Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Гүрбазар: Д.Нацагдорж гэж хүний хувийн амьдралыг тоочихыг огт оролдоогүй

Б.ЦЭДЭВСҮРЭН

“...Эх орноо дэлхийд тамгалсан
Эрх чөлөөг бүтээлдээ тунхагласан
Үнэний төлөө жаргаагүй нар
Үүрд санагдах, мөнхөд дурсагдах
Суут найрагч аа” хэмээн их зохиолч Д.Нацагдоржийг магтан дуулж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ш.Гүрбазар болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр нарын хамтран мэтгэсэн “Жаргаагүй нар” жүжгийн дуу бэлэн болж. Харин маргаашнаас их зохиолчийн амьдрал, уран бүтээлийг харуулсан “Жаргаагүй нар” жүжиг үзэгчдэд хүрч эхэлнэ. Их зохиолчийн тухай хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр “Хүн бүр төрөхдөө өөрийн гэсэн аялгууг тээж төрдөг. Нацагдоржийн аялгууг жүжгээс сонсоорой” хэмээн хэлж байна лээ. “Жаргаагүй нар” жүжигт 31-хэн жил амьдрахдаа хэмжээлшгүй ихийг үлдээгээд одсон их зохиолчийн тухай үнэнийг өгүүлэх гэнэ. Тэгэхдээ ямар үнэнийг өгүүлж буй талаар зохиолч Ш.Гүрбазартай ярилцлаа. Уг жүжиг Д.Нацагдоржийн  мэндэлсний 110 жилийн ой УДЭТ байгуулагдсаны 85 жилийн ойн босгон дээр үзэгчдэд хүрч байгаа нь энэ.  

-Их зохиолч Д.Нацагдор­жийн тухай жүжгийн зохиол бичих саналыг анх УДЭТ танд тавихад хэрхэн хүлээж авсан бэ?
-Маш их баярлаж хүлээж авсан. Яг ийм түүхэн цаг хугацаанд УДЭТ-ын хамт олон надад итгэл хүлээлгэснийг хүлээж аваад одоо үзэгчдэдээ хүргэх гэж байна. Зохиолч, яруу найрагч хүний хувьд хүндэтгэл хүлээсэн ажил байлаа. Нэлээд айдастай, бэргэсэн том ажил байсан ч ард нь гарч чадлаа. Олон хүний хүчээр зүтгэсний хүчинд бэлэн болсон.

-Д.Нацагдорж гэхээр 31-хэн жилийн амьдрал мэт боловч агуу их бүтээл туурвил. Тийм том сэдвээс нэг жүжгийн зохиол бичих хэцүү. Хэрхэн шүүрдэж, аль хэсгээс нь түүвэрлэж авав?
-Жүжгийн үйл явдлыг одоо ярих нь дэмий болов уу. Үзэх гэж буй хүмүүст хандаж хоёр зүйл л яръя. Бид уран сайхны зөвлөл, театр, багаараа ярьж тодорхой шийдэлд хүрч, гаргалгаа гаргаж энэ бүтээлээ хийсэн. Жүжиг гэдэг зүгээр зохиолчийн бичсэн зүйлийг тэр хэвээр нь хийгээд явчихдаг юм биш. Миний хувьд Нацагдоржийн амьдрал, намтрыг үнэлэх гэж яарсангүй. Түүхэн жүжиг учраас болсон зүйл болсноороо л гарч байгаа. Тэрийг үнэлэх гэсэнгүй. Байгаа зүйлийг байгаагаар нь харуулсан. Харин Нацагдорж гэж энэ туульсыг, дуурслыг яаж үнэлэх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулсан. Тиймээс би нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Энэ жүжигт улс төр, цаг хугацааны үнэлгээгээр харж бичсэн зүйл байхгүй. 21 дүгээр зууны хүн 1921 оныг дүгнээд бичсэн зүйл огт байхгүй. Энэ бол хэлмэгдүүлэлтийн тухай жүжиг огт биш. Тухайн цаг хугацаанд юу болсон тэрний тухай л бодит үнэн дээр тулгуурлан харуулсан жүжиг. Тэр үйл явдлаас бид юуг нь авах юм бэ, Нацагдорж гэж бие хүнтэй ямар үйл явдлыг нь хамаатуулж ярих вэ, хүн төрөлхтний эгээрсэн, гэгээрсэн чинадын орон руу хэрхэн ойртуулах вэ гэдгийг л дуугарсан жүжиг. Над руу олон хүн ярьж, олон хүн асууж байна. Тэдний хамгийн их сонирхож байгаа зүйл нь Нацагдоржийн үхэл, Пагмадуламын хувь заяаг хэрхэн шийдсэн бэ гэдэг. Би тийм зүйл рүү айхтар ороогүй. Маш олон ээдрээтэй асуудал байдаг. Одоо ч эрдэмтэд хэдэн янзаар ярьдаг юм. Нэг хэсэг нь манай жүжгийг зөв гэхэд нөгөө хэсэг нь буруу гэх үндэс бий. Тийм учраас бид Нацагдорж гэж хүний хувь заяаны өсөлтөд зайлшгүй нөлөөлөх зүйлсийг нь түүж аваад бусдыг нь орхисон. Хүн бүр өөр өөрийнхөөрөө л хардаг. Хэн нэг хүний хувийн амьдрал руу хэтэрхий орох муухайтай адилхан бид ч Нацагдорж гэж хүний хувийн амьдралыг тоочихыг огт оролдоогүй. Зайлшгүй хэрэгтэй үйл явдлыг нь л түүж, тэрэн дээр нь түшиглэж бичсэн. Дахин хэлэхэд энэ бол туульсын жүжиг. Ямар нэг улс төр, нам, цаг хугацааны шүүмж биш. Нацагдоржийн амьдралаар дамжуулан ер нь хүний амьдралын хүсэл мөрөөдлийг зогсоох цаг дор хүн өөрөө мөхдөг юм даа гэсэн санааг л харуулах гэсэн юм.

-Бодит хүний тухай, бүр энэ цаг үед амьдарч байсан хүний тухай бичих, бүтээл хийх амаргүй. Танд жүжгийн зохиолоо бичиж байх үед хамгийн хэцүү хүндрэлтэй зүйл юу байсан бэ?
-Би энэ зохиолыг бичихийн тулд олон хүнтэй уулзсан. Доктор, Нацагдорж судлаач Лочин, Жачин, Мэндсайхан, Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа нарын арав гаруй эрдэмтэн, зохиолчтой хоёр, гурван сарын хугацаанд уулзсан. Мөн Нацагдоржийн тухай номнуудыг уншихаас эхлээд ер нь Нацагдоржийн тухай гэсэн бүхнийг харсан даа. Надад нэг л бэрхшээлтэй зүйл тулгарсан. Нацагдоржийн амьдралтай холбоотой баримтууд өнөөдөр хүртэл та бүгдэд бий. Нацагдорж яаж нас барсан гэхэд л гурав, дөрвөн өөр зүйл ярьдаг. Пагмадуламын тухай мөн л олон янзаар ярьдаг. Нацагдорж хүүхэдтэй, хүүхэдгүй гээд л өчнөөн юм ярьдаг. Энэ бүх ээдрээтэй асуудлыг Гүрбазар гэдэг хүн жүжгээрээ дамжуулаад тайлбарлачихна гэж байхгүй. Энэ л хамгийн хүндрэлтэй. Магадгүй хүмүүс хувийн амьдралыг нь ихээр сонирхох байх л даа. Гэхдээ уран бүтээлчид бид үүн дээр анхаарал хандуулсангүй. Пагмадуламын түүх их хэцүү, ээдрээтэй. Түүнийг судалдаг гурван судлаачийн ойлголтын үндсэн 80 хувийг нь авч жүжигтээ оруулсан. Өнөөдрийн Пагмадуламын талаар судалж буй эрдэмтэд ямар дүгнэлтэд хүрсэн юм бэ гэдгийг л зохиолдоо оруулсан. Түүхэн уран бүтээл маш зовлонтой. Ялангуяа Нацагдоржийг мэддэг хүн байдаггүй, мэдэхгүй хүн бүр байдаггүй. Гэхдээ үүнийг уран бүтээл болгож гаргах ёстой. Би Нацагдоржийн намтраар цол хамгаалах гээгүй. Тийм учраас намтар дээр нь улс төрийн үнэлгээ хийгээгүй гэдгийг л дахин дахин хэлье.

-“Жаргаагүй нар” жүжигт зөвхөн Д.Нацагдоржоос гад­на бусад дүр нь бодит. Тэд­гээрийн тухай хэрхэн судалж, тэднийг хэрхэн бүтээлдээ урласан бэ?
-Миний бичих гэж буй Нацаг­доржийн амьдралд тэр хүмүүсийн оролцоо ямар байсан юм гэдгийг л гаргасан. Түүнээс Пагмадуламын амьд­­рал дангаараа жүжиг болчих­но. Ананда Ширагийн ээж Нинагийн тухай жүжиг бичсэн ч болохоор. Намдаг байна. Нацагдоржийг нас барснаас 10 жилийн дараа нас барсан Жамсрангийн Цэвээн байна. Гайхалтай хувь заяанууд. Тий­мээс эдгээр дүрийг үнэлэ­хээсээ илүү миний бичсэн жүжигт авагдаад байгаа Нацагдоржийн амьдралын зурвас үеүүдэд эдгээр хүний оролцоо ямар байсныг л гаргасан. Тэр бодит хүмүүсийн цаад мөн чанар руу өнгийх гэж хичээгээгүй. Хэрэв тэгсэн бол жүжиг ч биш, юу ч биш болно л доо.

-“Жаргаагүй нар” гэдэг нэрийг хүн болгон л янз бүрээр тайлбарлаж байна. Таны хувьд жүжигтээ энэ нэрийг яагаад өгөх болов?
-Агуу их эгээрлийн чина­дын дээд ертөнцөд хүмүүс хү­рээд байна аа. Тэгэхээр нэг орон байгаа биз. Тэнд нар жаргадаггүй юм аа л гэсэн санаа. Нацагдорж жаргаагүй, мөнх мандаж буй нар гэхээ­сээ илүү бидэнд рашааны дус­лаасаа хүртээж буй тэр газар л нар жаргадаггүй гэж хэлсэн.

-Бид их зохиолч Д.Нацаг­доржийг үсэг үзэж эхэлсэн цагаасаа эхлээд л зохиол бүтээлээр нь таньж эхэлдэг. Та зохиолч хүний хувьд энэ хүнийг хэзээнээс мэдэж, мэдэрч эхэлсэн бэ?
-Бичиг мэддэг болохоосоо л мэддэг болсон. Бидний үед тийм олон ном байсангүй. Зохиол бичиж байхдаа агуу ихээр мэдэрсэн. 31 жил амьдрахдаа гуравхан жил хийсэн бүтээл нь одоо ч мөнх. Агуу байгаа биз дээ. Ганц үнэн бол энэ. Түүний мэндэлсний 100 жилийн ойн дээр л бид дугарч эхэлж байна. Их сайн. Хулан маань бас жүжгийн зохиол бичиж байгаа гэсэн. Мөн кино ч хийгдэх гэж байгаа юм билээ. Ингэж олон талаас нь л мөлжиж байж үнэнийг бодит байдалд ойртуулж чадна.

-“Жаргаагүй нар” таны тайзны бүтээл амилж буй хэд дэх зохиол вэ?
-Хот хөдөөгийн нийлсэн жүжгүүд бий. 30 дахь драмын жүжиг болж байна. УДЭТ-ын тайзнаа тавигдаж буй дөрөв дэх жүжиг. УДЭТ-ын залуу үе, маргаашийг үүрэлцэх залуучууд, яг Нацагдоржийн насны залуучууд өөрсдийн орон зайгаараа энэ жүжигт оролцон тоглож байгаа нь их сонин зүйл. Өөрийнхөө насны хүнийг, өөрийнхөө амьдарч байгаа үед амьдарч байсан хүнийг тоглоход алдаа оноо байх боловч цаана нь бахархал, ямар нэг үнэмшиж харагдах болов уу гэж бодож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан