Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Еэвэнгийн нөгөө тал хаана байна


-Нэрийг нь өгчихлөө, одоо ордон нь хаана байна вэ-



Б.ЦЭДЭВСҮРЭН

Саяхан буюу энэ сарын 3-нд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын нэрийг өөрчилж Үндэсний урлагийн их театр болгосон. Ингэснээр гадаадын улс орнуудад тоглолтоор очих бүртээ манайх чуулга гэдэг нэртэй ч театр шиг хэмээн тайлбарладаг хүндхэн зовлонгоос уран бүтээлчид нь ангижрав. Учир нь, тэд өдгөө хөгжим, дуу, бүжиг, язгуур урлагийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж бүжгэн жүжиг, дуурь зэрэг томоохон уран бүтээл хийж театрын хэмжээнд ажиллаж байгаа. Даанч чуулга гэсэн нэртэй учир гадаадын улс орнуудад тэр хэмжээгээрээ үнэлэгддэггүй гэх зовлонг уран бүтээлчид далдхан өөр хоорондоо л хэлэлцдэг байв. Өөрөөр хэлбэл, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга 1945 онд “Эстрад концертын товчоо” нэртэйгээр байгуулагдсан.

Анх 19 дуучин, 27 хөгжимчин, 13 бүжигчин, уран сайхны удирдагч, багш гээд нийт 62 уран бүтээлчтэй байсан бол одоо 24 дуучин, 64 хөгжимчин, 48 бүжигчин болон багш, удирдлага бүхий 190 гаруй хүнтэй өнөр ам бүлтэй байгууллага болсон байна. 70 гаруй жилийн түүхтэй Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өнөөдөр концертын байгууллагаас театрын байгууллага болж хөгжсөн, гадаадын улс орнуудынхаа ижил төрлийн байгууллагатай статус нэг болох шаардлагатай байсан. Гэхдээ тэд Үндэсний урлагийн их театр нэртэй болсон ч нөгөө л хуучнаараа Улсын драмын эрдмийн театртай тайзаа хуваасаар.

Маргааш болох их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан 1934 онд тавигдсан “Учиртай гурван толгой” дуурийг яг тухайн үед тавигдаж байсан чигээр нь үзэгчдэд хүргэхээр Үндэсний урлагийн их театрын хамт олон ажиллаж байна. Гэхдээ УДЭТ-ынхан их зохиолчийн ойд зориулан “Жаргаагүй нар” уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байгаа учир жүжгийн тайзыг буулгачихвал эргээд босгоход амаргүй гэдэг шалтгаанаар тайзан дээр сургууль хийх боломжгүй болж. Тиймээс бүжгийн зааландаа дуурийн сургуулилтаа хийж байгаад маргааш их зохиолчийн төрсөн газар болох Багануурт очиж тоглох гэнэ. Ёстой л нөгөө еэвэнгийн нөгөө тал хаана байна гэж асуумаар, нэхмээр, шаардмаар. Үндэсний урлагийн их театр нэрийг нь өгчихлөө тэгвэл Үндэсний урлагийн ордныг нь бариад өгчихөөч...

Монголын үндэсний их театрын Уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Иштэй холбогдлоо. Тэрээр “Засгийн газрын тогтоол гарч манай чуулга нэрээ өөрчилж Үндэсний урлагийн их театр болсон. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга гэдэг нэр маань бидний үйл ажиллагаанд арай л багаддаг л даа. Эрдмийн гэдэг үг нь олон улсын хэллэгээр академик гэж хэлэгддэг ч чуулга гэхээр л бага гээд ойлгочихдог. Энэ удаа өгсөн Үндэсний урлагийн их театр гэдэг нэр их оносон. Академик гэдэг үг их гэдэгтэй дүйнэ гэж үзээд байгаа юм. Мөн УИХ-аар батлагдсан Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөрийн 3.2.59-д Үндэсний урлагийн их театрын ордон байгуулна гэж орсонд манай хамт олон магнайгаа хагартал баярлаж байна. Гэхдээ ирэх оны төсөвт энэ ажил маань ороогүй. Улсын эдийн засаг хүнд байгаа учраас аль боломж нөхцөл бүрдсэн үедээ барьж өгөх нь дамжиггүй гэж хүлээж л байна. Ер нь нийслэлд орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн театр байхгүй. Энэ ордонг байгуулаад өгчихвөл манайх гэж бид өмчлөөд суухгүй. Олон улсад сайн театрууд байгуулагдаж байна. Хамгийн ойрхон жишээ дурьдахад БНХАУ-д 2002 онд Улаан театр гэж гайхалтай гоё театр байгуулагдаж байсан ч саяхан түүнээсээ илүү сайхан театр байгуулаад Улаан театрынхан нүүгээд орчихлоо. Театрын тайзанд тавигдах шаардлагууд байдаг л даа. Тайз нь эргэдэг, хөшиг буюу галарей нь дээшээ хумигддаг гэх ч юм уу жишиг бий.  ” хэмээн баярлан өгүүлэв.

Энэ удаа Үндэсний урлагийн ордон барих талаар ярьж буй гуравдахь засаг болж байна. 2008-2009 онд энэ талаар яригдаж бүр ордон барих газрыг нь хүртэл гаргаж өгч байв. Чингэлтэй дүүргийн нутаг болох Ногоон нуурын долдугаар хороололд 0.5 га газар өгсөн аж. Ахуйн хэрэглээний буюу нэг айлд ногдож буй 0.7 га газраас жижиг хэмжээтэй тул тэнд урлагийн ордон байгуулах боломжгүй байсныг нийслэлээс эргүүлэн авчихсан байдаг. Үүнээс хойш ордон байгуулж өг хэмээн ҮДБЭЧ-ынхан шаардах бүрт “өгсөн газрыг голчихоод” хэмээн амыг нь таглачихдаг байж. Дараа нь Тасганы овоонд дахин газар өгч. ҮДБЭЧ-ынхан ч баярлан хүлээж авч гадаадын хамтын ажиллагааныхаа хүрээнд БНСУ-ын архитектуроор зураг төслийг нь хийлгэсэн ч мөн л театр барих хэмжээний газар өгөөгүй, өмнө нь олон лам нарыг хэлмэгдүүлсэн газар хэмээн больжээ.

Харин 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж Соёл спорт аялал жуулчлалын яам байгуулагдаж энэ ажлыг дахин сэргээсэн. Яг үүнтэй зэрэгцэн ҮДБЭЧ-ын захирал өөрчлөгдөж “Хувьсал” продакшнаар урлагт хөлөө олсон Г.Цоггэрэл томилогдсон билээ. Тэрээр тухайн үед буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 12-нд манай сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар “Чуулгын байрны талаар асуусан чамд маш их баярлалаа. Энэ асуудлаар өвчилж байгаа хүн цөөхөн байгаа. Үндэсний урлагийн их театр гэсэн нэртэй ордон бариулахаар саналаа өгөөд, дэмжигдээд явж байна. Яг үнэнийг хэлэхэд, УДЭТ-ын тайзан дээр чуулгынхан багтдаггүй. Хөгжмийн найрал маань бүрэн бүрэлдэхүүнээрээ суухаар тал нь багтдаггүй, бүжгийнхэн маань бүгд гарахаар хоёр талаараа сагаад байдаг. Үндэсний урлагт том тайз л хэрэгтэй. Бидний саналыг Нийслэлээс хүлээж аваад Тасганы овоон дээр нэг га газар өгсөн. Салбарын сайд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3-4 га газар олгуулахаар ярьж байгаа. Үзэгчдийн заал, машины зогсоол гээд олон юм хийх болохоор том газар хэрэгтэй л дээ. Удахгүй энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч дээр орох гэж байгаа. Намайг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилцлага өгч байсан.
ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 5000 үзэгчийн суудалтай Үндэсний урлагийн их ордон барих гэж байгаа талаараа ч нилээдгүй ярьсан. Тэгвэл түүнээс хойш зургаан жил өнгөрөхөд Худалдан авах ажиллагааны газраар дамжин “Үндэсний урлагийн ордон” барих тендер дөрвөн ч удаа зарлагдсан байна. 2013 оны аравдугаар сар болон 2014 оны хоёр, дөрөв, тавдугаар сард. Гэвч үүнд материалаа өгсөн байгууллага байгаагүй тул тендер нээлттэй хэвээр байгаа аж. Мөн хаана барих газар нь ч тодорхойгүй хэвээрээ л байна.

Театр байгуулах нь хувийн орон сууц барихаас өөр. Ядахдаа л үзвэр үзэхээр ирсэн хүмүүс машинаа тавих зогсоолоос эхлээд театрын үйл ажиллагааг дагасан худалдаа үйлчилгээ байгуулах, театрын барилга дотроо зөвхөн үзвэрийн танхимаас гадна үзэсгэлэнгийн танхим, бүжиг, дуу, хөгжим, язгуур урлагийн ангиуд нэг нэгэндээ саад болохгүй бэлтгэлээ хийх заал зэрэг наад захын л зай талбай хэрэг болно. Тиймээс том хэмжээний газар шаардлагатай. Сүүлийн үед Үндэсний урлагийн их театрын барилгыг “Шинэ яармаг” хотхоны тийшээ барина гэх яриа ч гарч. Ямартай ч бүх зүйлээ тооцож төлөвлөөд ядаж л газрыг нь зааж өгөхгүй бол шилжилт хөдөлгөөн төв рүүгээ чиглэсэн энэ үед өнөөөдөр байгаа газар маргааш байхгүй болчихоод байгаа. Тиймээс энэ Засгийн газар чуулгынханд нэр хайрласан шигээ ордон хайрлаж еэвэнг бүтэн болгох байх хэмээн уран бүтээлчид горьдлого тавьж л суугаа юм билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан