүсээ шүүхийн хаалга татуулахаар болсон бололтой. НХҮЕГ-ын дарга асан Д.Баярсайхантай холбоотой уг хэргийн талаарх мэдээлэл гарахаар ар гэрийнхэн нь болон бусад хүмүүс “Энэ их хэмжээний мөнгө төгрөг идэж уугаагүй, буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн болгож бичиж нэр хүндэд нь халдлаа. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ингэж болохгүй” хэмээн ярьж байсан удаатай. Тэгвэл өрөөлөөр өөрийнхөө арьсыг хамгаалуулсан Д.Баярсайхан уснаас хуурай гарчээ. Прокурорын байгууллагад хэрэг нь хянагдаж байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бололтой.

2014 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан, нарын нэг нутаг усны 4-5 хүнийг хууль, хяналтын байгууллагаас баривчилж, цагдан хорьж байсан. Тэдний улсад болон нийгмийн халамжийн санд учруулсан хохирол нь нийт 4.5 тэрбум төгрөг болно гэдгийг хууль хяналтын байгууллагаас хэлж байсан удаатай. Тэгвэл ах дүүсээрээ нийлж, их хэмжээний мөнгө идсэн дарга нарын хэрэг замхарч, хэрэгт гар хөл болсон ах дүүс нь шүүхийн танхимд орохоор болжээ.

Дашрамд дуулгахад Д.Баярсайхан өмнө нь 2008 онд эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж байсан ч хэрэг нь бас л тэгсхийгээд замхарч, хэрэгсэхгүй болж байсан юм.

О.Сайхан
http://www.zaluu.com/read/bd887g2c

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан