Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Мөнх-Оргил: Хятадын талтай ярилцаж ойлголцоно


Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын зүгээс хийж байгаа мэдэгдлийн хариуд Монголын Засгийн газрын мэдэгдлийг өнгөрсөн долоо хоногт танилцуулав. Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад шашны айлчлал хийгээд явсан. Харин энэ хугацаанд БНХАУ-ын талаас хоёр ч удаа мэдэгдэл гаргаж, Далай ламыг хүлээж авч байгааг буруутгасан. Тэгвэл ойрын хугацаанд Хятадад айлчлах сайд нарын болон хоёр улсын хамтарсан хуралдаан зэргийг Хятад улс цуцалжээ. Шадар сайд У.Хүрэлсүх тус улсаас зээлэх 4 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээр хийх ажлын хэсгийг Монголын талаас ахалж байгаа. Түүний хийхээр товлосон айлчлал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын айлчлал, ОХУ-Монгол-Хятад улсын Зам тээврийн сайд нарын уулзалт, Монгол-Хятадын парламентын гишүүдийн уулзалт зэргийг цуцалсан байна. 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Далай ламын Монгол улсад хийсэн айлчлал Засгийн газартай огт холбоогүй. Зөвхөн Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулсан, дан ганц номын айлчлал байсан. Монголын улс төр, шашин тусдаа, ямар нэгэн холбоогүй. Хятадын талаас ийм мэдэгдэл гаргасанд харамсч байна. Сүсэгтэн олонд хүлээлт байсан учраас Далай лам Монголоор дайраад явсан. Айлчлалууд цуцлагдсантай холбогдуулан Хятадын талтай ярилцаж ойлголцоно” гэж мэдэгдлээ.

БНХАУ-ын мэдэгдэлд “Далай ламын Монголд хийж байгаа айлчлалын талаар бид албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн Монголын талын алдаатай бодлого Хятад-Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө. Тиймээс Хятад улс Монголын талаас Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аван, Хятад-Монголын харилцааг хэвийн түвшинд нь буцааж оруулахыг шаардаж байгаа” гэж мэдэгдэл гаргасан юм.

Тэгвэл цуцлагдсан айлчлалууд болон хурлаар ямар асуудал ярилцахаар товлоод байсан бэ. Хятад улсаас 20 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй зээл авахаар УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн аравдугаар сард айлчлахдаа харилцан тохиролцоонд хүрээд байсан. Уг ажлыг албажуулахаар Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсгийг Засгийн газар гаргаж, урд хөршид ажиллах айчлал төлөвлөсөн. Түүнээс гадна УИХ-ын зургаан гишүүн Хятадад айлчлахаар байсныг тус улс хойшлуулжээ. ОХУ-Монгол-Хятадын зам тээврийн сайд нарын хурлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад Хятадын төрийн өмчийн “Шенхуа” компани оролцохоо илэрхийлээд байсан билээ. Түүнээс гадна УИХ-ын даргын айлчлалаар ипотекийн зээлийн эх үүсвэрийн санхүүжүүлт хүсч буйгаа илэрхийлж байсан. Засгийн газрын гол найдлага болоод байсан томоохон зээлийн асуудал ийнхүү бүрхэг байдалтай боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан