Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Шатар: Лицензийн будлианыг Ашигт малтмалын газар л шийднэ


Адуунчулууны уурхайн захирал Б.Шатартай нүүрсний үнэ, уурхайн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Энэ жил хэчнээн тонн нүүрс олборлох вэ. Хөрс хуулалтын ажил ямар шатандаа явна?
-Манай уурхай их онцлогтой. Юу вэ гэхээр  аймгийн хэрэгцээг л хангадаг. Бид алмайрч суувал хотлоороо хэцүүднэ. Тиймээс ажиллах л ёстой. Одоогийн байдлаар 80 мянган шоо метр хөрс хуулаад байна. Энэ сард 184 мянган тонн нүүрс олборлоно. Уурхайн өвлийн бэлтгэл  хуваарийнхаа дагуу явж байгаа. Өнөөгийн байдлаар 20 мянган тонн нүүрс нийлүүлжээ. Яг одоо 110 мянган тонн нүүрс олборлоход бэлэн байна.

-Техникийн засвараа хийж  чадсан  уу?
-Хийгээд дууссан. Хуучны 5 А маркийн эксковатор угсарч байна. Шанага нь таван шоо метр шороо хутгана. Манай уурхай жилд их хэмжээний нүүрс олборлодог болохоор техникийн ажиллах цаг нь их л дээ. 

-Нүүрсний үнийг  нэмэх тухай олон жил ярилаа. Нэмэгдэхээр цахилгааны үнэ бас дагаад өснө. Үүнийг та юу гэж ойлгож байна вэ?
-Өнөөдөр манай уурхайн нэг тонн нүүрс олборлох зардал 12600 төгрөг болсон. Яагаад гэвэл, түлшний үнэ өсчихлөө. Нэг литр нь 1840 төгрөг болсон. Гэтэл уурхай байнга олборлолт  явуулдаг учраас технологийн шинэчлэл хийх шаардлагатай байдаг. Шинэчлэл хийхээр өрөнд орчихдог. Иймд нүүрсний үнээ нэмэх шаардлага бий болдог.

-Борлуулсан нүүрснийхээ мөнгийг авч чадсан уу?
-Аравдугаар сард орж ирдэг юм. Хүлээж байна. Хугацаа нь хойшлоогүй хэвээрээ байгаа шүү дээ.

-Ингэхэд танай уурхай хэдэн төгрөгийн өртэй байгаа билээ?
-200 сая төгрөгийн өр бий. Үүнийг төлөхөөсөө илүү цалингаа тавих гэж аргацааж байна.

-Нүүрсний борлуулалт хэр байдаг юм бол?
-Жилдээ 400 мянган тонн нүүрс борлуулдаг. Уг нь, манай хүчин чадал жилд нэг сая тонныг олборлох юм. Өнгөрсөн онд 350 мянган тонныг олборлосон. Одоо зарим үйлдвэр зогсон болохоор  цахилгааны хэрэглээ багасч  нүүрсний борлуулалт ч  буурч байна.

-Нүүрсний үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?
-Бид олборлолтын зардлаа л нэмэх санал тавьсан. Гэтэл сонгуулийн дуулианд  дарагдаад өнгөрчихлөө. Сураг тавиад л сууж байна.  Эрчим хүчний зохицуулах газар л шийдэх байх. Хүлээж л байна.

-Танай лицензийн талбай хомсодсон. Үүнийг хэрхэн шийдэв?
-Манай талбайгаас “МАК” компани авсан. АМГ, БОАЖЯ л  шийдэх учиртай. Уг нь, Ашигт малтмалын тухай хуулийн  62 дугаар зүйлд тодорхой заасан байдаг юм шүү дээ.

-Хэчнээн га талбайгаа алдчихаад байна вэ?
-Угтаа 500 га талбайн асуудал бий. Гэвч, цаана нь “МАК”-д 5000 га талбай бий шүү дээ.  Ер нь, эрчим хүчний нүүрс нийлүүлдэг хэдэн уурхайгаа төр анхаарахгүй бол хэцүү байдалд орсон шүү.

-Ахуйн хэрэглэгч жилд хэдэн тонн нүүрс авдаг вэ?
-Ахуйн хэрэглэгчдэд аравдугаар сараас нүүрсээ нийлүүлнэ. Нэг өрх жилд таван тонн нүүрс хэрэглэдэг. Сум, орон нутгийнхан жилд 60 мянган тонн нүүрс хэрэглэдэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан