Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Номтойбаяр: Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх байр суурьтай байна


Засгийн газрын үйл ажиллагааны 100 хоногийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Тайлангийн хуралд ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх болон яамны бусад газрын дарга нар оролцлоо.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж хэрэгжүүлэхээр нийт 47 зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд ХНХЯ өнгөрөгч 100 хоногт дээрх зорилтуудаас 13-ыг хэрэгжүүлээд байгаа аж. Тухайлбал, цалин, тэтгэврийн хүү, ажилгүйдлийг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тухай болон боловсролын зээлийн сан, Хүүхэд харах үйлчилгээний талаар хариулт өгсөн юм. Мэдээллийн эхэнд тус яамны сайд Н.Номтойбаяр “Нийгэмд юу л байна асуудал байна. Энэ бүхнийг хэрхэн шийдэх, ямар бодлогоор ажиллах юм гэдэг нь хамгийн чухал. Нэгдүгээрт, нийгэмд ажилгүйдэл маг их байна. Ажилгүйдлээс үүдсэн ядуурал ч буурахгүй байна. Манай салбарын хувьд татвар төлөгчдийн мөнгийг төсвийн захиран зарцуулалтад хэрхэн оновчтой, зөв тусгах вэ гэдэг асуудал чухал байдаг. Залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд гээд асуудалгүй давхрага алга. Тиймдээ ч яамны зүгээс хүн амын 70 орчим хувийг эзэлж буй залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого барин ажиллаж байна” гэлээ.Энэ хүрээнд залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгаа бөгөөдхувь хүний хөгжил, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, чөлөөт цаг гэсэн үндсэн таван бодлогоос бүрдэх уг хөтөлбөрийн хүрээнд нийт 18 хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолсон юм. Хуулийн төсөл боловсруулах ажил дуусах шатандаа явж байгаа ажээ.

Хуралд оролцсон хэвлэлийнхэн сайд болон албаны хүмүүсээс Хүүхэд харах үйлчилгээ болон хүүхдийн мөнгө олгох журам, төсвийг нь хэрхэн бүрдүүлэх тухайд сонирхох нь их байв. Өрхийн бүртгэлийн нэгдсэн сангийн судалгаанд үндэслэж 1-10 дугаар бүлэгт багтсан өрхийн хүүхдэд буюу 18 нас хүртэлх 1.2 сая хүүхдийн 60 хувь нь хүүхдийн мөнгө олгохоор болсон. Энэ хүрээнд дундаж болон дунджаас доогуур орлоготой өрхийн хүүхдэд мөнгийг нь бэлнээр олгохоор зохицуулалт хийсэн бол үлдсэн 40 хувьд нь бичилт хийх замаар 2019 оноос нөхөж олгохоор болсон. Товчхондоо, 2019 онд 18 нас хүртэлх нийт хүүхдийн 40 хувь нь хүүхдийн мөнгөө бөөнд нь авах бөгөөднийт дүн нь 392 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд төсвөөс санхүүжүүлэх тухай албаны хүмүүс хэлж байлаа.

Яамны зүгээс улс орны эдийн засаг хүнд байгаа ч цалин, тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй харин ч цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бодлого баримталж байгаа аж. Энэ хүрээнд банкуудтай харилцан тохиролцож эхэлсэн бөгөөд санамж бичиг байгуулах ажлыг Төрийн банкнаас хэрэгжүүлэхээр болсон байна. Монголбанкнаас гаргадаг “Иргэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн улирлын тайлан”-гаар энэ оны эхний хагасын байдлаар 263.2 мянган иргэн буюу эдийн засгийн идэвхитэй хүн амын 23.3 хувь нь нийт 1.4 их наяд төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж. 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэл гэдэг иргэдийн хувьд санхүүгийн ихээхэн дарамт болж байгааг бөгөөдэнэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт ХНХЯ-нд маш их ирсэн аж. Тиймээс банкуудтай харилцан тохиролцох ажлыг эхлүүлээд байгаа гэв. Банкнаас олгох цалингийн зээлийн сарын хүүг 0.2-0.3 хувиар бууруулахад 33.5-50.2 тэрбум төгрөгөөр, зээлийн шимтгэлийг зогсооход 14 тэрбум төгрөгөөр зээлдэгчдийн зардал багасч, хөдөлмөр эрхлэгчдийн орлого нэмэгдэнэ гэсэн тооцоотой байгаа ажээ.

Энэ оны эцсээр хүүхэд харах үйлчилгээг дуусгавар болгох тухай Засгийн газрын шийдвэр эцэг эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс ХНХ-ын сайд Н.Номтойбаярын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, стандарт болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт шалгалт хийжээ. Хяналт, шалгалтын дүнд хүүхэд харах үйлчилгээ нэрийн дор бохир, эрүүл ахуйн стандарт хангаагүй орчинд хүүхэд харах үйлчилгээ явуулж байсан газар цөөнгүй байгаа аж.

Энэ тухайд ХНХ-ын сайд Н.Номтойбаяр “Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу 12 аймаг, хоёр дүүрэгт ажиллалаа. Энэ далимд Хүүхэд харах үйлчилгээ явуулж буй зарим төвийн үйл ажиллагаатай танилцсан. Яахав, стандарт, шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, аж ахуй нэгж байна уу гэвэл байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хүүхдийн эрх, хамгааллын бодлого хангагдаагүй орчинд үйл ажиллагаа явуулах нь ч байна. Жишээ нь, олон нохой тэжээхийн хажуугаар Хүүхэд харах үйлчилгээ явуулах нь ч байна. Мөн өрөөний халуун дулаан, чийгшил, хуурайшилт, ариун цэвэр, аюулгүй байдлын асуудал зөрчигдсөн байдалтай төв ч байна. Дөрвөн замын уулзвар дээр байрладаг төв ч байна. Ямартай ч, энэ мэт энгийн, наад захын стандарт хангаагүй төв олон байлаа. Гэхдээ яамны зүгээс Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх байр суурьтай байгаа. Ингэхдээ өнөөдрийн тавигдаж буй стандартын дагуу хүүхдэд тавигдах хяналт шаардлагыг сайжруулъя гэж байгаа юм. Их хурлаар төсөв хэлэлцэж байгаа энэ үед Хүүхэд харах үйлчилгээний асуудлыг хөндөх боломжтой.” гэв.

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч ХНХЯ-наас халамж, үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмжийг хязгаарлахгүй, зогсоохгүй байх бодлого барин ажиллаж байгаа хэмээн албаны хүмүүс хэлж байв. Тухайлбал, хүүхдийн мөнгөний хүртээмжийг бууруулахгүй, төрийн албан хаагчдын 36 сарын цалингийн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох зэрэг шийдвэр гаргасан гэв. Мөн ахмадуудад “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа олгох, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, бага насны хүүхэд болон гурваас дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд цалин олгох санаачлага гарган ажиллаж байгаагаа мэдэгдлээ. ХНХЯ өнгөрсөн 100 хоногт хоёр хуулийн шинэчилсэн найруулга боловсруулж, долоон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраар хэрэгжүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан