Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гаалийн тарифын хуулийн төслийг дэмжлээ


УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны хэлэлцээрийн “Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр”-т 1994 онд нэгдэн, улмаар 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр”-т гишүүнээр элсэж орсон байдаг байна. Харин Засгийн газрын өнгөрсөн есдүгээр сарын хуралдаанаар ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулан, Дэлхийн худалдааны байгууллагын тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах талаар чиглэл өгсөн байжээ. Энэхүү хуулийн төсөлд хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон боловч Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл нотлох баримт бичиггүй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх, барааны гарал үүслийг нотлох баримт бичигтэй холбоотой зохицуулалт болон барааны гарал үүслийн гэрчилгээ заавал шаардагдах барааны жагсаалтыг Засгийн газар батлах зохицуулалтыг тус тус нэмж тусгалаа. Түүнчлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4, 31 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт нийцүүлэн өөрчилсөн. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг хүчингүй болгохоор тусгасан. Уг хуулийн төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хэлэлцээр, Гаалийн хууль болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд улсын төсөвт ямар нэг хүндрэл үзүүлэхгүй аж.

Монгол Улс Япон улсын хооронд эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээр байгуулсан болохоор Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын баримталдаг хөнгөлөлтийн тарифыг мөрдөх ёстой.

Монгол Улс өмнө нь нэг ч улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийж байгаагүй болохоор холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй байсан юм. Өнөөдөр Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан учраас хөнгөлөлтийн тарифыг мөрдлөг болгохгүй бол тус улсаас оруулж ирж байгаа худалдаанд 10 хувийн татвар ногдох асуудал үүсээд байгаа юм. Тиймээс энэхүү хуулийн төслийг өргөн барьж худалдааны татварыг тэглэх буюу эсвэл таван хувь болгох шаардлагатай талаар байнгын хорооны хуралдааны үеэр ярилаа.

Уг хуулийн төслийн талаар үг хэлэх, саналтай гишүүн байгаагүй учир Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан