Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алтны шороон ордын нөөц дуусч 218 тонн болжээ



Сүүлийн жилүүдэд манай алт олборлолт буурч ирсэн. Уул уурхайн судалгааны байгууллагуудын мэдээллээс үзвэл гурав, дөрвөн жилийн өмнө дэлхийн алт олборлолтын зургаа, долоон хувийг нийлүүлдэг байж. Харин өнөөгийн байдлаар дээрх хэмжээ 0.2 хувь болж буурчээ. Учир нь, жилд таван тонн гаруй алт олборлож буй. Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүдийн судалгаагаар ч алт олборлолт сүүлийн хоёр жилд 26.1 хувиар буурсан аж. Ингэж буурсан нь хэд хэдэн шалтгаантай. Зарим бүтээгдэхүүний өсөлтийн албан татвар, хүмүүсийн ярьж заншсан урт нэртэй хууль нөлөөлсөн хэрэг.  Түүнээс гадна үнийн өсөлтөөс авах татварын тухай хууль өнгөрсөн оноос цуцлагдсан юм. Эдүгээ урт нэртэй хуулиар гол усны эх, ой модтой газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон. Иймд дээрх газарт нийт 1782 лицензийн талбай хамрагдсан. Үүнээс алтны шороон ордын 242 лицензийг цуцлах болсон юм.  Байгаль хамгаалагчид урт нэртэй хууль хэрэгжихгүй удаж буйг шүүмжилдэг. Хуулиар хориглосон газарт буй бүх лицензийг цуцлах ёстой, нөөц ихтэй томоохон орд хамрагдахгүй байна хэмээдэг.  Одоогоос зургаа долоон жилийн өмнө жилд 20-24 тонн алт олборлож байсан удаатай. Тэр үед алтны шороон ордын олборлолт хамгийн их байв. Иймээс байгаль орчин сүйдэж хоцрох гол үндэс болсон хэмээн байгаль хамгаалагчид хэлдэг. Тухайлбал, алт олборлолтод нийт таван мянган орчим га талбай сүйдсэн судалгааг төрийн бус байгууллагууд хийсэн. Геологчид “Алтны шороон ордын олборлолтын зардал бага байдаг. Алт олборлолт их байх үед шороон ордоо бараг бүгдийг ашигласан.  Ер нь, 2018 он гэхэд шороон ордын нөөц бараг  дуусах байх. Олон ч уурхай хаагдана. Нөхөн сэргээлтэд одооноос анхаарч ухсан газар нутгийн хэмжээг тогтоох ёстой. Алтыг нь аваад авдрыг нь орхисон компаниудад хариуцлага тооцож, байгаль орчны нөхөн төлбөр авах шаардлага бий“ хэмээдэг. 

Ирэх жилүүдэд алтны томоохон үндсэн ордууд ашиглалтад орох тул олборлолтын хэмжээ нэмэгдэх дүр зураг бий. Жишээлбэл, Тавт, Баян айргийн үндсэн орд ашиглалтад орох нь. Баян айргийн орд энэ оны сүүлчээр олборлолтоо эхлэх бөгөөд  жил нэг сая тонн хүдрээс уусмалын аргаар алт ялган авах төлөв бий ажээ. Мөн Ашигт малтмалын газрын тооцоогоор Оюу толгойн баяжуулах үйлдвэр ажиллаж эхлэхээр жилд  544 мянган тонн зэс, 650 мянган унци алт, гурван сая унци мөнгө олборлох судалгаа гарсан байдаг. Өнгөрсөн жилийн байдлаар Монгол Улсын ашигт малтмалын сан хөмрөгт алтны 540 шороон ордод 218 тонн алтны нөөц бүртгэгджээ. Мөн алтны үндсэн 50 ордод 2118 тонн нөөцтэй байгаа юм.  Энэ онд алтны зургаан орд ашиглалтад орох төлөв бий бөгөөд ТЭЗҮ нь гарсан гэдэг. Тухайлбал, Төв аймгийн Заамар, Сэргэлэн сумын нутаг дахь Улаан булаг, Хүрзэт хөндий, Баржин уул зэрэг орд бий аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан