Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Даваалхам: Хяналтанд ороогүйгээс БЗХӨ-тэй хүүхэд төрүүлсэн ээжүүд олширч байна


Б.МЯГМАРЖАВ

БЗХӨ-ий тохиолдол сүүлийн 10 жилд өсч байгаа гэсэн тоон үзүүлэлт гарсаар байна. Энэ талаар ХӨҮСТ-ийн ДОХ, БЗХӨ-ний тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамтай ярилцлаа.

-Халдварт өвчний талаар хамгийн сүүлд хэзээ судалгаа хийсэн бэ?
-Манайх улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа халдварт өвчний мэдээллийг сар бүр гаргаад хариу арга хэмжээ төлөвлөдөг. Түүнээс гадна улсын хэмжээнд хийгддэг томоохон судалгааны нэг нь БЗХӨ тэмбүү, ДОХ-ын тархалтын тандалт  хийдэг. Хамгийн сүүлд гэвэл  2014 онд хийсэн. Уг судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүүгийн халдварын тархалт 5,6 хувьтай гарсан. Өмнөх жилийн судалгаанд тэмбүү өвчин ингэж өндөр үзүүлэлттэй гарч байсангүй. Жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүүгийн халдварын тархалт гэдэг нийт хүн амын дунд өвчлөл ямар байгааг тодотгодог үзүүлэлт. Иймд залуучууд маш хариуцлагатай байх хэрэгтэй.
Мөн улсын хэмжээнд бүртгэгдэж буй  БЗХӨ-ний 46 хувийг тэмбүү өвчин дангаараа эзлэж байна гэдэг аюулын дохио юм шүү.

-БЗХӨ нэмэгдэхийн хэрээр төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрөх ч байдал ихэссэн гэж байна. Ингэж төрсөн хүүхдийн амьдрах чадвар хэр байдаг юм бэ?
-Өнгөрсөн онд төрөлхийн тэмбүүтэй 52 хүүхэд төрсөн. Он гараад 29 хүүхэд бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн тохиолдлуудыг нь судлаад үзэхэд эцэг эхийн хариуцлагагүй байдал хамгийн ихээр нөлөөлсөн. Тухайлбал, төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрүүлсэн ээж нарын 85 хувь нь ямар нэг байдлаар жирэмсний хяналтад ороогүй байсан. Мөн жирэмсний хугацаанд хоёр удаа шинжилгээ өгсөн байх ёстой. Гэтэл энэ шинжилгээнүүддээ огт хамрагдаагүй байх юм. Иймд  эцэг эхийн хариуцлагагүй үйлдэл биднийг ингэж хүнд байдалд оруулж байна. Тиймээс охид бүсгүйчүүдийн  бэлгийн боловсролыг дээшлүүлэх тэдэнд БЗХӨ түүний цаашдын хор хөнөөлийн талаар мэдээлэл зөвлөгөө байнга хүргэж байх шаардлагатай болж байгаа. Өнгөрсөн оны 52 хүүхдийн 19 нь нас барсан.

-Төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхэд энгийн хүүх­дээс ямар ялгаатай байх вэ?
-Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрсөн гэдгийг мэдсэн даруйдаа эмчилгээ хийлгэхгүй бол насан турш  бие эрхтэний гажигтай болдог.

-Халдварт өвчнийг устгах, өвчлөлөөс сэргийлэх ямар боломжийн талаар мэдээлэл өгөөч?
-Бэлгийн боловсрол, зөв мэдээлэл хангалтгүйгээс хүмүүс бэлгийн эрсдэлтэй харьцаа, зан үйлээс өөрсдийгөө сэргийлэхгүй байна. Бэлгэвчийг үнэгүй тараасан ч ихэнх нь хог болдгоос халдвар нэмэгдэх эрсдэлийг өндөрсгөж  байна. Монголчууд анагаах ухаан, шинжлэх ухаанд итгэхгүй ам дамжсан яриагаар амьтны түүхий эд эрхтнээр эмчилнэ гэж итгэсээр,  мөн даарснаас, гадаа хүйтэнд эсвэл бохир 00-д бие засаад заг хүйтэн өвчин авсан гэдэгтээ итгэдэг хүмүүс байсаар  байгаа нь үнэхээр харамсалтай. Бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс сайн дураараа тэмбүү, бэлгийн замын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаж эмчлүүлбэл тэмбүү өвчин бүрэн эмчлэгддэг. Бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулах, эмчлэх нь эдийн засгийн том асуудал. Зарим нь хүний эрх зөрчлөө, сайн дураараа хамрагдана гэх байх л даа.

-Олон хүн ялангуяа өсвөр насныхан БЗХӨ-ийг эмчлэхгүй даамжруулах нь олон эрсдэлд хүргэдэг гэдгийг мэддэг ч эмчилдэггүй. Энэ талаар дахин нэг сануулбал?
-БЗХӨ-ийг эмчлүүлэхгүй явснаар дан ганц шээс бэлгийн замыг өвчлүүлэхээс гадна үргүйдэлд хүргэх аюултай. Үргүйдлийн гол шалт­гаан БЗХӨ байдаг. Мөн эмэгтэйчүүдийн бүхий л хүндэрлүүд гарч ирдэг. Ту­хайлбал жирэмсний үеийн хүндрэлүүд, өсөлтгүй жирэмслэлт, өндгөвчний үрэвсэл гэх мэт олон асуудал дагуулдаг.

-Танай байгууллагын төсөв санхүү хэр хүрэл­цээтэй байдаг юм бэ.  Мөн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шинэчлэл хийж чадаж  байгаа юу?
-Сүүлийн жилүүдэд Засгийн газраас БЗХӨ болон ДОХ өвчинд анхаарал хандуулж санхүүжилтийг нь нэмэгдүүлсээр байна. Өмнө нь, энэ чиглэлийн  санхүүжүүлтийн нийт төсвийн 40 хувийг Засгийн газраас гаргадаг байлаа. Харин одоо 60 хувиас дээш болж өсгөсөн. ДОХ-тэмцэхтэй холбогдсон бүх хөтөлбөрийг 2013 оноос Засгийн газраас санхүүжүүлдэг болсон. Бусад БЗХӨ-ны эм, оношлуурын 30 хувийг ДОХ сүрьеэ, Хумхай өвчинтэй тэмцэх Глобал сан гаргадаг. Оношлуурын үлдсэн хувийг улсын төсвөөс санхүүжүүлдэг гэсэн үг.

-Дэлхий нийт даяарши­хын хэрээр бидний мэдэх, мэдэхгүй олон төрлийн халдварт өвчин шинээр гарах болсон. Манай улсад сүүлийн үеийн мэдээгээр ямар төрлийн халдварт өв­чин бүртгэгдээд байна вэ?
-Сүүлийн жилүүдийг хараад байхад заавал молекул биологийн шинжилгээгээр оношлогддог өвчнүүд нэмэг­дэх хандлагатай болсон. Тиймээс Засгийн газар болон олон улсын хандивлагч байгууллагуудад молекул биологийн шинжилгээг хийх нөхцөл боломжоор хангаж өгөөч ээ гэж хүсч байгаа. Ялангуяа орон нутагт энэ төрлийн бага хэрэгсэл тун ховор. Зөвхөн манайд л ийм төрлийн шинжилгээ хийдэг.

-Халдварт өвчний эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээ хүний нөөцийн хангалт хэр байдаг юм бэ. Халдварт өвчний эмч нар бусад эмчийг бодвол илүү эрсдэлтэй нөхцөлд буюу халдварын голомтод ажилладаг гэдэг шүү дээ?
-Халдварт өвчин тэр дундаа БЗХӨ сүрьеэ өвчний чиглэлээр ажилладаг эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээ хангалтгүй байгаа. Тухайлбал,  БЗХӨ-ний эмч гэхэд Засгийн газраас баталж өгсөн хуваарийн дагуу бол  21 аймагт 66 хүн ажиллаж байх ёстой. Гэвч улсын хэмжээнд 20 гаруй эмч ажилладаг.  Аймагт нэг л эмч байна гэсэн үг. Орон нутагт ямар нэг халдварт өвчин гарлаа гэхэд тэнд ажиллах хүн ганц эмчээс өөр алга.
Тэгэхээр халдварт өвчний хүний нөөц, мэргэжил ур чадварыг дээшлүүлэх ямар нэгэн сургалтад хамрагдах боломжгүй байгаа л гэсэн үг. БЗХӨ-ний ганц эмч сумдаар тойрч мэдээлэл сургалт явуулж чаддаггүй. Уг нь, орон нутагт энэ төрлийн мэдээ мэдээллийг түлхүү хүргэх шаардлагатай байдаг. Өмнөх Засгийн газрын үед УИХ-ын байнгын хорооноос аймгуудад  халдварт өвчинтэй тэмцэхэд юун түрүүнд  хүний нөөцдөө анхаараач  гэсэн тогтоол хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл байдал өөрчлөгдөхгүй л байна.

0 Сэтгэгдэл
Ардын хувьсгал монголчуудыг тэмбүүнээс салгасан. Ардчилсан хувьсгал монголчуудад тэмбүү авчирчээ.
Хамгийн их уншсан