Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Энхжаргал: “Эрдэнэт” үйлдвэрийн хувийг шилжүүлсэн асуудлыг атг шалгаж байна


Т.ЦЭЛМЭГ

Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хийлээ. Энэ үеэр авлигын асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэн. Сүүлийн үед улс төрд өрнөж буй асуудлууд мөн л авлигатай холбоотой байж болохыг гишүүд хөндөв. Авлигатай тэмцэх газар ч гэсэн хуваарилсан төсөв, байгаа нөхцөл боломжоороо ажиллаж байна гэдгээ тайлбарлаж, хамгийн чухал нь олон нийтийн хяналт, оролцоо гэж байлаа.
 
Л.Болд: Амьд “царцаа” цаасан хэлбэрт орсныг баримтаар нь мэдээлнэ

УИХ-ын гишүүн Л.Болд орон нутгийн сонгуулийн дүнг энэ долоо хоногт багтаан сонсох хэрэгтэй гэж байлаа. Учир нь, 2016 оны сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр саналын луйвар цөөнгүй гарсан төдийгүй баримт бий учраас түүнийг парламентад ярих хэрэгтэй. Энэ нь цаагуураа авлигын шинжтэй байж болзошгүй гэв. Тэрээр “Сонгуулийн санал тоолох машин бол компьютер учраас өгсөн саналыг уншиж, тоолж гаргадаг. Гэтэл аргалдаг технологи байдаг юм шиг байна. Өмнөх сонгуулиар олон мянган амьд “царцаа” энд тэндгүй явсан. Сая орон нутгийн сонгуулиар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны сонгуулийн нэг хэсэг дээр 455 саналын хүчинтэй хуудас байх ёстойгоос автомат машинаас 793 саналын хуудас гарч ирээд сонгуулийн дүнг өөрчилсөн байгаа юм. Саналын хуудас нь хоёр өөр байсан. Бүүр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Даваасүрэн гишүүний сонгогдсон саналын хуудас гарч ирсэн. Сонгуулиар бүхэлд нь биш нэг хэсгийг л онилж байгаад луйвар хийдэг юм билээ. Өмнө нь ч тийм байсан. Тиймээс бид энэ талаар баримттай нь мэдээлэх болно” гэлээ.

Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг боловсронгуй болгох гэж Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэхээр Үндэсний хөтөлбөрт тусгасан байна. Тэгэхээр сонгууль болоод удаагүй байгаа энэ үед нь хуулиудыг өөрчилж, авлигын асуудлыг хатуу тусгаж өгөх хэрэгтэйг тэрээр онцгойлон хэлэв.

Харин УИХ-ын гишүүн М.Билэгт хэлэлцэж байгаа асуудлаа сайн ойлгоогүй бололтой.  “Нэг суманд ах дүү олонтой, аргаа олчихсон нөхдүүд ИТХ-даа гараад ирдэг. Сонгуулиар сонгохгүй байж болно гэхээр иргэд болохгүй байна гэж тайлбарладаг. Тухайн сумын иргэд нь хүртэл дээрээ МАН, дунд шатандаа бас МАН гараад ирсэн. Тиймээс доод шатандаа ч хөлтэй болъё гэхээр ИТХ-ын сонгуульд ах дүү хамаатан саднаараа дулдуйдан аргатай нь унагаагаад байна” гэж хэлж байгаа юм. Тиймээс энэ байдлыг орон нутагт АТГ үүнийг яаж зохицуулах вэ гэж асуув.
Үндсэндээ иргэд байнга нэг намын төлөөлөл сонгодог, түүнийг нь яаж зогсоох хэрэгтэй вэ, МАН шат шатны сонгуульд олон суудал авсан байхад суманд хүртэл МАН байх ёстой гэх утгатай зүйл ярьж, иргэдийн сонголтыг үгүйсгэв. Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасан нь бий. Гэтэл УИХ-ын гишүүн УИХ-ын чуулганы танхимд улс даяараа нэг намыг сонгох ёстой гэж намынхаа эрх ашгийг дээгүүрт тавьж буй нь энэ заалтыг зөрчиж байгаа хэрэг. Юу ч хамаагүй ярьж л байвал зөв гэж ойлгодог зарим гишүүдэд энэ бас хамаатай. Энэ парламентад “памперстай” гишүүд цөөнгүй байгаа төдийгүй хаана юу ярихаа мэдэхгүй хэсэгтээ л будилах нь. Гэхдээ заримд нь чимээгүй суух нь зөв хариулт байдаг гэдгийг зааж зөвлөх хэрэгтэй болов уу.  

“Эрдэнэт”-ийн маргаан үргэлжилсээр...

Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар Г.Алтанг томилно гэдэг мэдээлэл нэлээд түгсэн. Тэгвэл үүнд хариулт өгөхийг чуулганы үеэр хөндөв. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Алтанг “Эрдэнэт”-ийн захирлаар томилуулна гэж бараг 20 хоног шахам гүтгэлээ. Энэ тухай хэнтэй ч би яриагүй. Энийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Увсын хүн “Эрдэнэт”-д захирлаар очно гэж ч бас ярьсан. Бас намайг намын дарга болох гэж байна гэсэн. Тийм юм байхгүй. Сонгуулиас хойш “Эрдэнэт”-ийн захирлыг соль гэж хэлж байсан. 51 хувийг төлөөлдөг гүйцэтгэх захирал нөгөө талд урваад том том объектуудыг үрэн таран хийлээ гэж харин ярьж байсан юм шүү” гэж тайлбар өгөв. Ингэхдээ тэрээр Орхон аймгаас сонгогдсон гишүүдийг байр сууриа илэрхийлж, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд дуугарах ёстой гэсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баа­санхүү “20 жил Хуульзүйн сайд хийгээгүй болохоор сайн мэдэхгүй байна. “Эрдэнэт” үйлдвэрт хууль бус зүйл болсон юм уу гэдгийг баримттай хэлэхгүй бол болохгүй. Тэгээд Улсын ерөнхий прокуророос гэмт хэргийн шинжтэй зүйл болсон уу гэж лавлагаа хүсэхэд тийм зүйл байхгүй гэж хариу өгсөн. Тэгэхээр тэнд үнэхээр хууль зөрчсөн зүйл болсон эсэхийг тогтоогоогүй болохоор ярьж болохгүй байна. Энэ үйлдвэрийн 49 хувийг хэрхэн авсныг шалгахаас гадна одоогийн нөхцөл байдлыг өргөн хүрээнд шалгаарай. Та бүхэн энэ талаар шийдвэр гаргаж чадна гэж сонгуулиар ярьж гарч ирсэн. Чадахгүй гэж байгаа бол тэрийгээ хэлэх хэрэгтэй” хэмээн уур бухимдлаа нам дотроо гарга гэж зөвлөв.

АТГ-ын дарга Х.Энхжаргал ““Эрдэнэт” үйлдвэрийн хувийг шилжүүлж авсан асуудлыг АТГ шалгаж байгаа. Хууль ёсны санхүүгийн үйл ажиллаа явуулсан уу, авлига, албан тушаалын гэмт хэрэг мөн үү гэдэг чиглэлээр нь. Авлига, албан тушаалын гэмт хэрэг бол нийгэмд хор хохирол учруулсан байх ёстой. Үүнийг шалгаж тогтоох ёстой” гэж хариулсан.

Ашиг сонирхлын зөрчлийн талаархи асуудалд АТГ-ыг О.Баасанхүү гишүүн нэлээн шүүмжлээд авсан. Тэрээр “Эрүүл мэндийн сайдаар томилогдохоосоо өмнө 10 давхар байшинтай гэчихээд сайдын суудалд очихдоо зарсан гээд ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг авсан. Танайх шалгах ёстой юм уу, бичиг өгөх ёстой юм уу” гэв. Ашиг сонирхлын зөрчлийн талаар АТГ зөвхөн зөвлөмж л өгөх үүрэгтэй, түүнээс бид томилох асуудлаар зөвшөөрөл өгдөггүй гэж тайлбарлав. “Нийтийн албанд томилогдож, сонгогдож байгаа албан тушаалтан ашиг сонирхлын зөрчил байхгүй гэвэл томилоход саадгүй. Өөрийн чиглэлийн биш хувийн салбарт аж ахуй эрхэлж байвал хуулиар 30 хоногийн дотор албан тушаалаасаа татгалзвал томилж болно. Мөн илт ашиг сонирхлын зөрчилтэй байгаа учир томилж болохгүй гэдэг зөвлөмж хүргүүлдэг” гэлээ. Тус хөтөлбөрт төрийн албан тушаалын томилгоог улс төрийн нөлөөллөөс хол байлгах гэдэг заалтыг зөвхөн улс төрийн албан тушаалтанд хамаатуулах эсвэл жагсаалт гаргах хэрэгтэй хэмээн санал гаргав. Мөн гишүүдээс улстөрчидтэй холбоотой авлига, албан тушаалын хэргийг шалгахгүй, доод, дунд шатны төрийн албан хаагчдын хэрэгт анхаарал хандуулдаг гэх мэт шүүмжлэл хэлсэн. Ингээд Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөрийг УИХ-ын чуулганд оролцсон 41 гишүүний олонхи нь дэмжиж баталлаа.  

0 Сэтгэгдэл
манай нэг өвөрмонгол найз 3сая хүнтэй 60сая малтай ийм их баялагтай байж ар монголчууд минь яагаад ядуураад бнаа гээд гайхаад байдаг юм .тэр мөн та нар алтан аяга барьчих аад Хятадаас будаа гуйгаад л Өмнөговио барьцаанд тавина гээд л байх юм гээд гайхдаг .Надад хэлэх үг олдохгүй манай дарга нар өөрсдөө идээд байхаас ард иргэддээ өгдөггүй юмаа л гэдэг юм .тэгэхээр манай си дарга шиг хүн гарч ирээд хулгайчид дарга нарыг чинь буудаад өгөөсэй гэх юм .тэр СИ гарч ирээд дарга нарын иддэг мөнгийг бидэнд өгч эхэлсэн учир сүүлийн жилүүдэд амьдрал сайжирсан гэх юм .Би манай дарга нар цаазын ялыг үгүй хийчихсэн гэхээр нөгөөх маань мөн ч уран аргатай юмаа танай дарга нар тэгвэл СИ даргаас илүү юмаа гээд гайхдаг юм даа. 2016/11/6 10
Хамгийн их уншсан