Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч илтгэл тавьж, Ерөнхий сайд оюутнуудын санаа бодлыг сонсоно

 -Олон улсын оюутны эрхийн өдрийг 75 дахь жилдээ-


А.ЦАГААН


Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийн үүсэл нь  дэлхийн хоёрдугаар дайны үеэр Чехословакт болсон гунигт үйл явдалтай холбоотой. Эргэн санавал, нацистуудыг эсэргүүцсэн оюутнууд жагсах үеэр оюутан Яан Оплетал болон ажилчин Вадклав Седлчекийн хамтаар буудан хөнөөсөн байдаг. Мөн хөдөлгөөний есөн гишүүн оюутныг Прагийн Рузин дүүргийн шоронд шударга шүүхгүйгээр шийтгэсэн гэх нь бий. Энэ үйл явдлыг дурсан 1941 онд болсон Дэлхийн оюутны бага хурал дээр Олон улсын оюутны өдрийг тунхагласнаас хойш жил бүрийн энэ өдрийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон юм.

Харин манай улсад 2005 оны энэ өдөр оюутнууд сургалтын төлбөр багасгах, оюутны билетээр амралтын өдрөөр явуулдаг болгох, зөрчигдөж байгаа эрх ашгийг нь хамгаалахыг төрөөс шаардаж “Төрийн ордон” руу чулуу нүүлгэж байсан удаатай. Гэхдээ энэ оюутны эрхийн өдрийг дан ганц тэмцэл цуглаан хийдэг өдөр гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Энэ өдөр оюутнууд тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээс эхлээд олон ажил санаачилж зохион байгуулдаг.
Харин энэ жил оюутан залуус өөрсдийн дуу хоолойгоо нэгтэн үеийнхнээ зөв чиг хандлагад уриалахаар болжээ. Тодруулбал, Монгол Улсад сурч буй гадаад оюутан, гадаад улсад сурч буй монгол оюутан болон гадаад улсад суралцаж буй оюутнуудад чиглэн боловсролын үнэ цэнийг мэдрүүлэх, өнөөгийн боловсролын тогтолцоог таниулах, нийгэмд оюутнуудын дунд тулгамдаад байгаа асуудлыг хөндөн тэдэнд ойлгуулах, төр-оюутан хоёрын харилцаа холбоог сайжруулан тэдний үзэл бодол, дуу хоолойг сонсч, нийгэмд хүргэхээр өнөөдөр “ХӨГЖИЛД ОЮУТАН МИНИЙ ОРОЛЦОО” сэдвийн дор Төрийн ордонд чуулж, уулзалт, хэлэлцүүлгээс гарах санал санаачилгыг төр, олон улсын түвшинд хүргэхээр болжээ. Засгийн газар, БСШУСЯ хамтран зохион байгуулах энэ чуулга уулзалтыг Герман, Монголын хамтарсан “Отгонбаяр” сан санаачилсан байна. Тус санг хүмүүс УИХ гишүүн асан, одоогийн БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярынх гэж андуурах нь бий. Тэгвэл энэхүү санг Монгол Улсын математикийн анхны аварга Цэрэндоржийн Отгонбаяр ахынхаа гэгээн дурсгалд зориулан байгуулсан хэмээн тэргүүн нь ярив.

1000 оюутан залуусыг нэг дор цуглуулах энэ арга хэмжээний үеэр Оюутанд ээлтэй сургууль, багш нарыг  алдаршуулах гэнэ. Чуулгын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Улсын хөгжилд-Оюутны хувь нэмэр” сэвдээр илтгэл тавих бол дараагаар нь “Монгол - Герман хоёр улсын боловсролын тогтолцоо, хоорондын ялгаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”, өнөөгийн оюутнуудад тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх нь. Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, оюутан залуустай санал бодлоо хуваалцах аж.
Мөн энэ өдөр “Улаанбаатар палас”-ын “Royal” танхимд оюутнууд чуулах юм. Тэд Согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, түүний хор уршиг, Үерхэл, гэр бүл төлөвлөлт, үр хөндөлтийн хор уршиг, Хувь хүний соёл, хотын соёл, нийгмийн соёл, Үр дүнтэй суралцах, гадаад улсад эзэмших боловсролын давуу тал, Хувь хүний хөгжил, ур чадвар эзэмших арга барил сэдвээр ярилцана.

Харин энэ өдрийг тохиолдуудж Монголын оюутны холбоо “Хамтдаа гадаад хэл сурцгаая” төслөө хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн явуулахаар болжээ. Оюундаа хөрөнгө оруулалт хийх оюутан бүрийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн тус холбооныхон эхлээд нэгдүгээр үе шат болгож англи хэлний анхан, дунд болон ахисан түвшний түргэвчилсэн 14 хоногийн сургалт зохион байгуулах юм байна. Энэхүү сургалт үнэ төлбөргүй бөгөөд хамрагдсан оюутнууддаа батламж гардуулах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан