Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Раж Мохан: Хятад дэндүү хүчирхэг болж байгаа тул бүгд нийлээд ч Бээжинг хянаж дийлэхгүй


Б.БАДРАЛ

Трампыг сонгуульд ялснаар олон улсын харилцаанд багагүй өөрчлөлт гарах нь тодорхой болсон. Иймд олон улсын харилцааны талаар шинжлэх ухааны судалгаа, дүгнэлт хийдэг байгууллага, тэдний шинжээчдийн үг маш чухал болоод байна. Улс хоорондын хамтын ажиллагааг дэмжих, олон улсын харилцаанд дүн шинжилгээ хийх ажиллагаа явуулдаг “Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн сан”-ийн Энэтхэгийн салбарын тэргүүн Раж Мохан нь бүс нутаг дахь Энэтхэгийн гүйцэтгэж байгаа үүрэг, бүс нутгийн томоохон тоглогчид хоорондын харилцааны хэтийн төлөвийн талаар Оросын “Лента” сайтад сонирхолтой ярилцлага өгснийг хүргэж байна.

-Аравдугаар сарын 15-16-нд Гоад болсон БРИКС-ийн /Бразиль, Орос, Энэтхэг, Хятад Өмнө Африк/ чуулга уулзалтаас яриагаа эхэлье. Та энэ чуулга уулзалтын дүнг хэрхэн үзэж байна вэ?
- Моди ба Путин хоёрын уулзалт маш өндөр үр дүнтэй болсон. Хоёр талын харилцааны асуудал, шинэ түлхэц өгөх тухайд  болон Орос ба Пакистаны харилцаатай холбоотой асуудлуудыг тодорхой болгосон. Олон талд харилцан үйлчлэлийн тухайд гэвэл хоёр хэсгийг ялгаж болмоор. Нэгдүгээрт, янз бүрийн асуудалд хандаж байгаа Хятадын хандлага Энэтхэгийн санааг хамгийн ихээр зовоож буй гэж би үзэж байна. Олон талт уулзалт, арга хэмжээнд Хятад идэвхтэй оролцож байгаа ч Цөмийн ханган нийлүүлэгчдийн бүлэглэлд гишүүнээр оролцох, алан хядлагын эсрэг асуудал гэх мэт зүйлс дээр Энэтхэгийг дэмжихгүй байгаа юм.
Хятад бидэнд ашиг авчрахгүй байна. Энэ байдал нь БРИКС-ийн гишүүн орнуудын интеграцид сөрөг нөлөө үзүүлээд эхэлсэн гэж би боддог. Хоёрдугаарт, Хятад хэтэрхий хүчирхэг болж байгаа тул бид хамтарсан ч Бээжинг хяналтадаа байлгаж дийлэхгүй. Энэ байдал олон талт харилцаанд сайнаар нөлөөлөх нь юу л бол.

-Орост БРИКС-ийн ач холбогдлын талаарх маргаан үргэлжилж байна. Таны бодлоор энэ холбоо нь зөвхөн гадаад шинж тэмдэг ойролцоо төдийхнөөр бий болгосон ач холбогдол багатай бүтэц үү эсвэл ирээдүйн эдийн засаг, магадгүй улс төрийн шинэ эвслийн цөм үү?
-Оросуудын хувьд БРИКС-ийн хүрээн дэх харилцаа нь бид хамтраад олон туйлт ертөнцийг бий болгохоор ажиллаж байгаа мэт харагдаж буй байх. Гэхдээ бодит байдал дээр манай холбоонд оролцогч улсуудын хооронд ихээхэн ялгаа бий. БРИКС-ийн төв нь Өмнөд Африк эсвэл Бразиль биш харин Еврази бөгөөд тэнд өсөн бэхжиж буй Хятад онцгойрдог. Хятад нь Америктай шууд ярилцаж байхад, бид үүнд нь саад болж чадахгүй, БРИКС тэр чигээрээ саад болж чадахгүйд асуудал байна. Энэтхэгийн асуудал бол хятадууд. Бидэнд оросуудтай холбоотой ямар ч асуудал байхгүй бол хятадуудтай байна. Тиймээс Хятадын асуудал бүгдийг ээдрээтүүлж байна.

-Энэтхэг ба Оросын харилцаа маш чухал сэдэв. Энэтхэгийн АНУ-тай түншлэх алхамууд хийж байгаагаас Орост тодорхой хэмжээний бухимдал үүссэн. Энэтхэгийн зүгээс Орос ба Пакистаны хээрийн сургууль гэх мэт хамтарсан төслүүдэд гомдоллож буй. Тал болгонд өөрийн гэсэн ашиг сонирхол байдаг, эдгээр нь заавал хоорондоо таарах албагүй гэсэн бодит байр сууринаас та  Энэтхэг ба Оросын харилцаанд ханддаг хүн. Манай хоёр улсын харилцаа цаашид хэрхэн хөгжих бол?
-1990-ээд оныг эргэн саная. Тэр үед Орос нь Өрнө дахинд анхаараад Энэтхэгийг тоохгүй байсан ч Энэтхэг Оросын зэвсгийг худалдан авах зэргээр Москватай тогтоосон найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн дэмжсээр ирсэн. Харин одоо нар буцаад бидэн рүү анхаарч эхэллээ. Та нарыг Америктай харилцаагаа хөгжүүлж байхад ч бүх зүйл сайхан байсан гээд биднийг яг адил зүйл хийхээр та нар үүнд санаа зовж байна гэх. Бид хоёр талын нөхөрсөг харилцааг дэмждэг ч та нарын Өрнө дахинтай тогтоосон харилцаа өөрчлөгдсөн гэдэг ганцхан шалтгаар Энэтхэгээс ямар нэг алхам хийхийг хүлээж болохгүй.
Энэтхэг нь Оростой байгуулсан харилцаагаа үнэлдэг, Энэтхэгийн зүгээс Орос шиг их итгэл хүлээлгэдэг өөр нэг ч улс байхгүй. Энэтхэгийн батлан хамгаалахын дийлэнх гэрээг Орос одоо хүртэл авсаар. Энэтхэгийг хэлсэн болгоныг нь дуугүй дагадаг бага хамтрагч болно гэдэгт найдах нь оросуудын хувьд алдаа гэж бодож байна. Энэ бол тун буруу. Орос улс одоо ч америкчуудтай тодорхой хэмжээний харилцаатай хэвээр байгаа. Энэтхэг ч мөн адил Өрнө дахинтай найрсаг харилцаатай байх шаардлагатай. Гэхдээ Оросын ашиг сонирхлыг эсэргүүцэхдээ үүнийг хийж байгаа юм биш. Пакистаны тухайд гэвэл энэ улсад мөнгө байхгүй, өөрөө өөрийнхөө эсрэг бий болгосон мөнхийн асуудалтай улс шүү дээ. Ийм улстай дотносох нь Энэтхэгтэй тогтоосон найрсаг харилцаагаа алдахад хүргэж магадгүй гэж эмээж байна.

-Хятадтай явуулж буй харилцаанд эргэн анхааръя. Энэ харилцааг дайсагнасан гэж болохгүй ч нөхөрсөг гэж бас болохгүй. Энэтхэг нь Хятадыг өөрийг нь бүслэх, түүний дотор Энэтхэгийн далайд байгуулсан “Сувдан зүүлт” гэгддэг цэргийн сүлжээ баазуудын тусламжтайгаар бүслэн хаахыг санаархаж байна гэж сэжиглээд байгаа. Ийм нөхцөлд ээдрээг тайлах зүйл болох боломжтой юу эсвэл Хятад ба Энэтхэгийн зүгээс харилцан нэгнээ сэжиглэх явц улам нэмэгдэх үү?
-Хятад нь Энэтхэгийн далай ба Өмнөд Азийг бүхэлд нь сонирхож байгаа болохоор тэндэх өөрийн оролцоогоо улам тэлнэ. Энэ бол сайн зүйл. Бээжин өөрийн сонирхлоо хөөж байхад Энэтхэгт түүнд нь гомдоллож болохгүй. Гэхдээ тэд Энэтхэгийг бүслэн тогтоох гэж оролдож байгаа нь огт өөр зүйл. Хятадууд нь олон талт уулзалт, хэлэлцээний явцад Энэтхэгийн гаргасан санаачлагыг хааж түгжин илэрхий дайсагнасан байдал гаргаж байна. Энэтхэг нь дөрөвдүгээр сард НҮБ-д “Жаиш-и-Мухаммед” бүлэглэлийн толгойлогчийг алан хядагчдын жагсаалтад оруулах гэхэд Хятад “үгүй” гэсэн болохоор энэ санал дэмжлэг аваагүй.
Бид өөрийн гэсэн эвсэл, холбоо байгуулах ёстой, Орос хэрэв хүсвэл тэдгээрийг байгуулахад оролцож болно. Гэхдээ хэрэв бид жингийн нэг хэсгийг хүндрүүлбэл, Хятад нөлөө талыг хариу хүндрүүлнэ. Бүс нутагт тэд Пакистаныг дэмждэг, Шри-Ланка руу цөмийн шумбагч завь явуулахаар бэлдэж, Мальдивын арлууд дээр цэргийн бааз байгуулахаар хэлэлцээ хийж байна. Энэтхэг ийм алхмуудын ажиглаад гар хумхин сууж болохгүй. Бид өдөр нь найрамдалд үнэнч гэж мэдэгдээд, шөнө дөлөөр зэвсгээ цэвэрлэж сууна гэж хэлсэн ч болох байх.
1962 онд Энэтхэг Хятадын хооронд дайн эхэлсэн. Тэр үед Хрущев энэ дайныг төрсөн дүү ба дотнын найзын хооронд болж байгаа мөргөлдөөн гэж байсан. Төрсөн дүү нь Хятад, дотны найз нь Энэтхэг байв. Орос энэ түүхээс дүгнэлт хийх ёстой гэж бодож байна. Та нарыг өрнөдийн эсрэг холбоо байгуулахаар шийдсэн болохоор бид сохроор дагаад гүйнэ гэж хүлээх хэрэггүй. Манай улсуудын харилцааг Хятадын асуудалтай уялдуулах ёстой, харин хятадууд энэ ажлыг хялбар болгох гэж яарахгүй байна.

-Энэтхэг Пакистаны харилцааг Энэтхэг Хятадын харилцаанаас салгаж ойлгох хэрэггүй байх...
-Пакистан манай улс хоёр хамаатны ах дүү хоёртой адил. Манай хоёр нь хуваагдсан улс, түүхийн явцад тэгж таарсан улс гэдэгт Энэтхэг ба Пакистаны асуудлын гол нь оршиж байдаг. Харин Хятад бол Энэтхэгийг тогтоож, хориглохын тулд Пакистаныг ашиглаж байгаа юм. Энэ бол манайхыг хүчээ авч эхэлснийг тэнцвэржүүлэх гэсэн стратеги л дээ. Бээжин нь Исламабадад цөмийн зэвсэг, пуужин өгсөн. Энэтхэг ба Пакистан хоёрын харилцааг хэвийн болгуулахгүйн тулд ийм алхам хийсэн.Тэгэхээр Өмнөд Азид Хятадын гүйцэтгэж буй үүрэг нь сөрөг. Бээжин хэт явцуу үзэлт дэглэмийг дэмжиж байна.

-Ури дэх бригадын штаб руу хийсэн дайралтын дараа энэтхэгчүүд “өндөр нарийвчлалтай” хариу цохилт өгсөн нь Пакистантай илүү найрсаг харилцаатай болно гэж хүлээх хэрэггүй болохыг харуулсан. Танайх руу хийсэн дайралтыг хэн зохион байгуулсан бэ?
-Дайралтын ард “Лашкар-э-Таиба” байсан. Энэтхэг цааашид болж байгаа зүйлсийг тайван ажиглаад суухгүй. Одоогийн Засгийн газар нь өмнөхөөсөө өөр бодлого хэрэгжүүлж буй.

-Гэтэл Нарендра Моди тун саяхан Лахор руу нисч, Наваз Шарифтай уулзсан. Үүнийг зарим судлаач нь АНУ ба БНХАУ хоорондын харилцааг үндсээр нь өөрчилсөн  1972 оны Никсоны Хятад руу хийсэн айлчлалтай зүйрлэж байсан...
-Пакистаны арми Энэтхэгт итгэдэггүйд асуудал оршиж байна. Иргэний эрх баригчид буюу Наваз Шарифын Засгийн газар нь хавьгүй илүү нөхөрсөг байр суурьтай байгаа бөгөөд Энэтхэгтэй ойлголцоход бэлэн бол арми нь Хятадын найз, дээрээс Пакистаны байгууллага дундын тагнуулын алба нь ч бас ялгаагүй.

-Алсын хөршүүд, жишээлбэл Афганистаны тухайд байдал ямар байна вэ? Энэтхэг нь энэ улсын тогтвортой байдалд маш их мөнгө зарцуулсан  боловч нэг ч цэрэг явуулаагүй. Америкчуудыг тэндээс яваад өгөхөөр та нарын оруулсан мөнгө үгүй болох юм биш биз?
-Афганистанд тогтвортой улс байгуулахад Пакистан хэзээ ч туслах гэж оролдож байгаагүй. Пакистан эрүүл саруулаар сэтгэдэг байсан бол тэндэхийн олон асуудлыг шийдэхсэн. Даанч... Исламабад нөлөөгөө буруу зорилгоор ашиглан шашин ба омог овгийн шинжээр хагарал үүсгэхийг оролдож, үндэсний цөөнхийн эрхийг хамгаалахад хэзээ ч бэлэн бус байдаг. “Талибан” бүлэглэл байгаа гэдгийг тооцон үзээд бид Афганистанд энх тайвныг хэрхэн хамгаалах боломжтой вэ. Бидэнд ингэх арга хэрэгсэл одоо алга. Америкчууд явлаа л бол манай мөнгө үргүй алга болно.

-Америкчууд гэснээс Энэтхэгийг АНУ-ын тог­лоомын хүүхэлдэй, аме­рик­­чууд тэднийг хятадуу­дыг тогтоон барихдаа ашигладаг гэж үздэг сэтгүүлч, улстөрчид өнөө­гийн Орос оронд цөөнгүй байна.
-Энэтхэгийг үү? Тоглоомын хүүхэлдэй гэж үү? Та тоглоогүй биз? Ямар ч байсан бидний хувьд иймэрхүү зүйл шинэ биш, биднийг Оросын тоглоомон хүүхэлдэй гэж нэрлэж байсан удаа бий.

-Гэсэн ч бүс нутаг дахь Америк ба Энэтхэгийн байр суурь хэр давхцдаг вэ?
-Хятадын хувьд тэнцвэртэй харилцах ёстой гэдэгт давхцдаг. 1960-аад онд Бээжин ЗХУ-ын эсрэг сөрөн зогсч байх үед хятадууд Америкийн тоглоомын хүүхэлдэй байсан, коммунистууд ч бидэнд тэгж хэлдэг байсан. Харин одоо хятадууд тоглоомын хүүхэлдэй биш бид хүүхэлдэй болж таарсан уу? Бид юу хийсэн болоод АНУ-ын тоглоомын хүүхэлдэй гэж хэлэгдэх болов? Бүр Зөвлөлтийн үед ч Энэтхэг хэзээ ч оросуудын бага түнш байгаагүй, тэдний амыг харж, хэлсэн болгонтой нь санал нийлж байгаагүй юм шүү. Тэгэхээр одоо биднийг тэгээд гүйнэ гэж найдах хэрэггүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан