Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийн сонгуулийн маргаан хэрүүл, он дамжих уу

-Дүүргийн СЕХ-ны дарга нар хууль зөрчиж байна гэв-

МАН-ынхан хэсэгтээ хий бадрааж явсан сэдэв нь хар машин буюу санал тоолох автомат төхөөрөмж. Галдан шатааж, эгээтэй л дотор нь хүн сууж байгаа эсэхийг өнгийж хараагүй тэд хардаж, сэрдэж явсаар 2016 оны УИХ-ын сонгуулиар 65-уулаа сонгогдсон билээ. Өдгөө төрийн эрхэнд гарсан МАН-ынхан өөрсдийгөө контрольдох болж, “хар машин” гэхээр хар цагаан дуугүй болжээ. Гэвч, сөрөг хүчний зүгээс санал тоолох автомат машин болоод Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаатай холбоотой маргаан гарч байгаа, энэ нь өргөн хүрээндээ төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн ажиллагаа гэж харанга дэлдсэн ч эрх баригчид ажрах шинжгүй хэвээр байна.

Жишээ нь, УИХ-ын гишүүн Л.Болд саяхан болж өнгөрсөн Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын сонгуулийн үеэр гарсан хачирхалтай тохиолдлыг баримтжуулж авснаа өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд хэллээ. Санал тоолох төхөөрөмж нь уншигдаж буй саналын бүх хуудсыг зурган файл болгоод “CD”-нд хадгалдаг юм байна. Ингээд тэр бүрийг нь шалгаад сууж байтал орон нутгийн сонгуулиар Сүхбаатар дүүргийн санал тоолох автомат машин нь Хөвсгөлийн УИХ-ын саналын хуудсыг уншчихаж. Хар ухаанаар бодохоор аль таван сарын өмнө 900 гаруй км-ын цаана уншигдсан саналын хуудас Сүрбаатар дүүрэгт “сонгуульдаад” явж байна гэхээр үл ойлгогдох байдал үүсч байгаа юм. Хүн авчираад хийчихсэн юм уу, эсвэл санал тоолох машины гэмтэл гэж тайлбарлах уу, ямартай ч асуудал цаашид ээрэх шинжтэй.

Ер нь л АН-ын ч, МАН-ын үед нүд үзүүрлэгдэж байгаа хар машинд “эзэн бие” олдохгүй байгаа тул одоо хараат бус гэдэг Сонгуулийн хороо л энэ асуудалд хариулт өгч таарах бололтой. Удахгүй Л.Болд гишүүн яг энэ асуудлыг уул овоо шиг “босгоод” ирэх учраас хэсэгтэй азнах нь.

Харин учрыг нь олчихож болохоор, хэний гар хөл оролцсон нь тодорхой сонгуулийн маргааныг чирэгдэлгүй шийдэх шаардлага тулгарч байна. Энэ нь Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа Орон нутгийн сонгуулийн маргаан. Уржигдар гэхэд Баянзүрх дүүргийн ИТХ-ынхан анхдугаар хуралдаанаа хийх гэтэл Засаг дарга, ИТХ-ын даргын суудал, хурлын ширээн дээр нь хэсэг нөхдүүд зайдагнаж суучихаад боссонгүй. Бас Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулсан АН-ын гишүүнийг баталгаажуулахгүй гээд тас гэдийсэн дүүргийн сонгуулийн хорооны дарга нар гээд олон асуудал байна. Тиймээс эдгээрийг сийрүүлэн хүргэх нь зүй.
Баянзүрх дүүрэгт үүссэн асуудал хурцдаж эхэлжээ

Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болж, 23-нд нэмэлт санал хураалт, 29-нд дахин санал хураалт болсноор өндөрлөсөн. Сонгуулийн Ерөнхий хорооны мэдээллээр МАН олонх болсон. Харин сөрөг хүчин нийслэлийн сонгогчдын 33 гаруй хувийн санал авч нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүрэгт засаглах эрхтэй болсон билээ. Гэвч, АН-ын ялсан дүүргүүдэд МАН “луу уншиж”, төрийн ажлыг гацаах болов.

Жишээ нь, АН-ын нэр дэвшигчдээс зургааг нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хассан тогтоолыг энэ сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий гаргасан. АН-ынхан энэ шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа юм.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий тогтоол гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэсэн байна. Үүнд нь,
•    70.1.1 буюу Мөнгө, эд зүйл тараах
•    70.5.16 сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах зэрэг багтана.

Гэвч, Сонгуулийн тухай хуулийн 3.1.7.“сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг... хэлнэ гээд тодорхой заачихсан байдаг. Бүр “цагдаад гомдол гаргана...”, “сум, сум дундын шүүх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид шууд гомдол, мэдээлэл гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд зөрчлийн талаарх үйл баримт, нотлох баримтыг хавсаргана” зэргээр хуулийн олон заалтыг иш татаж болох юм. Харамсалтай нь, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хэн нэгнийг хууль зөрчсөн гэж үзээд өөрөө тогтоол үйлдсэн нь араасаа ямар ч хариуцлага хүлээсэнгүй.

Мөн Сүхбаатар дүүргийн зарим хороодод ирц хүрээгүй ч, нэмэлт санал явуулахгүй шаардлагагүй гэж үзсэний улмаас МАН-ын хоёр нэр дэвшигчийг баталгаажуулсан зэрэг асуудал байгаа юм. Эдгээр асуудлын талаар дүүргүүдийн АН-ын дарга нараас тодрууллаа.

 Баянзүрх дүүргийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа:
Зургаан хүний нэрийг хууль бусаар хассан


-Баянзүрх дүүрэгт үүссэн асуудал юу болж байгаа вэ?

-Баянзүрх дүүрэгт байдал хурцадмал байгаа. АН 22 суудал, МАН 19 суудал авсан эцсийн дүн гарсан. Үүнийг СЕХ, нийслэлийн Сонгуулийн хороо зарласан байдаг. Гэтэл дүүргийн сонгуулийн хороо ямар нэгэн шалтгаангүйгээр АН-ын зургаан хүний нэрийг хассан байдаг. Энэ удаагийн Сонгуулийн хуулийн гол өөрчлөлтөөр маргааныг сонгуулийн хороо биш, шүүх шийдвэрлэдэг болсон. Сонгуулийн хуулийн 3.1.7-д “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг хэлнэ” гэж байгаа. Эцсийн маргааныг шүүх шийдвэрлэнэ гэсэн эрх зүйн зохицуулалттай байгаа. Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий гэдэг хүн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, нарийн бичгийн дарга Сонгуулийн хорооны дарга хоёулаа гарын үсэг зурж байж хүчин төгөлдөр болдог тогтоолд дан ганц өөрийн гарын үсгийг зурж, тогтоол үйлдэж зургаан хүний нэрийг хассан. Энэ бол хүчин төгөлдөр бус шийдвэр.

-Анхдугаар хуралдаан зарлагдсан ч болоогүй?

-Сонгуулийн хороо сүүлийн тав хоног ажлаа хийсэнгүй. Нэр дэвшигчид Сонгуулийн хорооны ажлыг хүлээсэн байдалтай байна. Дүүргээс анхдугаар хуралдааныг зарласан. Энэ үед тав хоног олдохгүй байсан Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий гэнэт гарч ирээд л алга болчихсон. Шүүхийн шийдвэр гараагүй байхад зургаан хүний нэрийг хасаж болохгүй. АН, МАН-ын нэр дэвшигчид хуралдаандаа ирэхэд хурлыг хийлгэхгүй, индэрийг нь булааж аваад, хэвийн ажиллах нөхцөл байдлыг алдагдуулаад байгаа. МАН-ынхан иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж, ажлаа явуулах ёстой юм гэдгийг л хэлмээр байна.

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах орон зай бидэнд үлдэж байна

-Орон нутгийн сонгууль болж дууслаа. АН улс даяар хичнээн хувийн санал авсан бэ?

-Орон нутгийн сонгуулиар АН-аас нийт 6900 нэр дэвшигч өрсөлдсөн. Тэдний 2650 нь сонгогдож, сонгуулийн үр дүнгээр 37.9 хувийг сумын ИТХ-д АН-аас нэр дэвшигчид эзэлж байна. Нийслэлийн есөн дүүрэгт нийт 295 нэр дэвшигч дэвшсэнээс АН-аас 98 нэр дэвшигч гурван дүүрэгт ялалт байгуулж, нийт сонгогчдын 33.2 хувийн санал авсан. Харин аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль Сүхбаатарт явагдаж АН ялалт байгуулж, баталгаажууллаа. Нийт 330 сумаас 104 суманд АН ялалт байгуулсан. Нийслэлийн есөн дүүргийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт АН ялсан.

-Гэхдээ ялсан дүүргүүдэд асуудал их гарч байна. Баянзүрх дүүрэгт гэхэд дүүргийн сонгуулийн хорооны даргын тогтоолоос болж сонгуулийн дүн эргэх нөхцөл бүрдэж?

-Ард түмний сонголтыг санаатайгаар будлиантуулах оролдлого гаргаж болохгүй. Гаргах гаргахдаа Сонгуулийн хороог удирдаж буй удирдлага хууль бус шийдвэрээр ард түмний сонголтын тоог өөрчилж болохгүй гэсэн заалт бий. Үүнийг ноцтой зөрчсөн үйлдлүүд гарч байгааг бид буруу гэж харж байгаа. Бид энэ сонгуульд нэг л зарчим баримталж байгаа. Ялсан бол ялсан, ялагдсан бол ялагдсан. Ялж ч чадахгүй, ялагдаж ч чадахгүй байдлыг бий болгож болохгүй. Ард түмний сонголтоор гарч ирсэн төлөөлөгчийг хэн нэгэн хүний шийдвэрээр энэ сонголтыг үгүйсгэдэг байдал ардчилсан улс оронд байж болошгүй зүйл гэж харж байна. Тиймээс энэ асуудалд АН онцгой анхаарал хандуулах ёстой гэж бодож байна. МАН-ын удирдлагууд ч мөн анхаарах ёстой. Аль аль талдаа ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Хэдийгээр өнөөдөр тооны олонхи нь МАН-ын талд байгаа ч гэсэн улс төрийн олонхи энэ эрх баригчдын амлалтаас ухарсан байдлыг дүгнэсэн юм шүү дээ. Тийм учраас улс төрийн олонхи аль талдаа байгааг эрх баригчид мэдрэх учиртай. Нэгэнт гарсан шийдвэрийг хүндэтгэн үзэж, эцэслэн шийдэгдээгүй маргааныг асуудал болгон дэвэргэж, гүнзгийрүүлэх нь яавч бидний эрх ашиг биш. Энэ байдлаа эрх баригчид зогсоох ёстой. Энэ сонгуульд АН эрх мэдэлтэй, үнэмлэхүй олонхитой эрх баригчидтай өрсөлдсөн хэдий ч ард түмэндээ нэг л зүйлийг маш сайн ойлгуулж чадсан. Энэ юу гэвэл, эрх баригчид амлалтаасаа ухарч бодлогогүй үйл ажиллагаагаа хэрхэн явуулсныг ард түмэнд ойлгуулж чадсан нь сонгуулийн нэг том ач холбогдол. Өнөөдөр (өчигдөр) эрх баригчдын үйл ажиллагааны 100 дахь хоног дуусч байна. Маргаашаас 1000 дахь хоног эхэлнэ. Бид эрх баригчид гарсны дараа амлалтыг чинь өдөр болгон сануулна гэж хэлсэн. Орон нутгийн сонгуулиар бид эрх баригчдын амлалтыг сануулсан. Сонгуулиар авсан 104 сум, гурван дүүргийн ялалтыг баталгаажуулах нь зүйтэй гэж харж байна. Цаашид Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуулиар АН үндэсний хэмжээний нам болох юм аа гэдгээ дахин нотлох, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах орон зай бидэнд үлдэж байна.

Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга: Дүүргийн Сонгуулийн хороо хуулиа зөрчиж, шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг болчихож


-Сүхбаатар дүүрэгт Орон нутгийн сонгуулийн маргаан цөөнгүй гарч байна. Дүүргийн нам асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?


-Сонгуулийн хуульд сонгуулийн хорооны ажилтан, албан хаагчид сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвслийн нэр дэвшигчдийг дэмжих, аль эсвэл эсэргүүцсэн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон байдаг. Нөгөө талаар хуулиар хориглосон аливаа үйлдлийг гаргах, оролцохыг хориглосон. Энэ хуулийн заалтуудыг Сүхбаатар, Баянзүрх дүүргийн онгуулийн хороо уландаа гишгэж, олон үйлдлээрээ зөрчиж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа хоёр хүнийг илт хууль бусаар нэр дэвшихээс нь татгалзсан. Эдгээр асуудлыг бид сонгуулийн сурталчилгааны явцад шүүхэд өгсөн. Анхан болон давж заалдах шатны шүүхээр энэ нь хууль бус юм гэдгийг тогтоосон. Тухайн тойрогт дахин сонгууль явуулах асуудлаар шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Мөн дүүргийн 7-р тойрогт манай нэр дэвшигч Нармандах, Оргил нар нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал бүрдсэн байхад сонгуулийн хороо ирц хүрсэн гэж илтээр гуйвуулж, МАН-ын хоёр хүнийг баталгаажуулсан. Үүнийг бид шүүхэд өгсөн. Шүүх хэрэг үүсгээд явж байгаа юм.

-Шүүхийн шийдвэргүйгээр нэр дэвшигчийг хассан тохиолол мөн гарсан байсан.

-Сонгуулийн хуулийн үзэл баримтлалаар үр дүнг сонгуулийн хороо тэр чигээр нь өргөн барих учиртай. Баянзүрх дүүрэгт 41 хүн, Сүхбаатар дүүрэгт 35 хүнийг л өргөн барих ёстой бол тэрийг л өргөн барих учиртай. Энэ үеэр гарсан маргаан зөрчил зөвхөн шүүхээр л шийдвэрлэгдэнэ. Сүхбаатар дүүргийн 11-р хороонд 1000 гаруй хүнээр илүү санал авсан АН-аас нэр дэвшигч Батжаргалыг баталгаажуулаагүй. Шүүхээр шийдвэрлээгүй байхад сонгуулийн хорооны дарга Бат-Эрдэнэ өөрийн итгэл үнэмшлээрээ хассан гэдгийг нь ойлгохгүй байна. Энэ хүн сонгуулийг будилаантуулсныхаа дараа Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын даргаар томилогдсон байгаа. Энэ бол шагнал нь байх. Энэ асуудлаар бид шүүхэд хандсан байгаа. Сонгуулийн хороод хуулиа ойлгодоггүй юм уу, ойшоодоггүй юм уу, өөрсдөө шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг болчихож. Энэ их буруу тогтолцоо. Сонгуулийн Ерөнхий хороо, Нийслэлийн Сонгуулийн хороо шийдвэрээ зарлачихаад байхад дүүргийн Сонгуулийн хороо шийдвэрийг өөрчилж болохгүй. Бид шүүх болон АТГ-т хандсан. Эрх баригчид ард түмний сонголтыг хаан сонголт гэж хэлж байсан. Хаан сонголтыг АН хүндэтгэсэн. Гэтэл МАН-ынхан уландаа гишгэж байна. АН энэ хууль бус асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан