Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Эрдэнэбат: ТҮЦ машинаас зорчих тасалбар авахаас гадна жолооны үнэмлэх ч хэвлэх боломжтой

-Хоёрдугаар үеийн ТҮЦ машинаар орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар борлуулна-

Ж.ЖАМУХА

Зам тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны захиалгаар “Метатек” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар борлуулах хоёрдугаар үеийн ТҮЦ машиныг олон нийтэд танилцууллаа. Өдгөө туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн уг ТҮЦ машиныг ирэх оны эхээр үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд галт тэрэг, хот хоорондын зорчигч тээврийн автобус, орон нутгийн онгоцны тасалбарыг нэг дороос захиалах боломжтой аж. Өмнөх ТҮЦ машинаас 19 төрлийн үйлчилгээ авах боломжтой байсан бол эл ТҮЦ машин дээрх үйлчилгээнүүдийг багтаасан төдийгүй тасалбар борлуулах цаашлаад жолооны үнэмлэх хэвлэх боломж олгож буйгаараа онцлог аж. Онгоц, галт тэрэг, хот хоорондын зорчигч тээврийн автобусны зорчих цагийн хуваарь бү­хий нэгдсэн мэдээллийн санд холбогдсон уг машин тасалбар борлуулах цэгүүдийн ачааллыг бууруулаад зог­сох­гүй хэрэглэгчдэд түр­гэн шуурхай, орчин үеийн шинэлэг технологид суурил­сан цогц үйлчилгээ үзүүлэх аж. Ингэснээр билетийн кассуу­дын ачаалал 50 хувиар буурч, хүний нөөцийн зардлыг ч хэмнэх ач холбогдолтой юм байна.

Тасалбар борлуулах маши­­­­­ныг томоохон худал­дааны төвүүд, аялал жуулч­лалын компани, тээврийн товчоо болон төв шуудан гэх мэт олон нийтийн газарт байршуулах аж. ЗТХЯ-наас зам тээврийн салбарт тээврийн нэгдсэн ухаалаг систем нэвтрүүлэх, хөгжүүлэх зорилтын хүрээнд ард иргэдэд төвөг чирэгдэл багатай, соёлч боловсон үйлчилгээг ойртуулах, хямд, хүртээмжтэй байлгах үүднээс эхний ээлжинд улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний тасалбарыг автомат машинаар борлуулах туршилтын ажлыг эхлүүлж байгаа нь энэ гэв. Түүнчлэн, ТҮЦ машинаас зөвхөн тасалбар авах бус зам, тээврийн салбарын бусад лавлагаа, мэдээ мэдээллийг авах боломжтойн дээр өөртөө пластик хэвлэгчтэй байдлаар шийдсэн тул жолооны үнэмлэх тэргүүтэй пластик картуудыг ч хэвлэн гаргах боломжтой гэнэ. Дээр дурдсанчлан уг ухаалаг системийг зөвхөн улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнээс гадна дотоодын нислэг, төмөр замын билет бичих байдлаар шийдсэн нь өндөр ач холбогдолтой болсон тухай программ хөгжүүлэгч “Метатек” компанийн захирал Ц.Эрдэнэбат хэлж байлаа. Тэрээр “Манай компани өмнөх ТҮЦ машины програмчлалын ажлыг хийж байсан. Энэ удаад илүү боловсронгуй, олон талт үйлчилгээ бүхий машин ЗТХЯ-ны захиалгаар хийж гүйцэтгэлээ. Энэ бол нийт дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босч байгаа систем. Эхний ээлжинд хотоос гарах замд буюу орон нутгийн зорчигч тээврийн вокзалд байршуулах бол цаашид “Нарантуул” зах тэргүүтэй томоохон худал­дааны төв, дэлгүүрүүдэд байр­шуулах байдлаар хүртээмжийг нь нэмэгдүүлнэ” гэв.
Тасалбар борлуулах машиныг үйлчилгээнд нэвт­рүү­­лэхэд төрөөс ямар нэг хөрөнгө оруулалт шаард­лагагүй бөгөөд хувийн хэвшлийн­хэн өөрсдийн зард­лаар хэрэгжүүлэхээр болсон байна. Харин ЗТХЯ-наас бодлогоор дэмжиж, цаашид түншлэлийн хүрээнд хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Эл үйл ажиллагаа нь тээврийн нэгдсэн системийн зөвхөн нэг хэсэг бөгөөд төмөр зам, авто тээврийн холимог үйлчилгээг туршилтаар эхлүүлж байгаа хэмээн ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд танил­цуулсан. Тэрээр “Улаанбаатар-Сэлэнгэ-Улан-Үд чиглэлд төмөр зам болон улс хоорондын автобусаар зорчих холимог тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх туршилт эхлүүлж байна. Туршилтын үйл ажиллагаа амжилттай хэрэгжвэл цаашид тогтмолжуулна. Ингэснээр тээврийн дэд салбаруудын үйлчилгээг нэгтгэж, иргэдэд ойртуулах, зорчигч тээврийн зардлыг бууруулах ач холбогдолтой” гэв.

ТҮЦ машин иргэний үнэмлэх, банкны карт, бар код, хурууны хээ болон автобусны карт зэрэг бүх төрлийн карт уншигчтай, олон улсын стандартын гурван төрлийн тасалбар хэвлэгчтэй аж. Эхний ээлжинд эдгээр үйлчилгээнүүдийг туршилтын журмаар нэвтрүүлэх бөгөөд цаашид системийн хөгжүүлэлт дээр ажиллах замаар пластик карт хэвлэгч төхөөрөмжөөр жолооны үнэмлэх хэвлэн гаргах боломж бүрдүүлэх аж. Товчхондоо, холбогдох байгууллагуудын шийдвэр гарвал өөртөө пластик хэвлэгч бүхий ТҮЦ машинаас жолооны үнэмлэхээ хэвлэн авах боломжтой болох нь. Өнөөдрийн байдлаар улс, хот хоорондын тасалбар түгээх үйлчилгээг дөрвөн цэгт 160 гаруй хүний оролцоотой хийж байгаа бөгөөд цаашид гараар тасалбар түгээхийг багасгах замаар ачааллыг нь бууруулах аж. Ингэхдээ дээрх 160 гаруй тасалбар борлуулагчийг тээ­вэр зохицуулалтын хянал­тын ажилд шилжүүлэх боломжтой аж. Тиймээс ямар нэг ажлын байрны асуудал үүсэхгүй хэмээн албаныхан хэллээ.

Уг машиныг олон улсад Ticket vending machine (TVM) буюу автомат тасалбар борлуу­лах машин хэмээн нэрийддэг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан