Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэмтэд шинэ технологи, бүтээлээ олонд дэлгэж байна


Т.ЖАНЦАН


Дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн аливаа бэрхшээлийг даван туулах, асуудлыг шийдвэрлэх гол арга зам нь шинжлэх ухаан, технологи хэмээн үздэг. Ийм ч учраас шинжлэх ухааны салбарт зарцуулах төсөв мөнгийг нэмэгдүүлдэг болоод байна. Монгол Улс ирэх оны төсөвт шинжлэх ухааны салбарт 32.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс хоёр тэрбум төгрөгөөр илүү байгаа юм. Гэвч эрдэм шинжилгээний ажлын зардалд сүүлийн таван жилд жил бүр 9.2 тэрбум төгрөг л төсөвлөж ирэв. Эрдэмтэд үнийг чамлахаар мөнгө биш боловч шинжлэх ухаанд суурилсан эдийн засагтай болоход хүрэлцэхгүй хэмээдэг. Ирэх онд 10.4 тэрбум төгрөг төсөвлөсөн ч олон улсын жишигтэй харьцуулбал хэд дахин доогуур үзүүлэлт аж.  Манай улсын шинжлэх ухааны салбарын нийт санхүүжилтийн 58.9 хувийг цалинд, 3.8 хувь буюу нэг тэрбум төгрөгийг тогтмол зардалд зарцуулдаг. Харин 31.9 хувийг нь л эрдэм шинжилгээ, технологи боловсруулах ажилд зарцуулдаг тооцоо бий. Тэгвэл бусад улсад эрдэм шинжилгээ судалгааны ажилд нийт зардалынхаа 80, үлдсэнийг нь цалин болгон өгдөг ажээ. Иймд нийт зардалынхаа 80 хувийг эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулж байж нийгэм, эдийн засгийн хөгжилд хурд нэмнэ хэмээн эрдэмтэд үзэж буй. Мөн олон улсад өрсөлдөх чадвартай технологи нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэдэг. Тэгэхээр судалгаа хийх эрдэмтэдээ цөөлөх, эсвэл зардалыг нь нэмэх шаардлага Засгийн газарт тулгарч байгаа юм.

Монголын эрдэмтэд шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжисөний 95 жилийн ойгоо тэмдэглэхийн зэрэгцээ шинэ нээлт, технологио дэлгэлээ. Шинэ бүтээлийн үзэсгэлэнгээ Уран зургын галлерейд гаргажээ. Энэ үзэсгэлэнд эрдэм шинжилгээний улсын болон хувийн бүх хүрээлэн, шинэ өндөр технологи нэвтрүүлж буй гарааны компаниуд өөрсдийн бүтээл, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс монголчуудын өргөн хэрэглээний импортын хүнсний бүтээгдэхүүнд пестецид, хүнд металын агууламж ямар хэмжээнд байгааг судлан тогтоожээ. Судалгаанд хамруулсан нийт дээжийн 27.6 хувь буюу 42-оос нь пестицид, химийн бордооны хорт бодис илэрэв. Мөн импортын байцаа, төмс, сонгино, лууван, өргөст хэмх, улаан лооль, дарсан ногоо, алим гадил, хан боргоцой, үзэм, жүрж, самар, жимсний шүүс зэрэгт хар тугалга, кадми гэсэн хүнд металын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байжээ.

Хавдар судлалын үндэсний төв сүүлийн хоёр жилд “Молекул генетик оношилгооны дэвшилтэт технологийг хорт хавдарын оношилгоо эмчилгээнд нэвтрүүлэх төсөл” хэрэгжүүлж ирсэн. Ингээд уг төслийн хүрээнд Молекул генетик оношлогооны лаборатор байгуулж хувь хүнд тохирсон химийн эмчилгээ хийж эхлээд байна. Цөмийн технологид суурилсан уг эмчилгээг хавдарын генийн илэрлээс нь хамаарч хувь хүнд тохируулан хийж байгаа тул үр дүнгээ өгч өвчтний амьдралыг уртасгаж байгаа аж. Мөн элэгний С вирус, хелико бактери, хүний хөхөнцөр вирусийн молекул генетикийн шинжилгээ хийх болов.

Шинжлэх ухаан технологийн сан Хятад, Солонгос, Беларусь, ОХУ-ын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ хийжээ. Анагаах ухаан, байгаль, нийгэм, техник, хөдөө аж ахуйн салбарт нийт 74 төсөл хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Жишээ нь, ирэх жилээс жил бүр Хятадтай хамтарч 10 төсөл хэрэгжүүлнэ. Одоогоор Монгол, Хятадын хамтарсан Молекул, биологийн хэрэглээний лаборатор байгуулах шатандаа явна. Тэгвэл Беларусь, Монголын эрдэмтэд хамтарч анагаах ухаан, эм зүй, биотехнологи, нисгэгчгүй нисэхийн систем ба сансарын технологийн судалгааг эхлүүлжээ.   Ямартай ч, манай эрдэмтэд шинэ бүтээл төрүүлж, шилдэг технологи гаргахын тулд судалгаа шинжилгээ хийсээр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан