Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүний машин мөргөчихөөд хэдэн төгрөгийн эрэлд гардаг үе өнгөрчээ

Б.МЯГМАРЖАВ

Утас дуугарч эхнэр минь залгаж “Ханиа би хүний машин мөргөчихлөө гэв” би ч сандарч хүний үнэтэй сайтай машин мөргөчихөж хэдэн төгрөгийн өр төлбөрт орчихов оо хэмээн сандрав. Гэнэт жолоочийн хариуцлагын даатгал хийлгэснээ санаж  “Машины дээд хатавчинд даатгалын хуудас байгаа. Даатгал руу залгаад дуудлага өг “ гэв. Эхнэр ч “Миг”-даатгалыг дуудаж даатгалын менежер хоёр машины зургийг хэдэн талаас нь аваад явав. Цагдаа хэмжилт хийн эхнэрийн буруу гээд бичиг баримтыг нь хураав. Ингээд үнэлгээний газраар үнэлгээ хийлгэхэд сая 500 мянган төгрөгийн төлбөр гарсан юм. Цалингаас цалингийн хооронд амьдардаг бидний хувьд чамгүй их мөнгө. Энэ мөнгийг гаргахын тулд хэдэн сарын хэрэглээгээ танах эсвэл өр тавих шаардлагатай. Харин жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулсны ачаар энэ бүх өр төлбөрт надаас машины үнэлгээ хийлгэх мөнгө л гарсан юм.

Эвдрэл хохирлын хэмжээг тодорхойлохдоо автомашины марк, үйлдвэрлэгдсэн, монголд орж ирсэн он, явсан гүйлт, ашиглалтын чанар байдал болон  сэлбэг хэрэгслийн үнэ, ханшийг харгалзан үздэг юм билээ. Би гэдэг хүн ингэж даатгалд хий дэмий мөнгө өгөөд байна гэсэн бодлоо гээж жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын ач тусыг биеэрээ мэдэрч билээ. Мөн бидний мэдэхгүй олон талын ач холбогдолтой зүйл заалтууд ч байдаг аж. Тухайлбал, өмчлөл өөрчлөгдөхөд даатгалын гэрээ дуусгавар болно гэж байдгийг анзаарч байв уу. Жолооч та авто машинаа худалдан борлуулж байгаа бол гэрээний үлдсэн хугацааны мөнгийг даатгалын байгууллагаас эргүүлэн авна гэсэн үг. Тодруулбал,  даатгал хийлгээд гурван сар болоод авто машинаа худалдаж байгаа бол  үлдсэн есөн сарын мөнгөө авч болох юм.

 Жолоочийн хариуцлагын даатгал нь манай улсад хэрэгжиж эхлээд таван жилийн нүүр үзэж байгаа залуухан үйлчилгээ гэж болно. Уг  хууль нь анх 1908 онд Австри Унгарын хаант улсын үеэс хэрэгжиж эхэлсэн гэнэ. Тиймээс европын орнуудад жолоочийн хариуцлагын даатгал нь зуу гаруй жилийн тэртээх үйлчилгээ учир хууль нь өнөөдөр хамгийн төгс төвшиндөө хүрсэн ч гэж хэлж болох юм.
Харин манай улсын хувьд жил ирэх тутам хуулийн зүйл заалт сайжирч байгааг мэргэжилтнүүд онцолдог. Өмнө нь  манай жолооч нар энэ төрлийн даатгалын ач холбогдлыг тодорхой түвшинд мэддэг ч албан журмын даатгал биш байсан учраас хамрагдах хүрээ бага байсан юм. Уг  хуулийг УИХ-аар баталсны дараа багагүй шуугиан дэгдэж,  даатгалын компаниудын лоббины хууль гэсэн яриа ч гарч байсан. Харин одоо байдал өөр болж даатгалын ач тусыг олон жолооч мэддэг мэдэрдэг болж.

2016 оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар улсын  хэмжээнд 15 даатгалын компани үйл ажиллагаа явуулж, 503 мянган гэрээ хийгдэж  24.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн нөхөн төлбөрт 19 мянга 200 зам тээврийн ослын хохирогчид  9.2 тэрбум төгрөгийг олгожээ. Харин 2015 оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар  466 мянга 820 гэрээ хийгдэж, 19.5 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан нь хуулийн хэрэгжилт нааштай байгааг харуулж буй хэрэг.
 
Уг хуулийн гол зорилго нь замын хөдөлгөөний осол зөрчил болон ачааллыг бууруулах. Жолооч нар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулснаар замын түгжрэл буурахад нөлөөлсөн гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Жишээ нь, автын ослын үеэр хоёр жолооч чиний буруу, миний буруу гэж бие биенээ шүүж, хоорондоо маргалдан хамаг цагаа үрж түгжрэл үүсгэдэг байсан үе саяхан. Тэгвэл өнөөдөр Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдсанаар  буруутэй этгээд нь даатгалаа дуудаж, асуудлыг богино хугацаанд шийдүүлж өөртөө болон бусдад төвөг удахгүй болсон. Харин тээврийн хэрэгслийн даатгалын хувьд албан журмынх биш учраас тэр бүр жолооч нар даатгуулдаггүй. Жолоочийн хариуцлагын даатгалын хувьд таны машины хохиролд хамаардаггүй учраас Тээврийн хэрэгслийн даатгалдаа даатгуулах ёстой. Ингэснээр ямар нэгэн учирч болох эрсдэлээс өөрийгөө болон өрөөлийн өмч хөрөнгийг бүрэн хамгаална гэсэн юм.


Д.Тунгалаг: Жолооч нар даатгалынхаа гэрээг хоног алдалгүй сунгах хэрэгтэй
Дээрх асуудалтай холбогдуулан Албан журмын даатгагчдын холбооны даатгалын сангийн ахлах мэргэжилтэй Д.Тунгалагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хөгжөөд таван жил болжээ. Энэ хугацаанд засч сайжруулах зүйл заалт олон гарсан байх. Энэ тухайд?
-Даатгалаас жолооч нарт ангиллаас нь хамаараад таваас арав хүртэлх сая төгрөгийн нөхөн олговор олгож байгаа. Өнгөрсөн онд жилд дөрвөн удаа зөрчил гаргаж дөрвүүлэнд нь нөхөн төлбөр авсан жолооч 150 байсан. Жилийн гэрээ хийгээд энэ мөнгийг гаргуулж авсан байна гэсэн үг. Тиймээс энэ нь даатгалын компаниудад алдагдалтай байгаа тул  2015 оны наймдугаар сарын 1-нээс хариуцлагын тогтолцоог сайжруулж, жолоочийн даатгалын суурь хураамжийн  итгэлцүүрийг ихэсгэж багасгадаг журамд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын суурь хураамжийг 0,1 хувь гэсэн. Мөн нэг гэрээний хугацаанд уу, нэг жилийн хугацаанд уу гэдгийг салгаж байгаа. Жилийн дотор осол аваар гаргасан мэдээлэл нь хадгалагдана гэсэн үг.

-Нөхөн олговорт хамгийн ихдээ хэдэн төгрөг олгож байна вэ. Даатгалын ач тусыг жолооч нар хэрхэн хүртэж байна вэ?
-2016 оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар амь насны заалттай нөхөн олговрыг 32 хүнд даатгалын компаниас олгосон. Даатгалын хамгаалалт таваас арав хүртэлх сая төгрөг байгаа. Үүний 80 хүртэлх хувийг эрүүл мэнд, амь насны хохирол болгоод 20 хүртэлх хувийг нь эд хөрөнгийн хохиролд олгодог. Өөрөөр хэлбэл таван сая төгрөгийн даатгалын хамгаалалттай машины амь насны хохирогч боллоо гэхэд дөрвөн сая төгрөгийг даатгалын компаниас гаргана гэсэн үг. Амьдрал дээр хэзээ  ч дөрвөн сая төгрөгийн үнэтэй амь нас гэж байхгүй. Тиймээс цаадах мөнгөн дээр нь Эрүүгийн хуулиар зохицуулдаг. Жолооч нарыг анх даатгалд хамруулахад хэцүү байлаа. “Даатгал чинь сайн дурынх байх ёстой. Гэтэл яагаад заавал хамрагдах ёстой гэж” хэмээн эсэргүүцдэг байсан. Одоо бол өөрсдөө ирээд даатгалаа хийлгэдэг болсон. Өнгөрсөн жил жолоочийн оноог мөрдөж эхэлсэн. Энд, жолооч нар бага хэмжээний хохирол гаргахад оноогоо хасуулж байхаар хоорондоо тохироод явсан нь дээр юм байна гэж хэлдэг байсан. Гэтэл амьдрал дээр хоорондоо тохирч байгаа хүн алга. Тэгээд нь бүхэл бүтэн даатгалын салбар ажиллаж байхад үүнийг бид зохицуулах шаардлагатай л даа.

-Жолооч нар ухамсраараа сайн дураараа даатгуулдаг боллоо. Тэгвэл танай салбарт тулгарч байгаа гол бэрхшээл юу байна вэ?
-Жолооч нар даатгалын хугацаагаа сунгахгүй байна. Мөн банк бус санхүүгийн байгууллагад машинаа барьцаанд тавиад зээл аваад машинаа унахдаа даатгал хийлгэдэггүй. Ингэж явж байгаад зам тээврийн  осол гаргасан тохиолдол олон бий. Даатгалын гэрээ өмчлөгчийн нэр дээр байгаа тохиолдолд хүчинтэй. Тиймээс нөхөн төлбөр олгохгүй болдог. Гэтэл жолооч нар би өөрөө машинаа унаад явж байхад яагаад нөхөн төлбөр өгдөггүй юм бэ гээд маргадаг. Бид мөрдөж байгаа хуулиа л дагана шүү дээ. Иймээс ББСБ-иудад албан бичиг хүргүүлж эхэлсэн. Гэсэн ч тухайн жолоочтой гэрээ хийж байгаа ББСБ-ын ажилтан жолоочид даатгалынхаа гэрээгээ өөрчлөх ёстой гэдгийг зөвлөх нь ховор юм. Дээрхээс үүдэн гарсан олон тохиолдлын нэг гэвэл аравдугаар сарын 4-ний өдөр даатгалын гэрээ нь дуусаад 8-нд осол гаргачихаж байна. Бид тухайн жолоочийг  өөрөө төл гээд орхичих хэцүү байдаг. Нэгэнт л хариуцлагын даатгал хэрэгжиж байгаа учир холбооноос хохирлыг нь гаргаж байх жишээтэй. Тиймээс хоног алдалгүй даатгалынхаа гэрээг сунгаж байхыг жолооч нартаа анхааруулмаар байна.
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хэрэгжилттэй холбогдуулан зарим жолооч нарын санал, бодлыг сонслоо.


Х.Пүрэвсүх: Осолгүй манлай жолооч нарыг урамшуулах хэрэгтэй
/Сонгинохайрхан дүүргийн оршин суугч/

-Та жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаа ямар компанид хийлгэдэг вэ. Уг хуулийн талаар ямар саналтай явдаг вэ?
-Ах нь жолооч болоод 30 гаруй жил болж байна.Туршлагатай жолооч гэж хэлж болно. Би Бодь даатгалд даатгуулдаг. Сүүлийн гурван жил энэ даатгалаар даатгуулсан. Энэ хугацаанд нэг ч нөхөн төлбөр авч байгаагүй. Иймээс осол гаргаагүй манлай жолооч нарт урамшууллын журам хэрэгтэй гэж боддог. Олон осол гаргаж байгаа жолооч нарт хариуцлага тооцдог юм билээ. Тэгвэл осол гаргадаггүй жолооч нараа урамшуулах хэрэгтэй.
-Хуулийг хэрэгжилт ямар байгаа гэж боддог вэ?
-Эргэн тойрны хүмүүсээ харж байхад тэдэн төгрөгийн төлбөр гарсан байна. Даатгалаас аваад өгчихлөө л гэдэг. Их хэмжээний бэлэн мөнгө байгаад байдаггүй хүмүүст амар юм билээ. Бас авто машинаа зарахдаа даатгалынхаа үлдсэн мөнгийг нь эргүүлж авч болдог нь таа­лагдаад байгаа. Би ингэж авсан. Хэдийгээр бага хэмжээний мөнгө ч гэсэн даатгалаас эргүүлж авч байна гэж бодоход сайхан санагддаг юм билээ.


Ц.Наранбаатар: Үйлчилгээгээ сайжруулах шаардлагатай
/Баянзүрх дүүргийн оршин суугч /

-Та жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын талаар санал бодлоо хуваалцаач?
-Жолооч нарт хэрэгтэй өгөөжөө өгч байгаа хууль шиг санагддаг. Одоо жолооч нар бүгд хамрагддаг болсон зүйл заалтуудыг нь сайжруулах хэрэгтэй.
Гадаадын орнуудад бол даатгалын байгууллага гэдэг иргэдийн өмнөөс гүйгээд бүх бичиг баримт цагдаагийн асуудлыг нь зохицуулж өгдөг юм билээ. Манайд тийм юм одоохондоо алга. Би гурван сарын өмнө нэг осол гаргаад даатгалын холбогдох бичиг баримт, үнэлгээний газар, замын цагдаа гээд бас л нэлээд ажил болдог юм билээ. Үүнийг сайжруулах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан