Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батжаргал: Хүүхдийн чихийг яруу сайханд дасгахад сурах бичиг чухал үүрэг гүйцэтгэх ёстой


А.АКЭРКЭ


Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн шагналт зохиолч, Хэл шинжлэлийн ухааны доктор Д.Батжаргалтай ярилцлаа.

-Д.Нацагдоржийн шаг­налт хүүхдийн зохиолчид тэр бүр нэг дор цуглаад байдаггүй байх. Уншигч зохиолчдын уулзалт гэдэг асуудал бүр эрт үеийнх мэт санагддаг байсан ч өнөөд­рийн уулзалтаас харвал хүүхдүүдэд тун их таалагдаж байгааг мэдэрлээ?
-Үнэхээр их баяртай байна. Уран зохиол гэдэг бол хүнийг хүн болгодог урлаг шүү дээ. Тиймээс уран зохиолын яруу сайхнаар хүүхдийг цэнгүүлэх, оюун сэтгэлгээний ертөнцийн хамгийн чухал. Ном уншина гэдэг хүүхдэд асар том эрх чөлөө болдог. Ном уншсан хүүхэд өөрийнхөө ертөнцийн орон зайг гэрэлтүүлдэг юм. Тиймээс энэ чиглэл рүү нь хандуулж зохиолоо бичихийг хичээдэг. Ер нь, зохиолч уншигчдын уулзалт гэдэг хамгийн халуун агшин. Тэр дундаа хүүхдүүдтэй уулзах хамгийн сайхан. Цаг зав, гарах л юм бол уулзалт хийдэг. Саяхан гэхэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хөгжмийн зохиолч Батболд болон Сундуй, яруу найрагч Наранболд, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Мягмаржав болон миний бие очиж хүүхдүүдтэй уулзлаа. Өнөөдрийн уулзалт бол Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолчдынх гэдгээ­рээ онцлог. Сонирхолтой сайхан уулзалт боллоо. Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид маань бидний зохио­­­сон шүлгийг их сай­хан уншиж байна. Сурах бичгийнхээ шүлгүүдийг их сайн цээжилжээ. Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойг түүхэн хэмээн тодотгон үзэх ёстой. Энэ ч утгаараа олон сайхан арга хэмжээ зохиогдож байгаад баярлаж байгаа.

-Хүүхдүүдтэй уулзаж бай­хад хамгийн түгээмэл асуу­даг асуулт нь юу байх юм?
-Та анх яаж шүлэг бичсэн бэ, хэзээ бичсэн бэ гэж их асуудаг л даа. Тиймээс хүүхдүүдийн түгээмэл асуудаг асуултад хариулт болгон “Шүлэг яаж бичих вэ” гэдэг ном гаргасан. Номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. Гэхдээ би хүүхдүүдийн асуултад ганцаараа хариулах биш Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Долгорын Нямаа, Данзангийн Нямаа гээд олон уран бүтээлч номонд маань шүлэг яаж бичих тухай өгүүлсэн байгаа.

-Тун удахгүй ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн их зохиолчийн уран бүтээ­лийг хэлэлцүүлэх эрдэм шин­жилгээний хурал зохион байгуулна. Энэ хуралд та оролцох уу?
-Оролцолгүй яахав. Нацагдоржийн хүүхдийн зо­хиол, хүүхдийн бүтээлийн хэл найруулгын талаар илтгэл тавина. Илтгэлээ өгчихсөн. Энэ хурлаар Нацагдоржийн бүтээлийг дахин судлана даа.

-Нэг хэсэг хүүхдүүд ном уншихаа болилоо гэж байсан. Одоо харин эсрэгээрээ болж. Энэ нь танд анзаарагдаж байна уу?
-Их уншдаг болсон нь анзаарагддаг шүү. Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиуд хүртэл ангидаа номын сантай болсон байна. Дэлхийн банкны шугамаар дижитал номын сан хүртэл бий болж. Хүүхдийн төв номын сан хүртэл цахим номын сантай боллоо. Тэгэхээр хүүхдүүд сонирхсон номоо интернэтээс уншиж, зургийг нь үзэж таашаал авах боломжтой гэсэн үг. Гэхдээ электрон дэлгэцнээс илүүтэй цаасан дээр хэвлэсэн номондоо дурлавал зөв зүйтэй юм.

-Хамгийн гол тулгарч байгаа нэг бэрхшээл нь хэл найруулга болсон?
-Тэр тийм шүү. Алдаа, ихтэй ном цөөнгүй болсон. Энэ талаар бид байнга л ярилцдаг. Ялангуяа сурах бичигт дээрх алдаа их гарч байна. Манай нэг магистрант өвөрмонгол шавь бий. Тэр Монгол Улсын дунд сургуулиудад үздэг сурах бичгийг Өвөрмонголынхтой харьцуулж, судалжээ. Хэл найруулгын алдаа, зөрүүтэй зүйл их гарсан байна билээ. Тиймээс энэ дагуу ярилцаж, сурах бичгийн асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй гэж үзсэн. Хамгийн гол нь олон хүний саналыг авах хэрэгтэй. Сурах бичгийг зөвхөн хүүхдэд зориулагдсан гэж ойлгож болохгүй. Эцэг, эх, багш нар уншина. Тийм учраас хамтын унших бүтээлийг нямбай сайн гаргах хэрэгтэй. Мөн хэл найруулгын сонгодог сайн зохиолуудыг оруулж өгөх ёстой гэж боддог. Түүнчлэн хөгжөөнтэй шүлэг, үлгэр оруулж өгөх нь зөв. Үлгэрийн сонголтоо их сайн хийхгүй бол горьгүй. Яагаад гэхээр зарим нэг үлгэрт хүчирхийллийн элемент их байдаг. Яруу сайхан хэл найруулгатай зохиолууд оруулах ёстой л доо. Ер нь, хүүхдийн чихийг яруу сайханд дасгах гэж чухал зүйл байдаг. Үүнд сурах бичиг чухал үүрэг гүйцэтгэх ёстой.  

-Та түрүүн Өвөрмон­голын сурах бичгийг Монголынхтой харьцуулж үзсэн гээд цухас дурдаад өнгөрлөө. Энэ талаар жаа­хан дэлгэрэнгүй мэдээ­лэл өгөөч?
-Харьцуулж үзэхэд аль алинд нь алдаа мадаг байсан юм билээ. Гэхдээ Өвөрмонголын сурах бичигт “Газар хөдлөх нь зөв” гэсэн тодорхой зохиогчтой нэг шүлэг байсан. Утгыг нь бодоод үзэхээр анхаарууштай зүйл байгаа юм. Юу гэхээр газар хөдлөлт гэдэг нь байгалийн аюултай үзэгдэл шүү дээ. Хүн бүр айж түгшиж байдаг. Гэтэл үүнийг зөв гэж бичих нь тийм ч тохиромжтой биш. Яахав гарчиг нь ийм боловч утгыг нь харахаар хүн төрөлхтөн байгальд хайр гамгүй хандсанаас болоод газар хөдөлж байгаа юм гэсэн санаатай байсан. Хамгийн гол нь энэ шүлэг сурах бичигт байх ёстой юу гэдгийг ахиад нэг харах хэрэгтэй байх. Эндээс сурах бичгийн зохиолчдын хариуцлага харагдаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан