Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхдугаар үндсэн хуулийн 92 жилийн ойд зориулж эрдэмтэд хуралдав

Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шинжлэх ухааны академи хамтран “Анхдугаар Үндсэн хууль: Түүх ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. 

УИХ-ын дарга, Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн М.Энхболд хуралд амжилт хүсэн илгээлт явуулсныг танилцуулсан. Дараа нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэлсэн. “100 орчим жилийн өмнө Монголчууд түүхийн шинэ хуудсыг нээж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь дэлхий дахинд цоо шинэ Монгол Улсыг зарлан тунхагласан чухал үйл явдал болсон. Бид улстөржилгүйгээр өнгөрсөн түүхээ алдаа, оноотой нь хамт хойч үедээ үнэн зөвөөр уламжлуулах учиртай” гэж тэрээр онцлов.

“Анхдугаар Үндсэн хууль: Түүх ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, профессор, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ж.Болдбаатар “Монгол дахь Үндсэн хуульт ёсны уламжлал, шинэчлэл, залгамж чанарын асуудалд” сэдвээр илтгэл тавьсан. Мөн Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Даш-Ёндон “Монгол Улсын Үндсэн хуулиудын үзэл баримтлалын авцалдаа” сэдвээр, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Н.Хишигт “Улсын Анхдугаар Их Хурал Бүгд Найрамдах Улсыг тунхагласан нь” сэдвээр тус тус илтгэл тавив.

“Анхдугаар Үндсэн хууль боловсруулах үеийн Монголчуудын Үндсэн хуульт засаглалын тухай үзэл санаа” илтгэлээ Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Өлзийбаатар тавьж, тус хуралд оролцсон эрдэмтдээр хэлэлцүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан